Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Залхаан цээрлүүлэгч: Эхлээд эцгийг нь дараа нь хүүхдийг нь бууддаг байсан


 Литвийн сэтгүүлч Рут Ванагайтын “Манайхан” номын хэсгээс Литвийн оршин суугч Юозас Алексинасын дэлхийн хоёрдугаар дайны үед Белорусст еврейчүүдийг хэрхэн буудаж байсан тухай дуртгалыг Delfi сайт таслан нийтэлсэн байна.

Алексинас 1914 онд төрж, Литвийн Бүгд найрамдах улсын армид алба хааж байгаад дараа нь Антанас Импулявичьюсийн залхаан цээрлүүлэх батальонд алба хаажээ.
Устгах багийн гишүүн байсан тэрээр дуртгалдаа “1941 онд намайг Кубилюнасын бэлтгэлд дуудсан. Энд би комендатурт алба хааж, дотоод дэг журам сахиулан, германчуудад тусалж хагас жил болсон. Бид хоригдлууд, албадан хөдөлмөр хийгчдийг манадаг байлаа” гээд тэдний салааг яг хэзээ Литвиэс явуулсныг тодорхой санахгүй байгаагаа ярьжээ.
“Есдүгээр сарын сүүлч, аравдугаар сарын эх байсан болов уу, намар л байсан юмдаг. Хашаа явж байгааг ч хэлээгүй, шууд л тушаал өгөөд ачсан. Ингэж л би хошууч Импулявичюсийн батальонд очсон”.

“Хавар тавдугаар сард цас хайлж байхад би зугтаасан. Немцүүдтэй хамт байлдахыг хүсээгүй хэрэг. Немцүүд сайн нөхөд байгаагүй, би ч тэдний хэлийг ойлгохгүй, тэгээд ч тэд биднийг командалдаггүй, хамт л явдаг байсан. Манай отрядын дарга Гегявичюс, ротын дарга бол Плунге гэж байсан. Гегявичюс герман хэл сайн мэддэг, тэдэнтэй нягт харилцаатай, тэдний тушаалыг дамжуулдаг байлаа. Бид Минскт нийтийн байранд биш тус тусдаа хэсэг бүлгээрээ байруудад амьдардаг байсан”.

“Манай отряд бүх Беолорусаар явж еврейчүүдийг олж бууддаг байлаа. Бүхээгтэй тэргээр явна, том хот руу бол батальоноороо явдаг. Орон нутгийн цагдаа нар байруудаар явж еврейчүүдийг талбайд цуглуулдаг. Немцүүд баримт бичгийг нь шалгаад эмч, инженер зэрэг хэрэгтэй хүмүүсээ ялгаж аваад бусдыг нь ухаж бэлтгэсэн нүхний ирмэг дээр зогсоож байгаад бууддаг. Ингэж хэдэн хүнийг буудсанаа хэлж мэдэхгүй. Дөрөв дөрвөөр нь жагсаагаад л туудаг. Цуваа их урт байдаг байсан.
Нүхний ирмэгт зогсоогоод л бууддаг. Нүхэнд ороод хэвтчихсэнүүдийг нь очиж буудна. Бидэнд оросын зэвсэг, сум өгдөг байсан. Энэ дотор нь шатаагч, галтай сум ч байдаг, хүмүүсийн хувцас шатаад л.......Улмаар хүмүүсийн цогцос шатаж муухай үнэр үнэртдэг байсан даа. Энэ бүхнийг өнөөдөр үгээр хэлэхэд хэцүү л дээ” гэж ярьжээ. Бид ихэвчлэн цээж, дагзанд нь бууддаг байсан гэж ярьжээ.

Нэг удаад хэдэн хүн бууддаг байсан бэ гэсэн асуултад залхаан цээрлүүлэгч байсан эр “Мэдэхгүй ээ, тууж ирснийг нь л бууддаг байсан. Хэдэн зуу ч юм уу, мянга ч юм уу. Хүүхдээ хөтөлчихсөн, заримыг нь тэвэрчихсэн л байдаг. Ямар ч эсэргүүцэл үзүүлэхгүй. Тэндээс хэн ч буцдаггүй л байсан даа.
Хүүхдээ тэвэрчихсэн хүмүүсийг эхлээд эцгийг нь бууддаг юм. Чи бод л доо, Хүүхэд бол юу болж байгааг мэдэхгүй шүү дээ, харин хүүхдийг нь эхлээд буудвал эцэг эх нь мэднэ. Тэгэхээр автоматаар буудахгүй, эхлээд эцэг эхийг нь, дараа нь хүүхдийг нь нэг нэгээр л буудна.

Германчууд бараг буудахгүй харин зураг авдаг. Бурхан минь, үнэхээр бурхан гэж байдаг бол түүнд яах гэж ямар ч буруугүй хүмүүсийг буудан хөнөөж байснаа хэлэхсэн. Би одоо л ингэж харамсдаг юм” гэж ярьжээ.

Литва дахь бөөнөөр хоморголон хядсан хядлагын тухай сэтгүүлч Рут Ванагайтийн энэ ном өнгөрсөн нэгдүгээр сард Вильнюст гарсан юм байна.
Дэлхийн хоёрдугаар дайны явцад Литвийн нутаг дэвсгэрт ойролцоогоор 200 мянга орчим хүнийг устгасан гэдэг. Энэ аймшгт яргалалд литва хүмүүс ч алуурчнаар оролцож, дараа нь алагдсан хүмүүсийн өмч хөрөнгийг хуваан авч байсан зэргийг сэтгүүлч энэ номын материал цуглуулж байхдаа тодруулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан