Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Сайханбилэг: Цагаан сараас өмнө малчны зээлийг жилийн 10 хувийн хүүтэй болгохоор ажиллаж байна

Л.НОМИН

УИХ дахь МАН-ын бүлгээс тэтгэврийн болон цалингийн, малчны зэрэг зээлийн хүүг бууруулах шаардлага гаргаж, түүнийгээ УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Монголбанкинд хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Монголбанкнаас мэдээлэл хийлээ. Монголбанкнаас хэрэглээ, импортыг дэмжсэн биш ажлын байрыг нэмэгдүүлсэн, хуримтлал, экспортыг дэмжих зорилгоор зээлийн хүүг бууруулахад чиглэсэн бодлого баримталж, хэрэгжүүлэх аж.
Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг малчдын зээлийн хүүг 30 хувь байгааг 10 хувь болгож бууруулах боломжийг судалж, удахгүй хэрэгжүүлэх бололцоотойгоо мэдэгдсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүдээс цөөнгүй асуулт гарсанд тэд ингэж хариуллаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Сүүлийн 20 гаруй жил малчид маш өндөр хүүтэй зээл төлж ирлээ. Жинхэнэ үйлдвэрлэгч нь малчид учраас тэднийг яаж дэмжих вэ. Мах, малын болон түүхий эдийн үнэ унасан энэ үед Монголбанк ямар бодлогоор дэмжих вэ?

Монголбанкны ерөн­хийлөгч Н.Золжаргал: Уул уурхайн өсөлт манай эдийн засгийн 40 хувийн өсөлтөд наалдаж өгсөнгүй. Экспортын 98 хувийг уул уурхай эзэлж байсан. Энэ нь эргээд огцом буурлаа. Хөдөө аж ахуйн экспорт нь 300-400 сая ам.долларын түвшинд байх бололцоотой. ХАА-н санхүүжилтийн хэлбэр дотор нэлээд хэдэн хүндрэл бий. Нэг нь инфляц өндөр байсан учраас бодлогын хүүг бууруулж чадахгүй байсан юм. Бодлогын хүү цаашид буурах нь ойлгомжтой. ХАА-н эрсдэлүүд мөн нөлөөлдөг. Тэгэхээр экспорт руу чиглэсэн зээл байх юм бол хүү нь буурах бүрэн бололцоотой.   

Ерөнхий сайд Ч.Сайхан­билэг: Сангийн сайд, ХХАА-н сайдад үүрэг өгөөд Монголбанктай хамтраад малчны зээлийг бууруулахад хэрхэн ажиллах вэ гэдэгт шийдэл гаргахаар ажиллаж байна. Хоёр банкнаас 240 орчим тэрбум төгрөгийн малчдын зээл гарч. Төрийн банк, ХААН банкнаас сарын 2,5 хувийн хүүтэй зээл гарсныг бид хэрэглээний зээл гэж үзэхгүй байгаа. Ажиллаад үзэхэд бидэнд боломж харагдлаа. Төрийн банкны үйл ажиллагаатай холбоотойгоор жилийн 30 хувийн хүүг 10 хувь болгох боломжтой. Цагаан сарын өмнө ингэж шийдэх боломжийг эрэлхийлж Засгийн газар ажиллаж байна. Мал аж ахуйн салбарын хувьд ч энэ нь эдийн засгийн ач холбогдолтой.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:
Цалингийн зээл, тэтгэврийн зээлийн хүүг хэдэн хувиар бууруулах боломжтой вэ. Ерөнхий сайд малчдын зээлийг хэрэглээний биш үйлдвэрлэлийн зээл учир нэг оронтой тоо руу оруулах боломжтойг хэллээ. 2008 онд Америкт болсон моргейжийн эдийн засгийн хямралтай адил байдалд манай улс орчихлоо. Гэхдээ зөв бодлого явуулсан гэж тайлбарлаж байгаа учир ялгааг нь хэлж өгөөч.   

Монголбанкны ерөнхий­лөгч Н.Золжаргал: 2009 оны хямралыг өнөөдрийн нам дор инфляцтай харьцуулах гэж оролдож байгааг ойлгож байна. Тэр үед зээлийн хүүг бууруулах бололцоо бидэнд байгаагүй. Нийт эдийн засаг маань ямар ч хуримтлалгүй тогтолцоонд явж ирсэн. Гадаадаас оруулж ирснээ хэрэглээд дуусдаг, цалингаа нэмж төсвийн алдагдлаа өсгөж, инфляцаа өндөр хувь руу оруулж байсан. 2009 оны хямралын гол нөлөөлөл ханшийн том хөдөлгөөн байсан юм.

Тэр үеийн эдийн засгийн бүтэц одоогийнхтой харьцуулахад өөр. Цалингийн зээл, тэтгэвэрийн зээлийг сүүлийн хоёр жилд маш сайн судаллаа. Хоёр том хүндрэл байна. Зээлийн хэмжээ нэмэг­дээд хугацаа уртсаад байж. 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Ерөнхий сайд Монголбанкны ерөнхийлөгч хоёрын мэдэгдэлд ямар нэг логикийн болон бодлогын зөрүү байхгүйг хариуцлагатайгаар мэдэгдье. Бид бүх зээлийн хүүг бууруулах бололцоо байхгүй. Тэр дундаа хэрэглээний зээлүүдийн хүүг бууруулах боломжгүй. М.Энхболд Ерөнхий сайд байх үед цалин 230 хувиар нэмж байсан үеийн инфляц 6,2 хувиас 17,8 хувь хүртлээ нэмэгдсэн. Энэ мэтчлэн үзүүлэлтүүдээ нэг бүрчлэн гаргаад явах бололцоо байгаа.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар: Эдийн засгийн байнгын хороо 2012 оноос хойш инфляцыг бууруулах чиглэлээр 39, 62 дугаар тогтоол гаргасан. Энэ тогтоолыг Монголбанк биелүүлж ажилласны үр дүнд инфляц буурсан. Хуримтлалтай эдийн засаг болгосон нь нэг чухал үр дүн. Монгол Улс уул уурхайгаас гадна өөрсдийн нөөц бололцоод тулгуурласан үйлдвэрүүд байгуулж чадсан нь ололт амжилт. Энэ бол Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн биелэлт. Цаашид эдийн засгийг солонгоруулах чиглэлээр ажиллах болно.

УИХ-ын гишүүд зээлийн хүүг буурулахыг дэмжиж буйгаа илэрхийлж, цаашид инфляцыг өсгөхгүй байхад анхаарах, ипотекийн зээлийн хүүг хэзээнээс таван хувь болгож, иргэдэд олгож эхлэх талаар асуусан. Харин Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны дараа Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал сэтгүүлчдэд  энэ талаар мэдээлэл өгснийг хүргэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан