Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол бэлэг

Э.ГАНЦЭЦЭГ

Сар шинийн баяр дөхөж, хэн хүнгүй бэлтгэл базааж буй. Уламжлалт баяраараа ах, дүүгээ дайлж цайлахаас гадна ирсэн зочдынхоо гарыг цайлгадаг ёсон бидэнд бий. Нэгэн үе урдаас бараа зөөж бэлэг сэлтээ бэлддэг байсан бол өдгөө эх орондоо үйлдвэрлэсэн үндэсний бараа, бүтээгдэхүүнээ илүүд үзэх болжээ. Үндэсний үйлдвэрлэгчид ч хэрэглэгчийн хэрэгцээ, сонирхолд нийцэхүйц импортын бараа, бүтээгдэхүүнийг орлох чанартай, сав, баглаа боодлын хувьд өнгө үзэмжтэй, гол нь боломжийн үнэтэй Монгол  бараа бүтээгдэхүүн санал болгох болж. Тэгвэл ирсэн зочдынхоо гарыг цайлгах “Монгол бэлэг”-ийн эрэлд мордож, Мишээл экспод гарч буй “Цагаан сар-2016” үзэсгэлэн худалдааг зорив.
Экспогийн үүдэнд машин тавих нь байтугай хүн зогсох газар ч үл олдоно. Дотогш ормогц “Бэлэгний хайрцагтай монгол оймс 1500 төгрөг” хэмээн баргил хоолойтой бүсгүйн орилох дуун худалдааны газар ирснийг эрхгүй сануулна. Санасныг бодвол үндэсний бараа, бүтээгдэхүүн ихэнх лангууг дүүргэжээ. 

Өвөө, эмээгийн хэрэглэдэг бөх барилдаж, нум сум харваж, хурдан морь унаж буй хүүхдийн зурагтай гангар шаазан аяга эрхгүй нүдэнд тусав. Үнийг нь асуухад “Ширхэг нь 2000 төгрөг” хэмээн худалдагч эмэгтэй хэлэв. Үүнээс гадна арванхоёр жилийн амьтны зурагтай аяганууд ч өрөөтэй харагдана. Эдгээр аяга ч ширхэг нь 2000 төгрөгийн үнэтэй. Сар шинийг тохиолдуулан багцлан 20 мянган төгрөгөөр худалдаалж байгаа гэнэ. Аяга бүр хайрцаг, савтай. Дээшээ харсан сав сайн гэдэг билгэдлээрээ өнгө, үзэмж, хэрэглээ талаасаа ч, боломжийн үнэтэй гэдгээрээ эдгээр аяга гарын бэлгэнд тохирохуйц санагдлаа. Хаяанд нь бөхчүүдийн зурагтай хөзөр хэмжээнээсээ хамаараад 2000-3500 төгрөгөөр зарагдаж, нэлээд эрэлттэй байгаа нь анзаарагдлаа.

Жил, жилийн баяраар хүүхдийн гар цайлгах бэлгийн сонголт амттан, урд зүгийн тоглоомноос хэтэрдэггүй байлаа. Харин энэ удаад эх орондоо үйлдвэрлэсэн, монгол хүний ур ухаанаар бүтсэн олон сайхан тоглоом, амттан, ном, дэвтрийг үндэсний үйлдвэрлэгчид санал болгожээ. “Оньсонхүү” брэндийн төрөл бүрийн модон, оньсон тоглоом 2000-8000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Хүүхэд, багачуудын сайн мэдэх бяцхан одой морь хүүхэлдэйн киноны баатраас эхлээд “Дота-2” тоглоомын баатруудыг монгол хүний ур ухаанаар урлажээ. Мөн ачааны машин, онгоцноос аваад 3D хэмжээст монгол гэр, гэр тэрэг,  үхэр тэрэг, тулга, бүр XIII зуунд хэрэглэгдэж байсан чулуу шидэгчийг хүртэл оньсоор бүтээсэн байх юм. Уут, хайрцаг сав өнгөлөг учраас гарын бэлгэнд гологдохооргүй санагдлаа. Мөн ганган хайрцаг савтай, гадных болов уу гэж андуурсан баримлын шаврыг энд онцлоё. “Шидэт баримлын шавар” гэх хайрцгандаа таван өнгөтэй баримлын шавар 5000 төгрөгийн үнэтэй аж. Цэцэрлэгийн насны хүүхдэд өгөхөд нүүр улайхааргүй юм билээ.
“Хүмүүс ээж, аав, эмээ, өвөө гээд өндөр настандаа дурсгалтай, хүндэтгэлтэй гэдэг үүднээс ном бэлэглэх болсон. Манайд зарагдаж байгаа “Монгол орны байгалийн гайхамшиг” ном хамгийн их борлуулалттай байна” хэмээн “Сэлэнгэпресс” хэвлэлийн компаний менежер хэлэв. Тус ном 39900-32000 төгрөг болж хямдарчээ. Мөн үйлдвэрийн үнээр буюу 600 төгрөгөөр борлуулагдаж буй тэмдэглэлийн дэвтэр гүйлгээ сайтай байгаа гэв.

“Монгол ардын ерөөл, магтаал” хэмээх өврийн ном 2500 төгрөгөөс 20 хувь хямдраад 2000 төгрөг болжээ. Хүмүүс эл номыг ач, гучдаа бэлэглэхээр олноор авч байгаа харагдана. Хувиараа хөдөлмөр эрхлэгч Сарангоо охидын үсний гоёл урлаад хоёр жил болж байгаа ч хэдийнэ байнгын үйлчлүүлэгчтэй болж. Тэрээр өөрийн гараар урласан үсний даруулга, хос боолтоо 3500 төгрөгөөр үнэлж борлуулж байв. Диснейн гүнжийн зурагтай, ягаан цаасан уут бэлэг болон дагалдах аж. Эхнэрийнхээ урласан бүтээлийг борлуулж суугаа түүний нөхөр “Худалдан авалт сайн байна. Хүмүүс олон ширхгээр захиалж авдаг” гэв.
Ширхэг нь 3500 төгрөгөөр худалдаалагдах өнгөрсөн онд чансаагаараа тэргүүлсэн 12 бөхийн зурагтай, 1925 оноос хойш хэвлэгдсэн мөнгөн тэмдэгтүүдийн зураг бүхий хоёр төрлийн зурагт хуанлиг зөрж өнгөрөх настангууд ихэд сонирхох ч, хуанлиг дагалдуулан үнэгүй өгч буй арслантай цаасан авдрыг илүүтэй сонирхоно. Атга чихэр агуулах зайтай арслантай авдар дангаараа 1000 төгрөг гэнэ. “Хуанлигаасаа арслантай авдар илүү эрэлттэй” хэмээн борлуулагч залуу хэлсэн юм.

“Монгол бэлэг”-ийн эрэлд гарсан бид “Монгол бэлэг”-ээ олсон юм. Олон жил гутал үйлдвэрлэж буй “Мооднуус” компани энэ жил анх удаа сар шинийн бэлгийн багц гаргажээ. Нэрийн хуудасны хавтас, түлхүүрийн оосор, үзэгний савыг багтаасан “Монгол бэлэг” бэлгийн багц 10 мянган төгрөгийн үнэтэй. Бүтээгдэхүүнээ борлуулж зогссон тус үйлдвэрийн гуталчин Б.Шижирбаатар “Манай бүтээгдэхүүнүүд цэвэр арьсан гэдгээрээ онцлог.  Хүмүүс ч ам сайтай байгаа” гээд доод тал нь 20, дээд тал нь 80 ширхэгийн захиалга авсан гэдгээ ч хэлэв.
Мөн ноолууран ороолт зарж буй лангуун дээр хүмүүс ихээр овоорч, худалдан авалт ч их байв. “Монгол хонины ноос, ноолуурын хольцтой ороолтнууд хэмжээнээсээ хамаараад 6000, 10000, 15000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Ялангуяа 6000 төгрөгийн ороолт борлуулалт сайн байна. Хүмүүс доод тал нь таван ширхгээр худалдан авч байна” хэмээн ноос, ноолууран бэлэн хувцас үйлдвэрлэлийн салбарт найм дахь жилдээ ажиллаж буй “Мөнгөн пирамид” компанийн менежер А.Цацралтуяа хэлсэн юм. 

Цаасан хайрцаг, эсгий гэртэй гээд өнгөлсөн, өнгөлөөгүй дөрвөн бэрх шагай олон төрлийн сонголттой байв. Эсгий гэр, олбогтой дөрвөн бэрх 5000 төгрөгийн үнэтэй  байсан бол цаасан хайрцагтай нь 4000 төгрөг аж. Түүнчлэн ах, аав, өвөө нартаа бэлэглэхэд тохиромжтой Монгол үндэсний хээ угалз, нүүдэлчний ахуй амьдралыг дүрсэлсэн “Monsilk” компанийн тансаг торгон зангиа 18000 төгрөгөөр худалдаалагдаж байлаа.

“Алтан говь” брэндийн амтат шоколаднууд хэлбэр, хэмжээ, сав боодлоосоо шалтгаалаад олон янз байсан юм. Хамгийн хямд буюу хүүхдэд өгөхөд тохиромжтой иштэй шоколад нэг ширхэг нь 350 төгрөгийн үнэтэй байв.  Мөн ээжүүддээ, эхчүүддээ бэлэглэж болохуйц “Tsai” брэндийн гурван төрлийн органик цайны иж бүрдэл 10 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм байна.
Жил, жилийн бэлгэнд оймс ирдэг. Магадгүй, хамгийн хэрэгцээтэй бэлэг ч байж мэдэх юм.  Дотоодын оймсны зах зээлийн 20-25 хувийг дангаар хангаж, хэдийнэ өөрсдийн гэх хэрэглэгчидтэй болсон “Тод оймс” ХХК нэрийн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэнд оролцож байгаа аж. “Тод” нэрийн хонины ноосон оймс, өвдгөвч, түрий 2900-25000 төгрөг бол “Говийн нар” компанийн оймснууд 3500 төгрөг, тэмээний ноосон “Дулаан” оймс 5000 төгрөг, “Илч” нэрийн хайрцагтай хос оймс 3500 төгрөгөөр тус тус зарагдаж байгаа юм. “Цагаан сар-2016” үзэсгэлэн худалдаа энэ сарын 7-ныг дуустал үргэлжилнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан