Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Баасансүрэн: Нэг хөөргийн 800 мянгаас сая төгрөгөөр хийдэг

Ширхэгхэн чулууг ч хадаг яндарт баринтаглаж, хайрлан дээдэлж, шүлэг дуундаа багтааж, шүтэн биширч, сүсэглэн мөргөдөг биднээс өөр ард түмэн бий болов уу. Монголчууд бид ийм л ойлгоход бэрх олон талт оюуны болоод эдийн соёлтой ард түмэн. Алт мөнгө, үнэт чулуу гээд аль үнэ цэнэтэй бүхнийг эртнээс эдэлж хэрэглэж ирсэн тансаг хэрэглээтай хүмүүс. Эдгээрээс өдий хүртэл хадгалагдсаар ирсэн эрдэнийн чулуугаар урладаг энгүй урлагийн бүтээл нь хөөрөг. Өдгөө өргөн дэлгэр түгсэн хөөрөг, хөөрөглөх ёс хийгээд хийдэг арга техникийн тухай хөөрөг урлаач, зураач Б.Баасансүрэнтэй ярилцлаа.

-Хэдийнээс чулуун урлалд суралцаж, хөөрөг хийх болсоноос тань яриагаа эхлэх үү?

-Би Соёл урлагийн их сургуулийг зураач, дизайнер мэргэжлээр төгссөн юм. Мөн багадаа модоор ойр зуур сийлбэр хийдэг байсан болохоор сургуулиа төгсөөд л хөөрөг сонирхож эхэлсэн. Багадаа чулуугаар тоглож өссөнийг ч хэлэх үү хөөрөг урлах нь цаанаасаа л миний хийх ёстой ажил шиг санагдсан. Хүүхэд байхдаа тоглодог байсан нэг чулуугаа дурсгал болгоод хадгалчихсан байснаа сүүлд чулуу сонирхож эхэлмэгцээ мана болохыг нь олж мэдсэн юм. Тэгээд л чулуун урлал буюу хөөрөг хийж эхэлсэн дээ.

-Хэддэх жилдээ хийж байгаа вэ?

-Зургаан жил гаруй болж байна.

-Чулуугаар юм хийж байгаад эмтэлж эсвэл үндсэн хэлбэр, хэмжээгээ буруу гаргачихвал засч болдоггүй. Тиймдээ ч алт мөнгөний дархан, модоор сийлбэр хийдэг хүнээс ялгаатай байх?

-Тэгэлгүй яахав. Мод бол наачихаж болдог. Хэчнээн буруу хийлээ ч алт, мөнгийг дахин хайлаад аргалчихаж болно. Харин чулуу тийм биш. Нэг л алдаа гаргавал засах аргагүй. Тиймдээ ч маш болгоомжтой, нарийн ажиллагаа шаарддаг. Ирмэг гаргахад л эмтрээд уначихдаг тал бий. Ёстой л долоо хэмжиж байж нэг огтлох ёстой урлал юм. Мөн хөөрөг хийж буй хүнээс гарын ураас гадна нүдний ур шаарддаг.

-Хийх арга техник, хийц нь ч олон янз байдаг байх?

-Тэгэлгүй яахав. Сийлбэртэй сийлбэргүй гээд олон янз. Хөөргөнд хамгийн чухал зүйл бол хэлбэр. Урд зүгийн эсвэл Төвд хөөрөг өөр өөрийн хэлбэр хэмжээтэй. Сүүлийн үед хүмүүс хөөрөг их хийдэг болсон ч хэлбэрт ер анхаарахаа байж. Чадвар нь тийм байна уу эсвэл судалгаа бага хийж байна уу, ямартай ч хөөрөгний тогтсон хэлбэр дүрсийг их алдагдуулдаг болж.

-Цаг үеэ дагаад хэт задгайраад байж магадгүй юм?

-Тийм, зарим нь ашиг хонжоо харж, яарч хийснээс ваар шиг л юм болчихдог. Ер нь, нэг хөөрөг эхлүүлсэн л бол дуусах хүртэл нь нухацтай хандах хэрэгтэй. Ур, ухаанаас гадна сэтгэл шингээн урласан хөөрөг харваас андашгүй байдаг.

-Нэг хөөрөг урлахад дунджаар хэдий хэр хугацаа шаарддаг вэ. Мөн таны хамгийн урт хугацаа зарцуулсан хөөрөг?

-Чулууны хатуулгаас л хамаардаг. Хатуулаг ихтэй чулуу бол долоо хоног ноцолдоно шүү. Ер нь, нэг хөөрөг 7-10 хоногтоо гарчихна. Хамгийн удаан хугацаанд хийсэн гэвэл хоёр сар орчим юмуу даа. Нэг сийлбэртэй хөөрөг байсан юм. Нэг өдөр барьж аваад хоёр, гурав хоног харна. Өөтэй болж уу, тэгшхэн огтолж уу гээд л. Нүдний ур гээд байдаг нь ийм учиртай юм. Хийж хийж дуусчихаад хэд хоногийн дараа харахад тэгш хэмгүй, далий болчихсон ч юм шиг харагддаг. Хүн ер нь алдаагаа тухайн үедээ олж харах нь ховор шүү дээ. Түүнээс гадна сийлбэртэй хөөрөг өнгөлгөө хийхэд хугацаа их ордог. Сийлбэр бүрийнх нь завсрыг гараар өнгөлдөг болохоор тэр.

-Гаднах хэлбэр дүрсийг ч яахав гаргачихдаг юм байж. Доторхийг нь яаж ухдагийг л эртнээс гайхдаг байлаа?

-Одоо бол автомат өрөм, хошуугаар ухаж байна л даа. Сүүлийн үед алмазан түрхэцтэй хошуу гарсан нь илүү хөнгөвчилсөн гэж болно. Гэхдээ хэдий автомат болсон ч ажиллагаа ихтэй л дээ. Өдөржин хэдэн мянган эргэлттэй моторт хөөргөө бариад суучихаар гар бадайрна, яс янгинаж өвдөнө. Ер нь, уйгагүй хүн уул нүхэлнэ гэдэг. Үүнтэй адил хөөрөг урлана гэдэг уйгагүй хүний л хийх ажил. Сууж сурсан, төлөвшсөн хүн сайн хөөрөг хийнэ дээ.

-Орчин үед тоног төхөөрөмжийн тусламжтай ухдаг болж. Дээр үед хөөрөгний доторхийг яаж ухдаг байсан юм бол?

-Түүх харж байхад чулуу иддэг хороор ухдаг байсан юм билээ. Нэг хөөрөг хийхэд 1-2 жил шаарддаг байсан гэдэг. Хороо хийчихээд хоёр жил цонхон дээр тавьж, наранд сэгсэрч байж сая нэг ухаж дуусгадаг гэж байгаа. Наранд сэгсэрч хардаг нь гэрэлтүүлж, доторхи хэлбэр дүрс нь зөв, тэгш хэмтэй болж уу гэдгийг хардаг байж л дээ. Ингэж хоёр, гурван жил болж байж хөөрөг хийдэг байсан учир хуучны хөөрөг үнэтэйн дээр чанартай байдаг хэрэг.

-Ер нь, хөөрөгний үнэ цэнэ хийцэндээ илүү шингэдэг үү эсвэл чулуундаа байдаг юмуу?


-Хоёулаа. Сайхан тогтоцтой, ховор нандин чулуугаар ур, ухаан зарж хийсэн хөөрөг өндөр үнэлэгдэнэ. Түүнээс элбэг, олдоц ихтэй чулуугаар муухан урласан хөөрөг тэр хэрээрээ л үнэлэгдэнэ.

-Манайд хамгийн ховор чулуу юу байна?

-Халтар мана их ховор. Сүүлийн үед тариат мана ч ховор чулуунд тооцогдож, тэр хэрээр үнэ нь өсч байна. Дотроо чулуужсан тариатай чулуу юм. Мөн цэцэгт мана байна. Чулуужсан ургамал гэсэн үг л дээ. Өвс ургамал, үр тариа чулуужаад тэр нь гаднаасаа харагддаг тунгалаг байна гэхээр гайхалтай биз. Ингээд бодохоор чулуу нь байгалийн, хөөрөг нь хүний бүтээл болж таарч байгаа юм. Ямарваа нэг юм хүний гар хүрж байж үнэ цэнээ олдог шүү дээ.

-Манайхан хөөргөнд янз бүрийн байдлаар ханддаг л даа. Урд зүгээс орж ирсэн зүйл, баячуудын баярхал, зүгээр нэг чулуу гэхчлэн. Зарим нь 9911-тэй утасны дугаар шиг хий хоосон зүйл ч гэдэг?

-Хөөрөг гэгч зүйл нэг талаас нэрийн хуудас маягаар хэрэглэгдэж байсан юм билээ. Хоёр улсын хооронд элч илгээхэд хаан нь элчдээ хөөргөө өгч явуулж өөрийг нь төлөөлөх хүн хэмээн гэрчилдэг байх жишээтэй. Ер нь, мэндлэх ёсонд хэрэглэдэг нэг талын эдийн соёлын нэг хэлбэр юм. Наймаа худалдаа хийсэн ч, мэнд ус мэдэлцсэн ч хөөрөг зөрүүлдэг. Хөөргөө хэрхэн зөрүүлж байгаагаас нөгөө хүний байр байдлыг ч мэдэж болдог.

-Та хөөрөгний үүсэл гарвал, хэрэглээг судалж үзсэн үү?


-Миний уншсанаар анх үүсэхдээ эм тан агуулдаг хэрэглээтэй байсан нь сүүлдээ тамхи болон хувирсан юм билээ. Үүслийн тухайд манайд Манжийн үед дэлгэрсэн гэдэг ч угтаа Төвдөөс орж ирсэн зүйл юм.

-Манай орон алт мөнгө, эрдэнийн чулуу элбэг баян. Гэхдээ сүүлийн үед говьд чулуу түүж яваа хүмүүс олширсон, түүсэн чулууг нь гадныхан авдаг болоод удаж байна?

-Мөнгө л олж буй арга шүү дээ. Урд зүгээс манай хамаг л баялагийг хамж байна. Тэр хүмүүс өөрсдөө орж ирээд чулуу түүж чадахгүй нь мэдээж. Тиймдээ ч манайхнаас маш хямд үнээр худалдаж авдаг хэрэг. Нэг ёсны эх орных нь баярлагийг эзнээр нь зөөлгөж буй хэрэг. Тэр чулуугаар гоёл чимэглэл, элдэв ээмэг зүүлт хийж хэд дахин нугалж зардаг юм билээ.

-Хөөрөг хийлгэх хүмүүс өөрсдөө чулуугаа бариад ирдэг байх. Таны хувьд түүхий эдээ хаанаас, яаж авдаг вэ?


-Танил талаасаа авна, зарж борлуулдгаас нь ч авна. Бас өөрөө ч чулуунд явна. Нутаг руугаа чулуунд явах тохиолдол бий. Би Өвөрхангайд төрж өссөн юм. Манай аймгийн Богд сум хөөрөгний чулуугаар алдартай нутаг. Монголд байгаа хөөрөг хийдэг чулууны 80-90 хувь нь Богдоос олддог юм.

-Баянхонгорын Богдод хэр байдаг бол. Залгаа сум шүү дээ?


-Бий бий. Ер нь Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь гурвын зааг газар л даа. Тэндээс л их чулуу олддог юм.

-Түүхий чулуу хэр үнэтэй байдаг вэ?

-Байгальд бэлээхэн байгаа юм болохоор нэг их үнэтэй байдаггүй л дээ. Яахав, үнэхээр ховордсон чулуу бол үнэтэй. Хүний гар хүрж байж л үнэ цэнээ олж байгаа хэрэг. Төмөр ямар үнэтэй билээ, машин болсныхоо дараа хэд хүрдэг билээ. Үүнтэй л адил.

-Дундаж хөөрөг хэд орчим төгрөгийн үнэтэй гардаг вэ. Чулуу нь ороод?

-Чулууны тогтоц, хэлбэр дүрс, хатуулаг чанараас хамаарна. Мөн ямар ур, хийцээр хийгдсэнээс шалтгаалж нэг хөөрөг 2.5-10 сая төгрөг гардаг. Шинэ цагийн хөөрөг шүү дээ. Мэдээж хуучны хийцтэй, удаж буй хөөрөг тэр хэрээрээ үнэтэй байдаг.

-Алт мөнгөний дарх газар газраас хамаарч өөр өөр хийцтэй байдаг. Хөөргөнд хийц гэж ялгарах зүйл байдаг уу?

-Байхгүй. Яахав дээр үеийн хөөргийг халх хийцтэй гэж ярих нь бий. Халх гэдэг нь ёроол жаахан өргөн, тогтоц сайтай. Мөн гуурс нь өндөр байдаг.

-Хөөрөгний хоёр талд дүрсэлдэг хээ ямар учиртай, бэлгэдэлтэй байдаг юм бол?

-Бад гэдэг юм. Дээр үеийн хаалган дээр дүрсэлдэг амаа ангайсан арслан юм л даа. Хашиж, хамгаалах бэлгэдэлтэй. Их гарын хөөрөг найман бадтай байдаг. Нэг үгээр арслангийн зогдор буюу хээлсэн үсний тоо юм. Их гарын хөөрөг дээр үеийн 50-тийн зоосон мөнгийг амсар дээр нь тавихад яг таарч байх ёстой. Хамгийн тох их гарынх нь нэгтийн шар зоос амсартай нь ижил хэмжээтэй байдаг юм. Энэ хоёр их гарын хөөргийг мөр, бадтай хийвэл найман бадтай хийдэг. Харин 20-тийн зоос шиг хэмжээтэй нь дунд гарынх болдог.

-Манайхан шүрэн толгой, шүрэн толгой л гээд байдаг. Тийм үнэтэй авдаг хэрэг үү?

-Ховор ховор. Нэг ёсны далайн ёроолд ургадаг ургамалыг хөөрөгний толгой болгодог хэрэг. Шүр үнэт чулуунд тооцогддог бол чулуу хагас үнэт чулуу гэгддэг. Шүр граммаар үнэлэгдэнэ. Өнгө үзэмжээсээ хамаарч үнэ нь харилцан адилгүй. Сайхан улаан ягаан өнгөтэй, мэнгэтэй байх тусмаа үнэтэй. Грамм нь 150-250 ам.доллар байдаг.

-Их гарын хөөрөгний шүрэн толгой дунджаар хэдэн грамм болох уу?

-50-тай их гарынх бол 36 грамм хавьцаа болно. Толгой нь хэр өндөр байхаас шалтгаалж 36-39 граммын хооронд хэлбэлздэг. Мөнгөн дүнгээр бол 10 гаруй сая төгрөг болж байгаа юм. Ер нь, муу бөгсийг сайн толгойгоор чимдэг гэж ярьдаг. Тиймдээ ч шүрэн толгой гээд байдаг хэрэг. Хоёулаа сайн байвал өөгүй сайхан хөөрөг гарна даа.

-Таны хэлсэн их гарын хөөрөгнөөс ч том хөөрөг зөрүүлэх хүн харагддаг. Тэр хөөргийг юу гэдэг юм бэ?


-Ёншгойт гэж ярина даа. Нэгтийн зоосон мөнгөнөөс арай том амсартай хөөрөг юм.

-Монгол, Хятад, Төвдөд хөөрөг хийдэг, эдэлж хэрэглэдэг. Өөр улс оронд энэ соёл түгэж дэлгэрсэн нь бий юу?

-Миний мэдэхээр Азийн хэдэн орон л байна. Гэхдээ Францад захиалгаар, үйлдэврийн аргаар болор хөөрөг хийдэг гэж дуулсан.

-Хөөрөг хийх шат дамжлагын тухай сонирхуулаач?
-Байгалиас ирсэн чулуугаа эхэлж үзэж хараад ан цавыг нь арилгана. Мөн ямар тогтоцтойг нь харж байгаад тогтцыг нь алдагдуулалгүй аль хэсэгт нь гаргахаа бодно. Хагарал, цав, нүхгүй болтол нь засч янзалсны дараа чулууныхаа хэмжээг харж байгаад дунд гарынх эсвэл их гарынх уу гэдгээ нөгөө зоосон мөнгөө тавьж үзээд шийднэ. Үүний дараа өнгөлгөөний ажил эхэлнэ. Эхний ээлжинд гадна өнгөлгөөг дуусгаж дараа нь дотрыг нь ухаад мөн өнгөлнө. Дотор өнгөлгөө сайн хийсэн хөөрөгний хананд тамхи наалддаггүй.

-Таны хувьд нэг хөөргийг дунджаар ямар үнэ өртгөөр хийх үү?

-Чулууны хатуулгаас л хамаарна. Мана, чүнчигноров төрлийн чулуу хатуулагтаа ордог. Энэ чулуугаар хөөрөг хийхэд ажлын хөлс 800 мянгаас нэг сая төгрөг болно. Үүнд халбага, толгой нь багтдаг.

-Хөөрөг хийхэд хамгийн сонирхолтой чулуу юу байдаг вэ?

-Миний хувьд мана л байх шив дээ. Багадаа тоглож өссөн, нар руу харуулж гайхаж, тэр чулуугаар анх чулуу гэгч зүйлтэй танилцсан болохоор манаар хөөрөг хийх дуртай. Хөөргөө хийж дуусчихаад гартаа хэд эргүүлж бариад, наранд тусгаж харна даа. Санасандаа хийсэн хойно л сая сэтгэл амардаг юм.

-Анх хөөрөг хийж эхэлсэн үетэй чинь харьцуулахад чулууны олдоц эрс өөр болсон байх?


-Өөр өөр. Тэр үед чулуу олж ирдэг хүмүүс олон байсан. Одоо бол ховордоод байна. Миний бодлоор ил байгааг нь түүчих шиг л боллоо. Ашиг хонжоо хөөгсөд нь удахгүй ухаад эхлэх биз дээ. Ухна гэхээр уул ус, байгаль дэлхийд маань муу л байхдаа.

-Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовдог гэдэг. Та юу гэж боддог вэ?


-Би бол дан чулуугаар нь байлгаад байвал зовдог гэж ойлгодог. Хүний гар хүрч, эд болоод ирмэгц нөгөө хүн маань байгальд байсан чулууг дээдэлж, хайрладаг болно. Хачин чамин хээ хуар болсон даалинд өлгийдөж, гэр орондоо ч тэр дээш залж хүндэлдэг. Түүнээс гадна чулуу маань өөрөө нэг талаас энерги юм. Монголчууд дээр үеэс хөөрөгний чулуу сонгохдоо анагаах увидасыг нь хардаг байж. Жишээ нь, гартаам чулуу нүдний хараанд сайн. Гартаам хөөрөгтэй хүн хөөргөөрөө нүдээ зөөлөн илж суухад хараа муудахгүй. Мөн ядаргаанд орсон, зовхи нь татдаг хүмүүс гартаамаар үрэхэд дороо зүгээр болчихдог. Бас саа өвчин тусдаггүй гээд олон талын увидастай л даа. Тархи мана байна. Дээр үеийн хүмүүс тархи мана чулууг нимгэн зүсч янзлаад толгой дээрээ тавьж боодог байсан нь элдэв тархи толгойн өвчнийг анагааж, урьдчилан сэргийлдэг байсан юм билээ. Мэдээж хэдэн сая жил байгальд байсан зүйл олон талын урвалд орж, гал ус, салхи гээд бүх л зүйлийн энерги агуулсан байж таарна. Тиймдээ ч чулуу бүр өөр өөрийн анагаах увидас, сайн талтай. Би боддог юм,манай говиос зүсэн зүйлийн чулуу олддог нь урьд далай байсны нотолгоо. Цагаан шүр чулуунаас далайн шүрний хольц, орц илэрсэн гэдэг. Тэр ч бүү хэл говиос дотроо устай чулуу олддог. Боддоо, дэлхийн хоёр дахь том говьд дотроо устай чулуу байна гэхээр далай байсны баталгаа юм. Халуун говийн чулуу хэр нь ус нь ууршдаггүй, их сонин чулуу.

-Дээр үеийн хийцтэй, олон хүний гар дамжсан хөөрөг удах тусмаа үнэ хүрнэ биз. Жишээ нь, Дондогдулам хатны хөөрөг гээд л ярьдаг шүү дээ?


-Тэгэлгүй яахав. Үе, удам дамжсан хөөрөг улам л үнэтэй болдог. Мэдээж хэн гэгч хүнээс дамжиж хэдэн үеэр хэрэглэснээсээ хамаарч тэр нь тодорхойлогдоно. Гэхдээ тийм хөөргөнд эдэлж хэрэглэж байсан хүмүүсийнх нь энерги шингэдэг. Тиймдээ ч сүүлийн үед хүмүүс өөрийн гэсэн хөөрөг хийлгэж түүнийгээ үр хүүхдэдээ үлдээнэ гэдэг болсон. Залуучууд ч хөөрөг эдэлж хэрэглэх нь элбэг болж. Хос хөөрөг хийлгэж барьдаг гэр бүлийн хоёр ч байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан