Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Хадхүү: Оросууд оролдоод, шордоод байх шиг байна

Шаазан эдлэл гэдэг шаггүй ур ухаан, урт хугацааны хөдөлмөр, тэсвэр тэвчээрийн дүнд бий болдог нарийн төвөгтэй, нандин урлагийн бүтээл. Хэдэн зууны турш бүрэн бүтэн хадгалагдсаар ирсэн ваар ганцхан хайнга үйлдлийн улмаас эргэн хэзээ ч эвлэхгүй шаврын хэлтэрхий болон хувирдаг. Ийм л эмзэг хэр нь гайхалтай ур хийц агуулдагтаа шаазан урлалын үнэ цэнэ оршдог болов уу. Он цаг улирах тусам үнэ цэнэ нь өссөөр байдаг урлагийн эл төрөл Хятад оронд өндөр хөгжсөнийг та бид мэднэ. Гэхдээ манай уран бүтээлчид ч урлагийн энэ төрлийг өндөр төвшинд хөгжүүлж, өөрсдийн гэсэн ур хийц бий болгосон. Хятад ваартай эн дүйх нарийн хийцтэй бурхан тэргүүтнийг урладаг керамикч Х.Хадхүүтэй ярилцлаа. Тэрээр Монголд анх удаа шаазан урлалын бие даасан үзэсгэлэн гаргаад зогсохгүй Өндөргэгээн Занабазарын хийцийг шаазан урлалд нэвтрүүлсэн нэгэн билээ.

-Таны бүтээлүүдээс манай керамик тэр дундаа шаазан урлалын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж болохоор санагдлаа. Учир нь, өдий хүртэл шаазан урлалаар дагнан бүтээл туурвидаг хүн цөөн байна. Түүнчлэн, ийм нарийн ур хийцтэй бүтээлүүдээр үзэсгэлэн гаргасан нь үгүй шүү дээ?
-Баярлалаа. Сүүлийн 25 жил шаазан урлалаар дагнан бүтээл туурвилаа. Анх 1991 онд дүрслэх урлагийн дунд сургуулийн керамик, ваар урлалын ангийг дүүргэснээсээ хойш өнөөг хүртэл ажиллаж байна. Керамик гэдэг нь олон улсын, ерөнхий нэршил л дээ. Дотроо керамик ваар урлал, гоёл чимэглэл, шаазан, интерьер, ахуйн хэрэглээний гээд олон төрөлтэй. Наад зах нь бидний сайн мэдэх 00-ын өрөөний тосгуур, суултуур, ванныг хүртэл керамикаар хийдэг. Эдгээрээс гоёл чимэглэлийн керамик нь илүү нарийн ур хийц шаарддаг, урлагийн бүтээлийн төвшинд үнэлэгддэг хэрэг.Яахав, керамик дотроо шаазан урлал гэхээр хятадууд зонхилдог. Гэтэл европчууд ахуйн хэрэглээ тал руу нь өндөр хөгжүүлсэн байх жишээтэй.

-Таны бүтээлүүд илүү нарийн хийцтэй, чимэхлүүр ажил их шаарддаг нь харагдаж байна?
-Дүрслэх урлагийн коллежид бакалавр хамгаалахаар бэлдэж байхдаа хуучин шаазангийн үйлдвэрт зургаан сар дадлага хийсэн юм. Тухайн үед манай үйлдвэр бэлэг дурсгалын зүйлс л хийдэг байж. Хийцийн хувьд нуулгүй хэлэхэд бүдүүн бараг, ерөнхий тойм байдлаар, олон тоогоор хийдэг байлаа. Би тэр үеэс л керамик урлалыг илүү нарийн хийцтэй, урлагийн бүтээлийн дайнд үнэлэгдэхүйц болгохыг хүссэн. Үүнийгээ үйлдвэрийн удирдлагуудад уламжилсан ч хүлээж аваагүй. “Бид олон нийтэд зориулж цөөн хэдэн хэсэг салдаг, хийхэд хялбар шаазан л үйлдвэрлэнэ. Түүнээс нарийн, урлагийн бүтээлийн хэмжээнд хийх боломжгүй” гэж байсан юм.

-Технологийн хувьд боломжгүй гэсэн хэрэг үү?
-Тийм, технологийн хувьд боломжгүй. Манай үйлдвэрийн шавар нөгөө нарийн юм хийхэд тохирохгүй байсан хэрэг л дээ. Гэхдээ би үүнтэй эвлэрэхийг хүсээгүй л дээ.Нарийн юм хийж болохгүй гээд үйлдвэрт шавар нуухад суугаад байвал хөгжихгүй гэдгийг ойлгоод бие даахаар шийдсэн юм. Хэдий бие дааж хийж эхэлсэн ч эхэн үедээнөгөө л үйлдвэрийн шавраар бүтээл хийдэг байлаа. Угтаа технологи, шавар маань нарийн юм хийх боломжгүй гэж байсан ч хийхээр оролдож байсан хэрэг.
Гэхдээ тухайн үед миний хийсэн юмыг “Ямар нарийн хийцтэй юм” гээд хүмүүс авдаг л байлаа. Тэгэж байтал өнөөх үйлдвэр маань ч байхгүй болов оо. Яагаад гэвэл яг тэр үед Хятадын будаатай аяга орж ирсэн хэрэг. Хямдхан, гоё, тансаг харагддаг хятад аяга нэг үгээр манай шаазан урлалын зах зээлийг бут ниргэсэн юм. Гэхдээ үйлдвэрийг дампуурсан уу гэвэл би л хувьдаа үгүй гэнэ. Тухайн үед үйлдвэрийн зүгээс ямар ч хариу арга хэмжээ аваагүй, үйлдвэрлэлээ өргөжүүлж, нарийн хийцтэй бүтэгдэхүүн гаргах гэж эрмэлзээгүй, зүгээр л бууж өгсөн. Угаасаа л манай шаазангийн үйлдвэр нийт ашгийнхаа 95 хувийг зөвхөн аяганаас олдог байсан юм. Үлдсэн таван хувь нь нөгөө л айл бүрт харагддаг байсан морь, тэмээ, өвлийн өвгөн, үнэг байсан юм. Эдгээрээс арай нарийн хийцтэй нь нөгөө согтуу ноён байлаа. Гэхдээ 1000 орчим л хийгдсэн байдаг юм.

-Тэгэхээр та бие дааж эхлэхдээ технологио бус шавар буюу түүхий эдээ өөрчилсөн байх нь?
-Тэр үед манайд нарийн ур хийц гаргачихаар шавар орж ирдэггүй, байхгүй байсан хэрэг. Тухайн үед нөгөө л хятад шаазангаас болж Оросын шаазангийн үйлдвэр ч хүнд байдалд орчихоод байсан юм. Гэхдээ оросууд уналтын үеийг соргогоор мэдэрч шинэчлэл хийжГерман технологи нэвтрүүлсэн юм. Технологи нь Герман болохтой зэрэг шавар нь ч дагаад өөрчлөгдөнө. Тэгээд л Оросын керамик урлал, үйлдвэрлэл эргэн сэргэж хөлөө олж эхэлсэн юм. Би яг энэ үеэр нь Оросоос шавар авч хийж эхэлсэн л дээ. Гэхдээ Оросын хамгийн том шаазангийн үйлдвэрүүд Москва, Санктпетрбургт байсан учир аажимдаа Хятадаас шавраа авах болсон. Миний сонирхлыг Хятадын паалан их татсан л даа. Хятад паалан маш өндөр градуст шатдаг юм. Манай керамикчид“Хятад паалан ерөөсөө болохгүй байна” гээд л байсан. Яагаад болдоггүй юм гээд хэрэглээд үзтэл ерөөсөө л шаазанд зориулсан паалан байсан юм билээ. Шавар нь хүртэл шаазанд зориулсан, өндөр градуст шатдаг.Угтаа манай монгол шавар дээр хятад паалан зохицохгүй байсан хэрэг.Өндөр градуст шатдаг хятад паалан, бага градуст шатдаг монгол шавар хоёр харшаад байсан хэрэг.

-Одоо та хаанахын шавар, паалан хэрэглэж байна?
-Орос паалан, монгол шавраа түлхүү ашигладаг. Манай шаазангийн шавар боломжийн санагддаг. Ялангуяа, Дундговь, Өмнөговь, Дорноговь тийшээ том ордууд бий. Тэндэхийн шаврыг сүүлийн хоёр жил судаллаа, боломжийн санагдсан. Шаазангийн үйлдвэр ч тэндээс шавар авч юм хийдэг л байсан. Ер нь, манайд керамик урлалын түүхий эд бий.

-Түүхий эд, уран бүтээлчид нь байна. Тэгэхээр бид зах зээлээ өөрсдийн болгох цаг ирсэн санагдах юм?
-Нөгөө хувьсгалын тохироо бүрдлээ гэдэг шиг одоо л цаг нь болж байна. Англи, Герман шаазангийн технологийг судалж үзээд дэлхийн стандарт гэж юу болохтой танилцлаа л даа. Бидэнд тэр хэмжээнд боловсруулах боломж бий. Гэхдээ шаазангийн үйлдвэр байгуулбал Хятад, Орос, Солонгостой өрсөлдөхүйц брэнд бий болгох хэрэгтэй. Хамгийн түрүүнд юугаар өрсөлдөх ёстой вэ гэхээр ерөөсөө л урлагийн бүтээл. Хэрэв энэ талдаа илүү танигдаад, өрсөлдөхүйц хэмжээнд хөгжүүлж чадвал гаднаас хөрөнгө оруулалт татах боломжтой юм. Түүнээс учиргүй олон аяга шаазан хийчихээд гадагш нь шахах гээд байвал бүтэшгүй хэрэг.

-Таны үзэсгэлэн болоод бүтээлүүдийн тухай Оросын хэвлэлд онцолсон байн лээ. Та өөрөө ч үзэж танилцсан байх. Оросууд ер нь яаж үнэлж байх юм?
-Оросууд оролдоод, шордоод байх шиг байна. /инээв/ Монголчууд хэзээ юм хийж чаддаг байлаа гэхчлэн хандах нь ч байдаг. Яахав, бид дээхнэ үед Зөвлөлтийн технологид л суурилдаг байсан. Тиймдээ ч биднийг өөрсдийн гэсэн бүтээл, технологи бий болгож чадна гэдэг эргэлздэг юм шиг байна лээ. Ямар сайндаа нэг удаа Англиас герман шавар авахад “Танайд керамик хийдэг юмуу, хийж чаддаг гэж үү” гэж билээ. Гэхдээ энэ нэлээн хэдэн жилийн өмнөх явдал л даа. Одоо бол өөр болсон. Бид шаазан урлагийн бүтээлээ илүү өндөр төвшинд хөгжүүлэх хэрэгтэй. Угтаа монгол хүний ур ухаан, гарын дүй, сэтгэхүйн цар хүрээ, онцлог, урлагийн мэдрэмж гэдэг зүйл дэлхийг хол хаяхуйц өндөр хөгжсөн зүйл. Гагцхүү юугаар өрсөлдөх вэ гэдгээ зөв тодорхойлох ёстой. Би яагаад ингэж итгэлтэй хэлээд байна гэхээр Өндөргэгээн Занабазар маань өөрөө брэнд юм. Бид брэнд гэхээр л оймс гутал, савхи, ноолуур гээд төөрөөд явчихдаг. Яагаад авьяас билэг, оюун ухаанаа брэнд болгож болдоггүй юм. Дээр хэлсэнчлэн биднийг бий болгож, үнэд хүргэх ёстой брэнд бол Занабазар тэргүүтэй сууц сэтгэгч, урчуудын дэлхийд танигдсан бүтээлүүдийг шаазан хэлбэрт хувиргах юм. Нөгөө сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ гэдэг шигӨндөргэгээний тэр гайхалтай метал цутгамалуудыг шаазангаар урлавал шуугиан тарина шүү. Ингэж чадвал манайх шаазан үйлдвэрлэлийн салбарт хүчтэй өрсөлдөгч болж чадна.

-Таныхаар юуны өмнө брэнд бүтээгдэхүүн бий болгож түүнийгээ технологи, түүхий эдийн хувьд сайжруулах ёстой болж байна?
-Зөв, манайд үнэхээр алтан гартай авьяаслаг уран бүтээлчид бий. Зүгээр л материал маань дэлхийн худалдан авагч, цуглуулагчдад гологдоод байгаа хэрэг. Жишээ нь, Монголынхоо шавраар гайхалтай нарийн хийцтэй, хэн ч хаарсан дуу алдмаар уран бүтээл туурвилаа л даа. Гаднаас нь хараад ур хийц, өнгө будаг, гүйцэтгэл гээд бүх юм нь өөгүй байг. Гэтэл нөгөө гадны том мастерууд нясалж үзээд л материалыг нь голдог. “Сайн бүтээл, харамсалтай нь шавар нь уран бүтээл хийхэд үнэхээр тохиромжгүй юм” гэдэг. Нэг үгээр насжилт, эдэлгээ талаас нь голж буй хэрэг.

-Тэгвэл манай шавар түүхий эдийн хувьд гологддог байх нь?
-Яг ч гологддог гэж болохгүй л дээ. Шавар маань маш олон төрлийн хольц, бүтэцтэй байдаг. Шингэн шил, кварц, болор гээд олон талын юм найрлагад нь орно. Манайд шаврын эдгээр орц найрлгууд хаана л бол хаана байгаад байдаг. Гэхдээ дор хаяж 3-4 түүхий эд ойрхон, нэг дор байх ёстой юм. Харамсалтай нь, манай түүхий эдүүд энд тэнд тархсан байдалтай байгаа нь асуудал болоод байгаа хэрэг. Энэ дэд бүтцийн асуудлыг шийдчихвэл манайд шаазангийн үйлдвэр байгуулах асуудал биш. Мэргэжилтэн боловсон хүчин нь байна. Манай Соёл урлагийн их сургуулийн Дүрслэх дизайн урлалын сургууль керамикын анги бэлтгэж байна. Хэдий уран бүтээлчдийг бэлтгэж бэлтгэж гаргадаг ч хувь хүн бие даан хийхэд хөрөнгө мөнгөний хувьд хүндрэлтэй байдаг болохоор залуус өөр юм руу орчихоод байгаа хэрэг.

-Ер нь шаазан урлал хэр үр өгөөжтэй салбар вэ?
-/инээв/ Хөгжүүлж л чадвал уул уурхайтай ч эн дүйнэ. Чи бод л доо. Гоёмсог шаазан эдлэлд барууныхан гар татдаггүй. Тэд чинь евро, доллараар тооцоо хийнэ шүү дээ. Эрчимтэй хөгжиж буй барилгын интерьерт керамик, шаазан эдлэл чухал байр суурь эзэлж байна. Наанадаж л аятайхан хэдэн аяга хийгээд гаргаад байвал хүмүүс мөнгө татдаггүй. Өнгөц харахад сувинер, бэлэг дурсгал, аяга шаазан мэт боловч ард нь асар том зах зээл байдаг. Угтаа бид шаазан урлалаа үйлдвэрлэлд нэвтрүүлчихвэл дотоод зах зээлээ бүрэн хангаж чадна. Улмаар гаднаас асар их захиалга авч Хятад, Оросын шаазанг хага цохих боломжтой. Одоо дэлхийн зэх зээлд Хятад шаазан голлох байрыг нь эзэлж байна даа.

-Хятад ваарнууд тэр ч үеийн, тийм ч хааны эдэлж хэрэглэж байсан гээд л асар өндөр үнээр үнэлэгддэг. Ур хийцдээ үнэ цэнэ нь оршдог юмуу эсвэл чанар, эдэлгээ нь юмуу?
-Сонссон байх. Гурван жилийн өмнө Хятадын Шандун хааны хэрэглэж байсан жижигхэн шаазан аяга 34 сая ам.доллараар зарагдлаа. Тооцоод үзэхэд 200 жил ч хүрэхгүй насжилттай нэг муу жижигхэн аяга байгаа юм. Үнэ өртөг нь юундаа байна гэхээр нэгдүгээрт, дээд зэргийн чанартай шавар. Хоёрдугаарт, ганцхан хувь хийгдсэндээ байгаа юм. Гэхдээ шаазанг цор ганц хийснээс үйлдвэрлэлд нэвтрүүлж олон хувь гаргах нь илүү ашигтай байдаг. Ер нь, шаазан гэдэг маш том соёл юм л даа. Наанадаж эдийн соёлоос гадна тухайн улсын хүн зоны ахуй амьдрал, хүсэл мөрөөдөл, үнэт зүйл, ялалт амжилт, баяр бахдалыг багтаадаг. Үе үеийн шаазан урлалууд дээр тухайн цаг үеийн түүхэн үйл явдал, нэр алдар нь түгсэн хүмүүс, бичиг соёл гээд бүх л зүйлээ багтаасан байдаг. Орос шаазан л гэхэд оросын байгаль, бүсгүйчүүд, соёл, зан заншилыг агуулдаг бол хятад шаазан хэт эрээн мяраан ч гэлээ хятад хүний гоо зүйн ойлголт, мэдэгдэхүүн, үнэлэмжийг харж болохоор.

-Ер нь, монгол шаазан Хятад, Солонгос, Оросынхоос юугаараа ялгардаг юм бэ?
-Ерөөсөө л хийц. 1990 оны эхэн үед Өндөргэгээн Занабазарын бүтээлүүд Европт гарч байхад гадныхан “Чингис хаан Европыг байлдан дагуулж байсан, харин одоо Занабазарын бүтээлүүд гайхшруулж байна” гэж байсан. Ингээд үзэхээр монголчуудын ур хийц, урлагийн бүтээлийн үнэ цэнэ ямар өндөр төвшинд үнэлэгддэгийг харж болохоор. Тиймээс л би Занабазарын бүтээлүүдийг шаазан урлалд нэвтрүүлж гадагш гаргах ёстой гээд байгаа хэрэг. Угаасаа шаазан урлалын нэгэн үе буюу аяга шаазангийн эрин дуусч байна. Орчин үед хүмүүс гоёмсог, сувинер, урлагийн бүтээлийг таашаадаг болсон.

-Сонирхотой байна л даа. Өмнө нь шаазангаар бурхан урлаж, цуврал бүтээл хийж байсан хүн байдаг уу?
-Байхгүй, яг ийм цуврал, иж бүрдэл байдлаар бурхан урласан нь үгүй. Бурхан урлана гэдэг керамикаар хийхэд харьцангуй нарийн ажиллагаатай зүйл. Миний хийсэн 21 дарь эх цуврал л гэхэд заримынх нь нүүрний хувирал, хөдөлгөөн нь өөр болохоос хэлбэр хэмжээний хувьд ижил.Яг ижилхэн 21 дарь эхийг гараар урлаж байгаад л үнэ цэнэ нь оршиж байгаа хэрэг. Түүнээс үйлдвэрийн аргаар гаргаад байвал 21 байтугайг л хийнэ шүү дээ. Мөн шаазан дээрээ паалангаараа хээ, будаг тавина гээд нарийн ажиллагаатай л даа. Ер нь яриад байвал нарийн юм их бий.

-Гадныхан таны урласан бурхад, цамын бүжиг тэргүүтэй шашны холбогдолтой бүтээлүүдийг үзээд юу гэх юм. Энэ тухай ойлголт ямар байдаг бол?
-Маш өндөр сэтгэгдэлтэй хүлээж авдаг. Ер нь бол сонирхож байна шүү, ялангуяа энэ дарь эхүүдийг. Чехэд зөвхөн Занабазарын хийцийн бурхан цуглуулдаг хүн байна шүү дээ. Бидний бараг байдаг үгүйг нь ч мэддэггүй гайхалтай урлагийн бүтээлүүд гадныхны гар дээр байна. Ер нь, манай эрт, эдүүгээгийн аль ч урлагийн бүтээлүүд хятад ваарны дайтай үнэлэгддэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан