УИХ-ын 76 гишүүн дунд гэмт хэрэгт холбогдсон нь цөөнгүй. Нэр дурдвал, УИХ-ын гишүүн Л.Гүндалай, О.Чулуунбат, Х.Наранхүү, Ц.Батбаяр, Д.Дондог гээд жагсаалт үргэлжилнэ. Тэднээс хэн нь ч хуулийн дагуу хариуцлага үүрээгүй. Заримынх нь хэрэг өршөөлд хамрагдсан нэрээр аль хэдийнэ замхраад байгаа. Монголын хууль доодост халтай, дээдэст ээлтэй байгаагийн жишээ энэ. Хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэсэн “эцэг хууль”-ийн заалт нэг иймэрхүү байдлаар хэрэгжиж байна.
Иргэд хууль хяналтынхан УИХ-ын зарим гишүүний холбогдсон хэргийг шалгаж, хууль бус үйлдлийг нь нотлоод, бүр учруулсан хохирлыг нь ч тогтоочихоод байхад тэд яагаад хариуцлага хүлээдэггүй юм бэ гэсэн асуултад өнөөг хүртэл хариу нэхсээр байгаа. Үүнд УИХ-ын гишүүд нь бүрэн эрхтэй учраас гэмт хэрэгт холбогдсон ч хариуцлага үүрдэггүй юм гэж хариу барьж болно. Тэдэнд холбогдох хэргийг ихэвчлэн АТГ-ынхан шалгадаг. Тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Д.Цоодолсэнгээ дээрх асуултад “УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байж хэргийг шийдвэрлэнэ. Гэтэл энэ асуудал нь УИХ-ын Тамгын газрын эрх болчихоод байгаа юм. Тиймээс бид хэн нэгэн гишүүнд хэрэг үүсгэлээ гэхэд УИХ-ын Тамгын газар эрхийг нь түдгэлзүүлэхгүй тохиолдолд яаж ч чадахгүй. Бид хүн хүч, цаг зав, зарлага гаргаж хэрэг шалгадаг. Гэтэл ийм их зарлага гаргаж УИХ-ын гишүүнтэй холбоотой хэргийг мөрдлөө гэхэд гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй байвал хэрэг зогсохоос өөр аргагүйд хүрдэг” хэмээн хариулсан удаатай.
Үүнээс үзвэл, УИХ-ын гишүүний бүрэн эрх гээчийг бамбай болгож, дээрх нэр дурдсан “гар”-ууд хариуцлагаас мултардаг нь тодорхой байгаа юм. Улсын ерөнхий прокурор өнгөрсөн хугацаанд гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, хэргийг нь шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн учир О.Чулуунбат, Д.Дондог нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д гурван удаа, Л.Гүндалайн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг таван удаа тавьсан. Гэвч тэдний гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй. Хэрэв тэд УИХ-ын гишүүнээс доош албан тушаалтай байсан бол аль эрт дээлээ нөмрөх байлаа.
Тэгээд ч манай парламентын гишүүд дээрх мэт гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх гэтэл манай нам, танай нам гэж талцаж, буруутай нэгнээ хамгаалж, хаацайлдаг жишиг тогтоогоод удаж буй. Буруутай нэгнийхээ асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлүүлж, шүүхийн байгууллагаар дэнслүүлэхийн оронд өмгөөлж хамгаалах нь шударга явдал мөн гэж үү. Уг нь, тэд нийгэмд шударга ёс тогтооход ард түмэнд үлгэр дууриал болох ёстой улс шүү дээ.
УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал өнгөрсөн оны сүүлээр сөхөгдсөн. Тухайн үед УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр “УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг хийж байх үед нь үйлдэл дээр нь бариагүй учир бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй” гэсэн утгатай тайлбар тавьсан нь хэвлэлийн хуудаснаа үлдэж. Тиймээс УИХ-ын тухай хуулийг сөхлөө л дөө. Уг хуульд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг дараахь хоёр шалтгаанаар түдгэлзүүлэхийг зөвшөөрчээ. Нэгдүгээрт, гэмт үйлдлийнх нь явцад, эсвэл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулсан тохиолдолд. Хоёрдугаарт, гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулах үед. Гэвч хуулийн эдгээр заалтыг УИХ хэрэгжүүлэхгүй байна гэхэд болно. Өөрөөр хэлбэл, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр зөвхөн хэрэгт холбогдсон гишүүндээ ашигтай байдлаар хуулиа өөрсдийнхөөрөө тайлбарлаад өнгөрчихөж байгаа юм. Ингэснээр өнөө хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн нь хамгаалалтад орж, хууль хяналтынхны ажлыг гацааж байгааг ч хэлэх хэрэгтэй.
Тиймээс цаашид УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатайг ч хууль хяналтынхан хэлж байна. Ялангуяа, УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд бүрэн эрхийг нь шууд түдгэлзүүлж, хууль хяналтынхан шалгаж, шүүхийн өмнө аваачих боломж бүрдүүлэх нь чухал болжээ. Гэвч ийм нөхцөл бүрдүүлэх эсэхийг парламент л шийднэ.