Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Золжаргал: Орон сууцны найман хувийн зээлийг удахгүй шийдэх байх

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн мэдээллийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос сонссон. Энэ үеэр Үндсэн хуулийн цэц үл хөдлөх хөрөнгийн барьцааны хуультай холбоотой шийдвэр гаргаж ипотекийн зээл зогсоход хүргэсэн буруутныг хайж УИХ-ын гишүүд Монголбанкны хооронд маргаан үүссэн. Үүний дараа Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргаалаас энэ талаар  тодрууллаа.

-Найман хувийн зээлийг үргэлжлүүлэн олгох боломж байгаа юу?


-Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр чухал асуудал ярьж байхад Засгийн газрын гишүүн нь найман хувийн моргейж, 10 хувийн урьдчилгааг хооронд нь холиод, Засгийн газрын баталгааг Монголбанкны баталгаатай холиод байхаар бухимдахаас яахав. Зарим гишүүн үүнийг цэвэр улс төрийн өнцгөөс хараад байна. 80 мянган иргэнээс улс төрийн байр суурь асуулгүй зээл нь очсон шүү дээ. Дахиад дугаарлаад сууж байгаа зөндөө хүн байна. Сард 1300 өрх, зарим сард 3000 айл моргейжийн зээл авч байна. 160 мянган хүн моргейжийн зээл төлөх гээд өглөө  бүр ажилдаа явж байгаа. 200-300 мянган хүн урьдчилгаагаа бэлдээд зээлээ авах гээд төлөвлөж байна. Цаана нь байшингаа барьчихсан компаниуд бий, зээл олгоход бэлэн банкууд ч байна. Баянсэлэнгэ сайд нэг банктай зурсан санамж бичгээ л яриад байх юм. Нямдорж гишүүн ч гэсэн ярьж байна. Өмч хөрөнгийн барьцаа хөдөлдөг болчихоор асуудал үүсчихлээ. Барьцаа нь хөдөлж болдог мэтээр тайлбараад байх юм. Моргейж  2008 оноос эхэлж, 2012 оноос Алтанхуяг Ерөнхий сайдтай бид ярилцаад иргэддээ хүртээмжтэй байхаар хүүг нь найман хувь болгосон. Тэр үед зээлийн хүү хэд байлаа. Зориглоод хөдөлсөн. Үр дүн нь гарсан. Тухайн үед инфляц өснө гээд олон хүн муу амлаж л байсан. Одоо инфляц гурван хувь л байна. Барьцааг нь зогсоочихлоо гэхэд үгүй гэж байна. Монголбанк Үндсэн хуулийн цэцэд дүгнэлтээ маш ойлгомжтой өгсөн. Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хороо бүгд л эрсдэлийг нь тайлбарласан. Хуулийн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар ҮХЦ энэ асуудлыг яарч шийдэх хэрэг байгаагүй юм билээ. Зургаан сар, бүүр жилийн дараа зарим асуудлыг шийддэг юм байна лээ. Иргэдийн эрх л дээр нь баймаар юм. Иргэдийн эрхийг хангаж байна гээд боломжийг нь хааж болохгүй. Өмчийг дагасан бүх эрхийг хаачихаар өмчгүй л болдог. Өнөөдөр найман хувийн хүүтэй моргейжийг нэг ч иргэн авч чадахгүй болчихлоо. Аливаа барьцаа хөрөнгө эрсдэлтэй л харагдаад байна. 

-Монголбанкны зү­гээс гарц юу байна гэж тодорхойлох вэ?

-Богино хугацаанд Иргэний хуульд байгаа өмчтэй холбоотой заалтуудыг өөрчилж өгөх болов уу гэдэг хүсэлт байна. Сарын өмнөөс ярьсан зүйл. Хууль зүйн байнгын хороонд ажлын хэсэг томилогдоод ажиллаж байгаа. Эдийн засгийн байнгын хороо моргейжийн зах зээлийн тухай мэдээлэл сонсъё гэсэн хүссэн тоонуудыг нь хэллээ. Хам­гийн зөв, амжилттай яваа тогтолцоо. Макро эдийн засагт хүртэл үр дүнгээ өгчихсөн. Тайлбар өгөөд байхад шийдвэр гаргачихсан. Тэгээд би шийдвэр гаргаагүй гээд байх юм. Гаргачихсан шүү дээ. Мэдээж хүү өөрчлөгдөх шийдвэр гаргаагүй. Тэр бүх тогтолцооны суурь болох барьцааг алга болчихсон. Ер нь улс төр аливаа төрлөөр иргэдийн эдийн засгийн эрх ашгийг хамгаалж байгаа нэрээр боломжийг нь хязгаарладаг сонгодог жишээ энэ боллоо. Үр дагаврыг нь бид яриад байгаа юм.

-Хууль зүйн байнгын хороон дарга Д.Ганбат хуу­лийн төсөл удахгүй өр­гөн барина гэлээ. Монгол­банкнаас санал авсан уу, энэ төсөлдөө?

-Авалгүй яахав. Өмнө нь ч гэсэн өгч байсан. Маш олон хуульч ажиллаж байж бий болгосон тогтолцоо шүү дээ. Удахгүй шийдвэр гаргах байх. Улстөржүүлэх асуудал байх­гүй. Заавал тогтолцооны сэдэв болгох шаардлага байгаагүй.

-Засгийн газрын хурал­даанаар орон сууцны зээ­лийн урьдчилгаанд Хөгжлийн банкнаас гадна, арил­жаа­ны банкууд 20 хувьд нь баталгаа гаргах асуудалд Монголбанк хэрхэн хандаж байгаа вэ?

-Баянсэлэнгэ сайдтай гурван удаа уулзсан. Хэдэн хүн 10 хувийн урьдчилгаагаар орон сууцанд орох эрэлт байгаа вэ гэдэг судалгааг л бид хүссэн юм. Тэр эрэлтийг мэдэхгүйгээр Монгол­банк, Монголбанкны ерөнхийлөг­чийн хувьд байр сууриа илэрхийлж чадахгүй байна гэсэн. Судалгааг Засгийн газар хийгээд өг­чих л гэсэн. Монголбанк жур­мандаа өөрчлөлт оруулах уу, банкны шалгуурыг нэ­мэх үү, буулгах уу гэдгийг заа­вал судалгаанд суурилж хийх ёстой. Монголбанк бүх үйл ажиллагаа, эдийн зас­гийн тооцоогоо судалгаа шинжилгээтэй хийдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан