Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Алтангэрэл: Татвараа төлж чадаагүйН улмаас БИД “ЮНЕСКО”-гийн гишүүнээс хасагдсан

Э.ГАНЦЭЦЭГ

Монголын хөгжмийн бүтээлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хөгжимчдийн урын санг баяжуулах, бүх нийтийн хөгжмийн боловсролыг дээшлүүлэх, хойч үедээ үндэсний өв соёл, уламжлалаараа бахархах үзлийг өвлүүлэх, хүмүүжүүлэх, мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлж буй Монгол хөгжмийн бүтээлийн эзлэх хувийг нэмэгдүүлэх, дэлхийн зах зээлд сурталчлах зорилготой “Монгол уран бүтээл” төслийг Монгол Улсын филармони, Хөгжмийн зохиолчдын холбоо хамтран хоёр дахь жилдээ хэрэгжүүлэх гэж байна. Төслийн хүрээнд энэ онд Монголын ахмад, дунд болон залуу хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлээс сорчлон таван тоглолт цувралаар хүргэхээр зэхжээ. Энэ тухай Хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч Х.Алтангэрэлтэй ярилцлаа.

-“Монгол уран бүтээл” төсөл хэрэгжиж, залуус алтан үеийн хөгжмийн зохиолчдын зохиол бүтээлтэй танилцаж байна. Төслийн гол зорилго энэ гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Хоёр дахь жилдээ хэрэгжиж буй төслийн зорилго үе, үеийн хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийг ард түмэнд таниулах, түгээн дэлгэрүүлэх юм. С.Гончигсумлаа, Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж гээд ахмад үеийн хөгжмийн зохиолчдын зохиол, бүтээлийг залуучууд мартах шинжтэй. Энэ суут хүмүүсийн уран бүтээлийг монголын ард түмэн мартах учиргүй. Тэр ч үүднээс төсөл маш өргөн хүрээг хамарч байгаа. Өмнөх үеийнхээ алдартай хөгжмийн зохиолчдын зохиол бүтээлүүдийг дахин сэргээх, энэ цаг үед уран бүтээлээ туурвиж байгаа залуучуудынхаа бүтээлийг ард түмэнд хүргэх нь төслийн бас нэг зорилго. Өнгөрсөн жил ахмад, дунд, залуу үеийн хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлээс түүвэрлэн гурван тоглолт зохион байгуулсан.

Төрийн шагналт, ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа, Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Н.Жанцанноров, Б.Шарав, З.Хангал, Х.Билэгжаргал гээд ахмад, дунд үеийн сор болсон уран бүтээлчийн уран бүтээл өнгөрсөн жил Филармонийн тайзнаа эгшиглэсэн. Түүнчлэн Сэр-Од, Мөнх-Эрдэнэ, Өлзийбаяр гээд залуу үеийн хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийг ч орхигдуулаагүй. Филармонийн танхим дүүрсэн. Тиймээс бид төслөө энэ жил үргэлжлүүлэхээр шийдсэн.

-Дан хөгжмийн тоглолт гэхээр хүмүүс үздэггүй, шоу гэхээр л үздэг гэдэг ойлголт өөрчлөгдсөн санагдах болсон?
-Олон нийтэд сайн сурталчилбал дан хөгжмийн тоглолт танхим дүүрэн үзэгчтэй байж болдог гэдгийг өнгөрсөн онд хийсэн тоглолтууд харуулсан. Төслийн хүрээнд энэ сарын 22-нд “Сэтгэлд хоногшсон дуунууд” дан хөгжмийн болон дууны уран бүтээлийн концерт тоглогдоно. Өнгөрсөн жилийн тоглолтод багтаагүй хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүд эгшиглэнэ. Мөн Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Лувсаншарав, Г.Бирваа гуайн бүтээлүүд хүндтэй байр эзэлнэ. Учир нь, Г.Бирваа гуайн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Түүнчлэн ахмад хөгжмийн зохиолч Г.Цэндоржийн “Миний Монгол” симфони сюит, “Вальсийн хаан” хэмээн алдаршсан Б.Түмэнжаргал агсны аязууд, УГЗ Т.Сэр-Одын “Тусгаар тогтнол” симфони сюит, Цэн.Эрдэнэбатын “Ятга, симфони найрал хөгжмийн концерт”, “Цэнхэр залаа” аязаараа олонд танигдсан УГЗ С.Баатарсүхийн “Монголын нууц товчоо” симфони гээд олон уран бүтээл тоглогдоно.

-Монголын хөгжмийн зохиолч­дын холбоо ирэх онд түүхт 60 жилийн ойтоогоо золгоно. Түүх эргэн сөхвөл?
-Монголын хөгжмийн зохиолчдын холбоо бол мэргэжлийн хөгжмийн цөөн байгууллагын нэг. Манай холбоо 1957 онд байгуулагдсан. Ирэх жил түүхт 60 жилийн ойтойгоо учран золгоно. Эргээд харахад нэгэн жарны түүхийг бид бичжээ. Монголын нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа энэ байгууллагыг анх байгуулж, 26 жил удирдахдаа гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн. Москвагийн хөгжмийн их сургуулийг мэргэжлийн хөгжмийн зохиолчоор Сэмбийн Гончигсумлаа 1950 онд төгсч ирсэн нь манай улсад мэргэжлийн хөгжмийн анхны зохиолч байлаа. Үүнээс хойш нэгэн жарны хугацаанд олон төрөл, жанраар олон уран бүтээлч дан болоод дууны хөгжмийн мэргэжлийн уран бүтээл туурвисан байдаг. Үүний дараа Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, хөдөлмөрийн баатар Д.Лувсаншарав, Л.Мөрдорж, Х.Билэгжаргал, Төрийн шагналт Ц.Нацагдорж, УГЗ Б.Бямбабаяр гээд үе, үеийн алдартай хөгжмийн зохиолчид тэргүүлж ирсэн. Манайх мэргэжлийн урлагийн байгууллагуудтай олон чиглэлээр хамтарч ажилласаар ирсэн. Дуурь бүжгийн эрдмийн театр, Филармони, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Хилийн цэргийн чуулга гээд хаана манай хөгжмийн зохиолчдын бүтээл эгшиглэж байна, манай хөгжмийн зохиолчдын бүтээл хаана тоглогдож байна, тэр бүх байгууллагатай бид хамтарч ажилладаг.
-“Морин хуур” наадмын нэг­дүгээр шат өндөрлөж, энэ сарын 28-нд гала тоглолтоо хийхээр бол­сон. Энэ жилийн наадамд хэч­нээн уран бүтээлч бүтээлээ сойв?
-Хөгжмийн зохиолчдын холбооноос жилдээ хоёр том наадам зохион байгуулдаг.  Өнгөрсөн оны аравдугаар сард дан хөгжмийн бүтээлийн оны шилдгийг шалгаруулдаг “Алтан намар” наадам 34 дэх жилдээ амжилттай болж өнгөрсөн. Харин оны шилдэг дуу шалгаруулдаг “Морин хуур” наадам Цагаан сарын өмнө болдог онцлогтой. Наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт буюу гала тоглолт энэ сарын 28-нд болно. Энэ жил 62 хөгжмийн зохиолчийн 93 дуу “Морин хуур” 29 дэх удаагийн наадамд өрсөлдөж, эхний шатны шалгаруулалтаар шилдэг 25 дуу шалгарч үлдсэн. Эдгээр уран бүтээлээс оны шилдэг дуу тодорно.

-Хөгжмийн зохиолчдын холбоо залуучуудаар хүч сэлбээд удаагүй. Залуу уран бүтээлчдээ түлхүү дэмжиж ажиллах болов уу?
-Мэдээж, залуу уран бүтээлчдээ маш сайн дэмжиж ажиллана. Гэхдээ залуу удирдлага залуу уран бүтээлчдээ дэмжинэ гэсэн ойлголт байхгүй. Сайн уран бүтээл, уран бүтээлчийг дэмжиж, сурталчлах нь бидний үүрэг. Нуулгүй хэлэхэд, бид ямарваа нэгэн тоглолт тавихдаа үзэх хүн байгаа болов уу, танхим дүүрэх болов уу гэсэн айдастай байдаг. Энэ нь үзэгчдээ бэлтгээгүйтэй холбоотой. Үзэгч, сонсогчид хөгжим сонсох дургүйдээ тоглолт үздэггүй биш, харин олон нийтийг хамарсан энэ чиглэлийн үйл ажиллагаа дутмаг байгаа нь өнгөрсөн оны “Монгол уран бүтээл” төслөөс харагдсан. Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн 65 насны ойд зориулсан “Ц.Нацагдорж-65” дан хөгжмийн ёслол, хүндэтгэлийн тоглолт энэ сарын 26-нд, мөн ирэх дөрөвдүгээр сард болох “Багшдаа өргөх аялгуун өргөл” тоглолтод Ц.Нацагдорж багшийн шавь нар, залуу хөгжмийн зохиолчдын бүтээлүүд тоглогдоно. Гэх мэтчилэн залуу уран бүтээлчдээ дэмжсэн, залуучууд өөрсдөө санаачилсан тоглолтууд энэ онд цөөнгүй болно.

-Хөгжмийн зохиолчдын бүтээлийг хадгалж, хамгаалах тал дээр хэрхэн анхаарч байна вэ. Хамгаалж байна гээд хав дарахын нэр биш л дээ?
-Энэ бол чухал асуудал. Хадгална гэдэг хамгаалж байгаа хэлбэр биш. Хамгаална гэдэг бүтээлийг илүү өргөн хүрээнд сурталчлахын нэр. Олон нийтэд таниулж байж гэмээнэ тухайн бүтээлийг жинхэнэ утгаар нь хамгаална. Жишээ нь л гэхэд “Алтан намар” наадмаас шалгарсан шилдэг бүтээлүүдийг улсын сан хөмрөгт хүлээлгэж өгдөг. Улс хүлээж аваад зүгээр л хадгална гэдэг утгагүй. Одооны нөхцөл байдал ийм л байгаа. Эсрэгээр нь тэр уран бүтээл үнэхээр л шилдэг юм бол ард түмэнд хүргэх, түгээх, менежмент хийж эргэлтэд оруулах, бүтээлээ цацах суваг харьцангуй нээлттэй болсон энэ үед цахим хувилбараар интернэт орчинд танилцуулах, тухайн жилийн шилдэг бүтээлүүдээ телевиз, радиогоор олон нийтэд хүргэж, алдаршуулах, оны шилдэг хөгжмийн зохиолчийг танилцуулах гээд олон ажлыг хийх боломж байна. Бид үүнийг ажил хэрэг болгохоор зорьж байна. 29 дэх жилдээ болж буй “Морин хуур”  дууны наадмын жил, жилийн шилдэг бүтээлүүдийг олонд хүргэмээр байна шүү дээ. 1987 онд УГЗ, хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн “Монгол далай”, 1988 онд хөгжмийн зохиолч Б.Магсаржавын “Зүүдэн бороо” дуу “Морин хуур” наадамд түрүүлж байсан гэдгийг одоогийн залуучууд мэдэхгүй. Тийм учраас бид хуучны шилдэг уран бүтээлүүдийг сурталчлах, таниулах, түгээх тал дээр анхаарч байна.

-Хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдийг дэлхийн хэмжээнд сурталчлах боломж хэр байдаг юм бэ?
-Хөгжмийн зохиолчдын холбоо “ЮНЕСКО”-гийн гишүүн байгууллага байсан түүх бий. Харамсалтай нь 90-ээд оны эхээр гишүүнчлэлийнхээ хураамжийг төлж чадаагүйн улмаас хасагдсан. Гишүүнчлэлээ дахин сэргээж, баталгаажуулах хэрэгтэй байгаа. Энэ тал дээр хөрөнгө санхүүгийн хувьд биднийг дэмжиж ажиллах хүмүүс байгаасай. Энэ бол дан ганц Хөгжмийн зохиолчдын холбооны ажил биш. Өргөн утгаараа Монголын хөгжмийн урлагийг олон улсын тавцанд танилцуулж буй хэрэг. ЮНЕСКО-гийн гишүүн бол олон улсын том, том тоглолтуудад оролцох боломжтой. 1985 онд Улаанбаатар хотод “Азийн хөгжмийн долоодугаар индэр” олон улсын хэмжээний том наадам зохион байгуулагдаж байлаа. ЮНЕСКО-гийн гишүүнчлэлтэй байсан болохоор л бид зохион байгуулсан хэрэг шүү дээ. Энэ наадмаас шалгарсан шилдэг бүтээлүүд ЮНЕСКО-гийн алтан санд хадгалагдан үлддэг. Ингэснээр тухайн уран бүтээлийг ЮНЕСКО-гийн гишүүн орнуудад сурталчилж, түгээн дэлгэрүүлдэг.Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Уяхан замбуу тивийн наран”, ардын жүжигчин Ж.Чулууны “Хийл хөгжмийн хувилбар аяз”, Төрийн шагналт Ц.Чинзоригийн “Элдэв улсын цуурай”, Н.Норовбанзад гуайн дуулсан “Уяхан замбуу тивийн наран” гэсэн Монголын цөөн тооны уран бүтээл ЮНЕСКО-д бүртгэлтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан