Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Металлаар амьсгалж буй жирэмсэн эхээс эрүүл хүүхэд төрнө гэдэг эргэлзээтэй гэв

Э.ГАНЦЭЦЭГ

“Агаарын бохирдол эрүүл мэндэд нөлөөлдөг ч өвчин үүсгэгч биш. Улстөрчид ч мэддэг юм байна билээ” хэмээн эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан туршлагатай нэгэн хэлэв. Хэрэв тийм бол өнгөрсөн хугацаанд “Агаарын бохирдлыг бууруулна” хэмээн дээр дооргүй худал лоозогносон байж таарах нь. Үнэхээр агаарын бохирдол эрүүл мэндэд нөлөөлөөд зогсохгүй, өвчин үүсгэгч болдог уу.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO)-ын мэдээлж буйгаар агаарын бохирдол архаг өвчлөлийн томоохон эрсдэлт хүчин зүйл болоод зогсохгүй хавдар үүсгэдэг болохыг нотолжээ. 2014 онд улсын хэмжээнд таван мянга гаруй хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэж, гурван мянга гаруй хүн нас барсан нь нийт нас баралтын 22 орчим хувийг эзэлжээ. Түүнчлэн элэг, улаан хоолой гээд хоол боловсруулах замын болон уушгины хорт хавдар нийт өвчлөлийн 75 хувийг эзэлж байгаа юм. Агаарын бохирдол ихэссэнтэй зэрэгцэн сүүлийн жилд амьсгалын замын, зүрх судасны өвчлөл нэмэгдсэнийг эрүүл мэндийн салбарынхан хэлж буй. Тоон мэдээллээс үзэхэд 2000 оноос өнөөг хүртэл амьсгалын замын өвчлөл 26 хувиар, зүрх, судасны өвчлөл 18 гаруй хувиар нэмэгджээ.

Үүнээс гадна урагт, эсийн түвшинд нөлөөлөх өвчлөл нэмэгдсэн байдаг. Гэвч, энэ талаар нэгтгэсэн тоон мэдээлэл өнөөг хэр нь гараагүй байгаа юм. “Гадаадын улс орнуудад хийгдсэн судалгаагаар агаарын бохирдол нь ургийн өсөлт саарахад нөлөөлдөг болох нь батлагдсан. Манайд энэ судалгаа эхлэл төдий.Агаарын бохирдлын ургийн хөгжилд үзүүлэх нөлөөллийг судлах “УГААР” судалгааг 2013-2015 онд хэрэгжүүлж эхлэхээр бэлтгэл ажпаа хангасан” хэмээн Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал хоёр жилийн өмнө хэлж байв. Судалгаа хаана байна вэ?

Тоон мэдээллээс илүүтэй, бодит байдлыг энд дурдъя. Түнхний үений дутуу хөгжил гэх оноштой хүүхдүүд элбэгшснийг ГССҮТ-ийн оношилгооны тасгийн үүдэнд хүүхдээ тэврэн дугаарлах ээжүүдийн дүр зурагнаас харж болно. Уг өвчний нэг шалтгаан агаарын бохирдол буюу утаа. Дээрх өвчнийг рентген, компьютер томографиар оношлох боломжтой аж. Үнэхээр агаарын бохирдлын улмаас энэ төрлийн өвчтэй хүүхэд төрөх болсон эсэхийг тодруулахаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн оношилооны тасгийг зорив. Тасгийн үүдэнд зургаан сартайгаас эхлээд тав, зургаан настай хүүхдээ үзүүлэхээр эцэг, эхчүүд дугаарлан зогсчээ. 

Хүүхдийнх нь оношийг асуухад “түнхний үений дутуу хөгжил” хэмээн ам нийлүүлэн хариулав. Шалтгааныг нь тодруулахад “Агаарын бохирдол гэх юм билээ” гэв. Үүнийг ГССҮТ-ийн дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Ц.Тунгалаг “Түнхний үений дутуу хөгжил төрөлхийн, олдмол ч байж болно. Уг өвчний шалтгаан олон янз. Зөвхөн агаарын бохирдлоос үүсгэлтэй гэх боломжгүй. Гэхдээ, агаарын бохирдол шалтгаалах зүйлд орно” хэмээн товчхон тайлбарласан юм. Түүнтэй удаан ярилцах боломж ч байсангүй, ард олон хүн хүлээж байснаас бид ГССҮТ-ийн хүүхдийн гэмтэл согогийн төвийг зорив. Түнхний үений дутуу хөгжилтэй хүүхдүүд эднийд ханддаг юм байна.

Б.Жаргалсайхан: Агаарын бохирдол, утаанаас үүдэн түнхний мултралтай хүүхэд төрөх магадлал бий

/ГССҮТ-ийн хүүхдийн гэмтэл согогийн төвийн эрхлэгч, АУ-ы магистр эмч/

-Түнхний үений дутуу хөгжил гэж юу юм бэ?
-Эхийн хэвлийд ураг бүрэлдэн бий болох явцад гадны хүчин зүйлээс шалтгаалж дунд чөмөгний хөгжил саарч, удаашрах, улмаар мултралтай төрөхийг түнхний мултрал буюу түнхний дутуу хөгжил гэдэг. Хүний тулгуур хөдөлгөөний эрхтний согогийн нэг төрөл болох түнх орчмын эмгэг манайд хамгийн их тохиолддог. Энэ дотроо түнхний мултрал, түнхний дутуу хөгжил, гүйцэд бус хөгжил, дунд чөмөгний хүзүүний өнцөг өөрчлөгдөх гээд хэд, хэдэн эмгэг багтдаг. Ялангуяа түнхний дутуу хөгжил хамгийн их тохиолдож байна. Өнөөдрийн байдлаар 1000 амьд төрөлт тутамд 4-7 хүүхэд энэ төрлийн өвчтэй байна гэсэн сүүлийн үеийн судалгаа бий.

-Компьютер томо­гра­фийн үүдэнд хүүхдээ тэв­рэн дугаарлах ээжүүд хүүхдийнхээ өвчний шалт­гааныг агаарын бохирдол гэх юм билээ. Миний дуулснаар  ч бас түнхний дутуу хөгжил утаанаас болдог гэх. Түнхний үе дутуу хөгжих шалтгаан агаарын бохирдол байж болох уу?
-Түнхний мултралтай хүүхэд төрөх хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, эхийн эрүүл мэндийн байдал. Хоёрдугаарт, агаар. Өнөөдөр бид ямар бохир агаараар амьсгалж байгаа билээ. Агаарын бохирдол, утаанаас шалтгаалж түнхний мултралтай хүүхэд төрөх магадлалтай. Гуравдугаарт, удамшлын хүчин зүйл байж болно. Мөн хүүхдээ зөв өлгийддөггүйгээс үүсч болно. Ялангуяа манайхны чанга өлгийддөг уламжлал түнх дутуу хөгжих шалтгаан болдог.

-Та сая хэллээ. Түнхний үений дутуу хөгжлийн нэг шалтгаан бол агаарын бохирдол гэж. Үнэхээр агаа­­рын бохирдол энэ өвчний үүсгэгч болохыг баталж, нотолчихсон зүйл бий юу?   
-Яг одоогоор хийгдсэн судалгаа алга. Гэхдээ, эмч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ хүчтэй метал­лаар амьсгалж байгаа жирэмсэн эхээс эрүүл хүүхэд төрнө гэдэг эргэлзээтэй. Ялангуяа түнхний дутуу хөгжил үүсэх магадлал маш өндөр. Аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл буюу их утаатай үед жирэмсэн эхчүүд эрүүл агаарт байх хэрэгтэй.

-Танайд өдөрт энэ өвчний шалтгаанаар хэчнээн хүүхэд ханддаг вэ?
-Зөвлөх амбулаториор өдөрт 30-50 хүүхэд үзүүлдгээс 10 нь түнхний мултралтай буюу түнхний дутуу хөгжилтэй байдаг.
Агаарын бохирдол хүүхдэд, тэр дундаа ураг байхаас нь хэрхэн муугаар нөлөөлдгийн нэг жишээ энэ. Хэдийгээр барин тавин нотолчихоогүй ч мэргэжлийн хүн ингэж хэлэв. Бид энэ талаар баримт, судалгаа хайсан боловч олдсонгүй. Гэхдээ Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Америкийн хүүхдийн эмч нартай хамтарч “Агаарын бохирдол ургийн бойжилтод үзүүлж буй нөлөө” сэдвээр бодит судалгаа эхлүүлсэн гэдгийг тус төвийн дарга Ш.Энхтөр хэлсэн юм. Одоогоор тус судалгааны эхний хэсэг л хийгдэж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. Ямартай ч өдийг хүртэл яригдаж ирсэн ч, батлагдаагүй үнэний талаар баримттай судалгаатай болох нь. Мөн АШУҮИС-ийн багш нар ч агаарын бохирдол хүний эрүүл мэнд, тэр дундаа хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хийж эхэлжээ. Засгийн газар өнгөрсөн онд “Цэвэр агаар сан”-г татан буулгаж, агаарын бохирдлыг бууруулахаас нэг алхам ухарсан ч, эрүүл мэндийн салбарынхан илүүтэй анхаарч эхэлжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж хэмжээнд нэг шоо метр агаарт 15 микрограмм тоосжилт байх ёстой гэж заасан байдаг. Харин манайд энэ тоо өвлийн улиралд 200, 300-д хүрдэг гэх. Өөрөөр хэлбэл, бид байх ёстой хэмжээнээс 10-20 дахин их тоосжилттой агаараар амьсгалж буй юм. Гэтэл “Агаарын бохирдол эрүүл мэндэд нөлөөлдөг. Гэхдээ өвчин үүсгэгч биш” хэмээн ярьж суугаа эрхмүүд үүнийг мэддэг болов уу.

0 Сэтгэгдэл
yer ni udahgvi pobot tumar hvn turuhud gaihaad baih zvilgvi
Хамгийн их уншсан