Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын хэмээнд түргэн тусламжийн 300 орчим тэрэг дутагдалтай байна


Энэ жил ихэнх нутгаар өвөлжилт хүндэрч тэр хэрээр ханиад томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаагийн дээр өнгөрсөн оны эхээр улсын хэмжээнд улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдсэн нь одоо ч буурахгүй байна. Мөн Бразил тэргүүтэй Өмнөд Америк, Азийнорнуудад дэлгэрээд буй Зика вирусын тохиолдол, тархалт ихэсч, олон улсын анхаарлын төвд ороод байна. Энэ мэт эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй цаг үеийн асуудлаар Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа тэргүүтэй албаны хүмүүс аймаг, дүүрэг, сум, сум дундын эмнэлэг, эрүүл мэндийн газар, бүсийн оношилгооны төвүүдтэй цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө. Эрүүл мэндийн хөгжлийн төвд болсон эл хуралд Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа болон ЭМСЯ-ны Эрүүл мэндийн бодлогын зохицуулалтыг хэрэгжүүлэх газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Л.Зэндмаа, Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Оюунханд, Хяналт, шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга С.Төгсдэлгэр нар оролцсон юм.
Хурлаар 21 аймаг, нэг дүүрэг, нэг сумын эрүүл мэндийн төвтэй шууд холбогдож орон нутагт өвөлжилт, улаанбурхан, ханиад томууны дэгдэлт ямар байгааг тандаж, урьдчилан сэргийлэх ажил хэрхэн хийж байгаатай танилцсан. Түүнчлэн, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд ирж буй дуудлага, ачаалал, ор, эм тариа, түргэний тэрэгний хүрэлцээ ямар байгааг тодруулж зарим асуудлыг хурлын үеэр шууд шийдвэрлэсэн юм. Жишээ нь, цахим хуралд хамгийн холоос холбогдсон Увс аймгийн Баруунтуруун суманд өвөлжилт хүндэрсний дээр түргэн тусламжийн тэрэг нь эвдэрсний улмаас сумын Засаг дарга болон иргэдийн унаа хөсгөөр яаралтай дуудлагад явж байгаа аж. Цас их унаснаас холын дуудлагад явахад шатахуун зарцуулалт ихэсч байгаа тухай сум дундын эмнэлгийн эрхлэгч хэлж байв. Эл эмнэлэг дөрвөн сумын ард иргэдийг хүлээн авч үйлчилгээ үзүүлдэгийн хувьд бусад сумтай харьцуудахад ачаалал их, тэр хэрээр урсгал зардал ч өндөр гардаг аж. Түрэгний машин нь 2009 онд ашиглагдаж эхэлсэн ба одоо эвдрэл гэмтлээс шатгаалж бүрэн зогсоод байгаа аж. Энэ тухай сумын Засаг дарга н.Намхай “Нэн тэргүүнд түргэн тусламжийн тэрэгний асуудлаа шийдчихвэл дараа дараагийн асуудлыг сум, орон нутгаас шийдэж дөнгөх байх. Ямартай ч, холын дуудлагад эмч сувилагч, жолооч нараа зутраагаад баймааргүй байна” хэмээж байв.
Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа асуудлыг газар дээр нь шийдэж “Энэ долоо хоногтоо багтаад жолоочоо явуул, бид юун түрүүнд түрэгний тэрэгний асуудлыг шийдэж өгье. Энэ дашрамд өнөөдрийн цахим хуралд холбогдсон цорын ганц сум учир та бүхэнд талархах нь зүйтэй. Цаашид бусад сумдууд ч та бүхнээс үлгэр жишээ авч цахим хуралд оролцож байх болов уу” хэмээсэн юм.
Хуралд оролцсон Увс, Завхан, Сүхбаатар, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгийн ихэнх сумдад өвөлжилт хүндэрсэн тухай хуралд оролцсон эрүүл мэндийн газрын дарга, Засаг дарга нар хэлж байв. Түүнчлэн, эрүүл мэндийн салбар нэн тэргүүнд шийдэх ёстой асуудал түрэгний тэрэг болоод байгаа тухай хуралд оролцсон албаны хүмүүс онцолж байв. Одоогоор улсын хэмжээнд 300 орчим түрэгний тэрэг дутагдаж байгаа аж.
Дүүргүүдийг төлөөлж хуралд оролцсон Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хувьд ханиад томуу, улаанбурханаас урьдчилан сэргийлэх ажил идэвхитэй хийж байгаа ба хороодоор явж сургалт сурталчилгаа хийж байгаа аж. Энэ үеэр Төрийн нарийн бичгийн С.Ламбаа дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд сар шинийн үеэр хороодтойгоо холбоо харилцаа сайтай ажиллахыг даалгаад ширэмсэн эх, багачуудад тавих хяналтаа сайжруулахыг анхааруулсан юм. Мөн тэрээр “Миний хувьд Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг авснаас хойш анх удаа аймаг, орон нутаг, сумдтай цахимаар холобгдож байна. Ер нь, эрүүл мэндийн салбарынхан энэ хэлбэрээр тогтмол холбогдож, харилцан мэдээлэл солилцож байгаа нь салбарт хийгдэж буй том алхам, дэвшил гэж бодож байна. Өнөөдрийн хурлаар анхаарал хандуулах ёстой асуудал цөөнгүй байгааг анзаарлаа. Хараад байхад бүх аймагт нөхцөл байдал ижил байна. Наанадаж түргэн тусламжийн тэрэгний асуудалгүй аймаг, сум алга. Эрүүл мэндийн салбарт ганц, хоёрхон жил төсөв нь батлагдахгүй, хөрөнгө оруулалт алдахад түрэгний тэрэгний хүрэлцээ яаж мууддагийг харж байна. 2016 онд л гэхэд түргэн тусламжийн машинд зарцуулахаар ямар ч төсөв хөрөнгө батлаагүй. Ямар сайндаа бид тоног төхөөрөмжийн зардлаа түргэн тусламжийн машинд оруулах тухай санал гаргахав. Тиймээс ойрын хугацаанд Засгийн газарт санал тавина. Зөвхөн өнөөдрийн байдлаар 200 гаруй машины асуудал шийдэж байж аймаг, сумдад түргэн тусламжийн үйлчилгээг цаг тухайд нь хүргэх боломжтой болох нь” хэмээлээ.

0 Сэтгэгдэл
өгөх хэрэгтэй. Баянгол дүүргийн хүүхдүүдийн түргэнд дуудлага өгсөн чинь ганцхан машинтай, хүүхдээ өөрсдөө 7-р төв дээр аваад ир гэж хэлж байна. Ингэж болохгүй биз дээ. Машинаар сайн хангах хэрэгтэй. Мөн гэмтлийн эмнэлэгт ганцхан нисдэг тэрэг авч өгөх хэрэгтэй. Орон нутгийн замд гарч буй ослын хэрэгт нисдэг тэргээд хүмүүсийг аваад ирвэл хичнээн олон хүний амь аврагдах бол. Түргэнд машиныг гэмтэлд нисдэг тэрэг олгохыг ард түмэн шаардаж байна
Хамгийн их уншсан