Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тамхины хор уршиг



Сүүлийн үед нийт иргэд, ялангуяа залуус, өсвөр насны хүүхдүүд, охид бүсгүйчүүдийн дунд тамхидалт эрс нэмэгдэж байгаатай холбоотой тамхины хорын талаар танилцуулъя.

Тамхинд агуулагдах хор 10 хүртэлх хувь нь давирхай,хүнд металлын элементүүд, 90 гаруй хувь нь 350-500 хийн байдалтай бодисоос бүрдэх бөгөөд эдгээрээс нэн хортой нь нүүрстөрөгчийн исэл ба давхар исэл юм.  Нэг ширхэг тамхины утаанд байгаа хортой бодисын  агуулгыг дараах байдлаар тодорхойлж болно. Үүнд : нүүрстөрөгчийн исэл 10-23мг,   аммиак 50-130мг, фенол 60-100мг, ацетон 100-250мкг, азотын исэл 500-600мкг, циант устөрөгч 400-500мкг, цацраг идэвхит полоний 0,03-1,0нК байдаг.

Нүүрстөрөгчийн исэл буюу угаарын хий нь цусны гемоглобин хэмээх хүчилтөрөгч зөөвөрлөгчтэй нэгдэж хүчилтөрөгчийг эд эсүүдэд  хүргэх явцад саад болж, улмаар хүчилтөрөгчийн архаг дутагдалд хүргэдэг.  Нүүрстөрөгчийн исэл нь ялангуяа жирэмсэн эмэгтэйн бие, үр хөврөлд маш хортой. Мөн нүүрстөрөгчийн исэл нь зүрхний булчингийн цусан хангамж буурах эмгэг, тархи болон бусад эд эрхтний  өвчний явцыг хурцатгадаг. Үүний үр дүн нь гэвэл, зүрхний багтраа өвчнөөр нас барагсдын тоо тамхи татдаггүй хүмүүсийн адил тооноос 5 дахин их байна.

Тамхинд агуулагдах никотин-алкалоид нь хэдхэн секундын дотор төв мэдрэлийн тогтолцоонд нэвтрэн ордог. Сүүлийн үеийн судалгаагаар тамхичин хүний биед никотиныг хүлээж авдаг  тусгай мэдрэлийн төгсгөлүүд үүсдэгээс тамхинаас  хамааралтай болдог нь нотлогдсон. Никотины нөлөөгөөр цусны даралт ихсэх, зүрхний хэмнэл түргэсэх, зүрх бүхэлдээ буюу зүрхний аль нэг хэсэг цагаас урьтаж агших, зүрхний цохилт гэнэт олширох , зүрхний шигдээс өвчний хам шинж илэрдэг. 20-25 ширхэг тамхинд хүнийг үхүүлэх хэмжээний никотины тун агуулагддаг ба ийм тооны тамхи татаад үхэхгүй байдгийн шалтгаан нь хүн тамхийг цаг хугацааны завсарлагатай татдагтай л холбоотой юм.

Саяхан болтол никотиныг тамхины утаанд байдаг хамгийн хортой бодис гэж үздэг байсан бол нарийн судалгааны үндсэн дээр цацраг идэвхит бодисууд нь никотиноос илүү хортой болохыг тогтоосон байна. Өдөрт нэг хайрцаг тамхи татдаг хүн биологийн хувьд зөвшөөрөгдсөн хэмжээнээс  3,5 дахин их хэмжээний цацраг идэвхит бодисын тунг авах бөгөөд өдөрт татаж байгаа  нэг хайрцаг тамхи нь 200 ширхэг рентген зураг авахуулахад гарахтай тэнцэх туяаг ялгаруулдагийг тогтоожээ. Цацраг идэвхит бодисууд нь хүний биед хуралдах маш хортой шинж чанартай бөгөөд уушгинд гүнзгий тунаж, цусны эргэлтээр  дамжин бүх биеэр тархан элэг, нойр булчирхай, тунгалагийн зангилаанууд, чөмгөнд тунаж  хэдэн сар  жилээр хадгалагдан цацрагийн эх үүсвэр болсноор хүний биед генийн өөрчлөлт болон хорт хавдар үүсгэдэг аюултай. Цацрагийн хорт хавдар үүсгэх үйлчилгээ нь тамхичныг амьд байхад нь илэрдэг бол генийг эвдэх үйлчилгээ нь хэдэн үе дамжин олон арван жилийн дараа илэрдэг онцлогтой. Тамхичин хүний биед цацраг идэвхит бодисуудын хуримтлал нь тамхи татдаггүй хүнийхээс 30 дахин их байдаг. Бие махбодийн өөрийгөө цэвэрлэн хамгаалах чанар нь цацраг идэвхит болон бусад хортой бодисуудыг устгадаг боловч, тамхийг угсруулан татах нь хамгаалалтын тогтолцооны үйл ажиллагааг ямарч үр дүнгүй болгодог нь харамсалтай.

Тамхины аммиак нь амьсгалын дээд замын чийглэг салст бүрхэвчинд шингэж нашатырийн спирт болж хувиран салст бүрхэвчийг байнга цочроож эмгэг цэр ялгаралтыг бий болгодог. Ингэснээр хүн ханиад, бронхит, харшлын өвчин болон үрэвсэлд өртөмтгий болно.

Тамхичны уушгинд жилдээ 1кг хүртэл хэмжээний давирхай, бохь тунадасжих ба түүнд агуулагдах бензпирен гэдэг бодисын улмаас амьсгалын дээд замын хорт хавдраар тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулхад тамхичид 10 дахин илүү өвддөг.  Дээр дурдсанаас гадна тамхины утаа нь олон тооны хортой бодисуудыг агуулдаг бөгөөд нийлбэр дүнгээрээ хүний эрүүл мэндэд асар их хор хөнөөл учруулдаг.
 Тамхи татах үед утааны хорт бодисуудын 50% нь  хүрээлэн байгаа агаарт шингэж,  5-15% нь тамхины шүүлтүүрт үлддэг. Иймэрхүү байдлаар, хэдийгээр хачирхалтай мэт санагдавч хүрээлэн байгаа орчинд, ялангуяа гэр,өрөө тасалгааны агаарт тамхичны өөрийн биед орж байгаагаас илүү хэмжээний хортой бодис тархдаг байна. Энэ байдал орчин тойрны хүмүүсийг идэвхигүй буюу дам тамхидуулснаар онцгой аюулыг учруулдаг. Ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд асар их  хортой болох нь тогтоогдсон. Эцэг эх нь тамхи татдаг гэр бүлд өссөн хүүхдийн уушгины хөгжил зогсож, амьсгалын замын өвчнөөр өвдөх эрсдэл 20-80%-иар нэмэгддэг төдийгүй тамхи татдаггүй гэр бүлд өссөн хүүхдүүдээс оюун ухаан, биеийн хөгжлөөрөө эрс ялгагддаг.

Дам тамхидалтын хор нь тэр дороо ба хэсэг цаг хугацааны дараа  гарч болно. Гуурсан хоолой, улаан хооолой, нүд хорсох зэргээр шууд нөлөө илэрдэг. Тамхи татдаггүй хүмүүс тамхины утаанд илүү мэдрэмтгий байдаг бөгөөд дотор муухайрах, толгой эргэх, толгой өвдөх шинжүүд гардаг. Ажлын байр ба ахуйн нөхцөлд дам тамхидах нь зүрхэнд нэмэлт ачаалал өгч зүрх судасны өвчин болон  уушгины эмгэгийг хурцатгана. Хэсэг цаг хугацааны дараах хор нөлөө нь амьсгалын замын эрхтнүүдийн хорт хавдар, зүрх, тархины судас нарийсах, даралт ихсэх болон бусад өвчин үүсэх шалтгаан болдог. Америкийн эрдэмтдийн судалгаагаар идэвхигүй тамхидалтын “хойшлогдсон” нөлөөгөөр жилд 46000хүн нас бардаг бөгөөд үүнээс 14000 нь янз бүрийн хорт хавдраар, 3200 нь зүрх судасны өвчнөөр нас бардаг байна.

Орчин тойронд нь, эсвэл өөрөө тамхи татдаг жирэмсэн эмэгтэйн үр хөврөлд  хүчилтөрөгчийн архаг дутагдал үүсдэг нь нярайн тархины даралт ихсэлтийн шалтгаан болдог төдийгүй тамхины утаанд байгаа хортой бодисууд хүйгээр дамжин үр хөврөлд нэвтрэн орж дархлааны ба мэдрэлийн тогтолцоог хордуулдгаас  үр хөврөлийн өсөлт зогсож, төрөх үеийн жин нь бага болдог. Мөн идэвхигүй тамхи таталт нь эх, үрийн эрүүл мэндэд ямар их хор учруулж байгааг  статистикийн мэдээнээс харвал: жирэмсний хордлого 80%, дутуу төрөлт,амьгүй төрөлт, ургийн гаж хөгжил 2-3 дахин ихсдэг байна.
                                                                             

  УКТЭ-ийн Уушиг судлалын клиникийн
тэргүүлэх зэргийн эмч Х.Солонго

2 Сэтгэгдэл
МАШ ИХ БАЯРЛАЛАА
надад хэрэгтэй мэдээлэл өглөө баярлалаа
МАШ ИХ БАЯРЛАЛАА
Хамгийн их уншсан