Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэлэнгэ аймгийн Засаг даргад хилийн оочер хамаардаггүй

Нэг нэсэгтээ өмнөд хөршийн Эрээн хот руу чиглэж байсан Монгол наймаачдын цуваа  өдгөө ОХУ–руу чиглэв үү гэлтэй. Энэ нь ОХУ-ын рублын ханш бууж,  монголчуудын хувьд бараа бүтээгдэхүүн худалдан авах боломж нэмэгдсэнтэй холбоотой болов уу.

Ямартай ч  Монголд хамгийн ойр гэдэг утгаар ОХ-ны Буриад улсын нийслэл Улаан-Үд хот руу чиглсэн Монголчуудын “цуваа” үргэлжилсээр байна. Үүнээс үүдэн Алтанбулагийн хилийн боомт дээр  урт хугацааны  очер дараалал үүсэж, зорчигч иргэдийн “зутарсан” байдал илэрхий харагдана. Бидний хувьд аялалын автобусаар явсан боловч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хилийн боомт дээр 01:00 цагт очоод  дугаарлаж зогссоор өглөөний 08:00 цагийн орчимд Монголынхоо хилийг сая нэг юм нэвтэрлээ.

Харин хувийн автомашинтай хил нэвтрэхээр зорьсон иргэдийн цуваа км гаруй урт үргэлжилсэн харагдах бөгөөд зарим нь  хил дээр 48 цаг дугаарлаж байгаагаа хэлж байна билээ.

Алтанбулагийн хилийн боомтод анхаарах зүйл олон байгаа нь ажиглагдлаа. Хилийн шалганы ойролцоо наанадаж хүмүүс байрлах дэн  буудал, дулаан цайны газар байхгүйн улмаас хил гарах гэсэн иргэд бүгд машин дотроо машинаа халаан сууж байх юм. Дээр нь  00 байхгүйн улмаас тэр орчмын  булан тохой нэлдээ шээсэн котак болсон  байна гэж хэлэхэд нэг их хилсдэхээргүй болжээ.

Гэтэл хил нэвтэрч байгаа иргэд тус бүрээс Алтанбулаг сумын захиргааны шийдвэрээр хог хаягдлын зардал гэж 500 төгрөг авах юм. Хилээр нэвтэрч байгаа хэдэн мянган иргэдээс авч байгаа энэ 500 төгрөг хаашаа орж, юунд зарцуулагддагыг Алтанбулаг сумын удирдлага, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрынхан тайлбар өгөх нь зүйтэй бизээ. Зорчигч иргэдэд зориулан  бие засах 00, хог хаяг хогын цэггүй атлаа хог хаягдлын хурааж хэмээн иргэн тус бүрээс  500 төгрөг авч байгаад олон иргэд гайхаж, бас бухимдаж байна билээ.

Аялагчдын автобус 6 цаг дугаарлан байж  Монголын хилийн шалган руу орж байх үед Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат СЭА 0001 улсын дагаартай албаны автомашинаараа 2 жижиг тэрэг дагуулан хилийн шалган ру уорж, Оросын хил нэвтрүүлээд буцаж байгаа нь олон хүний дургүйцлийг төрүүлж байлаа.

Сэлэнгэ аймгийн болоАлтанбулаг сумын удирдлагуд та бүхэн энэ асуудлуудда анхаарлаа хандуулан ажиллах нь зүйтэй болов уу?

Аялагч бидний хувьд сая нэг Монголын хилээ нэвтэрсэн ч баярлах болоогүй байлаа. Өглөөний 09:00 цагаас оросын хил дээр ирсэн аялагчдыг Оросын хилийнхэн өдрийн 16:00 цаг хүртэл хүлээлгэлээ. Хамгийн гол нь энэ хэсэг газар нь хилийн зурвас гэсэн  шалтгаанаар зорчигчдыг автобуснаас гарах, буухыг хориглосон аялагчдыг  тамхи татах, бие засах боломжгүй болгож, автобусанд яваа хүүхэд багачууд уйлалдаан хирэндээ л аялагчдын тэвчээрийг шалгасан асуудал болж хувирав.

Аялагчид байн байн автобусны цонхоор Монголын хилийнхэнд хэлэх, нөгөөдүүл маань байсгаад л 50 метр газарт нүднээ ил  харагдах ОХУ-ын хилийн цэргийнхэнтэй очиж уулзаж ирэх хэдий ч биднийг хүлээлгэсэн хэвээр.

Яг үнэндээ энд Их гүрний дээрэнгүй гэмээр хандлага ажиглагддаг юм билээ. Автобусыг “татаж аваач” гэсэн  манайханы хүсэлтийг тэд үл тоосон шинжтэй, цаанаасаа татах шийдвэр ирээгүй байна гэж хариуллаа гэх. Ийнхүү  бүтэн 7 цаг автобусандаа суусан аялагчдын  тэсвэр тэвчээр барагдахын даваан дээр сая нэг Оросын хил нэвтрэх зөвшөөрөл өгөв.

Харин буцах зам маань харьцангуй ачаалал, очер дугаар байгатай байж таарлаа. 1 орчим ОУХ-ын хил дээр зогсоод нааш нэвтэрсэн бол Монголынхоо хил дээр ачаа бараагаа гаалиар оруулах, шалгуулахад  мөн цаг гаруй боллоо.

Энэ үеэр сэтгүүлч хүний нүдээр Алтанбулаг хилийн боомтын гаалын шалганы дарга, ээлжийн ахлагч Х.Ням-Эрдэнээс цөөн асуултанд тодруулга авсан юм. Тэрбээр яриа өгөхөөс татгалзсан боловч та бүхний ажлыг дэмжиж, ачаалал ихтэй хүнд байдаг юм байна гэдгийг олон нийтэд мэдээлэх гэсэн юм гэснээр цөөн асуултанд хариулахыг зөвшөөрсөн юм

–Та бүхний ажил ачаалал ихтэй, хүндхэн ажил болтой

– Тиймээ, гэхдээ бид нэгэнт улс эх орныхоо өмнө тангараг өргөсөн тул ажлын хүндийг үл тоон тангарагтаа үнэнч ажилладаг

– Гадаа их хүйтэн байна, Оросын хил гаалынхан нь зузаан хувцастай байхад манайхан харьцангуй нимгэн харагдах юм

-Тэр үнээн, улс орны төсөв хөрөнгө хүндхэн байгаа энэ цагт бид зузаан хувцас авна гэж ярих хэцүү, ямартай ч нормынхоо хувцас дотор өөрсдөө аргалж аль болох даарч хөрөхөөргүй зузаан хантааз өмсөж байгаа. Ойрд их хүйтэрч байна, саяхан манай  2  байцаагч гадаа үүрэг гүйцэтгэж байгаад хацараа хайруулсан.

– Оросын хил дээр их удаан хүлээлгэж, иргэдийг чирэгдүүлж байна гэж иргэд бухимдалтай байх

– Бидний зүгээс аль иргэддээ  болох түргэн шуурхай үйлчилж, ямар нэг саадгүйгээр хил нэвтрүүлж байгаа боловч, Оросын хил дээр ачаалал их үүсэж байна. Иргэдийг шуурхай хил нэвтрүүлэх энэ асуудал дээр бид оросын хилийнхэнд талд асуудал тавьдаг. Тэд аль болох түргэн нэвтрүүлнэ гэдэг. Гэсэн ч ОХУ-ын хил гаалийн талаас автомашин бүхий иргэдийг татаж авах нь удаашралтай байна. Дээр нь  Цагаан сар  дөхөөд иргэд худалдаа наймаа эрхлэх зорилгоор Улаан-Үд хотыг зорьж байгаа нь хилийн ачаалыг огцом нэмэгдүүлээд байгаа юм.

– Та  бүхний дархан хилээ хамгаалах ариун үйлсэд өндөр амжилт хүсье

– Баярлалаа, иргэд маань тэр бүр бидний ажлын онцлогыг ойлгодоггүйн улмаас ихэнхдээ бухимдаж, уцаарлаж харьцдаг, харин ингэж ойлгож дэмжиж байгаад баяртай байна.

Хилээр зорчиж байгаа иргэдийг аль болох чирэгдүүлэхгүй түргэн шуурхай хил нэвтрүүлэх боломжийн талаар Монгол улсын Гадаад хэргийн яамнаас анхаарлаа хандуулж, ОХУ-ын Элчин сайдын яам болон холбогдох газрууд нь хандаж ажиллаасай гэж хүсэх байна.

Ийнхүү Алтанбулагийн хилийн боомтоос  бяцхан сурвалжлага бэлтгэсэнээ та бүхэнд хүргэлээ.

http://www.ugluu.mn Ц.Мөнх

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан