Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Энхдалай: Алтаншагайн өгсөн “Оскар” надад байгаа


-Баатар найруулагчтай хамтарч “Хөх чоно” Дамдин баавайн амьдралын тухай кино хийхээр төлөвлөсөн-

Э.ГАНЦЭЦЭГ

“Academy awards-2013” наадмаас “Ерөнхийлөгчийн туслах” уран сайхны киногоороо “Өсөх ирээдүйтэй залуу найруулагч”, хоёр жилийн дараа “Аав” уран сайхны киноны зохиолоор “Шилдэг зохиолч” шагнал тус наадмаас хүртсэн залуу найруулагч М.Энхдалайтай амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.  

-Кино урлагийн дээд сургуулийг ямар мэргэжлээр төгссөн бэ. Үнэндээ найруулагч гэдэг мэргэжлийг тэр бүр хүн сонгож аваад байхгүй л дээ?
-Урлагийн хүн болно гэж бодож, мөрөөддөг байсан ч дунд сургуулиа дүүргээд тэс өөр мэргэжлээр суралцаж байлаа. Тэр сургуульдаа бараг гурван жил суралцаад төгсөхийн алдад  Кино урлагийн дээд сургуульд элсэх завшаан тохиосон юм. КУДС-д орсон миний түүх их сонин. Урлагийн бүхий л сургуулийн хаалгыг татаж, “үгүй” гэдэг хариу сонссоны хамгийн сүүлийнх нь КУДС байв. Найруулагч Ж.Өнөржаргал ах багшид намайг агуу жүжигчин Дамдинбазар гуайн зээ хүү гэж худлаа хэлснээр Х.Энхжаргал багш надад элсэх зөвшөөрөл олгож, энэ сургуулийн босгыг давж билээ. Анхны багш маань найруулагч Хэнмэдэхийн Энхжаргал. Ангидаа намайг авах их дургүй байж билээ.

-Их сонин түүх байна?
-Харин тиймээ. Хэрэв би КУДС-ийн үүднээс итгэл алдраад гутлынхаа үдээсийг замын цаана гараад үдье гээд шууд явчихсан бол Өнөрөө ахтай таарахгүй. Гутлын үдээсээ үдэх санаатай зогсч байгаад л таарсан. Урлагийнхан “Мангас” Өнөрөө гэхээр сайн мэднэ дээ. “Үгүй” гэх хариулт сонсчихоод урвайж явсан намайг кино урлаг руу хөтөлсөн хүн бол  энэ хүн.

-Ангидаа авах дургүй байсан багшдаа хэрхэн үнэлэгдэж байв. Төгсөхөд чинь чи бол уран бүтээлч хүн болж чадна гэж хүлээн зөвшөөрсөн биз дээ?  
-Энхжаргал багшийн удирдлаган дор хоёр жил сурсан. Гуравдугаар курсээс манай анги хоёр салж багш маань “Харцага” дээд сургууль руу хэсэг оюутнаа аваад явсан юм. Тэгээд л Баатар найруулагч манай ангийг авч, төгсөх курс хүртэл удирдсан. Харин миний практикийн багш Ардын жүжигчин Жигжидсүрэн. Жийгээ багшаас их зүйлийг сурч, мэдсэн дээ. Энхжаргал багш бол миний мэдрэмжийг нээж өгсөн жинхэнэ багш хүн.  Хүний төлөө амьдрах гэж л төрчихсөн хүн юм шиг санагддаг. Одоо бодоход ирээдүйд хэн болохыг минь яг л онож хэлсэн байна билээ. “Чи яг л “Амьдрах сайхан “ киноны аавтай адилхан санагддаг юм” гэж хэлэхэд нь би гайхаж байж билээ. Хожим үзэхэд,  нээрээ л тэр аавын дүр миний дотоод ертөнцтэй их төстэй байсан шүү. Энэ мэт хүн бүрийн онцлог, давуу талыг нээж өгдөг байлаа. Найруулагчийн олон тодорхойлолт бий л дээ. Тэр дундаас “Олон цоожинд таардаг түлхүүр” гэж багш минь намайг хэлж билээ. Харин манай ангийн Отгонбатад “Жүжигчин болвол илүү амжилтад хүрнэ” гэж хэлснээр тэр жүжигчин болсон нь ч оносон. Багш сургууль дээр илүү цагаар хонож, өнжин ажиллаж, бидэнд хичээл заана. Би гэдэг хүн 2007 онд Баатар багшийнхаа удирдлага дор КУДС-ийг найруулагч мэргэжлээр төгссөн. Харамсалтай нь, Энхжаргал багш биднийг төгсдөг жил өөд болсон юм.

-Танай ангийнхнаас мэргэжлээрээ ажиллаж байгаа нь тун олон гэж сонссон?  
-Ангийнхан бараг бүгдээрээ  мэргэжлээрээ ажиллаж байгаа. “Милл” кино компанид Лхагважаргал найруулагчаар, Мөнхбат зохиолчоор, манай ангийн ассэнт багш Энхболд зөвлөхөөр ажилладаг. Бас  “IMIGE” энтертайнмэнтэд Батсүх, Сүхболд нар ажиллаж байна. “Боловсрол” телевизийн ерөнхий найруулагч Дамдинсүрэн мөн л манай анги. “Цэгц Фильм” гээд баримтат киногоор дагнан ажилладаг студид  Анхбаяр бий.

-Таны анхны уран бүтээл “650” инээдмийн кино. Тухайн үед нэлээн шүүмжлүүлсэн санагдаж байна. Хүнд байсан уу?
-Дөнгөж сургуулиа төгсөөд “650” инээдмийн уран сайхны кино хийж байлаа. Миний анхны кино уран бүтээл. Киногоо хийх гээд хөрөнгө мөнгө хайж бараг жил болсон байх. Зохиол бичигдсэнээс жилийн дараа 2009 онд үзэгчдийн хүртээл болсон юм. Кино багийнхан маань надаас бусад нь оюутнууд. Сургуулиа төгссөн нь ганц би. Гол дүрийн дөрвөн жүжигчин КУДС-ийн 1-4 дүгээр курсийнхэн. Тэр үед “Шинэ үе” продакшны “Буруу эргэлт”, “Х Түц”-ийн “Миний хөрш чөтгөр” гээд олон сайн кинотой зэрэгцэн “650” кино маань нээлтээ хийсэн. “Шатжээ” л гэж айж байтал харин ч эсрэгээрээ хүмүүс их үзэж, анхны уран бүтээл гэхэд чамлахааргүй амжилт олсон. Анхны бүтээл алдаа их л байсан байх. Гэхдээ оносон нь нь алдсанаасаа илүү гэж боддог юм. Гэхдээ хэвлэлээр намайг муугаар бичиж,  киног маань хүмүүст буруугаар ухуулах бүрт сэтгэлээр унадаг байсан. Сүүлдээ ч дасч эхэлсээн. Энэ бүхний ард хэн байгаа вэ гэдгийг мэдсэнээс хойш.

-Киногоороо дамжуулж хэлэх гэсэх санаа нь өвөрмөц байсан. Зохиолоо өөрөө бичсэн юм уу?
-Тийм. Өөрөө бичсэн. Зохиол бичих санаа орж ирсэн нь бас л сонин. Нэг хэсэг би подвольд ганцаараа амьдардаг байсан юм. Шалаа угааж байгаад зурагтаар “тв чат” гарч байхыг хараад энэ бүхний цаана юу байдаг бол гэж сонирхож, бас ч үгүй судалж зохиолоо бичсэн.

-Нууц биш бол хэдэн төгрөгөөр бүтсэн бэ?
-10 хүрэхгүй сая төгрөгөөр бүтсэн.
 
-Тэр өдрөөс өнөөдрийг хүртэл хэдэн кинон дээр ажиллав?
-Найруулагчаар таван кинон дээр ажилласан. Бүрэн хэмжээний “650”, “03:30”, “Ерөнхийлөгчийн туслах”, “Бид 3-ын болзоо”, олон ангит “Цахлай нисэх гэж төрдөг” зэрэг кинон дээр ажилласан. “Аав” киноны зохиолыг бичсэн болохоор ажилласан гэж хэлэхгүй. Зохиолч, найруулагч гэдэг өөр шүү дээ.
 
-Нэлээд олон төрөл, жанрын бүтээл дээр ажилласан байна. Инээдмийн, аймшгийн, гэр бүлийн сэдэвтэй гээд. Найруулагчаас өөр өөр ур чадвар шаарддаг байх?
-Найруулагч хүн олон төрөл, жанраар оролдож, өөрийгөө сорьж үзэх нь чухал гэж боддог. Суралцаж л явна. Дэлхийн жишгээр найруулагч хүн 40 наснаасаа эхэлж суралцдаг гэдэг. Тэр хүртэл би ч болоогүй л байна.

-Кино зохиол хэзээнээс бичиж эхлэв?
-2008 оноос. Хав дарсан олон сайхан санаа бий. Төрөл, жанр бүр дээр бодсон  зүйл ч олон байгаа. Цаг нь болохоор бичнэ дээ.

-Зохиолоо яагаад өөрөө бичих болов? Сайн кино зохиол үнэхээр олдохгүй байна уу. Олон найруулагч ингэж ярихыг сонссон шүү?
-Бэлэн зохиол хайх биш өөрөө бичээд сурчихвал хэрэгтэй гэж бодсон. Тэгж л бичиж эхэлсэн. Өөрийн гэсэн арга барил эрэлхийлж байгаа юм.  Эхлээд өөрийнхөөрөө бичдэг байлаа.  Харин өнөөдрийн хувьд олон улсын кино зохиолчдын арга барилаас суралцаж, хослуулж явах гэж хичээж байна. Энүүхэндээ болоод л байна.

-“Аав” киноны зохиолыг өөрийнхөө амьдралаас сэдэвлэж бичсэн гэж байсан. Тийм үү?
-Үнэн. Кино урлагийн дээд сургуульд элсдэг жил тийм зүйл тохиолдсон юм. Би чинь үнэндээ амьдрал зохиож үзээгүй байхдаа аав болсон хүн дээ.

-Тэгэхээр хэдэн настайдаа аав болсон гэсэн үг вэ?
-20 насандаа.

-Одоо охин нь хэдтэй вэ?
-Охин бишээ хүү. Зохиол дээрээ охин болгочихсон юм. Тэр үед л энэ болж байгаа бүхнээр кино хийнэ дээ гэдэг гэнэн бодол тээж, гэнэт л бичиж эхэлсэн.

-Сайн киноны үндэс нэгдүгээрт зохиол, хоёрдугаарт зохиол, гуравдугаарт зохиол гэж хэлсэн байдаг. Манайд сүүлийн жилүүдэд хийгдэж байгаа киноны талаар хоёулаа ярилцах уу?
-Нэг хэсэг нь сайжраад, нөгөө хэсэг нь доош чангаагаад байх шиг. Мэдээж сайн кинонууд байна. “Зангараг”, “Ар хударга” гэх мэт. Мөн Ж.Сэнгэдорж найруулагчийн кинонуудыг нэрлэж болно. Тэднээс суралцах зүйл надад их бий.

-Мэдээж бүх зүйлд уламжлал, залгамж гэж бий. Монголын кино урлагийн шанг татаж, зам тавьсан алтан үеийнхнээсээ суралцдаг байх. Тэдгээрээс хэнийг үлгэр дуурайлал гэж үздэг вэ?
-Тэгэлгүй яахав. Найруулагч Жигжид, Балжинням, Жигжидсүрэн нарыг хүндэтгэж, тэднээс суралцахыг хичээдэг. “Academy awards-2015” кино наадмын тайзнаа Балжинням найруулагчийн гараас “Шилдэг зохиолч” шагнал хүртсэндээ маш их баярладаг. Жигжид гуайн нэрэмжит сургуулийг төгссөндөө ч баярладаг. Жигжидсүрэн багшийн гараас эрт орой хэзээ нэгэн цагт ямар нэг шагнал авна гэдэгтээ итгэдэг шүү.

-Шагналаа атгаад зогсож байсан үеийнхээ сэтгэгдлээс хуваалцаач?
-“Academy awards-2013” наадмаас “Ерөнхийлөгчийн туслах” киногоороо “Өсөх ирээдүйтэй найруулагч” шагнал авч байлаа. Тэр өдөр шагнал авна чинээ бодоогүй болохоор сандраад сүйд болсон. Өнгөрсөн жил  “Шилдэг зохиолч” шагнал гардах мөчид дэмждэг хөлбөмбөгийн баг маань өрсөлдөгчийнхөө хаалганд  гоол хийж байгаа мэт мэдрэмж төрөөд өөрийн эрхгүй орилчихсон. Уг нь, “Ар Хударга” юм уу, “Аюултай харилцаа” авах байх гэж бодсон. Гэхдээ Балжинням найруулагч шагнал гардуулна гэхэд “би байгаасай” гэж дотроо их залбирсан. Агуу найруулагчийн  гараас шагнал авсан тэр мөчийг хэзээ ч мартахгүй.  Хэт их баярлаад  Балжаа найруулагчийг нэлээн удаан тэврээд зогссон байна билээ.

-Найруулагч бүрт өөрийн гэсэн арга барил бий. Дамдин найруулагч л гэхэд ямар нэг обьект, үзэгдлээр гол санаагаа илэрхийлдэг байсан. “Амьдралын нахиа” киноны мод тайрдаг хэсгийг хараад зүрх зүсэх шиг мэдрэмж төрдөг. Таны хувьд?
-Кино бүртээ зохиолынхоо агуулга, утга санааг илэрхийлсэн үзэгдлүүдийг шигтгэхийг хичээдэг. Гэхдээ яг нэгэн хэвийн зүйл биш шүү дээ. Өөрийн амьдралтай салшгүй холбоотой ямар нэг зүйлийг бүтээл бүртээ заавал шингээдэг. “Любэ” хамтлагийн дуртай дуунаасаа, хөлбөмбөгийн “Ливэрпүүл” клубийн бэлэг тэмдгийг яаж ийж байгаад кинондоо оруулчихдаг.

-Ахин дахин үзсэн ч уйддаггүй бас ямар нэг зүйлийг шинээр олж хараад байдаг кино бий юу?
-Гадны бүтээлээс “Амьдрах сайхан”, “Форрест Гамп”, Монгол кино гэвэл “Анхны алхам”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Хүргэн хүү” гээд олон бий.  

-Найруулагч хүн олон кино үзэх хэрэггүй. Хуулбарлана гэх юм билээ. Та үүнтэй санал нийлдэг үү?
-Үзмээр санагдсан үедээ үзэж, үгүй бол үздэггүй. Гэхдээ сайн кинонуудаас санаа авах тохиолдол бий.  Таалагдсан үзэгдлээ өөрийн уран бүтээлд тусгах бодол төрдөг.

-Гадаадын найруулагч­даас хэнийг онцлох вэ?
-Мэдээж Стивэн Спилбэрг, Жэймс Кэмерон, Никита Михалков, Жан Имоу гээд өнөө цагийн кино ертөнцийг өнгөлж яваа найруулагчдыг хэлнэ. Саяхан “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Алтаншагайн гэрт зочилж, мах чануулж идэв. Тэгэхэд гэртээ байсан жижигхэн “Оскар”-ыг Шагай надад бэлэглэсэн юм. Их бэлгэшээж байгаа.

-Холливуд хүрсэн жимтэй болчихсон юм чинь “Оскар” ойрхон биз. Таны хувьд кино гэж юу вэ? Кино найруулагч гэж хэн бэ?
-Кино бол амьдрал шүү дээ. Найруулагч амьдралыг сонирхолтой бас ээдрээтэй, сайхан муухай гээд аль замаар хэрхэн явуулахыг шийддэг. Нэг ёсондоо киноны хувь заяаг тодорхойлогч шүү.

-Тайзны бүтээл хийх бодол бий юу?
-Энэ тал дээр бодсон юм их бий. Оюутан байхдаа Баатар найруулагчийг хөндлөнгөөс харж, тэр хүний тайзны арга барилаас суралцаж ирсэн. Тайзны уран бүтээлийн тухай ойлголтыг тэр хүнээс олж авсан. Баатар найруулагчтай хамтарч Улсын драмын эрдмийн театрын ахмад жүжигчин “Хөх чоно” Дамдин баавай гуайн амьдралаас сэдэвлэсэн кино хийхээр төлөвлөж байгаа. Зохиолыг нь бичээд Дамдин гуайд өгчихсөн. Дамдин гуай ээждээ зориулж бүтээж байгаа юм.
Анх Баатар найруулагч кино зохиол бичих санал надад тавьж, Дамдин гуайн хөрөг номоос сэдэвлэж бичсэн. Номыг нь уншаад сэтгэл их хөдөлсөн.

-Ирээдүйн Энхдалайг хоёулаа нэг төсөөлөөд үзэх үү, Оскар атгачихсан, олон бүтээл төрүүлчихсэн гээд л...?
-Эх орныхоо нэрийг дэлхийд гаргах тийм л бүтээл хийнэ. Тэр болтол туршлага суух, байр сууриа олох, өөрийгөө хөгжүүлэх, гадаад хэл сайн сурах гээд амжуулах олон зүйл байна.  Алтаншагайгийн надад өгсөн жижигхэн ч гэсэн “Оскар” надад байна шүү дээ.

-Мөрөөдлийн кино маань төрөл, жанрын хувьд ямар байх бол?
-Драм байх болов уу.

-Мэргэжлийнхээ сайхан, бас хэцүүг  мэдэрч амжсан уу?
-Хэцүү нь хийж бүтээх гээд явж байхад тулгардаг бэрхшээл юм уу даа.  Анхны киногоо хийх гээд зүдэрч явахдаа хэцүүг нь мэдэрч билээ. Бүтээлийнхээ ард  гарчихаад,  үзэгчдийн дунд суугаад киногоо үзэж дуусгаад хүмүүсийн алга ташилтаас мэдэрдэг тэр л мэдрэмж үнэхээр сайхан. Оюутан байхаасаа л  курсийн ажил, диплом хамгаалах ажил зэргээсээ урам авч сайхныг нь мэдэрч эхэлсэн шүү.

-Найз бүсгүйтэй юу?
-Байхгүй.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ? Кино үзээд л суудаггүй байх.
-Найзуудтайгаа хөлбөмбөг тоглоно, үзнэ. Хүүтэйгээ цуг кино үзэж, хөлбөмбөг тоглодог. Гэртээ ганцаараа үедээ гитар бариад суучихна. Бас тэрүүхэндээ үг, ая холбоно оо.

-Тал талын авьяастай байх нь. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна? “Мөрөөдлийн театр”-ынхантай хамтарч байгаа гэсэн.
-“Мөрөөдлийн театр”-ынхан инээдмийн кино хийх гэж байгаа. Киноныхоо ерөнхий санааг хэлсэн. Тэрний дагуу зохиолыг нь бичиж эхэлсэн. Энэ киноны найруулагчаар ажиллах саналыг тэд тавьж, би ч баяртай хүлээж авсан. Мөн эх хүн, сайхан ээжийн тухай кино хийхээр зэхэж байна. Зохиол нь нэлээд явчихсан. Өмнөх ажлуудаа бараадахвал ханцуй шамлаад л дайрна даа. “Аав” шиг цахиур хагалах бүтээл болно гэж итгэж эхлүүлсэн.

-Энэ тухай чинь сонссон юм байна шүү. Ээжүүдээс захидал хүлээж авна гэж та бичсэн байсан. Хэчнээн захидал ирсэн бэ?
-Тоолж үзсэнгүй. Миний цахим хуудсанд нэлээн олон захидал ирсэн. Нэг хэсэгтээ л захидалд даруулсан. Бүгдийг нь, нэг бүрчлэн уншиж танилцсан. Хүний амьдралд төсөөлшгүй олон л юм болдог юм билээ.
Монгол ээжийн сэтгэлийн хат, ур ухаан, энэрэл хайрыг харуулсан сайхан кино хийхийг хүсч, зохиолдоо тэр бүгдийг буулгаж байна. Гэхдээ, миний бодол л доо. Үзэгчид сэтгэгдэл өндөр байна байх. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэгчээр зохиол нь ч дуусаагүй байж үзэгчдийн сэтгэгдэл бодохтойгоо байна шүү.

-Сайхан бүтээл болох байх.  “Бүтээлч залуу” булангийн маань анхны зочноор оролцсонд баярлалаа. Ингэхэд бүтээлч залуу гэж ямар хүнийг хэлнэ гэж та бодож байна?
-Зорилгоо бодит болгон хэрэгжүүлдэг хүнийг л хэлэх байх. Амьдралд бууж өгдөггүй хүн ч гэж  болно.

-Залуустаа хандаад нэг сайхан уриалга хэлээч?
-Цаг хугацааг хашраах хэрэгтэй. Үгүй бол тэр намайг хашраана. Миний ертөнц нэг иймэрхүү.
Харин  чи өөрийн дотоод ертөнц дэх үнэт зүйлээ бодит зүйл болгож олон хүмүүст түгээгээрэй. Нэг л амьдарна шүү дээ. Боломж бүхнийг ашиглаарай. Дараа нь харамсахгүйн тулд бүү ай, бүү шантар. Залуу хүн завтай байна гэдэг эмгэнэл. Зүгээр битгий суу л гэж хэлье дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан