Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Түрээслэгчид барьцаанд 420-840 мянган төгрөг ТОСК-ын дансанд байршуулна

Л.БАТБААТАР

Монгол Улсын Засгийн газраас “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг эхлүүлэх шийдвэр гарч, Барилга хот байгуулалтын сайд түрээсийн ерөнхий журмыг нь баталсан. Ерөнхий журмыг үндэслэн Төрийн орон сууцны корпорацаас хэрэгжүүлэх журмыг баталж, өнгөрсөн баасан гарагт олон нийтэд анх танилцуулсан юм.

Төрийн орон сууцны корпорацын судалгаагаар Улаанбаатар хотод орон сууц түрээслэх хүсэлтэй 27 мянган иргэн бий. Тэгвэл Улаанбаатар хотод эхний ээлжинд “Буянт-Ухаа 2” хорооллын 2-3 өрөө 350 орон сууцыг зорилтот бүлгийн иргэдэд түрээслүүлэхээр ТОСК шийдвэрлэсэн. Нийлүүлэлтээс эрэлт давсан нөхцөлд түрээсийн орон сууцны  хомсдол үүснэ. Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэн хэр олон байгааг сурвалжлахаар ТОСК-ыг зорилоо.
Өглөөний 11 цагийн үед биднийг очиход үүдний хүлээлгийн жижиг танхимд нас насны 30-40 орчим хүн бие биеэсээ “бүрдүүлэх бичиг баримт нь юу вэ, хаана байна” хэмээн асууж холхино. Удалгүй, өдрийн цайны цаг болоход орон сууц түрээслэх хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэж, 50 орчим болсноос эрэлт их байгааг харж болно.

ТОСК-ын зүгээс үүдний хаалганы шилэн дээрээ орон сууц түрээслэх  журмаа наасан ч танилцаж буй нь цөөн байв. ТОСК-ын байранд орсон хүн бүр л үүдний угтагч бүсгүйгээс ямар  бичиг баримт бүрдүүлэх талаар  залхтал асуух. Журмаа сайн судлаагүй, бүрдүүлэх баримтаа ойлгоогүй олон хүний асуултад залхсан бүсгүй “Үүдний хаалган дээр түрээслэх журмыг наасан байгаа.

Хараад, танилц” гэх жижүүрийн үгээр ам таглаж харагдана. Ихэнх хүн “Бүрдүүлэх бичиг баримтын тоо олон байна” гэлцэн төвөгшөөж байв. Тухайлбал, “Түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй тэтгэврийнхэн заавал батлан даагчтай байна” гэсэн шалгуур ахмадуудын сэтгэлийг гонсойлгож байгаа нь ярианаас  мэдрэгдэж байсан юм.  Ахмадууд “Биднийг хүний тооноос хасч байна. Түрээсийн мөнгөө төлж амжихгүй нүд анина гэснээс ялгаа юун” гэх гомдлын үг цухуйлгаж байсныг дурдах нь зүйтэй болов уу. Гэр бүлийн хоёр настан нийлээд түрээсийн төлбөрөө төлөх явцад батлан даагч байх шаардлагагүй биз дээ гэх хүн ч байсан. Энэ олон бичиг баримтыг бүрдүүлээд дараа нь сугалаанд оролцож, түрээсийн байр эзэмшиж чадах эсэхдээ эргэлзэх хүн ч цөөнгүй байгаа харагдав.

Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны иргэн М.Сүглэгмаа хөгжлийн бэрхшээлтэй нэгэн. Тэрээр “Би өнгөрсөн жилийн “Буянт-Ухаа 1” хорооллын байрны сугалаанд оролцож шалгарсан юм. Урьдчилгаа 30 хувиа төлөөд байрандаа оръё гэхээр “Банкнаас зээл ав” гэсэн. Хөгжлийн бэрхшээлтэй бидэнд банк зээл олгоогүй. Ингээд сугалаагаар байртай болох эрх хожсон ч банкны зээлийн шалгуурт унаж, байртай болж чадаагүй”  гэж өөрт тохиолдсон зовлонгоо бидэнд ярьсан юм. 

ТОСК-аас гаргасан журамд “2016 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны эхнэр, нөхөр” гэсэн шалгуур нь гэрлэлтээ батлуулаагүй мөртлөө хүүхэдтэй болсон олон гэр бүлд хүндээр тусах нь тодорхой. Биднийг 30 минутын турш тэнд байх хугацаанд хэнэггүй зангаасаа болж  гэр бүлээ батлуулаагүй залуу хос нэг бус тааралдав. Мөн түрүүлж бүртгүүлсэн болон  8-9 шалгуур үзүүлэлт хангаж, 10-12 төрлийн бичиг баримт бүрдүүлээд л түрээсийн орон сууц хөтөлбөрт шууд хамрагдаж чадахгүй. Өрсөлдөгч олон учраас сугалаанд оролцож зөвхөн 350 иргэн эхний ээлжийн орон сууцнаас  нэг ам.метр талбайг 5500 төгрөгөөр түрээслэх юм.

Шалгуур үзүүлэлт, бүрдүүлэх бичиг баримтын тоог цөөрүүлэх арга боломжийн талаар ТОСК-ын дэд захирал Д.Оюунжаргалаас тодруулахад “Барилга, хот байгуулалтын сайдын баталсан журмын дагуу түрээслэх журмыг баталсан. Үнэхээр орон сууц түрээслэх хүсэлтэй иргэн гэдгээ батлахын тулд олон төрлийн бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай. Жишээлбэл, “Гэрлэлтээ бат­луул­­сан байх” шалгуурын  дагуу бид гэрлэлтийн батал­гаа шаардана. Түрээсийн мөнгө төлөхүйц орлоготой эсэ­хийн баталгаажуулахын тулд нийгмийн даатгал төлсөн шимтгэл, цалингийн тодор­хойлолтын лавлагааг заавал шаар­дах шаардлагатай. Хам­гийн гол нь, шалгуур үзүүлэл­түүдийг бүрэн ханга­сан гэдгээ нотлож олон бичиг баримтын хуулбар, лавлагаа бүрдүүлэх ёстой. Мөн ямар зорилтот бүлэг  гэдгээс шалтгаалж нэмэлт бичиг баримт бүрдүүлэх талаар журамд тусгасан” гэв. Ингэхээр, түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн хувьд Барилга, хот байгуулалтын яам болон ТОСК-аас гаргасан журамд заасан шалгуурыг хангах нь хамгийн чухал аж. Тодруулбал, түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах өрхийн сарын орлого нь хамгийн багадаа 600 мянган төгрөг байх ёстой. Мөн болзошгүй эрсдлээс хамгаалж гурван сарын түрээстэй тэнцэх барьцаа буюу ойролцоогоор 420-840 мянган төгрөгийг  ТОСК-ын дансанд байршуулна.

Эдгээр шалгуур, шаардла­гыг хангаж, сугалаанд оролцож аз нь шовойсон иргэн   таван жилийн турш тухайн орон сууцанд амьдрах  эрхтэй. Барилга, хот байгуулалтын сайдын баталсан журамд нэг айлын түрээслэх дээд хугацааг таван жил байхаар тусгасан. Журмын дагуу таван жилийн дараа гэрээний хугацаа дуусгавар болмогц дараагийн айл түрээслэх юм байна.

Орон сууц түрээслэх хүсэлтэй иргэдийг таван зорилтот бүлэгт хуваан, өөр өөр өдөр бүртгэх хуваарийг ТОСК-аас гаргасан журмын хажууд наасан байв. Тухайлбал, тэтгэвэр тогтоолгосон ахмад настан энэ сарын 21-22, залуу гэр бүл 23-24, хувиараа хөдөлмөр эрхлэгсэд 25-28, төрийн албан хаагч, байгалийн гэнэтийн ослоос орон байргүй болсон иргэд 29, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 30-ны өдөр тус тус бүртгүүлэх аж.

Иргэд удаан хугацаагаар түрээслэсэн байраа өөрийн өмч болгох  боломжтой гэсэн яриа иргэдийн дунд бий. Энэ тухай ТОСК-ын ерөнхий захирал А.Гантулга “Энэ талаар журамд тусгаагүй. Энэ бол 100 хувь түрээсийн орон сууц. Тав хүртэл жилийн гэрээ байгуулж, түрээсийн орон сууцанд хамрагдахаар журамласан. Цаашид урт хугацаанд түрээсийн орон сууцыг өмчлүүлэх асуудлыг ТОСК судалж үзнэ” гэсэн байдаг. Албаны хүний үгнээс үзэхэд түрээсийн орон сууцаа өөрийн болгох боломжгүй нь. Түүнчлэн түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэд биеэр ирж журамтай танилцах бололцоогүй бол ТОСК-ын tosk.gov.mn сайтад хандан мэдээлэл авч болно.

Ямартай ч, улсын хэмжээнд 1300 айлыг түрээсийн орон сууцанд хамруулахаар болжээ. Аливаа ажлын үр дүн эхлэлээсээ шалтгаалдаг гэдэг. Хэдийгээр 27 мянган иргэнд 1300 түрээсийн орон сууц “Аманд ч үгүй, хамарт ч үгүй” гэдэг нь тодорхой ч цаашид түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах боломжтой олон барилга ашиглалтад орохоор хүртээмж нэмэгдэх биз.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан