Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ашигт малтмалын үнэ өсөх найдвар байна

Т.ЖАНЦАН

Манай улсын гадаад валют олж ирдэг гол салбар нь уул уурхай. Уг салбарын хөрөнгө оруулалт эрс муудсан, дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ унасан зэрэг шалтгааны улмаас улсын төсөв тасрах, эдийн засгийн өсөлт саарах болсон гэдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл энэ онд зэс, нүүрс, алт зэрэг ашигт малтмалын үнэ өснө гэсэн төсөөлөл гарсан байна. Тухайлбал, дэлхийд хүн амаар тэргүүлдэг хамгийн том зах зээлтэй Энэтхэг, Хятадад алтны эрэлт өсөх хандлага ажиглагдаж эхлэж. Мөн  Евро бүсийн эдийн засаг сэргэж, банкууд алт худалдан авч байгаа нь уг металын үнийг өсгөнө гэсэн төсөөлөл болж буй юм. Гэтэл нэг унци алтны үнэ эдүгээ дэлхийн зах зээл дээр 1072  ам.доллар байгаа. Энэ нь 9.4 хувиар унасан үзүүлэлт. Алтны дундаж үнэ өнгөрсөн оны сүүлчээр  нэг унци нь 1124 ам.доллар байв. Гэвч зах зээлийн шинжээчид энэ оны эхний улиралд нэг унци алтны дундаж үнийг дээрх үнээс 32 ам.доллараар бууруулан тооцжээ.  Хамгийн гол нь 2016 онд дэлхийн зах зээл дээр алтны эрэлт нэмэгдэх тул үнэ өснө гэдэг итгэл байгаа юм.  Монгол Улс өнгөрсөн онд 13 тонн алт экспортолж 420 сая ам.долларын нөөц бүрдүүлсэн байна.

Монголбанкинд тушааж буй алтны хэмжээ гуравдугаар улиралд 20 хувиар өсч  14.7 тоннд хүрэв.   Энэ нь төв банк сүүлийн арван жилийн хугацаанд хамгийн их алт худалдан авсан дүн юм. Түүх сөхвөл, 2005 онд 15 тонныг худалдан авч байжээ.  Улсын төсөвт энэ онд 23.6 тонн алт олборлож экспортлож улсын төсөвт 173 тэрбум төгрөг төвлөрүүлнэ.  Үүний 10 тонн нь Оюу толгойнх гэж буй. Тэгэхдээ нэг унци алтны дундаж үнэ 1156 ам.доллар гэж тооцсон. Хэрэв зах зээлийн шинжээчдийн төсөөллөөр алтны үнэ өсч экспорт дээрх хэмжээнд хүрч чадвал  олборлож экспортлож чадвал манай улсад орж ирэх валютын орлого эрс нэмэгдэх бололцоо байна.

Манай улс энэ жилийн төсөвт нэг тонн цэвэр зэс дэлхийн зах зээл дээр дундажаар 5137 ам.доллар байхаар төсөөлсөн. Тэгэхдээ Эрдэнэт, Оюу толгойгоос 23-28 хувийн агууламжтэй зэсийн баяжмал 1.3 сая тонныг экспортолж 373 тэрбум төгрөг улсын төсөвт оруулах төсөөлөл гаргаад байгаа.  Шинэ он гарахын өмнө түүхий эдийн зах зээлийн төсөөлөл гаргадаг судалгааны байгууллагууд нэг тонн цэвэр зэсийн үнийг 2016 онд 5500-5700 ам.доллар байхаар тооцож байв. Гэвч зах зээлийн шинжээчид нэг тонн цэвэр зэсийн дундаж үнийг 385 ам.доллараар бууруулан тооцжээ. Учир нь Хятадын аж үйлдвэрийн салбарын өсөлт удааширсан, үл хөдлөх хөрөнгийн зах зээл унасан, юанийн ханш өнгөрсөн оны наймдугаар сард гурван хувиар суларсантай холбон тайлбарлав. Дэлхийн зах зээл дээр одоогоор зэсийн үнэ 4715 ам.дол­лар байна. Зах зээ­лийн шуур­ганд тэсч үлдэ­хийн тулд зэс олборлогчид үйлдвэрлэл, тээврийн гээд бүхий л зардлаа бууруулах арга сүвэгчилж буй. Зэс олборлогч зарим компани хэт өндөр зардалтай байгаа тул олборлолтоо бууруулах арга хэмжээ авах болсон. Тухайлбал, дэлхийд зэс олборлолтоор тэргүүлэгчдийн нэг  “Glencore” компани өнгөрсөн есдүгээр сараас хойш Конго, Замби дахь үйлдвэрлэлээ 400 мянган тонноор бууруулаад буй аж. 

Коксжих нүүрсний үнэ унасан хэвээр. Эдүгээ нэг тонн коксжих нүүрсний үнэ 43 ам.доллар байна. Энэ нь 2014 оныхоос 21.4 хувиар унасан үзүүлэлт. Гэтэл зах зээлийн судалгааны байгууллагууд энэ онд нэг тонн коксжих нүүрсний үнийг өнгөрсөн жилийнхээс 11 ам.доллараар доогуур тооцлоо. Иймд ирэх онд нэг тонн нүүрс 33 орчим ам.доллар болж таарах нь. Гэтэл энэ жилийн улсын төсөвт 19.5 сая тонн нүүрс экспортолж 271 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоо бий. Уул уурхайн яамны мэдээллээс үзвэл өнгөрсөн онд манай улс 12.9 сая тонн нүүрс экспортолжээ. Хятад коксжих нүүрсний импортоо сүүлийн хоёр жил дараалан буурав. Жишээ нь 2014 онд 44.4 сая тонн коксжих нүүрс импортлосон бол өнгөрсөн жил  36.4 сая тонн болсон байна. Энэ нь нүүрсний үнэ унах гол шалтгаан юм. 

Газрын тосны үнэ уналттай байгаа ч манай улсын экспорт өссөөр байгаа. Өнгөрсөн онд нэг сая тонн газрын тос экспортолсон дүн бий. Ингээд газрын тосны орлого 151.8 тэрбум төгрөг болсон. Дэлхийн зах зээл дээр нэг баррель газрын тос 37.8 ам.доллар байна. Энэ нь 28.9 хувиар унасан үзүүлэлт. Зах зээлийн судалгааны байгууллагууд энэ онд OPEC-ийн гишүүн бус орнуудын газрын тосны нийлүүлэлт буурах төлөв бий хэмээн үзэж байна. Мөн энэ онд Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлаж, тус улсад тавьсан газрын тос нийлүүлэх хориг цуцлагдана.  Ираны Засгийн газар газрын тосны зах зээлээ хадгалж үлдэхийн тулд ямар ч зардал гарсан олборлолтоо бууруулахгүй гэж мэдэгдээд байгаа. Энэ нь уг ашигт малтмалын үнэ буурахад голлох нөлөө үзүүлсэн. Иймд дэлхийн зах зээлд газрын тосны нийлүүлэлт нэмэгдэж, илүүдэлтэй хэвээр байх төлөв бий аж. Тэгэхээр газрын тосны үнэ сэргэх төлөв алга гэсэн үг юм.
Гэхдээ дээрх түүхий эдийн үнэ өсөх найдвар бий. Учир нь манай улсын экспортын бүтээгдэхүүний гол худалдан авагч Хятадын эдийн засгийн өсөлт судлаачдын төсөөлж байснаас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нэг хувиар илүү буюу 6.9 хувьтай гарсан. Нөгөө талаар БНХАУ 13 дахь таван жилийн төлөвлөгөөгөө батлахдаа  эдийн засгийн өсөлтөө жилийн 7.5 хувьтай байлгах зорилт тавиад байгаа билээ. Иймд манай улсын экспортын гол нэрийн түүхий эдийн үнэ өсөх магадлал тун өндөр байгаа юм.

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан