Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Шинэбаяр: Орчин цагийн Монгол мюзиклИЙг бүтээнэ

Э.ГАНЦЭЦЭГ

“Надад үлдсэн найз” мюзикл “Улсын драмын эрдмийн театр”-ын тайзнаас олонд хүрэхэд бэлэн болжээ. Мюзиклийн гол дүрийг бүтээж буй “Увертюра” хамтлагийн дуучин А.Шинэбаяртай ярилцсанаа хүргэж байна.

-Мюзикл тавих болсон нэг учир шалтгаан гэж бий байх?
-Манай хамтлаг 2009 онд байгуулагдсан. Хөгжим бүжгийн коллежийн дөрвөн найз нийлж хамтлаг байгуулан олон зорилт тавьсны нэг нь мюзиклд тоглох. Гэхдээ зүгээр нэг тоглоод өнгөрөхийг хүсээгүй. Мэргэжлийн түвшинд, сайн уран бүтээл туурвихыг хүссэн. Анхны цомгоо амжилттай гаргаж, анхны тоглолтоо ч сайхан хийсэн. Тиймээс ээлжит мөрөөдлөө биелүүлэхээр зориглосон нь энэ. Өнгөрсөн оны эхнээс яригдаж эхэлсэн уран бүтээлийн ажил маань одоо л биеллээ олж байна. Хэдийгээр мюзикл дэлхий дахинд өндөр хөгжөөд нэгэн зууны хагасыг элээж байгаа ч манайд харьцангуй цөөн тоглож байна. Анхны юм бүхэн алдаатай, оноотой. Бид хийж үзэхгүй юм бол өөр хэн хийх билээ.

-Үзэгчид “Надад үлдсэн найз”-ыг үзээд юу авч үлдээсэй гэж та бүхэн хүссэн бэ?
-Нэрнээсээ авахуулаад нөхөрлөлийн тухай өгүүлнэ. Бид дөрөв Хөгжим бүжгийн коллежид элссэн цагаасаа өдийг хүртэл нөхөрлөж яваа оюутан цагийн андууд. Тийм болохоор энэ сэдэв бидэнд илүү ойр байсан. Найруулагч, зохиолчтойгоо ярилцаад нөхөрлөл, найз гэдэг сэдэв дээрээ тогтсон. Нэг уран бүтээл нэжгээд санааг өгүүлдэг. Бид ч үүнийг хийхээр зорьж байна. Өнөөгийн нийгмийн байдал, тэр дундаа залуучуудын хандлага, харилцаа, нөхөрлөлийн үнэ цэнэ, хүн бусдад тус хүргэж,  хэрхэн хор хүргэдэг гээд олон санаа яваа. Гэхдээ хүн бүр өөрийнхөөрөө хүлээн авч, тунгаан бодох биз ээ.

-Тоглолт болоход гуравхан өдөр үлдээд байгаа болохоор бэлтгэлээ маш шахуу хийж байна уу?
-Мэргэжлийн жүжигчид биш учраас хэцүү л байна. Эхлээд амархан ч юм шиг бодож байлаа. Гэтэл тийм ч амар ажил бас биш байна шүү. Сүүлийн нэг сарын хугацаанд зөвхөн мюзиклдээ бэлдэж байна. 4-5 жилийн турш мэргэжлийн сургуульд сурдаг тайзны хөдөлгөөнийг сарын дотор эзэмшинэ гэж ч хэцүү. Гэхдээ жүжиглэх ур чадварын хичээл заалгаж байсан маань маш их хэрэг боллоо. Дуурь, мюзикл хоёр нэг зүйлийн хоёр тал шүү дээ. Тийм болохоор бид дөрөв чадах ёстой гээд л зүтгэж байна. Санасныг бодвол дажгүй зүгширч л байна. Бид дөрвийг хэрхэн жүжиглэж, дуулж байгааг ирж үзээрэй.

-Тоглолтын ард туршлагатай хийгээд нэлээд өргөн бүрэлдэхүүн ажиллаж байна. Багийнхнаа танилцуулаач?
-Манай хамтлаг продюсерээр, ерөнхий зохион байгуулагчаар “Анир студи” ажиллаж байна. Түүнчлэн “Милл” кино компанийн зохиолч Мөнхбат зохиолыг бичиж, найруулагч Лхагважаргал ажиллаж байгаа. “Надад үлдсэн найз” бол “Милл” кино компаний тайзны анхны уран бүтээл. Манай хамтлагийн хувьд ч анхны мюзикл. Хэн, хэнийх нь эхлүүлж буй шинэ хуудас. “Анир”-ын Алтанхуягийн анхны мюзиклийн хөгжим. “Би Эдит Пиаф байна” хэмээх ганц хүний мюзикл жүжгээ Монголдоо төдийгүй дэлхийд амжилттай толилуулсан УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан туслах найруулагчаар ажиллаж, дэмжиж, зөвлөж байгаа. Нийтдээ 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг тоглолтын ард ажиллаж байна. Монгол уран бүтээлчдийн, Монгол мюзикл бүтээх нь бидний зорилго. Бидний дараа, дараагийн үеийнхэн энэ мюзиклийг ашиглаж болно. Энэ эрх нь нээлттэй.

-Танай хамтлагийн дараагийн уран бүтээл юу байна вэ?
-Өнгөрсөн онд нэлээд уран бүтээл дээр ажиллалаа. Одоохондоо нийтэд үзүүлэх арай болоогүй. Хоёр дахь цомог бэлэн болчихсон. Энэ оны хамгийн чухал ажил энэ мюзикл. Өнгөрсөн онд “Мартын 8”-нд хийж байсан тоглолтоо энэ жил дахин сонсогчиддоо хүргэнэ. Мөн олон улсын чанартай тэмцээн, уралдаанд оролцохоор судалж байгаа гээд олон зүйл төлөвлөсөн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан