Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэнгэр дэх хий үзэгдлийн хот, хөлөг, дайн тулаан юу вэ

 юу вэ
Үлгэрийн орд харш, ан хийж байгаа, сүрт тулалдаан, хот, арал, нууцлаг хөлөг онгоц, далай тэнгис гээд үзсэн хүн биширч, бас сүрдмээр ийм дүр зургийг хүн төрөлхтөн үе үед агаар тэнгэрт, үүлэн дундаас олж харж байсан гэдэг. Энэ тухай домог яриа, бичиж үлдээсэн дуртгал, тэмдэглэл, албан баримт бишгүй олон. Шинжлэх ухаан болохоор үүнийг бодит үйл явдал, зураг агаар мандлын янз бүрийн давхаргад гэрлийн хугарлаар тусч байгаа гэх юм уу, зэрэглээ гэж тайлбарлахыг оролддог. Ийм явдал бүр хэдэн зууны өмнөөс харагддаг байсан гэнэ. 

Манай эриний өмнөх 490 онд Марафоны дэргэд грекчүүд персийн армийг бут цохьсон. Домгоор бол үүнээс хойш хэдэн жилийн дараа Марафоны тэнгэрт тунгалаг биетэй дайчид үе үе гарч ирэн өөр зуураа тулалддаг байсан гэнэ.
1642 онд Эжхиллийн дэргэд хан хүү Рупертийн отряд болон Оливер Кромвелийн тал тулалдаж бараг таван мянган цогцос хээр үлдсэн. Гэтэл хэдэн арав бүр зуун жилээр энэ аймшигт үйл явдал тэнгэрээс оршин суугчдад харагдаж байсан гэдэг. Тэр бүү хэл цэргүүдийн бөмбөр нижигнэж, их бууны сум дэлбэрэх, хуяг дуулга хавиралдах нь сонсогддог байсан гэнэ.

Хамгийн сонин нь энэ бүхнийг ганц нэг хүн харсан биш олон хүн харж гэрчилдэг, тэнд нь бүхэл бүтэн арми явж, тулалдаж байдаг явдал.
Шотландын Стретклайд мужийн  Инверарид морин цэрэг болон  явган цэргийн урт цуваа , Уэльсийн Кумбри мужид Саутер-Феллд викингчүүдийн флот давшиж Ион арлын эрэг дээрх лам нар луу дайрч байгаа зэрэг харагддаг.

1815 оны зургадугаар сарын 18-нд болсон алдарт Ватерлоогийн тулалдаан гэхэд л долоо хоногийн дараа Белгийн Верьве хотын оршин суугчдад үүлэн дээрээс харагдсан гэдэг.

1785 онд Силезийн Уйест гэдэг газар генерал фон Козелийг дайчид нь ёслол төгөлдөр оршуулж. Гэнэт тэнгэрт маршаар алхалж яваа цэргүүд гарч ирээд генералын шарилыг газарт булсны дараа энэ хий үзэгдэл цэргүүд хэсэг байснаа сураггүй алга болжээ.
Үүнтэй яг адил явдал бас Силезид тохиолдсон байна. 1848 онд Венийн дэргэд тэнэрт бүхэл бүтэн арми гарч ирэхийг 20 хүн зэрэг харсан бол 1888 онд Хорватын Варасдин гэдэг нутгийн  тэнгэрт  гартаа сэлэм барьсан дарга нь командалсан  морьт  отряд давхилдаж явахыг хүмүүс харжээ.

1956 оны арваннэгдүгээр сард хоёр геологч Куиллин ууланд Скайн ойролцоо явж байхдаа өглөөний гурван цагт гэнэтийн их шуугиан сонссон байна. Тэд майхнаасаа гартал шотландын явган цэргийн буучид гал нээж байгаа нь тэнгэрт харагдаж. Айсан тэд нуугдаж байгаад л өнгөрч. Гэтэл маргааш өглөө нь дөрвөн цагт өнөөх үзэгдэл давтагдаж цэргүүдийн үхэж үрэгдэж байгаа нь үзэгдсэн гэнэ.
Нутгийн олноос асуувал энэ нь  XIII зуунд болсон тулаан юм уу, 1745 оны бослогын хий дүрс гэцгээсэн байна.

1951 оны өвлийн нэг өглөө хатагтай Смит гэртээ эргэн ирж явтал машин нь сууж орхив. Эмэгтэй машинаас буугаад найман миль хэртэй яваад гэртээ дөхөж байтал гэнэт бамбар барьсан хэсэг хүмүүс харагдаж. Үхдэл шиг тэд яг л сакс шиг хувцастай байсан гэдгийг бараг 10 минут үргэлжилсэн хий үзэгдлийн үеэр эмэгтэй сайн ажиглажээ. Харин хий үзэгдлүүд эмэгтэйг огт анзаараагүй гэнэ. Эмэгтэйд манай эриний өмнөх 685 онд яг энэ газар болсон На-чансмирийн тулалдааны үйл явц харагдсан нь тэр.

1951 оны наймдугаар сарын 5-нд боомт хот Дьеппагаас холгүй байх Пью тосгоны амралтын газар  байсан хоёр англи бүсгүй бас л харанхуй шөнөөр гэнэт их буугаар буудах чимээ сонсож. Өглөөний дөрвөн цагт тэдэнд ёолж хашгиралдах, онгоцууд нисэн өнгөрч бөмбөг хаях чимээ ч дуулдаж. Бараг нэг цаг хэрттэй үргэлжилсэн “тулалдаан” өглөө болоход арай гэж намжих нь тэр. Харин өглөө нь тэр хавийн хүмүүс, зочид буудалд буугсад, тэндхийн ажиллагсдын хэн нь ч өнөөх хачин дуу чимээг сонсоогүй болохыг мэджээ.
Хожим нь мэдэхнээ энэ 1942 оны наймдугаар сарын 19 буюу яг 9 жилийн өмнө холбоотны цэрэг немцүүдийн хооронд Нормандын Двепп боомтыг авах гэж болсон тулаантай тохирч байж. Энэ тулаан дөрвөн цаг үргэлжилж 6000 хүнээс бараг 4000 нь амь үрэгдэж, хүнд шархадсан гэнэ.

1960 оны арваннэгдүгээр сард Дороти Стронг машиныхаа цонхоор Английн умар зүгийн Оттенбернийн иргэдийн урьд өмнө огт үзэж байгаагүй хий үзэгдэл армийг олж харсан байна. “Мотор хэвийн дуугарч, хурд хэмжигч ерийнхөөрөө ажиллаж байсан ч машин маань үл мэдэгдэх хананд тулаад байх шиг, цэргүүд машиныг минь тойроод харж байх шиг байснаа хайлж уусах шиг алга болсон” гэж бүсгүй ярьжээ.
Хожим нь сөхөж үзвэл Стронг хатагтай 1388 онд англичууд, шотландчуудын хооронд болсон тулалдааныг “үзсэн” нь тэр юмсанж.
Ийм дүрсэнд зөвхөн дайн тулаан ч харагддаггүй, хөлөг онгоц, далай, бүхэл бүтэн хот үзэгдэх нь бас бий.

Бүр хоёрдугаар зуунд Ионн Богослов гэгч Ватмос Шинэ Иерусалимын арал дээр “Тэнгэрт нөхөрт гарах гээд гоёлоо өмсчихсөн бүсгүй явж байх”-ыг харсан гэж тэмдэглэн үлдээсэн нь бий.
1820 оны долдугаар сарын 18-нд “Бафрам” хөлгийн ахмад Скорсби гэгч Гренландын арлын огт судлагдаагүй баруун эрэг орчим явж байхдаа тэнгэрт асар том хот байхыг олж харснаа бичиж үлдээсэн байна. Шилтгээн, сүм, хөшөө гээд дурсгалт байгууламжуудтай эртний хот байхыг харснаа бүр зургийг нь зурж үлдээсэн байдаг.

1846 оны есдүгээр сард Ливерпулийн иргэдэд бас гайхамшигт хот тэнгэрт харагдсан нь яг Эдинбургтай төстэй байсан гэдэг. 1908 оны наймдугаар сард бас Беллингонеллийн эрэг орчимд янз бүрийн хийц загварын байшинтай сайхан хот тэнгэрт харагдсан гэнэ.

Манай зохиолч Дэмбээгийн Мягмарын “Оторчин” туужид адуучин залуу жил бүрийн нэг л өдөр  ганцхан өндөрлөг дээр өглөөгүүр гарахад тэндээс тэнгэрт хачин сайхан үлгэрийн юм шиг хот харагддаг гээд үүнийгээ “Гандирсын хот” хэмээн нэрлэсэн тухай  уран сайхнаар дүрсэлсэн нь бий.

Энэ бүхнийг дэлхийн ер усын үзэгдлийн судалгааны нийгэмлэгийн шинжээчид болохоор жинхэнэ болж өнгөрсөн тухайн дайн тулааны үеэр асар их сэтгэл зүй, физикийн эрчим хүч хуримтлагддаг, тэр үеэр болж байгаа асар их айдас, өвдөлт нь агаар мандал, орон зайд хадгалагдаад олон жилийн дараа ч гэсэн хүний сэтгэл санаа, тархинд сэргэж яг бодитой юм шиг харагддаг гэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл зүүд шиг.

Гэтэл бас зарим эх сурвалжаар бол энэ сонин үзэгдэл бүр бодит биет болох нь ч бий гэнэ.
1686 онд Их Британид тэнгэр маш олон зэвсэгтэй цэргүүд харагдаад дараа нь газарт их хэмжээний сэлэм, буу, дуулга унасан гэдэг.
1800 онд Килькэнни суурингийн ойролцоо тэнгэрт асар том тулалдаан болсны дараа модод хугарч, навчис дээр нь их хэмжээний цус болсон байжээ.
Энэ бүх баримт, бичээс тэмдэглэлийн нууцыг  орчин үеийн хараа зүйн шинжлэх ухаан хараахан тайлж чадаагүй л байна. Ёстой гайхамшиг гэгч л энэ........

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан