Ш.Сувд: Монгол цайг ЮНЕСКО-д бүртгүүлнэ
2016 оны 2 сарын 22
Л.БАТБААТАР

Монголчууд урд болон хойд хөршөөс оруулж ирсэн цайг олон жилийн турш хэрэглэсэн. Харин сүүлийн үед хэрэглэгчид  үндэсний бүтээгдэхүүн болох Монгол цайг таашаан хэрэглэж буй. Монгол цай болон бусад эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүний талаар “Их тайга” компанийн захирал Ш.Сувдтай ярилцлаа.

-1990 оноос зах зээлийн нийгэмд шилжиж хүн бүр л тухайн үеийн бизнес болох ганзагын наймаа хийж эхэлсэн. Ёстой л хөлтөй нь хөлхөж хөлгүй нь мөлхсөн үе. Харин та яагаад цайны бизнес эрхлэх болсон юм бэ?
-Монголчууд өөрийн гэсэн цайгүй ард түмэн. Яахав сүүтэй, борцтой цай бий. Суурь түүхий эд болох үндэсний цайгүй. Хойд, урд хөршөөс орж ирсэн цайг хэрэглэдэг байв.  Ер нь Монголчууд эрт дээр үеэс байгалиа шүтэн амьдарч өвс, ургамлаар нь цай чанаж уудаг байсан. Тухайлбал, говийнхон говийнхоо ургамлыг, хангайгаар нутагладаг нь хангайдаа ургасан төрөл бүрийн ургамлаар цайг орлуулдаг байв. 1995 оноос нөхрийнхөө хамт шинэ бизнесээ эхлүүлсэн. Манай нөхөр агнуур зүйч, биологич мэргэжилтэй. Би багшийн мэргэжилтэй, хоёлаа дээд боловсролтой.  Тухайн үед хятадаас чанарын ямар ч баталгаагүй цайг оруулж  ирдэг үе байсан. Ингээд нөхрийнхөө хамт Монгол цай бий болгох зорилгоор Хөвсгал аймгийн Улаан-Уул, Ренчинлхүмбэ сум болон Дархадын цэнхэр хотгороос ургамал түүж эхэлсэн юм. Ер нь, Монголд цайны 100 гаруй төрлийн ургамал бий.
-Монголд цайны ямар төрлийн ургамал ургадаг болон хэрхэн түүж авдаг талаар хэлж өгөхгүй юү?

-Нарийн навчит, хөвөн оройт ургамал нь цайны үндсэн түүхий эд болдог. Энэ ургамлыг гурван үе шаттайгаар түүдэг. Эхний үед ногоон байхад болон намрын улиралд хатсан үед нь түүх жишээтэй. Мөн боролзгоно, нохойн хошууны навч, аньсны навч, халгай, хусны навч гэх мэт цайны ургамал ургадаг. Нөхрийн хамт олон жилийн турш цайны ургамлын нөөцийн судалгаа хийсэн юм. Монголд улаан номонд орсон ховор  болон элбэгт тооцоогддог ургамал ч бий. Мөн нэн ховорт тооцогддог  эмийн бамбай болон ягаан цээнэ ургамлыг лабораторын нөхцөлд хуруу шилэнд үрслүүлж улмаар хүлэмжинд тарьдаг. Байгалийн хуулиар тавдугаар сар гараад л хамгийн түрүүнд халгай ургана. Халгайг дөрвөн хуруу урттай болоход нь хайчилж түүнэ. Хусны навчийг наалдамхай чанартай анхилам үнэртэй үед түүх жишээтэй. Хөвөн оройтыг навч нь ногоорох үед түүж авна. Боролзгоныг цэцэг нь шарлах үед түүвэл сайн. Цайны ургамлуудаа түүж  хатаагаад, тодорхой хэмжээгээр  боловсруулалт болон ариутгал хийсний дараа орц нормын дагуу цайгаа үйлдвэрлэдэг. Цайны ургамлыг шигших, савлах, уутлах зориулалттай япон, солонгос улсын тоног төхөөрөмжийг  ашигладаг. Манай компани 100 гаруй үндсэн ажилтантай. Зуны улиралд 200 гаруй хүн нэмж ажиллуулдаг.

-Аливаа бизнесийг эх­лүү­­лэхэд амаргүй нь ойлгомжтой. Тэр тусмаа цайны бизнес эрхлэхэд танд ямар хүндрэл бэрхшээл тохиолдож байв?
-Монголчуудын эрүүл мэнддээ тавих анхаарал, нүд тайлсан байдал нь 10 жилийн өмнөөс огт өөр болсон. Бизнесээ эхлүүлсэн 1995-2005 он хүртэл хүмүүсийн үл итгэх байдал, сөрөг тал нь давамгайлж байсан үе. Ургамал түүгээд цай хийхэд “Та яагаад байгаль сүйтгээд байгаа юм” гэсэн хандлагаар ханддаг  байлаа. Одоо бол байгалийн нөхөн сэргээгдэх баялгийг зөв зохистой ашиглавал, байгаль ээжээс заяасан буяныг хүртэж болно гэсэн зөв ойлголт иргэдийн дунд бий болсон. Сүүлийн үед хэрэглэгчид маань шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг шаарддаг боллоо. Жишээлбэл, “Танайх ямар шинэ бүтээгдэхүүн гаргах гэж байна. Тийм, ийм зүйл хийгээч” гэсэн хүсэлт тавьдаг. Мөн төрөл бүрийн бизнесийн шинэ санаа өгдөг юм.

-Танай компани цайнаас гадна олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлдэг. Эрүүл мэндийн бүтээгдэхүүн ч үйлдэрлэж байна. Үүнд хэрэглэгчид талархалтай ханддаг. Хүмүүсийн тогтсон хэрэглээг өөрчилнө гэдэг нь амаргүй ажил нь ойлгомжтой?
-Манай компанийн зорилго бол Монгол цайг бий болгох явдал байсан. Хэрэглэгчдийн хэрэгцээ болон цаг үеийн шаардлагаас шалтгаалж компанийн бизнес өргөжихийн хэрээр бүтээгдэхүүний нэр төрөл олширч байна. Энэ хүрээнд эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүн ч үйлдвэрлэж байна.  Уул хадаар явж, ургамал цэцэг судласны  хувьд бөөр нь өвдсөн хүнд  тустай байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьдог юм. Ийм л сэтгэлээр ажилладаг. Монгол хүний онцлогт тохирсон цайг бүтээх гол зорилго байсан. Энэ зорилгоо биелүүлсэн гэж бодож байгаа. Арт түмний хэрэглээ ч үүнийг баталдаг юм. Бид Монгол цайг бүтээх чиглэлээр 21 жил ажиллалаа.
Хэрэглэгчид маань Монгол цайг 10 гаруй жил хэрэглэж байна. Ард түмний дунд олон жилийн турш хэвшиж тогтсон хэрэглээг нөгөөгөөр солино гэдэг хамгийн хүнд ажил. Өөрөөр хэлбэл, удаан хугацаагаар хятад болон гүрж ногоон цайг хэрэглэсэн иргэддээ бүтээгдэхүүнээ таниулна гэдэг бэрх ажил байсан шүү. Монголчуудын дунд түгээмэл буруу ойлголт бий. Тодруулбал, хусны навчийг буцалгаж уувал хаван хөөдөг. Байцаа, болон цагаан будаа их хэрэглэхээр шээс  хүрч сэрүүдлээ гэж үздэг. Гэтэл орчин үеийн шинжлэх ухаанаар бол бөөрөө цэвэрлэж хавангаа хөөж байгаа хэрэг. Хүний ходоодны хүчиллэг орчин ихсэх  нь хавдрын эх суурь болдог. Эсрэгээр шүлтлэг орчинг бий болгон тэнцвэржүүлэхийн тулд гишүүний үндсээр хийсэн “Хавдрын эсрэг хамт­даа” гэсэн эрүүл мэндийн бүтээг­дэхүүн худалдаанд гарга­сан. Онцолбол, манай бүтээ­гдэхүүн  худалдаанд гарсан даруйд олны хүртээл  болдог.
Сүүлийн үед цэвэр ус их уудаг болж. Үүнд буруу юм байхгүй. Гэхдээ Монгол генд нь хааяа нэг сайхан сүүтэй, борцтой, хийцтэй цай уух хүсэл байдаг юм. Лифтон цайнаас дэлхий нийтээр татгалзаж байна. Учир нь химийн будаг орсон байдаг. Нэг хэрэглэсэн лифтон цайгаа маргааш нь хандалж хэрэглэхэд “Асар хүчтэй хор үүсдэг” гэж Мэргэжлийн хяналтын улсын байцаагч хэлж байсан. Гэтэл халгай ч юм уу бусад ургамлыг хандлаад хонуулахад хор биш эм бий болдог юм. Генийн өөрчлөлтгүй амьд ургамлыг хандлах тусам бактери эсэргүүцэх чадвар нь дээшилдэг нь судалгаагаар тогтоогдсон.

-Монгол цайныхаа онц­­лог шинж чанарыг дур­дахгүй юү. Монголчуудын ууж хэвшсэн хятад, гүрж ногоон цайнаас юугаараа өөр юм?
-Цайны бутнаас зөвхөн навчийг нь хавар юмуу намрын улиралд  түүж хатаагаад хятад  болон гүрж ногоон цайг үйлдвэрлэдэг. Үндсэндээ нэг л төрлийн ургамлаар хийдэг гэсэн үг. Тэгээд  дээд зэргээр сурталчилдаг. Манай компанийн Монгол цайны онцлог шинж чанар бол олон төрлийн ургамлын орц найрлага. Монгол цайны орцонд  нарийн навчит хөвөн оройт, боролзгоно, хусны болон нохойн хошууны навч, халгай  зэрэг ургамал ордог. Эдгээр ургамал нь хүний биед ямар ч сөрөг нөлөөгүй юм. Эдгээр ургамал нь халуун бүсэд ургадаггүй, байгалийн хатуу ширүүн бэрхшээлийг сөрж ургадгаар онцлог. Мөн цайны орцонд олон төрлийн ургамал оруулснаар ургамлын нийлэмж чанар ихэсдэг. Ингэснээр аль нэг  ургамлын сөрөг нөлөөллийг бууруулна. Жишээлбэл, нохойн хошууг удаан хугацаагаар уувал цусны даралт хэвийн хэмжээнээс  буурна. Боролзгоны навчийг байнга уувал булчирхай өвдөх магадлалтай. Монголын уламжлалт анагаах ухаанд суурилсан  орц найрлагаар хийснээрээ Монгол цай онцлоготой. Цай болон улаан буудай бол стратегийн бүтээгдэхүүн байх ёстой. Учир нь мах, гурил, цай бол  монголчуудын үндсэн хэрэглээ юм. Судалгаа хийвэл Монголчууд хятад цайг хэрэглээнээсээ хассан гэсэн үзүүлэлт гарах байх. Ер нь урд хөршөөс оруулж ирсэн цай хөгц, мөөгөнцөр ихтэй. Хөгц, мөөгөнцөр нь хүний элэгний эд эсийг гэмтээдэг. Хятад орны хүн амын суурьшил, хөрсний болон агаарын бохирдол нь ямархуу билээ. Тэгээд ч тэд үргэлж нэг газраа тариалалт хийдэг.
БНСУ-ын өмнөд хэсгийн Хадун мужид цайны ургамал ургуулах  туршлага судлахаар очиж байсан юм. Солонгосчууд ногоон цайны ургамлаа хамгийн ариун дагшин тусгай бүсэд ургуулдаг юм билээ. Тухайн орчинд нь ямар ч үйлдвэрлэлийн бүс байхгүй. Өндөр уулын дунд. Цайны ургамал агаар мандалд байгаа цацраг идэвхт бодисыг маш сайн шүүдэг нь туршилтаар батлагдсан. Чернобылийн Атомын цахилгаан станд дэлбэрэхэд цайны ургамлаар  хорт бодисыг намжаасан гэдэг. Өөрөөр хэлбэл, цацраг идэвхт бодис, төрөл бүрийн хортой туяаг цайны ургамал хамгийн сайнаар өөртөө шингээдэг. Хоёр хөршөөс оруулж ирсэн цайг хэрэглэх нь  эрүүл мэн­дэд эрсдэлтэй болж байна. Ингэхээр өөрсдөдөө л найдах хэрэгтэй болох нь. Манай хамт  цайны үнэр, амт, ааг оруулах талаар олон жилийн турш  ажилласан. ШУА-ийн Биологийн хүрээлэнтэй хамтран Төв аймгийн Жаргалант болон Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн су­манд  цайны үндсэн түүхий эд болох ургамлуудаа тариалж байна.

-Танай компани хэдэн төр­­лийн цай хийж дотоодын зах зээлд борлуулж байгаа вэ?
-10-аад төрлийн цай борлуулж байна. Өдөр тутам хэрэглэхэд хүний биед сөрөг нөлөөгүй, ядаргаа тайлдаг нь Монгол цай юм. Монгол цайгаа гурван янзаар савлан зах зээлд нийлүүлдэг. Тухайлбал, задгайгаар, цаасан боодолтойгоор  болон хамгийн сүүлийн үеийн япон технологоор ууталж борлуулдаг. Саяхан “Нүүдэлчин” хэмээх  хийцтэй, сүүтэй цайг дотоодын зах зээлд нийлүүллээ. Найрлагад  нь арвайн гурил,  шар тос, хужир, сүү болон бусад ургамал орсон. Энэ цайг кофе шиг аягандаа халуун устай хольж хутгаад ууж болно. “Нүүдэлчин” бренд нь монголчуудын алжаал тайлах ид шидтэй цай юм.
Мөн зүрх, бөөр, элэгний үйл ажиллагааг дэмжих цай бий. Эдгээр цайг 15 жилийн өмнө Улсын нэгдүгээр төв эмнэлгийн клиник туршилтад оруулж баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл, “Хүний биед сөрөг нөлөөгүй, эмийн үйлчилгээг дэмждэг” гэсэн  дүгнэлт гарсан гэсэн үг. 

-Цаашдаа бизнесийн хүрээгээ өргөжүүлж цай болон бусад бүтээгдэхүүнээ экспортод гаргах уу?
-Бидний ганц баримталдаг зарчим бол  бүтээгдэхүүнээ экспортод гаргахгүй. Учир нь дээр дурдсан ургамлуудаар хийсэн Монгол цайг экспортод гаргах нөөц бага. Зөвхөн Монголчуудад л зориулж үйлдвэрлэнэ. Мөн үндэсний идээ ундааны онцлог гэж бий. Эрүүл эко хүнс гэсэн утгаар японд экспортлох санал тавьж ч байсан. Бид яагаад гадаадаас магадгүй муу юмыг нь худалдаж аваад оронд нь сайнаа гаргах ёстой гэж. Энэ бүтээгдэхүүнийг өөрсдөө хэрэглэх ёстой. Урьд нь, Монголд чанарын ямар ч баталгаагүй хятад цай машин машинаараа зарагддаг байсан. Ялангуяа Цагаан сар дөхөхөөр хөдөө орон нутгийн иргэд хятад цайг авдар авдараар нь худалдан авдаг үе ч байсан. Одоо бол хятад цай ингэж зарагдахгүй. Дотоодын зах зээлд  манай компанийн цайны борлуулалт тодорхой хувийг эзэлж байгаа. Үүнд, Монголчуудын үндэсний үйлдвэрээ дэмжих  үзэл нэмэгдсэн нь нөлөөлсөн. Мөн эрүүл мэндэд нь сайн нөлөө үзүүлж байгаа учраас хэрэглээ нь өсч байна. Ер нь Монголын цайны зах зээлд бол манай компани анхдагч. Манай компанитай Стандарт хэмжил зүйн үндэсний төвийн хамт олон, эрдэмтэд, эмч нар хамтран ажилладаг. Урьд нь хойд хөршөөс оруулж ирдэг гүрж ногоон цай  “ГОСТ” гэсэн оросын стандартай байсан. Тэгвэл үүнийг хална  гээд 2002 онд  “MNS-5131” гэсэн стандарт бий болгосон. Түүх, өв соёл дагасан олон ёс заншил байдаг. Гандандэгчлин хийдийнхэнтэй хамтран олон жилийн жилийн турш Монгол цайны ёслол хийж байна.

-Ямартай ч танай ком­панийн цай болон бусад бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хэдийнээ танил болсон. Биз­­нес хийж буй хүн бүрт хүсэл мөрөөдөл бий. Мөрөө­дөлгүйгээр амжилтад хүрэх­гүй. Таны хувьд ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна вэ?
-Монгол үндэстэн энэ сайхан нутаг дэвсгэртээ эзэн нь байх ёстой. “Эзэн нь байж заяагаа түшээрэй. Эзэгтэй нь байж цайгаа чанаарай” гэсэн үгийг л ард түмэндээ хэлмээр байна. Эзэн  байхын тулд эрүүл байх ёстой. Эрүүл байхын үндэс нь байгаль дэлхийгээ шүтэж, эко хүнс хэрэглэж  амьдрах хэрэгтэй. Хүн бүрт эх орон ч байх шаардлага амьдралаас урган гарч байна. Мөн биенээ хайрлах хэрэгтэй. Сэтгэл зүрхнээс гарсан хайрыг өлгийдөн “Хайрын хүнс” эрүүл мэндийн цуврал бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Эх орон гэж ярих нь сонин биш. Хийх нь чухал. Монгол цайны ёс ёслол, дэг жаягийг хойч үедээ өвлүүлэн улмаар дэлхийд гайхуулж ЮНЕСКО-д биет соёлын өвөөр бүртгүүлэх нь манай хамт олны зорилго. Мөн том хэмжээний цайны ургамал тариалдаг тариалангийн талбайтай болох хүсэл мөрөөдөл бий.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Фото үзэх
Видео үзэх
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.