Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хар нуур (улаагчны) - Экологийн тэнцвэр хадгалах бүс

Завхан аймаг, Ховд аймгийн хилийн зааг дээр орших боловч ихэнх талбай нь Завхан аймгийн нутагт хамаардаг. Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойш 80 км, аймгийн төвөөс 110 км газарт оршдог. 574.8 хавтгай дөрвөлжин километр талбайтай, гүн нь 48 метр орчим, дундаж өргөн нь 15.7 километр, хамгийн урт хэсэг нь 36.8 километр хүрнэ. Хар нуурын эрэг жигд биш зарим газраар хошуу хойг үүсгэсэн байдаг. Мөн хойд эргийн хэсгээр 5-6 метр өндөр, цөлийн шинжийг агуулсан элсэн манхан, элсэн шанаагаар хүрээлэгдсэн байдаг. Баруун болон баруун хойд талд Гэзэг сайхан, Гэзэг хайрхан, Чандмань, Таван хар зэрэг уул толгод Чоно харайхын гол хүртэл үргэлжилж Хар-Ус нуураас тусгаарладаг. Эдгээр уул толгод ургамалгүй нүцгэн бэлүүдтэй. Шувуун арал хэмээх урт хошуу, Хомын хоолой орчимд маш өтгөн нишингэ ургаж эргийн хэсгийг намагжуулдаг. Урд талын эрэг орчмын шанаанууд нь зэгстэй багавтар нуур, Товхош, Намаржаа, Хар хад гэх мэт уулын сүрлэг үзэмжээр хүрээлэгдсэн байдаг.

Далайн төвшнөөс дээш 1132 метрт орших Хар нуур нь Хар-Ус нуураас талбайгаар бага хирнээ арай гүнзгий нуур юм.  Хар-Ус нуур илүүдэл усаа Чоно харайхын голоор Хар нуурт өгдөг. Харин Хар нуур илүүдэл усаа Хомын хоолойгоор Дөргөн нуурт, Татхан-Тээлийн голоор Завхан голд тус тус өгдөг. 12-хон километр урт Татхан-Тээлийн гол нь зөвхөн Хар нуурын илүүдэл усыг зөөгөөд зогсохгүй Хар-Ус нуур, Ховд голын системд хамаарах Монгол Алтайн бүх гол горхи, нуурын усыг Хяргас нуур руу дамжуулах ганц суваг болдог. 10 дугаар сарын сүүлчээр хөлдөж мөсний зузаан 110 сантиметрт хүрэх ба үргэлж гөлөөн мөс гялалзаж байдаг. Нуурын ёроолоор жигд хар замаг ургаж, цайвар өнгөтэй лаг наанги шавар ёроолын ихэнхийг хучна. Нуурын эргэн тойрондоо зохицсон үзэсгэлэнт байдлыг нутгийнхан өргөмжилж “Хангайн сувд” ч гэж нэрлэдэг. Нууранд 13 төрлийн нүүдлийн шувууд ирдэг. Нуурын мандал дээгүүр “шунх” хэмээх цэцэг ургаж гарч ирдэг нь үзэсгэлэн төгс харагдуулдаг.

2 Сэтгэгдэл
Улаагчны хар нуур, хар нуур, хагийн хар нуур гэж тусдаа 3н өөр нуур шүү. Энэ мэдээлэлд завхан ховдын заагт орших хар нуур болон завхан аймгийн эрдэнэхайрхан суманд орших улаагчны хар нуурыг хооронд нь нэг нуур мэт бичсэн байна. Улаагчны хар нуур бол уртаараа 25 гаруй км өргөөшөө 7-8км нуур юм шүү
Улаагчны хар нуур маань хаанаас тэжээгддэг болон ямар гол эх авч хаашаа урсдаг нь тодорхой бус ойлгогдохгүй байх юм. Элсэн нуруудаар нэвчин цэнгэгшиж байдаг юм боловуу л гэх ойлголт орж ирж байна.
2 нуурын талаар өгүүлсэн байна. Хагийн хар нуур гэдэг маань А.Дулмаа докторын /С.Баяр ерөнхий сайдын ээж/ загас нутагшуулсан нуур Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт бий. Завхан,Ховд аймгийн заагт буй нуурыг мөн Хар нуур гэдэг. Хар ус нуураас Чоно харайхын гол ирж цутгадаг, Хар нуураас Татуу тээлийн гол Завхан голд цутгана.Дөргөн нуураас Хомын гол мөн Хар нуурт цутгадаг. Хар нуурын хөвөөнд социализмын жилүүдэд "Хом үйлдвэр тариалангийн төв" ажиллаж байлаа.
энэ одоо яг ямар нуурын талаар бичсэн байгаа огт ойлгохгүй байна. 2 өөр нуурыг хооронд холиод жинхэнэ бантан мэдээлэл болчихжээ. Мэдээгээ энэ нууруудыг мэддэг хүмүүсээр нь хянуулбал зүгээр
Хамгийн их уншсан