Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Р.ЖИГЖИД: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ, ТОГТООМЖИЙГ УУЛ УУРХАЙН ЯАМ МӨРДӨЖ АЖИЛЛАДАГ

“Дэлхийн монгол ногоон нэгдэл” ТББ-аас Уул уурхайн сайд Р.Жигжидийг ашигт малтмалын лиценз хууль бусаар олгосон хэмээн буруутгаж огцрох шаардлага тавьж, мэдэгдэл гаргаад буй. Мэдэгдэлтэй холбогдуулан Уул уурхайн сайд Р.Жигжид хэвлэлийнхэнд хандсан юм. Тэрээр “Дэлхийн монгол ногоон нэгдэл” ТББ-аас “Гутайн даваа” компанид хууль бусаар ашиглалтын зөвшөөрөл олгосон  хэмээн ордны баруун  талд жагсаал хийж эсэргүүцэл илэрхийлж байна. Тиймээс үнэн зөв  мэдээлэл өгөх хэрэгтэй гэж бодлоо. Монгол Улс бол ардчилсан орон. Шүүмжлэл байх хэрэгтэй. Үүнийг буруутгахгүй. Гэхдээ хуулийн хүрээнд ажиллаж, амьдрах ёстой. Зөв мэдээллийг нийгэмд хүргэх хэрэгтэй. Засгийн газар  бол хууль дүрмийг ягштал  мөрдөж ажиллах үүрэгтэй. Уул уурхайн яам нь Монгол Улсын бүхий л хууль журам, дүрэм, тогтоол, зар­лигийг мөрдөж ажилладаг бо­лохыг юуны өмнө хэлье” гэв.


Хэнтий аймгийн Бат­ширээт, Биндэр сумын нутагт орших MV-019023 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Гутайн даваа” ХХК нь Монгол-Канадын хамтарсан аж ахуйн нэгж бөгөөд Монголын тал 51 хувь, Канадын тал 49 хувийг эзэмшдэг. Уг компани нь 2003 онд хайгуулын тусгай зөвшөөрөл авч, улмаар хайгуул хийн Гутайн алтны үндсэн ордыг нээж, нөөцийн тайланг Эрдэс баялаг, эрчим хүчний яамны  (хуучнаар) дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр 2012 оны долдугаар сарын 5-нд хэлэлцүүлэн 3.174 тонн алтны нөөцийг улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн аж. Гэтэл тэр үед Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлийн бүс Ойн сан бүхий газартай давхцалтай хэмээн үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарлажээ. Ингээд 2015 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг УИХ-аас баталсан. Хуулийн дагуу 2015 оны гуравдугаар сарын 30-ны өдөр “Журам гэрээний загвар батлах тухай Засгийн газрын 120 дугаар тогтоол батлагдсан. Энэхүү хууль, журмын хүрээнд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас “... далд уурхайгаар олборлох нөхцөлд Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг харгалзан шийдвэрлэх тул ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход татгалзах зүйлгүй” гэсэн лавлагааг гарган өгч ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрх үүссэн байна. Ашигт малтмалын газраас тус компанийн өргөдлийг хуулийн  дагуу хянаж үзээд өнгөрсөн наймдугаар сарын 13-ны өдөр “Гутайн даваа” ХХК-д MV-019023 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон гэнэ.

Ашигт малтмалын тухай хуулийн 48.6.1-д заасны дагуу тухайн ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр өнгөрсөн арваннэгдүгээр сард батлуулсан. Техник эдийн засгийн үндэслэлд тусгаснаар таван жилийн хугацаанд 1.3 тонн алт олборлон 84.1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 205 хүнийг ажлын байраар хангаж, 22.5 тэрбум төгрөгийн татвар хураамж төлж, 30 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах төсөл аж. Төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалт 14.4 тэрбум төгрөг бөгөөд Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд 212 сая төгрөг зарцуулахаар тусгасан. Өнөөдрийн байд­лаар, тус компани нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийв­чилсан үнэлгээг БОНХАЖЯ-наас батламжилсан эрх бүхий байгууллага болох “Дэлгэрэх-Ач” компаниар хийлгэж буй гэнэ. БОНХАЖЯ-ны сайдын өнгөрсөн 2014 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн А-3 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн Иргэдийн нийтийн хурлыг өнгөрсөн арваннэг, арванхоёрдугаар сард хоёр удаа хуралдуулж төслөө танилцуулсан байна. Уг төслийг 67 хувийн саналаар дэмжсэн. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээр байгаль орчинд (хөрс, ус, экосистем) хэрхэн нөлөөлөх болон урьдчилан сэргийлэх, хамгаалах тухай асуудлыг БОНХАЖЯ-ны дэргэдэх Мэргэж­лийн зөвлөлөөр эцэс­лэг­­дэн шийдвэрлэгдэх аж.

Уул уурхайн сайд Р.Жигжид энэ талаар  сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Урт нэртэй хуулийг Дагаж мөрдөх хууль гарснаар дахин ашиглалтын зөвшөөрөл олгох нөхцөл үүссэн гэж ойлгож болох уу?
-Урт нэртэй хууль гарснаар олон компани үйл ажиллагаагаа зогсоосон. Эдгээр коммпанийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй олон жил боллоо. Асуудлыг шийдвэрлэхээр Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийн тулд Дагаж мөрдөх журмын тухай хууль гарсан. Энэ хуулийг зарим хүн Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулсан хэмээн  ташаа ойлгодог. Өөрөөр хэлбэл, гацаанд орсон хуулийг хэрэгжүүлэхийн тулд туслах зорилгоор нэг удаа хэрэглэх хуулийг УИХ баталсан юм. Дагаж мөрдөх журмын тухай хууль гурван харилцааг зохицуулна. Дагаж мөрдөх хуулийн зорилго нь Урт нэртэй хууль гарснаар хязгаарлалтад орсон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг цэгцлэх. Усан сан бүхий газрын хамгаалалтын бүс нь гол мөрний гольдрол эсвэл нуур, цөөрмийн эргээс 200 метр хүртэлх зайг энгийн хамгаалалтын бүс гэдэг.  Гэтэл Урт нэртэй хууль гарахаас өмнө дээрхи зай дотор үйл ажиллагаа эрхэлж байсан аж ахуйн нэгжүүд олон бий. Тэдгээр аж ахуйн нэгжийг яах вэ гэдэг асуудал гардаг. Тодорхой нөхцөлийн дагуу үйл ажиллагааг нь явуулж нөхөн сэргээлтийг хуулийн дагуу хийлгэж, улс хүлээж авъя гэсэн зохицуулалт хийсэн. Ойн сан бүхий газрыг Ойн хуулиар зохицуулна. Ойгоос нэг ширхэг мод огтолбол, 10-аас доошгүй модыг нөхөн тарина гэсэн үүрэг хүлээнэ. Мөн мөнгөн торгууль ногдуулна гэсэн зохицуулалт Дагаж мөрдөх тухай хуульд орсон. Энэ хуулийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын 120 дугаар тогтоол гарсан. “Гутайн даваа” компанийн хувьд Урт нэртэй хуулийн хориглолтод орсон байсан. Дагаж мөрдөх хуулийн зохицуулалтаар үйл ажиллагаа нь сэргэх боломжтой болсон юм. Гэхдээ өнөөдрийн байдлаар үйл ажиллагаагаа эхлээгүй байгаа. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ нь хийгдэж байна. Үнэлгээгээр ашиглалт явуулж болохгүй гэсэн дүгнэлт гарвал үйл ажиллагааг нь зогсоно. Түүнээс биш, хууль зөрчиж ашиглалт явуулах эрх олгосон зүйл байхгүй. Хууль зөрчиж ашиглах эрх олгосон гэх үндэслэлийн талаар тайлбарлая.
БОНХАЖЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс “Дэлхийн монгол ногоон хөгжил нэгдэл” ТББ-д хүргүүлсэн албан тоот байдаг. Албан тоотоор Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан ( Засгийн газрын 2015 оны 189 дүгээр тогтоолын дагуу өөрчлөлт орсон) Ойн сан бүхий газрын хилтэй бүрэн давхцаж байна гэсэн дүгнэлт өгсөн юм. Үүнээс үзэхэд, Засгийн газрын 194 дүгээр тогтоолын дагуу хууль зөрчсөн гэх дүгнэлт хийж болно . Гэтэл үүнээс хойш энэ заалтыг өөрчилсөн хууль, журам болон сайдын тушаал гарсан. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. БОНХАЖЯ-ны газрын даргын “Гутайн даваа” компанид энэ оны зургаан сарын 29-нд өг­сөн албан тоот байдаг. Энэ албан тоотыг үндэслэж,  ма­най яамнаас зөшөөрөл олгосон. Үүнд ямар нэгэн хууль, журам зөрчсөн асуудал байхгүй гэдгийг албан ёсоор хэлье.
-Тост, Тосонбумбын нурууг нөөцөд авсан. Тэнд иргэний хөдөлгөөнүүдийн мэдээлснээр  хайгуул болон ашиглалтын 16 лиценз бий. Эдгээр лицензийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Уул уурхайн яамны эрх мэдлийн хүрээнд  Тост, Тосонбумбын нурууг улсын нөөцөд авсан. Долоон хайгуулын тусгай зөвшөөрөл байдаг. Улсын нөөцөд авсан газарт ямар нэгэн хайгуулын ажиллагаа хийж болохгүй. Өөрөөр хэлбэл хайгуул хийх ажиллагааг царцаана гэсэн үг. Гэхдээ цуцлах тухай асуудал яриагүй. Нөөцөд авсан хугацаанд нь үйл ажиллагааг зогсоож байна. Нөөцөд авсан хугацаа дуусахаар хэрхэн шийдвэрлэх эрх нь Засгийн газарт бий.
-Дагаж мөрдөх хуулийн дагуу хэчнээн компанийн ашиглалт болон хайгуулын эрх сэргэх вэ?
-Энэ хуульд 645 ашиглалтын болон 840 хайгуулын зөвшөөрөл хамрагдсан. 360 ашиглалтын зөвшөөрөл эзэмшиж байгаа компаниуд өргөдөл гаргасан. Өргөдлийн дагуу гэрээ байгуулах ажил хийгдэж байна. Гэрээ байгуулах ажлыг Ашигт малтмалын газар зохион байгуулна. Одоогийн байдлаар, дөрвөн аж ахуйн нэгж гэрээ байгуулсан.
-Уул уурхайн төсвийн орлогын гүйцэтгэл 100 хувь биелсэн гэлээ. Эрдэс, баялгийн үнэ унасан ч төлөвлөгөөгөө биелүүлсэн байна. Ирэх онд улсын төсөвт хэчнээн төгрөг төвлөрүүлэх вэ?
-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд улсын төсвийн 20 гаруй хувийг эрдэс баялгийн салбар бүрдүүлсэн байдаг. Ирэх онд уул уурхайн салбар улсын төсөвт нэг их наяд 127 тэрбум 500 сая төгрөг төвлөрүүлнэ.
-“Дэлхийн монгол ногоон нэгдэл” ТББ-ын шүүмжлэлийг та юу гэж ойлгож, хүлээж  байна вэ?
-Хэд хэдэн аймгийн нутагт алт олборлох явдал замбараагүй явагдаж байна. Байгаль орчныг сүйтгэлээ. Уул уурхайн яам хавтгайруулсан зөвшөөрөл олголоо гэсэн шүүмжлэл тавьсан. Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газар зөвшөөрлийг хуулийн дагуу өгдөг. Уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, орон нутгийн байгаль орчны байцаагчид хяналт тавьж ажилладаг. Уул уурхайн замбараагүй байдал үүсгэдэг  гурван нөхцөл байна. Нэгдүгээрт, нөхөн сэргээлт хийх нэрээр олборлолт хийдэг. Хоёрдугаарт, орон нутгийн захиргаад өөрийн эрх мэдлийн хүрээнд газрыг тусгай хэрэгцээнд авдаг. Энэ нэрийн дор ямар нэг хэлбэрээр олборлолт хийлгэдэг. Энэ асуудал нууц биш. Гурав дугаарт, бичил уурхайн асуудал. Бичил уурхайг дотор нь хоёр хуваадаг. Нэг нь албан ёсны. Нөгөө нь албан бус. Эдгээр гурван хүчин зүйлээс шалтгаалж байгаль орчин ихээр доройтлоо. Ингэснээр,  уул уурхайн салбарын нэр хүнд маш ихээр унаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан