Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өрөм өөрөө өтдөггүй, харин...

Ж.ЖАМУХА

Намаржин нар, салхинд эврээсэн гүзээнд хайлсан өрөм чихэн хадгалж, хаврын урт өдрүүдэд цайнд хөвүүлэн суух нь малчин ардын хувьд махнаас илүү илчлэгтэй хүнс тэжээл болдог. Өрмөө өтөнд идүүлж, хөгцөрч муудахаас хамгаалдаг энэ арга ухааныг эрт эдүгээгээс энэ цагтай золгосон нэг ёсны байгалийн хөргөгч гэж болно.

Энэ нь хоол хүнснийхээ шим тэжээлийг алдуулахгүй гэсэн малчин түмний мэргэн ухаан бөгөөд өрөм хураах, түүнийгээ гүзээнд чихэхээс аваад чамгүй хөл хөөрцөг болдог ажил. Гэвч гэнэ алдаж гүзээтэй өрмөө хийтэй чихчихвэл зунжин, намаржин хураасан өрөм нь дотроосоо өтөх аюултай. Нэгэнт нээх аргагүй хумьж боосон гүзээ дотроосоо өтөж эхэлбэл амыг нь задгайлж, өтийг нь түүхээс өөр аргагүй. Тэгэхээр өрөм өөрөө өтдөггүй, харин ч хайнга хандсан эзний буруу болж таарах нь.

“Мүүн бол Монголыг идэж буй өт”

Арав гаруй жилийн өмнөөс чих дэлсэх болсон Мүүн гэгч гаж урсгал, бүлэглэлийн тухай иргэн Э.Цэрэндолгор дахин сануулж, сар гаруйн өмнөөс олон нийтийн сүлжээний гол сэдэв болоод буй. Нийгмийг тэр чигт нь хоёр талцуулж чадсан энэ асуудал эцэстээ боловсролын салбар, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдахаар хурцдаж, нэр бүхий хүмүүс ч холбогдоод байна. Э.Цэрэндолгорын хувьд Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярыг Монгол дахь Мүүнийн гаж урсгалын гол төлөөлөгчдийн нэг хэмээгээд төрийн алба тэр дундаа хамгийн чухалд тооцогдох боловсролын салбарт ажиллах нь зохисгүй гэж үзсэн. Харин Б.Насанбаяр Мүүнийн урсгалыг бусад шашны сургааль, номлолын адил судалж байснаас цаашгүй хэмээн мэдэгдэж хэвлэлийн хурал ч хийгээд амжив. Тэрээр өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийгээд “Эцэс төгсгөлгүй гүжир гүтгэлгээс үнэхээр залхаж байна. Энэ бол 1938 оны их хэлмэгдүүлэлттэй адил. Миний бие болоод гэр бүлийнхэн маань амар тайван ажиллаж, амьдарч чадахгүйд хүрлээ. Энэ хэрэг цаашлаад яамны нэр хүндэд нөлөөлж, боловсролын салбарт ажиллаж буй мянга мянган багш, ажилтан албан хаагчдын нэр төр, хийж бүтээснийг сэвтээх гээд байна. Тиймээс ажлаа хүлээлгэж өгөхөөр өргөдлөө өгчихлөө. Асуудлыг ингэж шийдэхгүй бол яамны зүгээс хийж хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд цаашлаад багш ажилчид, сурагчид хохирох нь. Гэхдээ би ажлаа өглөө гээд энэ асуудалд цэг тавьж байгаа юм биш, харин ч удаа дараагийн гүжир гүтгэлэг хийж байгаа хүмүүстэй тэмцэх болно” гэсэн юм. Түүнийг ийн үүрэгт ажлаа өгч байгааг сонссон Э.Цэрэндолгор өөрийн фэйсбүүк хуудаснаа бичихдээ “БСШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Насанбаяр ажлаа хүлээлгэн өглөө. Иймээс иргэн Насанбаяртай иргэн Цэрэндолгор миний бие ахин алба тушаалын хариуцлага ярихгүй. Харин БСШУЯ-наас хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөрт хөндлөнгийн шинжээч нараар хяналт тавиулсан дүгнэлттэй танилцмаар байна. Ил болгоё” гэсэн юм.

Ямартай ч би, чи дээрээ тулаад удсан энэ асуудлын гол тоглогчдын маргаан энэ хүрээд арай намжив бололтой.

Харин Э.Цэрэндолгор асуудлыг арай өөр зүгт хандуулахыг хүсч байгааг дээр бичсэнээс харж болохоор. Олон нийтийн дунд энэ асуудлыг дэмжиж сайшаах нь ч их байна. Тэрээр Мүүн бол тухайн улс орны боловсролын салбарт анхаарал хандуулан ажиллаж улмаар хүүхэд залуус, өсвөр үеийнхний сэтгэхүйд нөлөөлдөг гаж урсгал. Тиймдээ ч БСШУЯ-ны үйл ажиллагаа, шинэчлэл, хөтөлбөрийг шалгах нь зөв хэмээж байна. Түүнчлэн, өнгөрсөн жил Солонгосын дуучин Ким Бум Монголд ирж, өөрийн сүлжээ кафег нээсэн. Уг сүлжээний нээлтийн ёслолд БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоход тухайн үед хүмүүс гайхаж мэгдэж байв. Арга ч үгүй биз, бүхэл бүтэн яамны сайд хаа холын Солонгост төвтэй сүлжээ кафен нээлтэд оролцсон нь эрхгүй анхараал татна. Тиймдээ ч иргэн Э.Цэрэндолгорын толгойд ийм хардлага төрсөн биз. Ямартай ч, асуудал арай өөр түвшинд яригдаж эхэллээ. Ард иргэд ч Мүүн гэгч чухам юу болохтой өнгөрсөн сарын хугацаанд хангалттай танилцсан болов уу. Тиймдээ ч Мүүн бол өт өрмийг дотроос нь иддэг шиг Монголыг аажмаар туйлдуулж буй харийн бодлого хэмээж байна.

Саяхныг хүртэл олон нийтэд Б.Насанбаярыг Мүүнист буюу Монгол дахь Мүүнийн гаж урсгалын төлөөлөгч мөн биш гэдэг л сонин байснаас асуудлыг өөр өнцгөөс анзаарах сөхөөгүй байв. Ямартай ч, Б.Насанбаяр Мүүнийн гаж урсгалын төлөөлөгч мөн ч бай, биш ч бай үнэн гэвэл Монголд Мүүнийн урсгал дэлгэрсэн нь үнэн. Анх 1994 онд манай улсад Японы гэр бүлийн хоёр орж ирснээр Мүүний төлөөлөгчид “Эх дэлхийд энх тайван тогтоох” ажилдаа монголчуудыг татан оруулж эхэлсэн. “Эв нэгдлийн хөдөлгөөн” нэрэн дор үйл ажиллагаа явуулж, бүтцийн 20 орчим байгууллага бий болгосон гэдэг. “Эв нэгдлийн” гэх тодотголтой энэ хөдөлгөөн Монголын нийгэмд үйлчлэх олон салбар байгууллагуудыг байгуулсан. Эл байгууллагуудаараа дам­жуу­лан өсвөр үеийнхэн, хүүхэд залуус руу чиглэсэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Товчхондоо, хувь хүнийхээ хувьд бүрэн төлөвшиж амжаагүй, сэтгэлзүй тогтвор­гүй бидний ирээдүй хойч болсон хүүхэд залуусаар дамжуулан гүзээтэй тосыг дотроос нь хэмлэж эхэлсэн хэрэг. Энэ нь орчин цагийн боолчлол, хүний наймаа, бизнес, улс төрийн нэгдэл бүхий сүлжээний хэлбэрээр үйл ажиллагаа явуулсаар уджээ. Гэтэл гадаадын улс орнуудад Мүүнийг шашин бус гаж урсгал, мухар сүсэг хэмээн үзэж шүүхээр хориглосон байдаг. Тэр ч бүү хэл эл урсгал анх дэлгэрсэн Өмнөд Солонгосын ард иргэд ч Мүүнийг гаж буруу нөлөөтэй гэх нь элбэг гэнэ.

Ямартай ч, зөвхөн Мүүн төдийгүй “шашин” гэх үгээр халхавч хийсэн элдэв ашиг сонирхолд хөтлөгдсөн байгууллага, урсгал, бүлэглэлүүд манайд үйл ажиллагаа явуулсаар удаж байна. Мэдээж хүн бүр Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу шүтэх, эс шүтэх эрхээ эдлэх эрхтэй ч төр засгаас тодорхой хяналт тавьж, босго тогтоодог болох хэрэгтэйг Мүүн тойрсон асуудал гэрчилж байх шиг. Эс тэгвээс өрөм дотроосоо өтдөг шиг элдэв шашны гаж урсгал, бүлэглэлүүд монгол хүний оюун санааг булингартуулж, цаашлаад үндэсний аюулгүй байдал, үнэт зүйлсэд заналхийлэхийг үгүйсгэхгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан