Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дональд Трамп: ОХУ бол АНУ-ын мөнхийн түншлэл гэдгийг давхар сана

Б.БААТАР

АНУ-ын тэргүүн баячуудын нэг, Трамп группын захирал Дональд Трамп он гарснаас хойш нэр дэвших асуудал, түүний гадаад бодлого гээд эргэн тойронд байгаа нарийн ширийн асуудлын талаар сонирхолтой ярилцлага “cbsnews.com” сайтад өгчээ.


-Танай намын хувьд дотроо хүчтэй өрсөлдөөн явуулж байгаа мэт байдал нийгэмд бий болоод байна. Гэхдээ таны хувьд учир дутагдалтай талаа мэдэж байгаа байх гэсэн асуулт бидэнд ирээд байна?
-Юуны өмнө намайг урьж ярилцаж байгаа та бүхэнд баярлалаа. Манай намын хувьд та бүхний ярьж байгаа шиг тийм ширүүн өрсөлдөөн гэх зүйл байхгүй. Учир нь намын дотоод зохион байгуулалт маш өндөр гэдгийг хэлье. Бид нэг л зүйл дээр анхаарч байна. Нам гэхээс илүү хэн нь дараагийн ерөнхийлөгчийн сунгаанд хүчтэй өрсөлдөж чадах вэ гэдгийг олж тогтоох. Үүний тулд нийгмийн хариуцлага, хувь хүнийг дэмжиж байгаа байдлыг ажиглаж, судалж байна. Харин миний хувьд намын бодлого дагах гэхээс илүүтэй иргэдэд юу хэрэгтэй байгаа түүнийг нь өгөхийг л хичээж байна. Яахав намайг муулах нэг нь муулна биз. Би шүүмжлэл хүлээн авч сурсан хүн.

-Нэг асуудлыг ярихгүй бол болохгүй. Тэр нь мэдээж мусульманчуудыг АНУ-д нэвтрүүлэхгүй гэсэн таны яриа. Та яагаад тэгж хэлэх болсон юм бэ. Ямар хүчин зүйл таныг ийм байдалд хүргэв?
-АНУ ариун цэвэр байх ёстой. Энэ үгээрээ би мусульманчуудыг бу­зар заваан гэж хэлээгүй. Харин өнөөгийн 21-р зуунд мусульманчууд л дэлхийг тайван байлгахгүй энд тэнд террорист ажиллагаа явуулж байгааг та бүхэн харж байгаа байх. Террорист ажиллагааг таслан зогсоохын тулд эхний ээлжинд тэдэнд бүрэн хяналт тавьдаг байх ёстой. Харин хяналт тавихын тулд тэднийг эх нутагтаа оруулахгүй байх ёстой. Гэхдээ энэ нь мэдээж хэсэг хугацаанд гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Түүнээс биш би тэднийг бүхэл бүтэн насан туршид нь АНУ-д нэвтрэхгүй байх хориг тавих гээгүй. Хаана хүн үхэж байна, тэнд мусульманчуудын оролцоо байсаар л байна.

-Энэ бүхэнд хэн буруутай гэж?
-Энэ бүхэнд буруутай хэн нэгнийг олохын оронд бурууг засах хэн нэгнийг олох цаг ирээд байна. Дэлхий ертөнц өөрчлөгдөж байна. Хүмүүсийн сэтгэл санаа ч даган хувирч байна. Тэдний ойлгох, хүлээн авах мэдрэмж нь өөрчлөгдөж байна. Аливаа зүйлд итгэх итгэл нь алдарч, өөр хий хоосон зүйлд итгэх итгэл нь нэмэгдэж муу зүйл рүү өөрийн мэдэлгүй тэмүүлэх болжээ. Тиймээс л тэднийг хянах, бодлыг нь өөрчлөх, ойлгуулах, бодит ертөнцийг байгаагаар нь ойлгуулж өгөх зэрэг нь террористуудыг үгүй хийх сэтгэл санааны зүйл болж хувираад байна.

-Дахиад л террорист үйл ажиллагаатай тэмцэх асуулт руу орчихлоо. Та лалын дайчдыг хэрхэн үгүй хийх төлөвлөгөөтэй байна?
-Эхний ээлжинд шашин төрийн энэ ялзарсан үзлийг үгүй хийх. Дараа нь бүс нутгуудаар хязгаарлалт явуулж дахиж террорист нэртэй холбогдох хүмүүсийг хяналтанд оруулах. Тэгээд бүртгэл явуулж хилийн хараа хяналтыг сайжруулах, тэгээд санхүүгийн гарцыг нь хаах.

-Санхүүгийн гарц гэж та сая хэллээ. Үгийг тань тасалсанд ууч­лаа­­рай. Гэхдээ АНУ-ыг гадны террористуудыг сан­хүүжүүлдэг гэсэн нийтлэг ойлголт дэлхийд бий боллоо. Та ерөнхийлөгч болох юм бол тэр дээр байгаа том нөхдүүдийн дунд ороод нарийн ширийн учрыг нь олох байх. Гэхдээ л та үүнийг яаж аргалах гэж байна?
-АНУ-ыг санхүүжүүлэгч орон гэж нэрлээд байгаа улс орон өөрөө террористуудыг дэмжигч нэгэн. Бид террористуудыг сөнөөхийн тулд мөр зэрэгцэн тулалдаж л яваа хүмүүс. Яагаад өнөөдөр АНУ-ын 7000 гаруй цэрэг эрс амиа өгч Афганистан, Ирак гээд харь оронд алба хаагаад байна. Тэд эх орноо гадны террористуудаас хамгаалж байна. Мөн энхийг сахиулж бусад улс оронд тусалж байна.

-Гол ашиг газрын тосонд байна гэж ярих юм. Та санал нэг байна уу?
-Би энэ талаар яг хэлж мэдэхгүй байгаа ч яахав тодорхой хэмжээгээр тухайн улсын эрх баригчтай тохиролцож чадах юм бол ажлын хөлс гэж ойлгож болох талаар зарим нэг цэрэг армийн хүмүүс ярьдаг л юм.

-Тэгэхээр газрын тосны төлөө тэд байлддаг болж таарлаа. Энэ гэхдээ миний л бодол шүү. За тэр яахав. Таны бодлоор АНУ-ын холбоотон орнууд жилээс жилд багасаж байгаа гэж та бодож байна уу?
-Яахав 1990 оны үеийг бодох юм бол манай улсын холбоотон улс орнууд нэг нэгээрээ биднээс нүүрээ буруулсаар л байгаа. Мэдээж тэдний хувьд холбоотон биш болж байгаа ч таатай, найрсаг харилцаатай хэвээр үлдсэн улс орнууд зөндөө байгаа.

-Таны гадаад бодлого, мэдлэг ахиж дээшилсэн байна гэдгийг надаас нэг оролцогч онцлон хэлэхийг хүссэн юм. Барак Обамагийн хийж байсан зүйлийг та хэрэв ерөнхийлөгч болвол үргэлжлүүлэх үү?
-Тухайн байдлаасаа л хамаарна. Хийх ёстой хөгжлийн хөтөлбөрүүдийг үргэлжлүүлнэ. Харин улсын эрх ашгийг зөрчсөн зүйл байх юм бол таслан зогсоох л болно. Маш энгийн.

-Хиллари Клинтон, Тед Круз бол таны хамгийн хүчтэй өрсөлдөгч. Таны рейтинг энэ хоёр эрхэмээс бага байгаа?
-Сонгуулийн сурталчилгаа эхлэх үед би үгээ хэлнэ. Тэр хүртэл хэн ямар байх нь хамаагүй.

-Шударга бас шулуухан хэлж байна. Шинэ жилийн уур амьсгал ямар байсан бэ. Та сайхан баярласан уу?
-Гэр бүлтэйгээ сайхан баярласан. Одоо ажилдаа орсон, хийж дуусгах төслүүдээ жигдлэх хэрэгтэй байна.

-Таны эрүүл мэндийн асуудал бас сүүлийн өдрүүдэд яригдаж эхэлсэн шүү. Хэрэв та анзаарсан бол эрүүл мэнддээ их мөнгө зарцуулах төлөвлөгөөтэй байгаа гэсэн мэдээлэл яваад байгаа?
-Эрүүл мэнддээ мөнгө зарцуулж чадаж байвал би, чи амьд явна. Над шиг хүн одооноос эрүүл мэнддээ анхаарч байгаа нь харамсалтай. Гэр бүлийнхээ, өөрийнхөө төлөө эрүүл мэнддээ мөнгө зарцуулах нь энгийн зүйл байх. Өөр ноцтой асуудал байхгүй.

-Би таниас нэг зүйл асуух юм сан гэж их боддог байлаа. Та энэ галт зэвсэгийн тухай хуулийг юу гэж боддог вэ. Иргэд биедээ галт зэвсэгтэй байх нь зөв үү, буруу юу?
-Манай улсад 1970,80-аад оны үед галт зэвсэгийн тухай багц хуулиудыг баталж иргэд өөрсөддөө галт зэвсэг хадгалах эрхтэй болсон нь тухайн үед хэрэгтэй зүйл байсан юм. Харин өнөөдөр галт зэвсэг хүнийг хөнөөх л хэрэгсэл болж хувирсан байна. Түүнээс биш өөрсдийгөө хамгаалах зориулалттай биш. Хувийн эзэмшилд нэвтэрсэн, бие хамгаалах зорилгоор галт зэвсэг авч явах нь маш аюултай байдлыг үүсгэж байгааг бүгд л шахуу мэдэж байгаа хирнээ аюулгүй байдлаа хадгалахын тулд зэвсэгтэй явсаар л байгаа. Энэ нь нийгэм аюултай байгаагийн шинж, хүмүүс аюултай байгаагийн шинж.  Үүнийг л өөрчлөх ёстой байсан нь Барак Обамагийн ерөнхийлөгчийн найман жил байсан юм.
Харамсалтай ч гэлтэй Жорж Бушийн араас Обамаг орсон гэдэг дээр би санал нийлдэг. Өөрчлөлт гээд байсан хүн яагаад өөрчлөлт хийсэнгүй вэ гэсэн асуултыг л би одоогийн ерөнхийлөгчид тавьсаар байгаа. Өөрчлөлт.

-Та Турк улстай хэр харилцаа холбоотой байдаг вэ?
-Яагаад энэ асуултыг асууж байгаа юм бол. Би энгийн найрсаг харилцаатай байдаг. Хөдөлмөрч улс.

-Туркийг АНУ хамгаал­на, ОХУ-аас өмөөрнө гэсэн яриа саяхан оны өмнө болсон Турк ОХУ-ын зөрчлөөс нилээд дэлгэрсэн. Та Туркийг хамгаалах уу?
-Турк улс бол АНУ-аас хамгаалалт авахгүй хүчирхэг гүрэн. АНУ-аас тусламж гуйхгүй байх. Тэглээ ч миний мэдэх асуудал биш.

-Нэг зүйл тодруулья. Та ерөнхийлөгч болох юм бол мусульманчуудыг хориглох тухай хэлсэн байсан. Яг яаж хориглох уу? Мексикчууд, испаничууд, ирландууд, хятадууд, оросууд гээд АНУ-д маш олон үндэстэн ястан байгаа.
-АНУ бол эрх чөлөөний орон. Гэхдээ эрх чөлөөгөө бусдын түрэмгийлэл, террористуудаас хамгаалах л болно.

-Та ОХУ-ын талаар ямар байр суурьтай явдаг тань сонгогчдод их чухал юм шиг байна лээ?
-ОХУ-ын ахан дүүс бол миний мэдэхийн хамгийн сайн хүмүүс гээд хэлчихвэл намайг үзэн ядсан хүмүүс их болно байх. Гэхдээ бид их гүрний бодлого гэж зүйл дээр анхаарал хандуулах ёстой. АНУ-ын иргэн ч гэсэн  ОХУ бол АНУ-ын мөнхийн түншлэл гэдгийг бас санах ёстой.

-Гайхалтай хариулт байна. Таны ажил амьдралд амжилт хүсье. Оны сүүлээр ерөнхийлөгч болохыг хүсэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан