Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Таван хувийн зээл батлагдсан ч олон асуудал тодорхойгүй үлдэв

Л.БАТБААТАР

Сүүлийн үед чихэнд чимэгтэй сонсогдсон  сайн мэдээ бол ипотекийн зээлийн хүүг бууруулж, таван хувь болгох Засгийн газрын шийдвэр гарч, журам батлагдсан тухай юм. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт болсон Засгийн газрын хуралдаанаар  “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ыг баталсан.
Гэхдээ уг журам  шууд хэрэг­жих эдийн засгийн бо­ломж, бололцоо бүрдээгүй гэж зарим эдийн засагч үзэж буй. Барилга, хот байгуулалтын яамны мэдээлснээр, нийслэлд   хэрэглэгчээ хүлээсэн 12 мянга 500 айлын орон сууц байна.  Тэгвэл Монголын ипотекийн корпорацаас “170 мянган өрх орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй ч шалгуур хангасан 64 мянган өрх бий” гэсэн судал­гаа гаргасан байдаг. Зээлийн хүүг бууруулж, төлбөрийн нөхцөлийг уян хатан болговол нийлүүлэлтээс гурав дахин давсан эрэлт байгааг судалгаа харуулж байна. Эдгээр орон сууцыг борлуулж ,салбараа дэмжихийн тулд Барилга хот байгуулалтын яамнаас тодор­хой арга хэмжээ авч буй нь сайшаалтай. Жишээлбэл, орон сууцны урьдчилгаа  төлбөрийг 10 хувь болгох чиглэлээр  барилгын компаниудтай хамт­ран ажиллаж эхэлсэн. Үүний үр дүнд “Алтай” констракшны “Саруул хотхон”-оос орон сууц авах иргэд урьдчилгаа 10 хувиа төлөөд ипотекийн зээлд хамрагдах боломжоор хангагдсан юм.

Засгийн газраас баталсан “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ын талаар Барилга, хот байгуулалтын яамны Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаад хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ж.Бурмаа  “Эхний ээлжинд алслагдсан дүүрэг, хөдөө орон нутгийн  болон гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан орон сууцны ипотекийн зээлийн хүүг таван хувь болгосон. Ингэснээр дээрх байрлалаас байр худалдан авах иргэд  ипотекийн зээлийн таван хувьд бүрэн хамрагдах боломжтой болж байна” гэсэн юм.

Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр  СХД-т 168 айлын орон сууц, СБД-ийн долдугаар хороолол, Батлан хамгаалах их сургуулийн орчим, БЗД-ийн 8,16 дугаар хороонд барьж буй  “Баганат өргөө”  болон “Гангар инвест” компанийн тус бүр 168 айлын оройн сууц, БЗД-ийн 14 хороололд “Зургаан талт компани” 150 айлын орон сууц зэргийг ашиглалтад оруулаад байгаа. Удахгүй 100 айл орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсэд “Бэрэн групп”-ийн барьж буй 800 айл, БЗД-ийн 8, 16 дугаар хороод баригдаж буй “Гангар инвест”-ийн орон сууцууд шинээр ашиглалтад орохоор баригдаж байгаа юм. Мөн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт  шинээр орон сууц худалдан авагчдад  таван хувийн хүүтэй ипотекийн зээл хамааралтай болох нь.

Үүнээс үзэхэд,  дээрх шийдвэрээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн болон хөдөө орон нутгийн барилгын компанийг эхний ээлжинд  дэмжих болсон байна. Мөн журамд ипотекийн найман хувийн зээлд хамрагдсан өрхийг таван хувийн зээл рүү удахгүй шилжүүлэх талаар тусгасан юм. Ингэвэл найман хувийн зээлд хамрагдсан 76 мянган өрх, нийслэлийн төвийн зургаан дүүрэгт орон сууц авсан иргэдийн  зээлийн дарамтыг бууруулсан хэрэг болно. Ипотекийн зээлийн хүүг 14 хувийн инфляцтай байхад жилийн найман хувийн хүүтэй байхаар тогтоож, бодит үйл ажил болгон хэрэгжүүлсэн байдаг. Гэтэл одоо инфляцын түвшин 1.7 хувьд хүрсэн үед найман хувийн хүү тийм ч бага биш болсон гэдгийг албаныхан хэлж буй. Гэтэл зээлийн хүүг таван хувь болгосноор зөрүү гурван хувийг төлөх мөнгө улсын төсөвт байхгүй хэмээн арилжааны банкныхан эсэргүүцэх нь  ч байна.
Мөн орон сууц худалдан авах хүсэлтэй иргэдийн эрх ашгийг хөнддөг урьдчилгаа төлбөр 30 хувиас буурахгүй нь. Нэг хэсэг 10 хувь болгох тухай яриа гарсан ч эдийн засгийн үндэслэл, тооцоо муутайгаас  шоу болоод өнгөрсөн. Харин Засгийн газраас  зорилтот бүлгийн тодорхой шалгуур хангасан иргэдийн урьдчилгаа төлбөрт хөнгөлөлт үзүүлэхийг үгүйсгэхгүй байгаа юм. Гэхдээ урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлтийн хэмжээ, нөхцөл, хамрагдах зорилтот бүлгийн шалгуурыг Засгийн газар тодорхойлж, холбогдох журмаар зохицуулах аж.
Харин шинээр олгогдох таван хувийн зээлийг хэрхэн санхүүжүүлэх тухай УИХ-ын даргын орон тооны бус зөвлөх Г.Байгалмаа “Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдахаас өмнө Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтийг хариуцдаг байсан. Харин энэ хууль батлагдснаар тус сангийн хөрөнгөөс бий болох мөнгөөр ипотекийн зээлийг санжүүжүүлэх юм. Энэхүү хуульд заасны дагуу Монголбанкны өмчлөлд байгаа ипотекийн зээлээр баталгаажсан бонд,банкнаас авах ипотекийн санхүүжилтийн авлагыг ирээдүйн тэтгэврийн нөөц санд шилжүүлэн сангийн эхлэл хөрөнгийг бүрдүүлнэ” гэжээ. 

Нийслэлийн төвийн дүүрэг болон хуучин орон сууц худалдан авах хүсэлтэй иргэд таван хувийн зээлд хамрагдахын тулд тодорхойгүй  хугацаагаар хүлээлтэд орох нь. Учир нь, Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам болон Монголбанкны саналыг үндэслэн  нийслэл хотод таван хувийн хүүтэй зээлийн асуудлыг шийдвэрлэхийн тулд их хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдана гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээлсэн. Эцэст хэлэхэд, хөдөө орон нутаг, алслагдсан дүүрэг болон гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан орон сууцнаас худалдан авах иргэд таван хувийн зээлд хамрагдах баримт материалаа бүрдүүлэх эрх зүйн үндэс нь бүрджээ. Бусад газарт шинээр баригдсан байр авах иргэдийн зээлийн хүүг бууруулах асуудлыг  шийдэхэд харин багагүй цаг хугацаа орж болзошгүй нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан