Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол одон зурхайн тоолол ба “Нүүр муут” хэмээх гал бичин жилийн төлөв байдал

Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Монголын Үндэсний ШУА-ийн академич, шинжлэх ухааны доктор (ScD),  профессор, зурхайч Урианхай Лхасрангийн Тэрбиш


НЭГЭН ЗҮЙЛ. МОНГОЛ ЦАГЛАБАРЫН УЧИР

Манай монголчууд Чингис хааны үеэс эхлэн Цагийн Хүрдэний одон зурхайг хэрэглэсээр иржээ. Энэ талаар Оор монголын их багштан, Ойрад монголын Хүннү заяаийн хөвгүүн, Дөрвөн Ойрадын Холбооны ахлаач Байбагасбаатарын өргөмөл агь, Огторгуйн далай буюу Ойрадын Зая бандид хэмээн алдар болсон Намхаажамц хутагтын  шавь, түүх, шашдир, дуун ухаан, яруу найраг тэргүүтэн найман боть ном туурвиж, “Цастны мэргэдийн түүх, шаштир, яруу аялгасын их оройн чимэг” хэмээн алдаршсан Төвдийн Тавдугаар далай лам Агванлувсанжамц (1617-1682)-ын “Одон, хар зурхайгаас туурвисан асуултын хариулт (དཀར་ནག་རྩིས་ལས་བརྩམས་པའི་དྲིས་ལན)” хэмээх тэргүүтэн өмнийн мэргэдийн зохиол, туурвилуудад тов тодорхой буй.

Монголын эрдэмтэн Сүмбэ хамбо Ишбалжир (1704-1788) 1747 онд зохиосон “Зурхайн гол төгс буянт шинэ зурхай эх, хөвгүүн судар” (རྩིས་གཞུང་དགེ་ལྡན་རྩིས་གསར་མ་བུ།) хэмээх номондоо монгол орны өргөн уудам газрын хуваарьт тохирсон Төгс буянт шинэ зурхайн ёс хэмээх гараг, эрхэсийн хөдөлгөөн байршилыг өнгөрсөн, одоо, ирээдүй цагт хөөн олж цаглабар зохиох аргыг нарийвчлан боловсруулсан бөгөөд дээрхи ном нь түүний бүрэн зохиолын “Жа“ (ཇ།)” ботид орсон буй. Тэрхүү шинэ зурхай нь гараг, эрхэсийн хөдөлгөөнийг секундийг 149209 хуваасантай тэнцэх их нарийвчлалаар боддог тул эдүгээ цагийн тэнгэрийн одзүйн аргаар эрхэсийн байрлалыг олох аргатай шууд дүйдэг. өөрөөр хэлбэл шинжлэх ухааны аргаар бодсонтой адилхан дүнтэй гэсэн үг ээ.

Монголд Бурханы шашин дэлгэрэхийн зэрэгцээгээр хүрээ, хийдүүд олноор байгуулагдаж, томоохон хүрээ, хийдүүдэд  Дүйнхор, Зурхай дацан нэрт сургуулиуд буй болов. Тухайлбал: Их Хүрээнд XIII жарны шороон тахиа жил (1789) “Цагаан биндэръяа” хийгээд Лувсанданзанжанцан(1639-1704)-ы зурхайн голуудыг дагасан Зурхай дацан, мөн жарны гал барс жил (1806) Дэчингалавын сүмийг байгуулан “Цагийн Хүрдэний Язгуур үндэс”-ийг дагасан Дүйнхор дацан байгуулагдав. Тэдгээр дацанд Цагийн Хүрдэний номлол хийгээд одон зурхайн ухааныг заан сургаж, түүнээ мэргэжсэн олон эрдэмтэн лам нар төрөн гарав. Улмаар дараалан томоохон хүрээ хийд бүхнээ дээрх дацангууд буй болсон билээ. Тэндээс төрөн гарсан эрдэмтэн лам нар өөрийн зурхайн зохиол бүтээлээ төвд хэлээр бичиж, туурвиж байсныг мөнөөхөн түүх гэрчилнэ. Зурхайн дацан сургуулиуд зурхайн сургалтыг явуулахаас гадна, “Да зурхайч” хэмээх гол зурхайч нь эрхлэн зурхайч нар нийлж, лит (Цаг тооллын бичгийг төвдөөр ལེའུ་ཐོ།/, ལི་ཐོ།/ лит  гэнэ)-ийг наанадаж 12, цаанадаж жаран жилээр гаргадаг уламжлал тогтжээ. Чингээд жил бүр тухайн нутаг хошууны Зурхай дацангаас эрхлэн литийг барлан хийдийн лам нарт тараадаг байв.

Хийдийн хуврагууд тэрхүү литийг хэрэглэн шавь олон ардад зурхайгаар үйлчилдэг журам ч буй болов.
Монголын зурхайн мэргэд одон зурхайд тулгуурлан төгс буянт шинэ зурхайн ёсны цаглабарыг зохиож, шашин номын бүхий л ажлаа түүнд түшиглэн хийж, ард олонд зурхайн үйлчилгээг хүргэж ирсэн уламжлалтай.
Тэрхүү цаглабарт чухам юу, юуг тусгаж байсан юм бэ хэмээвээс:
Нэгдүгээрт, цаглабарын эхэнд тэр жилийн тэр жилд гол нөлөө үзүүлдэг, жилийн эзэн, хаан, түшмэл гараг хийгээд жилийн эзэн одны хөдөлгөөн байршлыг хөөн олоод, тэдний байгаль, цаг уур болон хүмүүний хэм, хэмнэлд нөлөөлөх үр хаялгыг урьдчилан гаргадаг.

Хоёрдугаарт, “Шороон үхрийн шинж”-ийг тодорхойлон гаргадаг байна.
Харин энэхүү “Шороон үхрийн шинж” нь нанхиад зурхайн хуулбар биш учир юун хэмээвээс 1800 оны үед Бээжингийн Юнхэ Гүний зийрэмбэ Засаг Арагч Үйзэн даа лам Өлзийбат хэмээх монгол хүмүүн хятад хэлнээс шороон үхрийн шинжийг орчуулаад, монгол газрын хуваарьт тохируулан “Нангиадын шороон үхрийг зурах арга хийгээд түүний жилийн сайн, муу үрийн номлол сэлттэй оршвой (མ་ཧཱ་ཙི་ནའི་ས་གླང་བསྡུངས་བའི་བརྩི་ཐབས་དང་དེའི་ལོ་ལེགས་ཉེས་ཀྱི་འབྲས་བཤད་དང་བཅས་པ་བཞུགས་སོ།།)”  хэмээх ном зохиож, газар тариалан эрхэлдэг суурьшмал амьдралтай иргэдийн зурхайн ёсноос сэдэвлэж, дээдийн буянт мал сүргээ, дөрвөн цагийн улирлын араншинд тохируулж, дураараа нутаг сэлгэдэг нүүдэлч малчдын амжиргааны хэв маягт тохируулсан “Шороон үхрийн зурхай” хэмээх шинэ ёсыг буй болгосон билээ. Үлгэрлэвээс үсэг бичиггүй балай сохор байсан монгол туургатан тухай үеийн соёл иргэншил өндөртэй Уйгарчуудын босоо бичгээс сэдэвлэн “Уйгаржин монгол бичиг”-тэй болсонтой агаар нэгэн буюу.
Гуравдугаарт, Балбын мэргэдийн уламжлалтай “Цасан чихрийн амт мэт жилийн үр” хэмээх тэр жилийн хур, үр тариа, өвс, сэрүүн, чийг, хий, арвидал, хомсдол, хямрал тэргүүтнийг тооцоолж тоон үзүүлэлтээр гаргадаг.

Дөрөвдүгээрт, Сар бүрийн эхнээ тухайн сард нөлөө бүхий сарын эзэн гараг, од тэдгээрийн үр нөлөө, жилийн хорин дөрвөн улирлын аль, аль улирал тухайн сарын хэдэн, хэдний ямар цаг мөчд эхлэх, бас энэ дэлхийд гол нөлөө бүхий таван гараг (Ангараг, Буд, Бархасвадь, Сугар, Санчир)-ийн  байршил хийгээд наран, саран хиртэх бол түүний үзэгдэх, үргэлжлэх хугацаа, бас сүүлт утаат од хэдийд хаана үзэгдэх талаар тэмдэглэсэн байхаас гадна, тухайн сарын газрын эзэд, лусын гүйлт, суулт зүг, чиглэл тэргүүтнийг тусгасан байдаг. Бас Дашням, Балжинням, Модон хохимой, Тэрсүүд өдөр зэрэг газрын эздийн гүйлт суулт; жилтэн тус, тусын сүлд, амь, тотгор гараг хийгээд од; тухайн хүмүүний сүлд орших орон, цагийн сайн муугийн ялгал, хөлөл зэрэг өдөр, судар үзэхэд нэн чухаг зүйл тэргүүтнийг гаргана.

Тавдугаарт, сарын өдөр тус бүрийн ээлжийн гараг, билгийн өдөр, тухайн өдөр наран, саран ямар одонд байрлан харагдахыг үзүүлсэн саран од, наран, од, барилдлага одыг мөч, чинлүүр, амьсгал тэргүүтэн цаг хугацааны нэгжээр илэрхийлэн бичдэг. Саран од гэдэг нь цаглабар хэрэглэгчийн хувьд саран тухайн өдөр ямар одонд байрлахыг, наран од гэдэг нь наран ямар одонд байрлахыг, барилдлага од гэдэг нь нар, сарны хоорондын зай ямар байхыг харуулдаг.
Зургадугаарт, тэр өдрийн оргил тал алтан зурхайн тодорхойлолтуудыг тэмдэглэдэг. Тэр нь өдрийн бортан буюу оргил тал хэмээх жил-өдөр, хөлөл, мэнгэ тэргүүтэн болно.

Долдугаарт, тухайн өдрийн махбодийн барилдлага, шүтэн барилдлагыг тавьдаг.
Наймдугаарт, цаглабарын ард 1-110 насны хүмүүсийг эр, эмээр нь ялган жилийн элдэв хэмнэлийг дөчин долоон үзүүлэлтээр гарган бичдэг ба үүнийгээ чулуу хэмээдэг байна. Монголчуудын чулуу тавих ёс нь төвд, нангиадынхаас тэс өөр юм. Энэ нь Лувсанданзанжанцаны монгол үндэстэнд зориулан номлож хайрласан, зурхайн нарийн нууц увдис бөгөөд хүмүүсийг жил хийгээд эр, эмээр нь ялган нарийн нягталж хэмнэлийг нь гаргадаг байна. Төвдүүд үүнээс бүдүүвчилж, харин нангиадууд 13 үзүүлэлтээр гаргадаг ялгаатай.
Өдөр тасарч, давхарлах хийгээд илүү сар хэдийд гарахыг цаглабарт мөн тэмдэглэдэг.

Ер өдөр тасарч, давхарлан, илүү сар гардаг нь дараахь од зүйн утгатай. Монгол цаглабарыг зохиохдоо хоногийг дэлхийн эргэх хөдөлгөөний хугацаа 29,53 хоногоор, жилийг нарны жилийг сартай уялдуулан нарны 76 жил нь сарны 940 сартай ойролцоогоор тэнцүү буюу 365,2422*76=27758,7 ба 29,5306*940=27758,4 болохыг харгалзан 353, 354, 355, 383, 384, 385 хоногтойгоор авч мөн Бархасвадь гарагийн нарыг тойрох хугацаа 12(11,862) жил, Санчир 30(29, 458)  жил болохыг харгалзсан ажээ.

Сарны доторхи хоногуудыг хооронд нь ялган тоолоход тэнгэрийн эрхэсүүдийн хөдөлгөөнийг ашиглахаас өөр тохиолдол байхгүй тул ургах, шингэх хугацаа болон арвидал, хомсдол нь мэдэгдэхүйц ялгаатай байдаг эрхэс нь сар юм. Нарны ургах, шингэх цагийн зөрүү нь хоногт 1-3 минутаас хэтрэхгүй ба үзэгдэх байдлын ялгааг энгийн нүдээр бүү хэл орчин цагийн дуран авайгаар ялгахад ч нэн төвөгтэй юм. Иймд монгол тоололд сарын доторхи өдрүүдийг тогтоохдоо юуны урьд сарны хоёр гол байрлалыг үндэс болгон авчээ. Энэ нь нар, сар, дэлхий гурав нэг хавтгайд (эклиптикт перпендикулар) дээр орших тэр байрлал буюу сарын төгсгөл битүүн(сар огт харагдахгүй), сарын дунд буюу 15(сар тэргэл байх) болно. Дээр өгүүлснээр сарны сар бүхэл бус 29,53 хоног тул тэргэл, битүүн хоёрыг гол болгон тухайн сарыг хувааж түүндээ зохицуулан өдрийг таслах буюу давхарлан тохиолдуулдаг байна. Ингэхдээ сарны тэнгэрийн мандал дахь хөдөлгөөнийг харгалзан тооцоолж гүйцэтгэдэг юм. Сарны тэнгэрийн мандлыг тодорхой хуваасан үл хөдлөх одны гэртэй харьцуулан тухайн тохиолдолд сар аль гэрт багтаж байгаагаар нь хоногийг тодорхойлдог ба зарим тохиолдолд сар нэг одны гэрт хоногийн туршид багтаж байрлах нь буй бөгөөд энэ үед өдөр давхарлах, сар одны гэрийг туулж өнгөрч амжих тохиолдолд өдрийн хасах үйлдлийг хийдэг байна. Энэхүү арга нь орчин үеийн аргатай хэрхэн нийцэж буй эсэхийн гол шалгуур нь нар, сарны хиртэх үзэгдлүүд юм. 1747-2046 онуудад нар, сарны бүтэн ба хагас хиртэлт нийтдээ 1433 удаа тохиосон буюу тохиох бөгөөд эдгээр нь бүгд монгол тооллын 30, 15-нд таарч байгааг судалгаа харуулж байна. Үүнээс өөр аргачлал бүхий дорнын орнуудад энэ үзэгдлийг голлон авдаггүйгээс манайхтай эдгээр өдрүүд нь нэг хоногоор зөрөх нь бий.
Илүү сарыг хэдүйд гаргах тухайд, дээр өгүүлснээр нарны 76 жил нь 940 сартай тэнцдэг болохыг харгалзан энэ хугацаанд 48 ердийн жил, 28 илүү сартай жилийг тоолдог. Энэхүү арга нь сар-нарны тоолол бүхий бүх орны хувьд нийтлэг бөгөөд харин хэдийд илүү сараа тооцон гаргах вэ гэдэг нь ёс, ёсоороо өөр, өөр байдаг. Монгол, Төвдийн одон зурхайн ёс нь дан ганц саран хэмээх эрхэсийн хөдөлгөөнд дулдуйдан илүү сарыг гаргадаг бол Нангиадын шар зурхайд тодорхой саруудыг илүү болгодог журам ёстой буюу шар зурхайн тоолол нь энэ агуулгаараа зарлигаар тогтоосон тоолол болно.

Монгол зурхайн ёсны цаглабар нь голдуу төвд хэлээр гардаг байв. Тэр нь төвд хэл манай мэргэдийн эх бичгийн хэл болж байсантай холбоотой юм. Харин баатарлаг туульсыг эзэд болсон баруун монголчууд цаглабараа Ойрадын Зая бандида Огторгуйн Далай хутагтын зохиосон тод монгол үзгээр гаргаж нийтийн хүртээл болгож байсныг сайшаан дурдая.

Өмнө өгүүлсэн монгол цаглабарыг өнгөрсөн зууны гучаад оны үеэс эхлэн “Нам, засгийн үзэл онолтой үл таарна” хэмээн албан ёсоор хааснаас хойш уламжлал нь ч тасрахуйд хүрээд асан үед миний бие Монгол зурхайн цаглабарыг “Аль хэдүй нь үеэ өнгөөрсөн” хэмээн буруу үзэгдсэн социалист нийгмийн үед зохих боловсролыг олсон “мэдээтэй” олон уншигчдын хэрэгцээг хангахуйц байхаар сэтгэн шинээр тооцоолон боловсруулж, Монголын одон зурхайн Төгс Буянт Шинэ Зурхайн ёсны  цаглабарыг гаргасаар хориод жилийн нүүр үзэхийн хооронд бодол ухаанаа шингээн гаргасан цаглабар “булган сүүлтэй” байж олон дүү нарыг дагуулав. Зарим хийд орон цагалабар гаргаж эхлэв. Цаглабар гаргагч мэргэн дүү нар гараг, эрхэсийн хөдөлгөөнийг тооцоолон бодохдоо бага сага, алдаа мадаг гаргаж буйгаа эрхбиш анхаарваас зохилтой. “Тод оюут шинэхэн зурхайч” нарын “мэдээ муутай” зарим нь “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг” үлгэрийг давтаж, “Надаас өөр сүргийн манлай байхгүй. Би хамгийн сайн нь хэмээн томрох” болсон ч “Эрдэм багатын омог их, ишгэн тэхний тачаал их” хэмээсэн мэргэдийн шүнтэй сургаалыг санагалзаж, алдаа мадагнаасаа салваас ард олны тусд нэмэртэй байх болов уу?! хэмээн мунхаглаж, улиг үгийг зогсоож, ургахуй жилийн байр байцыг одон зурхайгаар тооцоолсноо олон уншигчдын гэгээн мэлмийд болгоон толилуулж байна.  
 
НЭГЭН ЗҮЙЛ. XYII ЖАРНЫ “НҮҮР МУУТ” ХЭМЭЭХ ГАЛ БИЧИН ЖИЛИЙН ҮР
Зурхайн эрхэм гол шүнгүүдэд “Нүүр муут” хэмээх гал бичин жил эд малын гарлага үгүй, элдэв хилэнц арилна хэмээн номложухуй.
Жилийн эзэн од Харцагын үр:  зарим нутагт тариа төмс сайн ба зарим нутагт үр үл боловсормуй.

Эзэн гараг Сугарын үр нь : Сугар гараг ургавал өвчин эмгэггүй, хаан язгуур дэлгэрнэ. Хорлол дарагдан, жуулчилбал өлзийтэй болно. Худалдаа, арилжаа хийвэл эд, эрдэнэ дэлгэрмүй. Биед өвчингүй амгалан, жаргалантай болно.
Хаан гараг Ангаргын үр нь: Ангараг ургавал галын хүч арвижих ба хүмүүн нүгүүд хоосромуй. Хулгайч нар үлэмж арвижюу.Зарим газар оронд хур үлэмж тасрана. Заримд нь ган бээр энэлгэн үйлдэнэ.Үр нүгүүд арвижихын шалтгаан доройтно.Үр арвижихын шалтгаан доройтно. Шар өвчин арвижин, хэрүүл тэмцэл дэлгэрнэ. Хаан улс орноо анхаарахаас огоорно.

Түшмэл гараг Сугар нь эзэн гараг лугаа адил үр, хаялгатай болно.
Шороон үхэр нь: Амаа ангайн, сүүлээ зүүн тийш шарвасан, толгой нь улаан; омруу нь шар, ходоод нь улаан, эвэр, сүүл, чих нь улаан; дөрвөн шийр нь шар, цагаан биетэй үхэр. 

Үхэр хариулаач нь шар нүүртэй, ногоон дээлтэй, цагаан бүстэй, хоёр гутлаа барьсан, үсээ овоолон боосон, унгасан шилбүүртэй хүүхэд үхрийнхээ өмнө яаран гүйж явах юм.

Үхрийн зүсэнд улаан өнгө их бол гантай бөгөөд догшин мөндөр буун, халуун өвчин гарна.  Толгой нь улаан тул их хүмүүний балгадад муу. Хавар болон улирлуудын эхээр хургүй. Эвэр, сүүл, чих нь улаан тул гантай. Омруу шар бол хаврын адаг, зуны эхээр ногоо сайтай. Биеийн зүс цагаан тул жилийн дундуур мөндөртэй. Дөрвөн шийр нь шар тул жилийн сүүлээр өвстэй байна. Үхэр хариулаач хүүхэд тул нялхас буюу ард иргэдэд амгалантай, өвгөд буюу өндөр суудалтнаа ширүүн, залуус буюу дунд зэрэг дэвийнхэнд маш ширүүн болой. Унгасан шилбүүртэй тул ард зон амгалантай, хаад түшмэд өөр зуураа хямралдана. Үсээ овоолон боосон тул ард олноо дээд амгалантай. 

Урьд Монголын хүрээ хийдүүд тухайн жилийн “Шороон үхэр”-ийг монгол зургийн аргаар уламжлалт зургийн тигтэй уран зураачаар зуруулж, гол сүмийнхээ үүдэнд хадаж, тахил өргөл өргөх уламжлалтай байсан гэдэг. Бас хийд орны ахлаач лам нар, хошуу ноёд, сурвалжит хүмүүс “Шороон үхэр”-ийн зургийг гэр өргөөндөө залан тахьдаг уламжлал ч байсан гэдэг. Тийнхүү тахихын учир нь жилийн засал болдог хэмээн үздэгтэй холбоотой ажээ. Хуучин уламжлалыг бодож миний бие жил бүрийн “Шороон үхэр”-ийг өөрийн шавь тэгтэй зураач Г.Мөнхтөмөрөөр зуруулдаг билээ. Энэ жилийн “Шороон үхэр”-ийг ч тэрээр зуржээ. Эрхэм зураачийн цахим хаяг urlaach_munkhtumur@yahoo.com болно.

Энэ жилийн хувьд наран Загас, Хонь, Хамтатгах, Жинлүүр, Хумхын ордонд байрлах үед хур ус цагтаа бууж, эд агуурс элбэгжин, ихэс дээдэс буянаар тэтгэх ба бүх зүйл тэгшрэх сайн. Үхэр, Мэлхий, Арслан, Охин, Хилэнц, Нум ордонд байрлах үед сайн, муугийн магадлал үгүй тул ажил үйлдээ анхааралтай байж, элдэв өвчнөөс болгоомжлууштай. Харин Матарын ордонд байрлах үед салхи шуурга гаран, хямрал болохын нигууртай тул сэргэмжтэй байгууштай.

НЭГЭН ЗҮЙЛ. “ЦАСАН ЧИХРИЙН АМТ” МЭТ ЖИЛИЙН ҮР
Монгол зурхайн ухаанд жилийн хэд, хэдэн үзүүлэлтийг тоон утгаар илэрхийлэн гаргаад, түүнийгээ “Цасан чихрийн амт” мэт жилийн үр гэдэг. Тэр тоон үзүүлэлтийн хамгийн бага нь 5, хамгийн их нь 17 болно. Энэ жилийн хувьд хур 13, Үр 15, өвс 7, сэрүүн 7, чийг 17, салхи 13, хямрал 11 болно. Хотолд орох хэмээх жилийн нуруу сайн.

НЭГЭН ЗҮЙЛ. БООВНЫ ҮР БУЮУ ШИНЭ ЖИЛИЙН ХОШИГНОЛ
Энэ жил 12 хүмүүн, 10 морьтой, 1 уут будаатай, 3 уут гурилтай, 5 үнээтэй, 9 боовтой. Харин ус уух луу нь 8 тул хур чухагийн шинж. Бас ус уух лууны тоо 8 тул хур бага буухын шинж ээ.

НЭГЭН ЗҮЙЛ. ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ МӨРӨӨ ГАРГАХ ЗАН ҮЙЛ
Монголчуудын зүг чигийн бэлгэдэл бол нэн эртний байгалийн шүтлэгээс улбаатай. Дөрвөн зүг, дөрвөн зовхис буюу “дөрвөн зүг найман зовхис” хэмээн хэлж заншсан зүг чигийг  бэлгэдэл болон 12 жил, 28 од лугаа хамтатгасан бондхорол хэмээх зурагт дүрслэл бол бүр бөө мөргөлийн зан үйлээс улбаатай билээ. Бондхорол гэдэг нэрнээсээ л ил тодорхой харагддаг. Бондхорол нь төвд үг бөгөөд “бон” нь бонбо (བོན་པོ།), до (གཏོ།) нь засал хорло (འཁོར་ལོ།) нь хүрд гэсэн үг бөгөөд хамтатгаваас “бонбын заслын хүрд (བོན་གཏོ་འཁོར་ལོ།)” гэсэн үг ээ. Энэхүү найман зүгийг хөлөл гэнэ. Монголчуудын найман суудлын зан үйл нь бонбын шашнаас гаралтай бөгөөд Бурханы шашин  монгол оронд дэлгэрэх явцад улам агуулга нь дэлгэр болж шашин соёлын гүн гүнзгий агуулгатай болжээ. Чингээд найман зүг буюу найман суудал нь арга, билиг таван махбодын харилцаагаар зохицуулагддаг болжээ.

Монголчуудын зүг чиг нь баруун, зүүнээрээ ялгатай байдаг. Баруун талын халхууд буюу ойрад монголчууд нар урдаас гарна хэмээх үздэг. Харин төв халхууд наран зүүнээс мандана гэх тул тэдний зүг чигийн баримжаа бүтэн ерэн градусын зөрөөтэй байдаг. Чингэж хоёр янзаар зүг чигийн баримжааг гаргах боловч зүгүүдийн махбод ба арга билгийн харьцаа тэргүүтэнд зөрөх зүйл үгүй. Энэ нь “Зүгийн хөлөл зүг лүгээ тохирно. Завсрын хөлөл шороо болой” гэсэн томъёоллоор таван зүйл махбодид хуваагддаг. Тэр таван зүйл махбод нь могой, морь  буюу гал махбодьтой урд (баруун монголын баруун зүг) зүг, бич, тахиа буюу баруун (баруун монголын хойт зүг) зүг нь шороон махбодьтой, гахай, хулгана буюу хойт (баруун монголчуудын зүүн) зүг нь усан махбодьтай, бар, туулай буюу зүүн (баруун монголын урд зүг ) зүг модон махбодьтай бөгөөд зовхист орших хонь, нохой, үхэр, луу жилүүд нь шороон махбодьтой болно. Махбодийн энэхүү харгалзааг арван хоёр жилийн амин махбодь гэж хэлэх нь ч буй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан