Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Наранбаатар: Оюу толгой, Гацуурт нааштай хүлээлт үүсгэлээ


Өмнө нь нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын “Coal Mongolia” жил бүр, металл, эрдэс түүхий эдийн олборлолт болон металлургийн салбарыг хөгжүүлэх зорилготой “Metals Mongolia” хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг байсан. Мөн уул уурхайн тоног төхөөрөмжийн “Mine тech” үзэсгэлэн зохион байгуулагддаг. Тэгвэл олон улсын шинж чанартай уг гурван том арга хэмжээг нэгтгэн “Coal & Metals Mongolia” нэртэйгээр энэ жилээс эхлэн тавдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулах болсон байна. Ингээд тус чуулганыг санаачлан зохион байгуулагч Гложекс ХХК-ийн Ерөнхий захирал, эрдэс баялгийн эдийн засагч, судлаач Лүндэгийн Наранбаатартай ярилцлаа.

-Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Coal & Metals Mongolia” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнгийн тов саяхан гарлаа. Энэ удаа тусдаа хийдэг байсан чуулга уулзалтуудыг хамтад нь зохион байгуулахаар болсон нь ямар онцлогтой вэ?
Өмнө нь “Coal Mongolia”-г зургаа, “Metals Mongolia”-г хоёр, “Mine тech” үзэсгэлэнг найман жил дараалан зохион байгуулагдсан. Энэ жилээс нэгдэж нэг арга хэмжээ болж байна. Чуулган тавдугаар сарын 6-7-нд “Корпорэйт конвэйнш” төвд болно.

Би “Coal Mongolia”, “Metals Mongolia” чуулганыг санаачлагчийн хувьд “Mine тech”-ийг хамтран зохион байгуулъя гэж Монголын уул уурхайн үндэсний ассоциацынханд санал тавьсан юм. Тэд нааштай хүлээж авснаар энэ гурван арга хэмжээг нэгтгэлээ. Ингэснээр зах зээлийн хямралтай үед нэг тасалбараар гурван том арга хэмжээнд оролцохын зэрэгцээ үзэсгэлэн гаргаж буй компаниудад бизнесийн харилцаа холбоо өргөжүүлэх хамгийн хямд бөгөөд үр дүнтэй боломжийг бий болгож байгаа юм.

-Одоогоор хэчнээн хүн энэ чуулга уулзалтад оролцохоор болсон бэ. Хөрөнгө оруулагчид хэр их хүлээлттэй байна вэ?
-Энэ жилийн хувьд нүүрс, төмрийн хүдэр, зэсийн зах зээл таагүй байгаа ч “Оюутолгой”-н далд уурхайд дөрвөн тэрбум ам.долларын санхүүжилт хийхээр болсон, Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гарсан, мөн алтны салбарт хууль эрхзүйн таатай орчин бүрдсэн зэргээс хөрөнгө оруулагчдад болон бараа, үйлчилгээ ханган нийлүүлж буй компаниудад ихээхэн хүлээлт үүсгэсэн нь анзаарагдаж байна. Чуулганаа зохион байгуулахаар болсноо зарлаад хэдхэн хонож байхад таван том компаниас ивээн тэтгэх санал ирүүлсэн нь үүнд ихээхэн ач холбогдол өгч буйн илрэл.

-Ямар компаниуд ивээн тэтгэхээр болсон бэ?
-Тухайлбал, Mongolian Mining Corporation” платинум ивээн тэтгэгчээр, Монголд экскаваторын төрөл бүрийн шанага үйлдвэрлэх болон уул уурхайн мэргэшсэн гагнуурын үйлчилгээ үзүүлэх төсөл хэрэгжүүлж буй Австралийн “Гантөмөр Интернэйшл” компани силвер ивээн тэтгэгчээр оролцож байгаа. Мөн үйл ажиллагааны ивээн тэтгэгчээр “Вагнер Ази тоног төхөөрөмж”, “ЗаМайн Сервисес”, “Трансвест Монгол” зэрэг тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээний дэлхийн брэндүүд хамтран ажиллах болсон. Мөн уул уурхайн бусад компаниас ивээн тэтгэх санал ирж байгаа. Чуулганд гадаад, дотоодын 500-700 хүн оролцож, 2000-3000 хүн үзэсгэлэн үзэж сонирхох урьдчилсан тооцоо гарсан. Мөн 80 орчим компани үзэсгэлэн гаргах боломжтой. Чуулгантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.coalandmetals.mn сайтаас авч болно. Сайт одоогоор Монгол болон Англи хэл дээр ажиллаж байна. Удахгүй Хятад, Казах хэл дээр асна.

-Энэ жилийн чуулга уулзалтын гол сэдэв юу байх вэ?
-Дэлхий даяар уул уурхайн үндэстэн дамнасан томоохон корпорацууд зэсийн болон нүүрсний уурхайнуудынхаа үйл ажиллагааг зогсоож байна. Учир нь нүүрс, зэс, төмрийн хүдэр гэх мэт ашигт малтмалын дэлхийн зах зээлийн үнэ унаж буй бөгөөд ойрын хугацаанд сэргэх найдлага алга. Энэ нь уул уурхайн экспортоос хамааралтай манай эдийн засагт хүнд тусаж буй юм. Чуулга уулзалтын үеэр гадаад зах зээлийн таагүй, хүндрэлтэй үеийг хэрхэн хохирол багатай давах вэ гэсэн сэдвийг хөндөнө. Мөн уул уурхайн түүхий эдээ хэрхэн нэмүү өртөг шингэсэн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн болгох талаар ярилцах юм. Түүнчлэн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа эрчим хүч, төмөр зам гээд дэд бүтцийн талаар ч хэлэлцэнэ. Хамгийн гол нь уул уурхайн салбараа яаж хямралаас гаргах вэ гэдэг сэдэв нь “Coal & Metals Mongolia” чуулганы хөндөх гол асуудал байх юм.
Ярилцсанд баярлалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан