Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийг зөв залахгүй бол цахим ертөнц буруу тийшээ хөтөлнө


Фейсбүүк гэгч 1,6 тэрбум хүнийг нэгтгэсэн их орон зайд жижигхэн Монголын гурван сая хүний сая нь сэлж яваа юм. Үүний дийлэнх нь өсвөр насны хүүхдүүд. Үүрэн телефоны Мобиком компанийн хийсэн судалгаанаас харвал ухаалаг утасны хэрэглээ өнгөрсөн жил 40-45 хувийн өсөлттэй байсан үүнийн ихэнх хувийг хүүхдүүд эзэлж буй гэнэ.

Тэдний хувьд фейсбүүк болон бусад цахим сайтыг зохистой ашиглаж чаддаггүй төдийгүй хувийн мэдээллээ бусдад алдах, үүнээсээ болж ямар нэг хэлбэрээр барьцаалагдах, хүчирхийлэлд өртөх, тохуурхагдах зэрэг эрсдэлд орох нь болжээ. Өнгөрсөн 2014 онд цахим ертөнцөд хуурамч хаяг ашиглан охидын зургийг цуглуулдаг, дарамталж бэлгийн харьцаанд орсон хэрэгтэнг цагдаагийнхан илрүүлэн, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн.

Дахин ийм хэрэг гарахгүй гэх ямар ч баталгаа байхгүй, үнэндээ эмх замбараагүй сошиал ертөнц бидний амьдралд хэтэрхий их орон зай эзэлж байгааг байнга санаж, эцэг эхчүүд хүүхэддээ ямагт анхаарал тавьж байхад гэмгүй гэдгийг цагдаагийнхан болон хүүхдийн байгууллагын зүгээс сануулсаар байгаа юм.
“Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь хэлэлцүүлэг өчигдөр Шангри-Ла зочид буудалд бол хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус мөн Харилцаа холбооны зохицуулах хороо, НҮБ-ын хүүхдийн сан зэрэг холбогдох байгууллагын төлөөллүүд оролцлоо.

 УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хэлснээр цахим орчны хүүхэд хамгаалал бол эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн хяналт тавихад бэрхшээлтэй асуудал. Зөв шийдлийг олж чадахгүй бол хүүхэд эрсдэлд орж, хор уршгийг амсдаг. Тиймээс  эрхзүйн орчиндоо анхаарал хандуулан сайжруулж, холбогдох салбарууд хамтран ажиллах хэрэгтэй байгаа юм. Хүүхдийн төлөө үндэсний газраас танилцуулсан судалгаанаас харахад Монголын хүүхдүүдийн 50-аас дээш хувь нь интернэт хэрэглэдэг бөгөөд 47 хувь нь хоёр болон түүнээс дээш фейсбүүк хаягтай байсан аж.

Хүүхдүүдээс интернэт хэрэглэснээр ямар мэдрэмж авдаг вэ гэж асуухад судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 40 гаруй хувь нь ядардаг, айдаг, уурладаг гэж хариулсан гэнэ. Түүгээр зогсохгүй өөрсдийнхөө бичсэн мэдээллийн дор 37 хувь нь сөрөг сэтгэгдэл авдаг гэсэн хариулжээ. Сэтгэцэнд ийн асар их нөлөөлөөд зогсохгүй бэлгийн мөлжлөг хийгээд гэмт хэрэгт ч түлхэн оруулж болзошгүй цахим ертөнцөд хүүхдүүд маань хэрхэн биеэ авч явах ёстой вэ. Мэдээж мэдээллийн эрин зуун хэмээх тодотголт энэ зуунд хүүхдийг интернэт ертөнцөөс шууд тусгаарлах ямар ч боломжгүй. Тиймээс зөв хэрэглээний талаарх мэдлэг мэдээллийг тогтмол өгч байх нь эрсдэлд орохоос сэрэмжлэх арга гэдгийг олон улсын байгууллагын мэргэжилтнүүд хэлж байсан юм.
ECPAM олон улсын байгууллагын хөтөлбөрийн захирал Мари Лаура Леминеурын илтгэлээс харвал хүн төрөлхтөн өдөрт 1,8 тэрбум зураг интернет орчинд оруулдаг байна. Энэ зургийн 7900 орчим нь хүүхдийн бэлгийн мөлжлөгтэй холбоотой байна гэсэн судалгаа Майкрософт гаргажээ. Мөн Канадын Цагдаагийнхан интернэт орчин дахь ийм зураг нь АНУ-ын Конгрессын номын сангаас дөрөв дахин их хэмжээтэй байна гэсэн дүгнэлт гаргасан гэжээ. Үнэхээр сэтгэл эмзэглэм тоо баримт. Түүний хэлснээр интернэтийн талаар мэдлэг багатай, тэр бүр энэ орчинд байдаггүй хүүхдүүд бэлгийн мөлжлөгийн хохирогч болох нь илүүтэй байдаг аж.
 НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бенес “Сүүлийн үед урьд нь сонсч байгаагүй эрсдэлүүд цахим орчинд гарч байна. Энэ эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд олон салбарыг хамарсан боломжоо ашиглах хэрэгтэй. Монгол улсад одоогоор цахим ертөнцөөс үүдсэн эрсдэл бүхий бодит жишээ гаргаагүй учраас урьдчилан сэргийлэх боломжтой. Гол нь эцэг эхчүүд хүүхдээ үл ойлгосонтой холбоотойгоор эрсдэл гарч ирдэг юм” хэмээн ярив.
Гэхдээ эрсдэл Монголд нүүрлээд ирчихсэн гэдгийг та бид бүгд мэдэхийн дээдээр мэдэж байгаа юм. Тиймээс хууль эрхзүйн орчинд анхаарал хандуулахаас гадна эцэг эхийн мэдлэг мэдээллийг ч сайжруулах нь чухал гэдэг нь тодорхой.
Харилцаа холбооны зохицуулах холбооноос “цахим орчны хувьд манай улсад хууль бус үгс ашигласан сурталчилгаа, цахим орчны дарамт, садар самуун явдал зэрэг түгээмэл байна. Үүнийг Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль, Эрүүгийн хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам, Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага, Интернэтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай нөхцөл шаардлага зэрэг хууль дүрэм журмаар зохицуулдаг” гэж байгаа юм.
 Гэвч Америкт төвтэй Фейсбүүк бол бидний мэдлийнх биш. Хэдийгээр тус компанийн офиссоос хууль бус зүйлийг хянаж байдаг ч энэ нь хангалттай биш. Тиймээс эцэг эхчүүд л цахим ертөнцийн талаар өргөн ойлголттой байж хүүхдээ хянаж цагдахаас илүүтэйгээр зөв хэрэглээнд сургах нь чухал гэдэгт хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгдэж байлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан