Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Юнивишн”-д сануулж, “Мобиком”-той шүүхдэнэ

М.ЖАВЗАНДУЛАМ

“Мобиком”, “Юнивишн”  зэрэг компанийн үйл ажиллагаа, үйлчилгээ байнга шахуу араасаа гомдол санал дагуулдаг. Хэрэглэгчдийн гомдлын мөрөөр хэд хэдэн компанийн үйлчилгээ холбог­дох хууль, журмын дагуу иргэдэд хүрч байгаа эсэхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар шалгажээ.

“Юнивишн” компани багц HBO Signature, HBO Family, HBO Hits зэрэг суваг гаргахгүй болсон. Интернэтийн хязгааргүй багцыг өчигдрөөс эхлэн хязгаарласан зэрэг анх хэрэглэгчидтэй хийсэн гэрээгээ өөрчилжээ. Гэрээ байгуулахад дурдсан нөхцөлийг компани дур мэдэн өөрчилж байгаа нь хэрэглэгчдийн эрхийг зөрчиж буй үйлдэл. Түүнчлэн SPS спортын сувгийг анх гаргахдаа Premier League-ийн дөрвөн тоглолтыг Full HD форматаар албан ёсны эрхтэйгээр хүргэнэ гэсэн ч одоогийн байдлаар хоёр тоглолтыг дуу дүрсний шаардлага хангахгүйгээр үзүүлж байна. Энэ бол  “Юнивишн” компани гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, анх танилцуулж байсан суваг, үйлчилгээг үзүүлэхгүй хэрэглэгчдийг хохироож буй. Үүнийг цөөнгүй хэрэглэгч нь хэлж, хэвлэлийн бага хурал ч зарлаж, мэдээлэл хийж байсан. Тэгвэл Шударга өр­сөл­дөөн, хэрэглэгчийн төлөө газар иргэдийн эл гомдлын мөрөөр ажилласан талаар өчигдөр мэдээлэл өглөө.
“Юнивишн” ХХК-ийн хэрэглэгчидтэй байгуулсан сүү­лийн гурван жилийн гэрээг нягталж үзэхэд гурвалсан үйлчилгээ буюу IPTV-ийн үзүүлэх сувгийн мэдээллийг гэрээнд тусгаж өгөөгүй байжээ. Мөн багцын сонголтоос шалтгаалан интернэтийн хурдыг 3-15 mbps гэж заасан. Интернэтийн багцын сонголтоос шалтгаалан тодорхой дата хэрэглэсний дараа хурдыг нь өөрчлөх бол гэрээнд тусгахдаа хэрэглэгчид заавал мэдэгдэх ёстой. Гэтэл гэрээний заалтыг “Юнивишн” ХХК өөрсдөө шийдэн  өөрчилсөн нь хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл хэмээн ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр хэллээ. Иймээс хэрэглэгчидтэй байгуулсан гэрээгээ мөрдөж, өөрсдийн дураар өөрчлөлт хийхгүй байх, алдаа дутагдлаа засах сануулга өгчээ.

Харин “Мобиком” корпорацид хяналт шалгалт хийгээд зөрчилтэй байсан тул Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3-т заасны да­гуу 2,3 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан. Уг шийдвэ­рийг “Мобиком” хүлээн зөвшөөрөхгүй хэмээн Захиргааны хэргийн шүүхэд ханджээ.

Түүнчлэн “Дүнжингарав”, “Нарантуул”, “Барс” худалдааны төвд Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, стандарт, заавар журмын хэрэгжилтийг хангаж байгаа эсэхийг шалгаж байгаа аж. Түрээслэгчдээс ямар ч тайлбаргүйгээр түрээсийн төлбөрөө нэмдэг талаар тус газарт гомдол ирсээр байгаа аж. Тиймээс худалдааны төвүүдэд ШӨХТГ хяналт, шалгалт хийж, холбогдох хууль зөрчсөн эсэхийг нягтаж дуусаагүй учир тодорхой мэдээлэл удахгүй өгөхөө хэллээ. Түүнчлэн шатахууны үнэ дэлхийн зах зээл дээр буурч байхад Монголд яагаад нөлөөлөхгүй байгааг шалгаж эхэлсэн байна. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 2014 оноос хойш байнга уруудаж өдгөө дөрөв дахин буурсан байхад манай улсад жижиглэнгийн үнэд яагаад нөлөө үзүүлэхгүй буй шалтгааныг олж тогтооно хэмээн мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан