Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОУВС-гийн мөнгөний сан арвижлаа

Олон улсын валютын сангийн данс мөнгө Европын өрийн хямралаас болж шингэрэх тал руугаа орж байсан бол Мексикт болсон Их 20 орны чуулга уулзалтын ачаар томоохон санхүүжилт авахаар боллоо. Их 20-ийн гишүүн орнууд тэр дундаа эдийн засгийн хурдацтай өсөлтөөрөө БРИКС хэмээх бүлэг үүсгээд буй Бразиль, Орос, Хятад, Энэтхэг, Өмнөд Африкийн орнууд ОУВС-гийн хямралын эсрэг санд томоохон хандив өгөхөө амлаад байна.  
ОУВС Европын өрийн хямралтай тэмцэж, улс орнуудад зээл олгохын тулд хямралын эсрэг сандаа 500 тэрбум ам.долларын санхүүжилт төвлөрүүлэх хэрэгтэй байгаа талаар мэдээлсэн. Гэхдээ энэ удаагийн Их-20-ийн чуулганаар хараахан зорьсон хэмжээндээ хүртэл санхүүжилт босгож чадсангүй. 456 тэрбум ам.долларыг улс орнуудаас авахаар болсон тухай ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард мэдэгдэв. Үүний 95 тэрбум ам.долларыг нь БРИКС-ийн орнууд дангаараа бүрдүүлж буй ажээ. Харин ОУВС-д өргөсөн хандиваар нь улс орнуудыг жагсаавал Япон 60 тэрбум ам.доллараар тэргүүлж, Герман 54,7 тэрбум ам.доллараар удаалж байна. Тэгвэл гадаад валютын нөөцөөр дэлхийд тэргүүлэх Хятад улс 43, Франц 41, Итали 31 тэрбум ам.доллар хандивлахаа мэдэгдлээ. Өөрөө эдийн засгийн хямралд орчихоод байгаа Испани улс хүртэл 19,6 тэрбум ам.доллар ОУВС-д хандивлахаар болсон бол Голланд 18, Британи 15, Саудын Арави 15, Өмнөд Солонгос 15, Бельги 13,2, Бразиль, Энэтхэг, Мексик, Орос, Швейцарь тус бүр 10 тэрбум ам.доллар өгөхөө амлалаа.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан