Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Жигүүр гранд” компани 392 өрхийг хохироосон гэв

Л.БАТБААТАР

Монгол Улсын Засгийн газар 2016 оныг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах жил болгон зарласан билээ. Энэ шийдвэрийг Монголын нийт хэрэглэгчид талархан хүлээж авсан. Эдийн засгийн хямралаас шалтгаалж иргэдийн амьжиргааны түвшин доройтож, худалдан авах чадвар 50 хүртэлх хувиар буурсан статистик бий.
Барилгын компаниуд иргэдэд орон сууцаа борлуулаад, цахилгааны төлбөрийг аж ахуйн нэгж байгууллагын тарифаар тооцон авч хохирол учруулж байна гэж Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатар мэдээллээ.

Тэрээр “2014 оны сүүлчээр иргэдийн зүгээс Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн нэгдсэн холбоонд  “Орон сууцны цахилгааны төлбөрийг үйлдвэр, аж ахуйн нэгжийн тарифаар авч байна”  гэсэн гомдол ирсэн. Гомдлын дагуу 2015 оны дөрөвдүгээр сард “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн тайланд судалгаа хийсэн юм. Судалгаагаар, 2015 онд 17500 өрх ( нэг өрх дөрвөн ам бүлтэй гэж үзвэл) буюу 70 мянган хэрэглэгчээс эрчим хүч хэрэглэсэн төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифаар тооцон авч нэг жилд 948 сая 150 мянган төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон” гэв.

Мөн тэрээр “Сүүлийн үед, барилгын компаниуд  улсын комисст хүлээлгэж өгсөн болон өгөөгүй орон сууцандаа иргэдийг оруулж цахилгаан борлуулах, дамжуулах тусгай зөвшөөрөлгүйгээр аж ахуйн нэгжийн тарифаар цахилгааны төлбөрийг авах нь түгээмэл байна. Энэ хууль бус үйлдлийг таслан зогсоохоор УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Эрчим хүчний зохицуулах хороонд албан ёсоор шаардлага тавьсан. Харамсалтай нь УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос “Бид энэ асуудлыг шийдэхгүй“ гэсэн хариу өгсөн. Уг нь УИХ-ын Өргөдлийн байнгын хороо бол иргэдэд учирсан хохирлыг шийдвэрлэх ёстой шүү дээ” гэв.

Эрчим хүчний зохицуулах хорооны  баталснаар үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллага нэг киловатт цагийн эрчим хүч хэрэглэхэд 128.5, ахуйн хэрэглэгч 98.4 төгрөг төлөх ёстой аж. Дунджаар нэг өрх сард 150 киловатт цагийн эрчим хүч хэрэглэсэн гэж үзвэл ахуйн хэрэглэгчийн тарифаар 14760 төгрөг болно. Харин аж ахуйн нэгжийн тарифаар 19275 төгрөг болж байна. Ингэснээр, сард нэг өрхөөс 4515 төгрөг илүү авч байжээ. Үүнийг жилээр буюу 12 сараар тооцвол 54180 төгрөг. Өөрөөр хэлбэл,  жилд  нэг өрхөөс  54180 төгрөгийг илүү авч байна гэсэн үг. Энэ хууль бус үйлдэл нь Эрчим хүчний тухай хуулийн 12.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.8.3, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.9 заалтыг тус тус зөрчжээ.

Мөрдөж буй журмаар бол аж ахуйн нэгж орон сууц бариад эрх бүхий байгууллага болох Сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлж өгөх үүрэгтэй гэнэ. Мөн цахилгаан борлуулах, түгээх тусгай зөвшөөрөл байхгүй. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн нэгдсэн холбооноос аж ахуйн нэгжийн тарифаар цахилгааны төлбөр хураан авч хэрэглэгчдийг хохироосон аж ахуйн нэгжийн нэрсийг зарласан юм. Үүнд, үндэсний томоохон бүтээн байгуулагч гэсэн тодотголтой  аж ахуйн нэгжийн нэр ч дурдагдав.

“Жигүүр гранд” компани 362, “Жигүүр хаус” 1500,  “UBB” 340, “Блю скай” 800, “Зүүн хүрээ шигтгээ” компани 393 өрхийг хохироосон” гэж  Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатар онцолсон. Нийтдээ 174 барилгын компани иргэдийг хохироож байна гэж  тэд үзжээ. Мөн айл өрхүүд ахуйн хэрэглэгчийн тарифаар цахилгааны төлбөрөө төлье гэхээр цахилгааныг нь тасалж дарамталдаг явдал ч гардаг тухай хэлж байсан. Цаашид, энэ хууль бус үйлдлийг таслан зогсоохын төлөө тууштай ажиллах болно гэж Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн нэгдсэн холбооны зүгээс илэрхийлсэн юм.

Шатахууны үнэ 50-150 төгрөгөөр буурах ёстой

Шатахууны үнийн талаар Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч А.Ариунболд мэдээлэл хийлээ. Тэрээр “Сүүлийн хоёр жилийн турш дэлхийн зах зээл болон олон улсын биржүүдэд газрын тосны үнэ байнга буурсан. Өнөөдрийн байдлаар, 70 хувиар буурчээ. Ингэснээр шатахууны хилийн үнэ буурах тааламжтай нөхцөл бүрдсэн. Үүнийг Монгол Улсын Засгийн газар ашиглаж 2015 оны арваннэгдүгээр сард нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг нэмсэн юм. Онцгой албан татварын хэмжээг автобензин дээр 400, дизелийн түлшинд 520 төгрөгөөр нэмэгдүүлсэн” гэв.

Алслагдсан баруун болон зүүн хязгаар нутгуудад шатахууны үнийн тээвэрлэлтийн нэмэгдлийг байхгүй болгосон. Үнийн зөрүүг арилгасан ч нийт хэрэглэгчид шатахууны үнэ буурахын үр ашгийг хүртээгүй. Дэлхийн зах зээлд шатахууны үнэ өдөр, өдрөөр буурч байхад Монголын хэрэглэгчид “Яагаад хямд автобинзен хэрэглэж болдоггүй юм” гэсэн асуулт гарах нь ойлгомжтой.

Энэ талаар Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч А.Ариунболд хэлэхдээ “2015 оны арваннэгдүгээр сарын дэлхийн зах зээлд шатахууны үнэ буурч Монгол Улсын Засгийн газар онцгой албан татвар ногдуулсан. Тэгвэл 2015 оны арваннэгдүгээр сараас 2016 оны нэгдүгээр сар хүртэл дэлхийн зах зээл дэх түүхий нефтийн үнэ дахин буурсаар байгаа. ОХУ болон бусад орноос импортлож байгаа шатахууны хилийн үнэ ч мөн буурсан. Монгол Улсад орж ирж байгаа шатахууны хилийн үнэ өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас өнөөдрийг хүртэл хугацаанд 5.5-17.3 хувиар буурсан юм” гэв.

Тиймээс шатахуун хамгийн багадаа 50-150 төгрөгөөр буурах боломжтой гэсэн судалгаа хийжээ. Олон улсын зах зээл дэх газрын тосны ханшийн өөрчлөлт болон мэргэжлийн шинжээчдийн дүгнэлтээс үзэхэд 2016 онд нефтийн үнэ улам буурах төлөв ажиглагдаж байгаа.  Энэ өөрчлөлт иргэдэд мэдрэгдэж шатахууны үнэ буурах ёстойг тэд санууллаа. Нэг тонн газрын тос дэлхийн зах зээл дээр 189-259 ам.доллараар борлуулагдаж байна. Цаашдаа, энэ үнэ хоёр дахин буурна гэсэн таамаглалыг олон улсын шинжээчид хийжээ. 

0 Сэтгэгдэл
usreed ltonn benziniig 400 myngaar avaad ard olondoo 1say 7OOzuun myngaar zarj baidag shunaliin setgelee gej joohon tatmaar lymdaa ??? hurdan oorsdiin neftiin uildvertei bolj uz ???
баянгол 9дүгээр хороо 33 дугаар байрны цахилгааны төлбөрийг яг ингэж аваад байна
Хамгийн их уншсан