Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Азийн орнууд цагаан сарыг тэмдэглэдэг уламжлал

Х.ӨЛЗИЙ

Сарны тоолол баримталдаг Зүүн өмнөд азийн орнуудад шинэ жил нь өвлийн сар дуусч хаврын эхэн сартай золгохтой зэрэгцдэг. Дорнын тоолол нь жилийг зуунаар биш жарнаар тоолж, амьтны нэрээр нэрлэсэн 12 жилээр мөчилж таван өнгөөр  ялгана.  Өөрөөр хэлбэл, нэг жаранд нэг өнгийн амьтан нэг л тохионо гэсэн үг.
Азийн орнуудад шинэ жил, хаврын тэргүүн сар тэмдэглэхэд хүслээ улаан цаасан дээр бичиж өлгөж, хүүхдүүд улаан дугтуйд хийсэн мөнгө бэлэглэнэ. Баярын гол хоол болох бууз, баншинд азын мөнгө хийн хэнд тохионо тэр хүн ирж байгаа шинэ жилдээ аз жаргалтай байна гэж бэлгэшээдэг.
Дорно зүгийн орнуудад шинэ жил нь гэр бүлийн баяр гэдэг. Алс хол суугаа хэн боловч сар шинийн баяраар гэртээ очиж төрөл төрөгсөдтэйгөө уулзаж, үр ач нараа танилцуулдаг.


Өмнөд Солонгос

Солонгосчууд энэ өдөр аль болох аав ээжийнхээ гэрт зочлон очихыг эрмэлзэнэ. Эмэгтэйчүүд өглөө эртлэн босч солонгос үндэсний хоол цагаан будаатай хуушуур, цагаан будааны талх, шарсан загас, төрөл бүрийн зууш бэлтгэдэг. Үндэсний хувцасаа өмсөн аав ээжээ хүндэтгэн, тэд нь үр ач нараа хүлээн авч баярлана. Насанд хүрэгсэд хүүхэд багачууддаа бэлэг, мөнгө өгнө.

Хятад

Хятадууд шинэ жилийн шөнө муу муухай бүхнийг хөөнө гэдэг учраас улаан хувцас өмсч шуугилдан хөгжилдөнө. Бас муу бүхнийг хөөх үүднээс салют асаана. Уламжлал ёсоор бүхий л гэр бүлээрээ цугларч нэг ширээнд суун үндэсний хоолоо. Энэ нь банш, гурилтай шөл, зууш. Гурилтай шөл нь урт удаан, аз жаргалтай амьдрахын бэлгэдэл болдог учраас шинийн нэгний гол хоол болно. Томчуул энэ өдөр хүүхэд багачууддаа улаан дугтуйд хийсэн мөнгө бэлэглэнэ. Хятадын цагаан сар 15 хоног үргэлжилнэ. Баяр угтаж хятадууд орон гэрээ цэвэрлэж, хэрэггүй зүйлсээ хаядаг.
Гэр байшингийнхаа үүдэнд улаан дэнлүү асааж, улаан туузан дээр сайн сайхны ерөөл бичиж өлгөнө. Хятадын цагаан сарын гол бэлгэдэл нь улаан дэнлүү, луу, сайн сайхан ерөөл бичсэн улаан тууз. Багачуудад бас хоёр мандарины бэлэг өгнө, энэ нь аз жаргал, эд баялгийг бэлгэддэг алттай адил бэлэг.

Вьетнам

Вьетнамчууд баярын өдрөөр гэрээ шүүрдэж болохгүй гэдэг учраас хаврын баяртаа эртнээс бэлтгэдэг. Орон гэрээ цэвэрлэж, цэцэг, хулс, зэгс байрлуулна. Баяраар мөн л гэр бүлээрээ цугларч үндэсний хоол идэцгээнэ. Багачууд томчуултайгаа мэндчилэн тэднээс улаан дугтуйд хийсэн мөнгө авна. Шинэ жилийн эхний өдөр хамгийн түрүүнд ирсэн зочин тэр жилийн аз жаргал, сайн сайхан бүхнийг авчирдаг гэдэг болохоор хамгийн хүндтэй хүнээ урьдчилан урьдаг. Баяр угтаад вьетнамчууд талийгаач нарынхаа газарт  очно, гэртээ бас тэдний сүнсийг ирэхэд зориулж тусгай байр засдаг. Баярын үеэр сүм хийдэд очиж мөргөж, төрөл төрөгсдийнхөөрөө айлчилдаг.

Тайланд

Тайландад  дорны шинэ жилийг их хүндэтгэлтэй баярт тооцож тэмдэглэдэг. Шинэ жилийн шөнө улс орон даяараа хурц тод өнгийн хувцас өмсөн гудамжинд гарч хөгжилдөн салют буудна. Шинэ жилийн баярын гол бэлгэдэл арслан, луу, улаан дэнлүүг гудамж дүүрэн байшин бүрт өлгөж чимэглэнэ. Шинэ жилийн гурван өдрийг Чуи, Чуэр, Чусань хэмээн нэрлэж баяр ёслолын байдлатай тэмдэглэнэ. Энэ гурван өдөр тайчууд баяр хөөртэй байж хөгжилдөн олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг.

ОХУ-ын Буриадын Сагаалган

Буриадын буддын шашинтнууд хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг Сагаалган хэмээн монголчуудтай адил тэмдэглэдэг. Энэ өдөр баярын ширээн дээр цагаан идээ байх ёстой гэж үздэг. Энэ өдөр айл бүрийн үүд зочин бүрт нээлттэй байх ёстой, түүдэг гал дээр балин шатаадаг.  Буддын сүмд очиж том харанга дэлдсэнээр хаврын тэргүүн сар, шинэ жил ирлээ гэсэн дохио өгнө. Иволгын дацанд олноороо очиж мөргөл үйлдэн аз жаргал сайн сайхныг хүснэ.
Бяарын идээ нь амттай, бас гоёмсог байх ёстой. Идээгээ монголчууд шиг өрж тавина. Гэр бүлийн хамгийн ахмад нь үр ач нартаа сургаал айлдаж, захиас өгнө.
Сагаалганы гол зоог нь бууз. Сар шинэтэй золгохдоо муу бүхнээ орхидог уламжлалтай. Лам нар муу бүхнийг зайлуулах гурвалжин хэлбэртэй түүдэг асаана. Энэ өдөр буриадууд мөн л ах дүү төрөл төрөгсдийнхөөрөө айлчилж золгон баярладаг болохоор Буриадад амралтын өдөр болгосон.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан