Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай бөхчүүд нутгийн дэвжээндээ илүүрхэв

Б.БУЯНДАЛАЙ

Чөлөөт бөхийн “Mongolia open-2016” “А” зэрэглэлийн олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт боллоо. Тав дахь удаагаа зохиогдсон тус тэмцээнд БНХАУ, Монгол, ОХУ зэрэг долоон орны 200-гаад тамирчин уран мэхийг уралдуулан өрсөлдөв. 2016 он олимпын жил учраас манай тамирчдын хувьд хамгийн хариуцлагатай тэмцээнүүдийн нэг нь энэ байв.

Хэдийгээр энэ жилийн ДАШТ-ээс эрэгтэйчүүдийн 57 кг-д Э.Бэхбаяр, 65 кг-д Г.Мандахнаран, 74 кг-д П.Өнөрбат, 125 кг-д Ж.Чулуунбат, эмэгтэйчүүдийн 63 кг-д С.Батцэцэг, 69 кг-д О.Насанбурмаа нар “Рио-2016”-д өрсөлдөх эрх авсан ч гэлээ тухайн эрхийг тамирчинд бус улсад нь өгдгийг манай уншигчид андахгүй. Тиймээс бэлтгэлээ сайн базааж, хичээвэл хэнд нь ч олимпод өрсөлдөх боломж байгаа нь мэдээж. Энэ жилийн УАШТ-ээс хойш олимпын бус жинд барилддаг ихэнх шилдгүүд жин өгсч, уруудан өөрсдийн илүү өндөр амжилт гаргах боломжтой гэж тооцоолсон жиндээ барилдаж байгаа. Энэ нь ч аргагүй. Тамирчин бүхэн олимпод оролцож, эх орныхоо нэрийг дуурсгахыг хүсдэг. Тэр мөрөөдөлдөө хүрэхэд нь хамгийн их нөлөөлөх энэ жилийн хоёр дахь том сорилго нь энэ тэмцээн юм. Энэ сарын 18-нд эхлэх олимпын эрх олгох тэмцээнд Монгол Улсаас оролцох тамирчдаас Д.Хүдэрбулгаас бусад нь буюу эрэгтэйчүүдийн 86 кг-д О.Үйтүмэн, эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Нарангэрэл, 53 кг-д Э.Сумъяа, 58 кг-д П.Орхон, 75 кг-д Б.Одончимэг нар энэ тэмцээнийг өнжсөн нь өрсөлдөөнийг бага зэрэг сулруулах шиг боллоо. Уншигч та бүхэнд зарим жинд гарсан сонирхолтой барилдаануудыг тоймлон хүргэе.

Э.Бэхбаяр УАШТ-ий “шарх”-аа нөхлөө

Эрэгтэй, 57 кг: Эхний өдрийн хамгийн үзүүштэй, хөгжөөн дэмжигчдийг суудлаас нь өндөлзүүлсэн барилдаанууд энэ жинд болсон. ДАШТ-ий хүрэл медальт Э.Бэхбаяр, гавьяат тамирчин Э.Ням-Очир, оюутны ДАШТ-ий хүрэл медальт С.Батболд, ОУХМ Д.Цогтбаатар нарын шилдгүүд өрсөлдсөн нь ийнхүү энэ жинд гал гарсан өрсөлдөөнийг бий болгосон юм. Шилдгүүдийн хамгийн шилдэг нь Э.Бэхбаяр байлаа. Тэрээр шигшээд Д.Цогтбаатартай тунаж үлдсэн. Тэд энэ жилийн УАШТ-д учраа таарахад Д.Цогтбаатар ялсан. Тиймээс энэ удаа хэн ялах нь спорт сонирхогчдын анхаарлыг татаж байлаа. Гэвч түүний өрсөлдөгч бэртлийн улмаас барилдсангүй. Д.Цогтбаатар хагас шигшээд барилдаж байхдаа шагайгаа бэртээсэн юм. Ийнхүү Э.Бэхбаяр 2016 оны УАШТ-ий “шарх”-аа нөхөж, энэ тэмцээний хошой аварга боллоо. Харин энэ жилийн УАШТ-д түрүүлж томоохон дуулиан тарьсан С.Батболд эхний тойргуудад ДАШТ-ий хүрэл медальт Э.Ням-Очир, ОХУ-ын Е.Грыгорев, О.Алезсей нарыг ялсан ч хагас шигшээд Э.Бэхбаярт дийлдсэн. Улмаар дагах барилдаанд ОХУ-ын Н.Александров, хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын А.Рассединг нарыг яллаа.

Г.Мандахнарангийн тав дахь түрүү

65 кг: Энэ бол манай тамирчид тив, ДАШТ-д өндөр амжилт гаргадаг жингүүдийн нэг. Өмнө нь энэ жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Мандахнаран өрсөлдөгчгүй мэт босоо байсан гэхэд хилсдэхгүй. Харин энэ жил ДАШТ-ий мөнгөн медальт Б.Номин жин өгсөн, 65 кг-д барилдаж эхэлснээс хойш байдал эрс өөрчлөгдсөн. Энэ жилийн УАШТ-д гавьяат шигшээд шалгарч чадаагүй нь үүний илрэл биз ээ. Харин энэ удаа Г.Мандахнаран даагаа нэхэж чадлаа. Тэрээр шигшээд Б.Номинтой барилдсан нь энэ тэмцээний хамгийн гоёмсог, өндөр түвшний техник харуулсан барилдаан байлаа. Тэд хоорондоо анх удаа барилдсан нь энэ. Энэ жингийн хоёр шилдэг хоорондоо хэрхэн барилдах, Б.Номин жиндээ хэр хурдан дасах нь чөлөөт бөх сонирхогчдын анхаарлыг гойд татсаар өдий хүрсэн гэхэд хилсдэхгүй. Тэдний хэнээс нь ч бие биенээ хүлээсэн, бэргэсэн зүйл ер ажиглагдаагүй. Барилдааны эхнээс л довтолгоо, хамгаалалтын өдөр түвшний техник, мэдрэмж гаргасныг нь онцолъё. Эхний үеийн төгсгөлд Б.Номин торгуульж, гавьяат ялимгүй илүүрхсэн. Харин удаахь үеэс Б.Номингийн барилдаан илт сэргэж, олон хувилбарт довтолгоо, холбоос мэх хийж, илүү санаачилгатай барилдаж эхэлсэн. Үүнийхээ ч шимийг хүртэн, Г.Мандахнаранг мушгиж шидэн дөрвөн оноо авав. Гэхдээ тэр энэ давамгайллаа удаан хадгалж чадаагүй. Хэдхэн минутын дараа Мандахнаранг дахиж мушгих гэж байгаад өөр дээрээ шидэн, цэвэр ялагдсан юм. Ийнхүү Г.Мандахнаран гавьяат энэ тэмцээн зохиогдож эхэлснээс хойш тасралтгүй таван удаа түрүүлэх болзлоо хангасан юм. Тэрээр “Энэ тэмцээнд түрүүлсэндээ баяртай байна. Тэмцээний өмнө Б.Номинтой финалдах болов уу гэж багцаалж байлаа. Дэвжээнд гарахын өмнө Ц.Цогтбаяр дасгалжуулагч “Өөртөө итгэ. Миний хүү чадна” гэж намайг хурцалсан. Барилдааны эхнээс санаачилгыг гартаа авч, бярдаж барилдъя гэж зорьсон. Хоёрдугаар үеийн эхэнд бүхэл дөрвөн оноо алдаж, чамгүй их сандарлаа. Гэхдээ сэтгэл санаагаа аль болох тайван байлгаж, санасан мэхээ зоригтой хийхийг хичээлээ. Мушгихдаа тэнцвэр алдсан алдааг нь ашиглан, цэвэр яллаа. Энэ жилийн УАШТ-д дотны найз Б.Батмагнайд дийлдэн, түрүүлж чадаагүй. Энэ удаа алдаагаа заслаа”  гэлээ. Энэ жилийн улсын аварга Б.Батмагнай гуравдугаар тойрогт ОХУ-ын Б.Ботаевд дийлдэн, үзэгчийн суудалд шилжсэн юм.
 
Ц.Энхжаргал эргэн ирлээ

Эмэгтэй, 48:
Үрийн зулай үнэрлэн чамгүй олон жил их спортоос хөндийрөөд байсан гавьяат тамирчин Ц.Энхжаргал түрүүлж, ясны бөх гэдгээ баталлаа. Тэрээр эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс хамгийн анхны хүрэл медаль авсан, Азийн АШТ-д хоёр өөр жинд түрүүлсэн зэрэг анхны гэх тодотголтой олон амжилтын эзэн. Ц.Энхжаргал шигшээд залуучуудын олимпын мөнгөн медальт Б.Дөлгөөнтэй хүч үзсэн. Барилдааны эхнээс гавьяат туршлагаар, Б.Дөлгөөн хурдаар илүүрхсэн. Б.Дөлгөөн 53 кг-аас жин уруудан барилдаж байгаа болоод ч тэр үү, бага зэрэг хурдан цуцаж, мэх хийхдээ тэсрэлт муутай байгаа нь анзаарагдаж байв. Харин Ц.Энхжаргал гавьяат олон жилийн хур туршлага гэж юу байдгийг яруу тодоор харуулсаар өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялав. Хэдийгээр Ц.Энхжаргал дэлхийн энтэй бөх ч хэдийнэ хийдгээ хийчихсэн, бяр тэнхээ, хурд хүч нь харьж яваа тамирчин. Түүнийг дийлээгүй, эн тэнцүү өрсөлдөөн үзүүлж чадаагүй нь энэ жингийн бөхчүүдийн чанар, чансаа хэр байгааг хэлээд өгөх шиг боллоо. Залуу бөхчүүд цаашид бэлтгэлээ улам сайн базаахгүй бол ингэж ахмад тамирчиндаа дийлдээд байвал тив, дэлхийн аваргаас медаль хүртэнэ, олимпын эрх авна гэж зүүдлээд ч хэрэггүй. Тэрээр “Олон жилийн дараа дэвжээндээ эргэн ирж, түрүүлсэндээ баяртай байна. Энэ жилийн УАШТ-д түрүүлэх зорилготой оролцсон ч эхний тойрогт дийлдэн, тэмцээнээ дуусгасан. Харин энэ удаа зорилгоо биелүүлж чадлаа. Дахиад олон удаа түрүүлж, эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлэхийг хүсч байна” хэмээн баярын сэтгэгдлээсээ хуваалцсан юм.
 
С.Цэрэнчимэд шинэ жиндээ дассаар

58 кг: Олимпын эрх авах, оролцохын төлөөх хамгийн ширүүн өрсөлдөөн өрнөж буй жин. Дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, улсын хошой аварга Б.Шоовдор, энэ жилийн УАШТ-д түрүүлж, И.Ярыгины алтан гран прид Японы алдарт Каори Ичог ялж, аваргалсан П.Орхон, залуучуудын дэлхийн аварга А.Батцэцэг нарын дунд гол өрсөлдөөн болж байгаа. Энэ тэмцээнд С.Цэрэнчимэд, Э.Гантуяа, Б.Шоовдор, А.Батцэцэг нар тойргоор барилдаж, аваргаа тодруулсан. 60 кг-аас жин уруудан барилдаж буй гавьяат тамирчин С.Цэрэнчимэд эхний барилдаанд Э.Гантуяад дийлдэж, А.Батцэцэгийг 12:0, Б.Шоовдорыг 10:1-ээр ялсан. Харин энэ жилийн УАШТ-ий шигшээд П.Орхонд ялагдаж, аман хүзүүдсэн Э.Гантуяа А.Батцэцэгт 7:2-оор ялагдаж, Б.Шоовдор, С.Цэрэнчимэд нарыг хожсон. Улмаар С.Цэрэнчимэд, Э.Гантуяа нарын хожил тэнцсэн ч шагналын оноогоороо С.Цэрэнчимэд илүүрхэж, энэ жингийн анхны түрүүгээ хүртлээ. Энэ оны УАШТ-д П.Орхонд, Алтан гран прид Каори Ичод ялагдаж, хүрэл медаль авсан тэрээр шинэ жиндээ дасч байгаа бололтой.
 
С.Батцэцэг босоо байлаа

63 кг: Энэ жингийн босоо бөх, дэлхийн хошой аварга С.Батцэцэг аваргалж, энэ тэмцээний дөрөв дэх түрүүгээ хүртэв. 63 кг-д С.Батцэцэг, Н.Чанцалнямаа, С.Саранхөхөө, С.Шинэхүүхэн, Э.Цэвэгмэд нар тойргоор барилдсан. Тэдний дундаас С.Батцэцэг босоо гэдгээ дахин баталж, ганц ч ялагдалгүйгээр түрүүлсэн юм. Мөнгө, хүрэл медалийг Н.Чанцалнямаа, Э.Цэвэгмэд нар хүртлээ.

Ш.Түмэнцэцэг О.Насанбурмааг дахиад дийлэв

69 кг: Энэ жинд ДАШТ-ий гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, ОУХМ Ш.Түмэнцэцэг нарын хэн ялах нь спорт сонирхогчдын анхаарлыг хамгийн их татаж байв. Учир нь, тэд энэ жилийн УАШТ-д финалдахад Ш.Түмэнцэцэг ялсан. Харин энэ удаагийн тэмцээн тэдний хувьд ялалтынх нь тоог нэмэхээс илүүтэй “Рио-2016”-д эх орноо төлөөлж хэн нь оролцохыг шийдэхэд хамгийн их нөлөөлөх барилдаан байсан юм. Тэд энэ тэмцээний хагас шигшээд барилдахад Ш.Түмэнцэцэг дахин дийлж, өмнөх ялалтаа баталлаа. Тэрээр аваргын төлөөх барилдаанд БНХАУ-ын Ч.Фантай барилдсан. Ш.Түмэнцэцэгт өрсөлдөгчөө ялж, аваргалахад ердөө 40 секунд хангалттай байлаа. Тэрээр хөл авч, чагталж холбон эргүүлсээр Ч.Фаныг оноогоор цэвэр ялав. Хэдийгээр О.Насанбурмаа олимпын эрх авсан ч Бразиль улс руу явах боломж Ш.Түмэнцэцэгт ч бас нээгдэж байгаа. Ийнхүү хэн явах нь тун эргэлзээтэй болоод байна.

Тэмцээний дүн:

Эрэгтэй:

57 кг: 1.Э.Бэхбаяр /Монгол/ 2.Д.Цогтбаатар /Монгол/ 3.С.Батболд /Монгол/, Х.Дондуков /ОХУ/
61 кг: 1.Т.Түвшинтулга 2.В.Елегонтов /ОХУ/ 3.Н.Турган, Д.Шарастепанов /ОХУ/
65 кг: 1.Г.Мандахнаран /Монгол/ 2.Б.Номин /Монгол/ 3.А.Бакеев /Казахстан/, В.Степанов /ОХУ/
70 кг: Д.Алтангэрэл /Монгол/ 2.Г.Идэрхүү /Монгол/ 3.Б.Батзориг /Монгол/, С.Батсүх /Монгол/
74 кг: 1.С.Айжанов /Казахстан/ 2.Б.Аринов /Казахстан/ 3.Д.Кайсанов /Казахстан/, Б.Бямбадорж /Монгол/
86 кг: 1.Л.Төртогтох 2.П.Өсөхбаатар 3.Г.Нямбаяр, Д.Гомбодорж /Монгол/
97 кг: 1.Д.Хүдэрбулга /Монгол/ 2.Е.Королец /ОХУ/ 3.Ч.Ганзориг /Монгол/, Ө.Батзул /Монгол/
125 кг: 1.Балдан Чижипов /ОХУ/ 2.Н.Золбоо /Монгол/ 3.Р.Пүрэвдагва, Я.Алтантулга

Эмэгтэй:

48 кг: 1.Ц.Энхжаргал /Монгол/ 2.Б.Дөлгөөн /Монгол/ 3.Ц.Цэнджав /Монгол/, С.Цыбыкова /ОХУ/
53 кг: 1.Д.Отгонцэцэг /Монгол/ 2.С.Оршуш /ОХУ/ 3.А.Казимова /ОХУ/, Б.Болортуяа /Монгол/
55 кг: 1.Э.Даваачимэг /Монгол/ 2.М.Вильмова /ОХУ/ 3.Н.Менконова /ОХУ/, Б.Номин-Эрдэнэ /Монгол/
58 кг: 1.С.Цэрэнчимэд /Монгол/ 2.Э.Гантуяа /Монгол/ 3.Б.Шоовдор /Монгол/
60 кг: 1.Б.Нямгэрэл /Монгол/ 2.О.Оюунтуяа /Монгол/ 3.Х.Болортуяа /Монгол/, С.Наранцэцэг /Монгол/
63 кг: 1.С.Батцэцэг /Монгол/ 2.Н.Чанцалнямаа /Монгол/ 3.Э.Цэвэгмэд /Монгол/
69 кг: 1.Ш.Түмэнцэцэг /Монгол/ 2.Ч.Фан /БНХАУ/ 3.О.Насанбурмаа /Монгол/, М.Хишигмаа /Монгол/
75 кг: 1.Г.Наранчимэг 2.О.Бурмаа /Монгол/ 3.Юн Гоава /БНХАУ/

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан