Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийнхэн ТӨРД нэжгээд төлөөлөлтэй болох уу

Б.ШИРНЭН

УИХ-ын сонгуулийн тойрог байгуулж, мандатын тоог тогтоохдоо тойргоос сонгогдох 48 мандатын 21-ийг (одоо 14 мандаттай) Улаанбаатар хотод хуваарилах ёстой гэж эрх баригчид үзэж байна. Улаанбаатар хотын захиргааны зүгээс лоббидож байгаа энэ төслийг сөрөг хүчин дэмжихгүй байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцэх байсан ч, МАН Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар завсарлага авсан тул АН-ынхан ч тойрог хуваарилах асуудлаар ажлын тав хоногийн завсарлага аваад байгаа юм. Хуулийн хүрээнд завсарлагыг гурав хоног сунгах боломжтой ч сар гаруйн өмнө батлагдсан Сонгуулийн хуулиар тов, тойрог зэрэг асуудлыг сонгуулийн санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө тогтооно гэж заасан байгаа. Тэгэхээр нам, бүлгүүдийн санал нэгдээгүй байгаа дээрх хоёр асуудлыг энэ долоо хоногт эцэслэн шийдэхээс өөр гарцгүй болж байна.


Тойрог байгуулах ямар хувилбар байгаа вэ

Нийслэлийн хүн ам 2008 оноос хойш 500 мянгаар өсч, өнөөдрийн байдлаар 1.314.500 болсон байна. Энэ нь Монгол Улсын хүн амын 44 хувь. Тиймээс эрх баригчид болоод Улаанбаатар хотын захиргаа тойргийн мандатын 44 хувь нийслэлд оногдох ёстой гэж үзсэн. Харин сөрөг хүчнийхэн хүн амын тооноос гадна нутаг дэвсгэрийн хэмжээг харгалзан үзэх ёстой гэж байгаа юм. Мөн өөрчлөлт оруулснаар Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Говь-Алтай, Увс, Ховд зэрэг хоёр мандаттай аймгуудад ганцхан мандат оногдох магадлалтай гэж сөрөг хүчнийхэн үзэж байгаа.
Тэгвэл өөрчлөлт оруулснаар аймаг тус бүрийг нэг, нийслэлийг зургаан тойрог болгож, УИХ-ын сонгуулийн нийт 26 тойрог байгуулагдах юм. Мөн Дорноговь, Говьсүмбэр аймгийг энэ удаад дахин нэгтгэх шийдвэрийг гаргах магадлалтай байна.
Мөн өнгөрсөн сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам УИХ-ын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй” гэж заасан байгаа юм. Энэ дагуу Улсын дээд шүүх сонгуульд өрсөлдөх боломжтой намуудын жагсаалтыг Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүлсэн байна. Ингээд батлагдсан жагсаалтаас харвал, 2016 оны УИХ-ын сонгуульд улс төрийн 24 нам өрсөлдөх боломжтой байна.
Хамгийн сүүлд Л.Гүндалайн Ард түмнээ хайрлая нам 2015 оны зургадугаар сард бүртгүүлсэн бөгөөд түүний өмнө 3000 гаруй гишүүнтэй Тусгаар тогтнол эв нэгдлийн нам Улсын дээд шүүхэд бүртгүүлж, сонгуульд өрсөлдөх эрхээ авчээ.      

CОНГУУЛИЙН ТОЙРОГТ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ДАРААХЬ
ӨӨРЧЛӨЛТИЙГ ОРУУЛАХААР ЗЭХЭЖ БАЙНА


Ч.Содномцэрэн: Санал авах өдрийг зургадугаар сарын 29-ний өдрөөр товлож байна

Дээрх асуудалтай холбогдуулан Сонгуулийн Ерөнхий хорооны даргын байр суурийг сонслоо.

Сонгуулийн тухай хууль батлагдаад нэг сарын хугацаа өнгөрч байна. Сонгуулийн тухай хуулиар тулгамдсан хоёр асуудал байгаа. Нэгдүгээрт, УИХ-аас тойргоо байгуулаад, мандатын тоог тогтоох. Хоёрдугаарт, УИХ-ын сонгуулийн санал авах өдрийг 150-zас доошгүй хоногийн өмнө тогтооно гэж заасан. Энэ хугацаа нэгдүгээр сарын 31-нд дуусч байгаа. Одоо бидэнд байгаа хугацаа нь Пүрэв, Баасан гараг л үлдээд байна.

Өөрөөр хэлбэл, хоёр хоног. Тиймээс УИХ, байнгын хороо хуралдаж хуулийн хугацаанд мандат, тойргийн тоог тогтоох боломж байна. Үүнтэй нэгэн адил аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, тойргоо тогтоохоор хуралдаж байна. Үлдсэн гурван өдөрт багтаж аймгууд тойрог, мандатын асуудлаа шийдчих байх. УИХ-ын тухайд Сонгуулийн Ерөнхий хороо саналаа хүргүүлсэн. Санал авах өдрийг зургадугаар сарын 29-ны өдрөөр, тойргийн дугаар, нутаг дэвсгэрийг тогтоох асуудлыг энэ сарын 31-ны дотор шийдэхийг СЕХ-ноос хүсч саналаа хүргүүлсэн.

Сонгуулийн тухай хууль бол УИХ, Ерөнхийлөгч, нийслэл, аймаг, сум дүүргийн ИТХ-ын хууль гэсэн дөрвөн хуулийг нэгтгэсэн хууль. Шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуульд аймаг, нийслэлийг ялгавартайгаар тогтоох заалт ороогүй. Харин өмнөх хуульд аймаг, нийслэлийн хүн амыг ялгавартайгаар тогтооно гэж заасан. Энэхүү заалтын дагуу өмнөх сонгуулиудын тойрог, мандатыг ялгавартай тогтоож байсан. Жишээ нь, аймгийн дунджаар 40 гаруй мянган хүнд нэг мандат ногдож байсан. Ингэж тогтоож байхад нийслэлд 80 гаруй мянган хүнд нэг мандат тогтоож байсан юм.

Харин одоо ялгавартайгаар тогтооно гэсэн заалтыг аваад хаячихсан учраас улсын дундажтай адилхан тогтоохоор болоод байна. Улсын дунджыг барихаас өөр аргагүй. Хүн амын тоо өсөөд гурван сая болсон. Хүн амынхаа тоотой мандатынхаа тоог уялдуулаад тогтоохоор улсын дунджаар 63 мянган хүнд нэг мандат оногдоно. Харин ингэж өөрчлөхөөр  хоёр мандаттай байсан найман аймгийн хоёр мандат нэг болж буурч байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан