Цэцийн гишүүний насны дээд хязгаарыг 65-аар тогтооно
2016 оны 1 сарын 6
Т.ЦЭЛМЭГ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэ­мэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хур­лын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруу­лах тухай хуулийн төс­лийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлд Үндсэн хуулийн цэцийн гишүүний насны дээд хязгаарыг 60-аар тогтоож, зургаан жилийн хугацаатайгаар томилохоор тусгасан. Нэг удаа дахин улираан сонгож болохоор заасан байна. Төсөл санаачлагч УИХ-ын гишүүүн Х.Тэмүүжин “Төрийн албаны тухай хуулийн 24.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна хэмээн заасан” гээд Цэцийн гишүүдийн төрийн алба хаах насны дээд хязгаарыг тогтоохоор төсөлд тусгасанаа тайлбарласан юм. Гишүүд ч үүнд янз бүрээр байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Цэцийн гишүүдийн бүрэн эрхийг нь дуусгах хэрэгтэй. Үүн дээр ойлголцох хэрэгтэй. Дараагийн парламент, Ерөнхийлөгч гарч ирээд зургаан жилийн хугацаатай байдаг улс төрөөс ангид албан тушаалтныг солиод байх уу. Төрийг бужигнуулсан юм болно. Цэцийн гишүүний насыг Хөдөлмөрийн хуультай холбож байгаа нь буруу” гэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас санал болгодог. Хууль санаачлахдаа насны асуудлаар эдгээр субъектүүдээс санал авсан уу. Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар 66 настай хүнийг, Төрийн албаны хууль зөрчөөд томилсон. Цэцийн гишүүн яагаад 66-тай байж болдоггүй юм бэ. Насны хязгаарыг төрийн жинхэнэ албан хаагчтай жиших ёстой юм бол Ардчилсан нам яагаад хууль зөрчсөн томилгоо хийгээд байгаа юм бэ. Үүнд хариулт өгөөч” гэхэд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Засгийн газартай холбоотой томилгооны асуудалд Ерөнхий сайд хариулах ёстой хэмээн хэллээ.

Харин хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Засгийн газар, Үндсэн хуулийн Цэц зэрэг байгууллагуудаас санал авсан. Анх гаргасан саналгүйгээр нь Цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах асуудлыг УИХ хэлэлцэх боломжгүй. Тэгэхээр Цэцийн гишүүний асуудлыг анх гаргасан газар нь УИХ-д оруулж ирэхгүй л бол чөлөөлөх, огцруулах боломжгүй гэсэн үг” хэмээн тайлбарласан.

Улсын Дээд Шүүхийн шүүгчийн тэтгэвэрт гардаг нас 60-аар хязгаарласан байсан. Харин төрийн алба хаах насны дээд хязгаар 65 учир үүнийг жишиг болгох хэрэгтэй гэж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар санал гаргав. Цэцийн гишүүнээр томилогдох насны дээд хязгаарыг Төрийн албаны тухай хуульд заасан заалтаар жишиг болгоё гэсэн уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү уг асуудалтай холбогдуулан Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, бүлэг, эвсэл бүрээс төлөөлөл оруулж ажиллах ёстой гэж горимын санал гаргасан боловч олонхийн дэмжлэг авч чадаагүй.

ҮХЦ-ийн гишүүн нь одоогийн хуулиар дараагийн гишүүнийг томилтол бүрэн эрхээ хэрэгжүүлдэг. Тэгвэл хугацаа зааж өгсөн нь өдгөө бараг 20 жил шахуу Цэцийн гишүүнээр ажиллаж буй буруу жишгийг засах нэг боломж гэж хууль санаачлагч үзсэн байна. Хугацаагүй шахуу томилогдон ажиллаж байгаа байдал эцэс болж, хамгийн ихдээ 12 жил, улиран томилогдохгүй бол зургаан жилээр л ажиллана гэсэн үг. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын пүрэв гарагийн чуулганаар хэлэлцэх юм.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Фото үзэх
Видео үзэх
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.