Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Баасанхүү: Хэн хүчтэй нь бус, хэнийх нь зөв гэдгийг ард түмэн ялгана

Сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг телевизийн халз мэтгэлцээнд дуудсан талаарх мэдээлэл цахим ертөнцөөр тараад байсан. Тэгвэл үнэн худал нь мэдэгдэхгүй байсан дээрх мэдээлэлд эрхэм гишүүн О.Баасанхүү тайлбар хийв. Тэрээр сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийхдээ “Хэн нь хүчтэй нь бус хэнийх нь зөв бэ гэдгийг ард түмэн ялгаж, салгах чадвартай” гэсэн юм. Ингээд мэдээллийнх нь дараа түүнээс дараах тайлбарыг авлаа.

-Та Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг албан ёсоор халз мэтгэлцээнд дуудаж байгаа юмаа даа?
-Тийм ээ. Ч.Сайханбилэгтэй телевизээр халз мэтгэлцэх албан бичгээ өнөөдөр хүргүүлнэ. Халз мэтгэлцээн, ялангуяа телевизийн халз мэтгэлцээн бол улстөрчдийн ард түмнийхээ өмнө буруу зөвөө шүүлгэх хамгийн үнэн, шударга  шүүлтүүр байдаг. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд Оюутолгойн далд уурханй санхүүжилтийн гэрээ болон бусад асуудлаар алдаа гаргаагүй, О.Баасанхүү нар намайг гүтгэсэн гэдэг үгэндээ итгэлтэй байгаа л бол миний урилгыг хүлээн авч халз мэтгэлцээнд оролцох байх гэж бодож байна. 

-Таны хувьд Ерөнхий сайдтай хийх телевизийн энэхүү халз мэтгэлцээнд ялна гэдэгтээ ихээхэн итгэлтэй байна аа даа?
-Миний хувьд зүгээр нэг гудамжинд гүйж яваад УИХ-д ороод ирсэн хүн биш л дээ. УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ  дөрөв дэхь жилийн ажилд ороод явж байна. Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг бол ард түмнийхээ өмнө маш том хариуцлага хүлээсэн, хүнд хэцүү ч нэр төртэй алба. Ямар ч гэсэн Ерөнхий сайд хүн Монгол Улсын гурван сая иргэний төлөө том алдах эрхгүй хүн. Ийм л хүн алдаа гаргаж уу үгүй юу, зөв ажиллаж чадаж байна уу үгүй гэдэг талаар ард түмнийхээ нүдэн дээр халз мэтгэлцэхээр урилга хүргүүлж байгаа нь өөрөө том хариуцлагатай асуудал.

-Хууль зүйн талаасаа УИХ-ын гишүүд дуртай үедээ Ерөнхий сайд болон ЗГХЭГ-ын даргатай олны өмнө халз мэтгэлцэх боломжтой байдаг уу?
-Тийм ээ, таны асуулт чухал сэдэв хөндөж байна. Хууль зүйн талаасаа боломжтой. Нөгөө талаар УИХ-ын гишүүн миний бие Монгол Улсын Үндсэн хуулийн 26.1, УИХ-ын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.3-т заасан бүрэн эрхийнхээ дагуу хуулийн төслүүд санаачлан Засгийн газраас санал авахаар 2015 оны арваннэгдүгээр сарын 10, арванхоёрдугаар сарын 02-ны өдрүүдэд албан бичгээр тус тус хүргүүлж байсан. Гэтэл ЗГХЭГ-аас 2015 оны арванхоёрдугаар сарын 23, 2016 оны нэгдүгээр сарын 12-нд тус тус ирүүлсэн албан бичгээр миний санаачилсан хуулийн төслүүдийг хүлээн авах боломжгүй гэж мэдэгдсэн. Ингэж УИХ-ын гишүүний хууль санаачлах бүрэн эрхэд удаа дараа халдсаар байгаа болон Ч.Сайханбилэгийн бусад хууль бус үйдлүүдийн талаар халз мэтгэлцэхээр урилга хүргүүлж байна.

-Ингэхэд та УИХ-ын гишүүний хувиар хэдэн хуулийн төслийг дангаараа болон бусадтай хамтран санаачилж УИХ, Засгийн газарт өргөн барьснаас хэд нь хууль болж батлагдсан бэ?
-Маш чухал асуулт байна. Миний хувьд хууль санаачлах бүрэн эрхийнхээ дагуу бие даан болон бусадтай хамтран 32 хуулийн төсөл санаачилж өргөн мэдүүлсэн ч өнөөдрийг хүртэл зургаа, долоохон хууль нь л батлагдсан. Энэ бол дэндүү шударга бус, алаг үзсэн явдал юм. Миний санаачилсан хуулийн төслүүд ихэвчлэн Засгийн газар дээр очоод л уначихдаг. Энэ нь Монгол Улсын Засгийн газар гэдэг мэргэшсэн байгууллагын шийдвэр бус хэн нэгэн дарга, сайд хувийн харилцааны шугамаар гацааж, боож байна гэж л би үзэж байгаа. Тийм ч учраас Ч.Сайханбилэг сайдыг халз мэтгэлцээнд дуудаж байгаа юм.
 
-Энэ мэтгэлцээн хэзээ, хаана болох вэ?
-Би Ерөнхий сайдыг халз мэтгэлцээнд дуудсан албан бичгээ өөрт нь болон МҮОНТ, “Монгол  HD” телевизэд явуулна. Учир нь МҮОНТ бол татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг, орон даяар ямар нэгэн цензургүйгээр мэдээлэл тараах  үүрэгтэй  бол “Монгол НD” телевиз нь аль нэг улстөрчид, мөнгө төгрөгнөөс хараат  бусаа зарладаг учир энэ хоёрын аль нэг нь надад боломж  олгох байх гэж найдаж байгаа. Халз мэтгэлцээнийг 2016 оны гуравдугаар сарын 12-ны бямба гарагийн 19 цагаас товлосон. Учир нь Ерөнхий сайд ажил ихтэй байдаг тул хагас сайн өдрийн оройг сонгож авсан юм. Ингэж олон хоногийн өмнө мэдэгдэж Ерөнхий сайдад боломж олгохгүй бол болохгүй. Тэгээд ч Сонсголын тухай хуулиар аливаа нэгэн албан тушаалтанд мэдээллийг 14 хоногийн өмнө хүргүүлэх ёстой юм. Хэдийгээр Сонгсголын тухай хууль хүчингүй болсон ч би энэ хугацааг Ерөнхий сайдад олгож, тэр хүнийг тодорхой бэлтгэл хангах  ёстой гэж үзэж байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан