Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Боломж болж харагдах Бор-Өндөр

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат олон хүний чихэнд чимэгтэй нэгэн мэдээлэл дуулгасан. “Монгол Улс нефть боловсруулах үйлдвэр барих ажлыг энэ онд багтаан эхлүүлнэ” гэлээ.

Монголчууд хийж, бүтээж чаддагаа өнгөрсөн жилүүдэд баталсан зам барилга, үйлдвэр гээд олон бүтээн байгуулалт нүдний өмнө сүндэрлэсэн. Монголд хийсэн гэж үү гэж гайхах өнгө, үзэмж, чанар сайтай бараа бүтээгдэхүүнүүд сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдааны лангуун дээр багталцахаа ч больж. Бусдын гарыг харж, бэлэн бүтээгдэхүүн, бараа импортоор оруулж ирээд гадаад руу мөнгөө зөөгөөд байх ашиггүй ч ойлгодог болсон. Тэгвэл одоо үйлдвэрийн салбарт илүү том зорилт бий боллоо. Хойд хөршөөс бүрэн хараат бензин шатахууныг хэрэгцээг шийдчихвэл ч гэх хүн цөөнгүй. Газрын тос хэмээх түүхий эд нь байгаа цагт нефть боловсруулах үйлдвэр мөрөөдлийн жагсаалтаас хасагдах боломжтой гээд байгаа юм. 2005 оноос хойш нефть боловсруулах үйлдвэр байгуулах тусгай зөвшөөрөл 15 компанид өгчээ. Гэвч тэдний “ажил” төсөөллөөс хэтэрсэнгүй 10 гаруй жил боллоо. Хувийн хэвшлийнхэнд боломж олгосон боловч чадна гэж цээжээ дэлдсэнээс хэтэрсэнгүй. Тиймээс олон ч төрлийн судалгаа, шинжилгээ, тооцоо хийсний үр дүнд ямар ч байсан хаана байгуулах вэ гэдэг байршил, урьдчилсан Техник эдийн засгийн үндэслэлийг нь хийгээд авлаа. Нефть боловсруулах үйлдвэрийн ажлыг энэ онд багтаан эхлүүлэхээр хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулалтыг ойрын хугацаанд зарлаж, ажлаа эхлүүлэх даалгавар Засгийн газраас Аж үйлдвэрийн сайдад өглөө.

Шалтгаан 1

Үндэсний аюулгүй байдлын хувьд нэг улсаас шууд хараат байдалд нефть боловсруулах дотоодын үйлдвэр цэг тавина. Манай улсын газрын тосны баталгаат зэрэглэлийн нөөцийг 332,64 сая тонн гэж тогтоож. Одоо бол газрын тосоо боловсруулахгүй түүхийгээр нь Хятад руу зөөсөөр л байгаа. 1998-2014 оны хооронд нийтдээ 25,34 сая баррель буюу 3,4 сая тонн газрын тос урд хөрш рүү дэлхийн биржийн үнээс ч хямдаар борлуулсан байна. Нефть боловсруулах үйлдвэртэй болчихвол газрын тосны экспортын үнэ өсөх өрсөлдөөн үүсэх боломжтой аж. Тэгвэл дотоодын үйлдвэрийн хэрэгцээг хангахаас гадна экспортлох газрын тос олборлож чадах уу гэх байх. Одоогоор Дорнодын Тамсагийн ордын хоёр талбайгаас олборлож буй. Өнгөрсөн онд гэхэд 1,2 сая тонны газрын тос олборлож, 1,05 сая тонныг түүхийгээр нь экспортолж. Энэ хэмжээг 2018 он гэхэд 1,6-1,7 сая тонн болтол нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Харин нефть боловсруулах үйлдвэртэй болбол одоогийн манай улсын хэрэглээ болох жилд 1,1 сая тонн бензин шатахуун үйлдвэрлэх хүчин чадалтай байна. Хайгуул хийгээд газрын тосны илэрсэн хоёр ч орд байгааг албаныхан хэлдэг. Нөөцийг нь тогтоогоогүй ч нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орж, ажиллаж эхэлтэл дээрх хоёр талбайгаас олборлох бололцоо бүрдэнэ гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, түүхий эдийн хомсдолын талаар бодохын ч хэрэггүй. Энэ бол нөгөө үйлдвэрлэгч байя гэж хэдэн ч жил тоть мэт давтаж буй үгийг бодит ажил болгох нэг боломжийн тухай асуудал юм. 
    
Шалтгаан 2

“Шатахууны үнэ дэлхийн зах зээл дээр унаад байхад Монголд яагаад буурахгүй байгаа вэ” гэдэг асуулт гардаг. Импортын гаалийн татварт 5 хувь, нэмэгдсэн өртгийн албан татварт 10, онцгой татвар 10 хүртэл хувийн татвар төлдөг байна. Ингэхээр хил дээрээс нэг литр шатахуун 1200 орчим төгрөг болоод, бүх татвар нэмэгдэхээр ойролцоогоор 1570 орчим төгрөг болдог юм байна. Мэдээж, импортлогч компаниудын ашиг нэмэгдээд хэрэглэгчдэд хүрдэг учир дэлхийн зах зээлийн ханшийг харж, буулгах боломжгүй болдог гэлээ. Энэ бүх татварыг авах нь төсөвт бас чухал байгаа гэсэн тайлбар ч бий. Нефть боловсруулах үйлдвэртэй болчихвол энэ татварууд байхгүй болж, үйл ажиллагааны татварыг ногдуулах учир шатахуун хэрэглэгчдэд өндөр үнэтэй хүрэхгүй гэсэн үг.
Импортоор оруулж ирдэг шатахууны 95 хувийг ОХУ, үлдсэнийг нь Хятад зэрэг бусад орноос авдаг. Жилдээ дунджаар 1,2 орчим сая тонн газрын тосны бүтээгдэхүүн манай улс импортлож, түүндээ нэг тэрбум гаруй ам.доллар зарцуулдаг. Улсын төсвийн 30 орчим хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг зөвхөн бензин шатахуун авахад л зориулдаг гэсэн үг. Шатахууны хэрэглээ цаашдаа буурах нь битгий хэл өсөх хандлагатай байгаа аж. 2020 онд 1,8-2 сая тонн, 2025 онд 2,5 сая тонн болж өсөх төлөв бий гэж мэргэжилтнүүд тогтоожээ. Тэгэхээр бидэнд оросуудад тэрбум гаруй ам.доллар өгсөөр байх уу, түүхий эдээ түшиглэн нэмүү өртөг шингээхийн хажуугаар дотоодынхоо хэрэгцээг нийлүүлэх нефть  боловсруулах үйлдвэртэй болох уу гэдэг хоёр сонголт бий. Мэдээж, сонголт нефть боловсруулах үйлдвэртэй болох учраас санал асуулга явуулах ч шаардлага үгүй. Ерөөсөө л энэ тэрбум гаруй ам.долларыг Монголдоо үлдээх нь эдийн засгийн ач холбогдолтой нэг том шалтгаан.

Яагаад Бор-Өндөр гэж

Нэг хэсэг Дарханд нефть боловсруулах үйлдвэр барих талаар ярьсан ч тэгсгээд таг чиг болсон. Дарханд үйлдвэр баривал тээвэрлэлтийн зардал өндөр байх тооцоо гарчээ. Нефть боловсруулах үйлдвэрийн хувьд түүхий эдийн байршил, дэд бүтэц, төмөр зам эсвэл хоолойгоор дамжуулах тээвэрлэлт, цахилгаан эрчим хүч, ус зэрэг олон талын боломжоо харж байршил чухал. Ингээд тооцоо хийгээд үзэхэд нефть боловсруулах үйлдвэрийг Чойр, Сайншанд, Чойбалсан, Бор-Өндөрт байгуулах нь илүү боломжтой байж. Дээр дурдсан бүх талын судалгааг хийхэд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт байгуулах нь тал бүрийн оновчтой шийдэл байх тооцоо гарчээ. Урьдчилсан ТЭЗҮ-ээр. Түүхий тосоо Тамсагаас төмөр зам, хоолой хоёрын аль нэгээр татаж, боловсруулаад төмөр замаар тээвэрлэнэ. Нэг км төмөр замыг 2,5 сая ам.доллар, нэг км хоолой тавихад 400 мянган ам.долларын зардал гардаг байна. Тэгэхээр Бор-Өндөр рүү хоолой тавихад 264,5 сая ам.доллар болох аж. “Монголросцветмет”-ийн жоншны уурхайн цахилгаан станц 110Квт-ын шугамтай, 50 км усны хоолой, Хэрлэн голтой хамгийн ойр, Чойр хүртэлх төмөр замаар тээвэрлэлт хийх зардал бага гээд хувьсгалын тохироо бүрдэнэ гэдэг шиг таатай боломж энд бүрджээ.

Боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулах үндэсний компанийн оролцсон консорциумыг сонгон уралдаант шалгаруулалт зохион байгуулах, тус төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтын хэлэлцээ хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Засгийн газраас Д.Эрдэнэбат сайдад үүрэг болгосон. Төр “Алтан хувьцаа” эзэмших байдлаар хяналт тавьж, дамжуулах хоолойг концессоор зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх төрлөөр гүйцэтгүүлж, төр зэмэших юм. Хэрэв Нефть боловсруулах үйлдвэрийн шийдвэр үндэсний аюулгүй байдалд харшлах байвал, татан буулгахаар болбол, үнэ тарифын хувьд өөрчлөлт оруулах гэвэл төр “Алтан хувьцаа” эзэмшигчийн хувьд хориг тавьж, оролцоно. Үйлдвэрийг 1,6 тэрбум ам.доллараар хөрөнгө оруулалт хийж барьж байгуулах тооцоо бий. Боловсруулах үйлдвэр 1,3 тэрбум ам.доллар, газрын тосны дамжуулах хоолой 264,5 сая ам.доллар, жилд 1,55 тэрбум ам.долларын борлуулалт хийх, жилийн цэвэр ашиг 160 сая ам.доллар гэж үзвэл хөрөнгө оруулалтаа найман жилийн дотор нөхөх юм байна. Нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор 600 гаруй ажлын байр нэмэгдэх юм. Дэлхийн зах зээл дээр баррель түүхий тосны үнэ 30-60 ам.доллар байх үед Бор-Өндөрийн нефть боловсруулах үйлдвэр бүтээгдэхүүнээ 866-1244 төгрөгөөр гаргах тооцоо хийжээ.

0 Сэтгэгдэл
Урд нь за бараг 15 орчим жил нефтийн уйлдвэр гэж ечнеен компаниуд тесел хийсэн. Суулд Дарханд хийнэ гээд баахан Япончуудыг хошгируулсан тэгээд байхгуй. Одоо хоншоортой юм бол энийг эхлуулчихаэл бас АН-ыг унэлье.
ИНГЭЖ ЗОРИГТОЙ ШИЙЙДВЭР ГАРГАСАН ЗАСГИЙН ГАЗАР, САЙД ХОЁР БАРАГ Л БАЙХГҮЙ ШҮҮ. МОНГОЛЫН ГАЗРЫН ТОСНЫ БАЙРШЛЫГ ХАРГАЛЗСАН ЗӨВ ГАЗРАА СОНГОСОН ЗӨВ ЗҮЙТЭЙ БОДЛОГО БАЙНА ДАА.
Хамгийн их уншсан