Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Үйзэнмаа: Хуулбарласан кино үзэхээр өмнө нь сонсчихсон онигоо шиг санагддаг


Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, зураач Б.Борхүүгийн охин Б.Үйзэнмаа Германы Баварийн их сургуулиас олгодог нэр хүндтэй шагналын эзэн болсон тухай уншигч та дуулсан байх. “Над руу ингэж битгий хар” нэртэй уран бүтээлээрээ шилдэг, шинэ залуу найруулагч шагналын эзэн болсон тэрээр багаасаа Германд амьдарч буй нэгэн. Тэрээр хэн хүн хүртээд байдаггүй Германы кино урлагийн ертөнцийн нэр хүндтэй эл шагналыг гардахдаа “Би эрхчөлөөтэй хүн. Учир нь, би бусдыг үзэн яддаггүй” хэмээн хэлж германчуудыг догдлуулаад авсан билээ. Түүнтэй цахим хаягаар нь холбогдож цөөн асуултад хариу авлаа.

-Юуны өмнө нэр хүндтэй шагнал хүртэж эх орныхоо нэрийг гаргасанд баяр хүргэе?
-Баярлалаа.

-Таны тухай хангалттай мэдээлэл цуглуулж чадсангүй. Ямартай ч аав тань зураач, ах тань мөн кино найруулагч болохыг олж мэдлээ. Ер нь урлагийн гэр бүлээс гаралтай хүн юмаа даа?

-Тиймээ, урлагийн гэр бүл гэж болно. Аав маань энд жижиг урлантай. Харин ахын хувьд Германы гэрэл зурагчин Свен Зелнертэй хамтарч “Алтны үнэ цэнэ” нэртэй хууль бус алт олборлогчдын тухай кино хийж байсан юм.

-Мөн “Торгоны замын хүүхдүүд” нэртэй аялал хийж түүнийгээ кино болгохоор ажиллаж байгаа гэж дуулсан?

-Ах маань эхнэр, охидын хамт автомашинаар 17 улс дамжин аялж Германаас Монголд очсон юм. Ер нь л аялал, адал явдалд дуртай нэгэн. Өнөгөрсөн жил хийсэн энэ аялалаа баримтат кино болгохоор төлөвлөж байгаа юм билээ. Намайг бодвол эх орондоо ирж очин байдаг хүн. Яваандаа Монголд төвхнөх бодолтой явдаг юм.

-Таны “Над руу ингэж битгий хар” кино үүнээс өмнө хоёр, гурван ч наадмаас шагнал хүртсэнийг мэдэх юм байна?
-Кино шүүмжлэгчдийн олон улсын холбооны шагнал мөн Испанийн Таррагона хотын “REC” наадмаас шагнал авч байсан. Мөн олон бүтээлтэй өрсөлдөж байж Мюнхений олон улсын кино наадмыг нээсэн бүтээл.

-Энэ удаагийн шагналын тухайд?

-Баварийн их сургуулийн дээд шагнал гардуулах ёслол юм. Миний хувьд энэ наадмаас шилдэг, шинэ залуу найруулагчид олгодог шагналын эзэн болсон.Үүндээ ч баяртай, сэтгэл хангалуун байна. Учир нь,өсөх ирээдүйтэй, шинэ залуу найруулагчийн шагнал хүртэнэ гэдэг “Кино урлагт тавтай морил” гэж байгаагаас ялгаагүй.

-Киногоороо юу илэрхийлэхийг зорьсон бэ?
-Эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байх суурь, зан араншин, амьдралын үнэн мөн чанар, дотоод ертөнцийг харуулахыг зорьсон. Товчхондоо, хүйсийн эрх тэгш байдлыг асуудал болгон хөндөхийг хичээсэн л дээ. Нэлээд эртнээс хийхээр төлөвлөж уншиж, судалж байж уран бүтээл болгосон юм. Анзаараад байхад, жендерийн асуудал хаданд хашгирсан цуурай шиг санагддаг. Эмэгтэйчүүдийг эрийн боол, гэрийн зарц шиг сэтгэдэг, ийм л байх ёстой мэт ханддаг үзлийг эрс няцаах гэсэндээ энэ киногоо хийсэн юм.

-Сүүлийн жилүүдэд Монголын кино урлаг хурдацтай хөгжиж байгаа. Та монгол кино үздэг үү?
-Үзэлгүй яахав. Хуучны кинонууд миний сэтгэлийг их хөдөлгөдөг. Зохиол, найруулга, жүжиглэлт гээд бүх л талаасаа өөлөх зүйлгүй, чанартай санагддаг. Харин сүүлийн үеийн кино уран бүтээлүүдийн ихэнх нь хэт нэгэн хэвийн, хиймэл болчихсон. Нуух зүйлгүй ээ, манай киночид аль хэдийнэ баруунд хийгдчихсэн санааг гаргахыг хичээдэг шиг санагддаг. Тиймдээ ч киног үзэхээр өмнө нь сонссон онигоо шиг байдаг. Бусдаас хуулбарлана гэдэг тэр хэрээр үнэ цэнээ алдаж байна л гэсэн үг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан