Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Бүдэгхэн” хуулийн цаана бяцхан хүүхдүүдийн эрх зөрчигдсөөр байх уу

Э.ГАНЦЭЦЭГ

Өнгөрсөн онд Орхон аймагт дөнгөж төрсөн нялх үрээ орцонд хаясан хэрэг гарахтай зэрэгцэн нийслэлд ой долоон сартай охиноо мөн адил орцонд хаяж, бяцхан охин 20-иод хоногийн дараа энэ хорвоог орхисон харамсалтай хэрэг гарсан. Мөн улаанбурхан өвчний улмаас дөрвөн настай хүү өнгөрсөн сард ХӨСҮТ-д нас барав. Гэхдээ хүү найман кг жинтэй, тэжээлийн гүн дутагдалд орсны улмаас эмчилгээ хийх боломжгүй байсан гэдгийг эмч нар хэлж буй. Хүүгийн эгэмний яс хугарсан байсан нь хүчирхийлэлд өртдөг байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж буй юм. Мөн өнгөрсөн долоо хоногт хөхүүл эхчүүдийг хорьж, цагдаж, үүний улмаас эхийнхээ тэврээс гараагүй ой гарантай хоёр хүүхэд ээжийнхээ барааг харалгүй, тэр бүү хэл хөхөө хөхөлгүй нэлээд хонолоо. “Гэртээ орчихоод ирье” хэмээн хамар хашаан дахь эмээгийнхээсээ гэр лүүгээ орох замд айлын нохойнд хазуулж, шархаа даалгүй нас барсан дөрвөн настай хүүгийн хэрэг...

Бидэнд мэдэгдэж, анхаарал татаж, олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр “шуурч” ил болсон хэргүүд энэ. Мэдэгдээгүй, дуулдаагүй, тоогоогүй “далдуур” хүүхдийн эрх зөрчигдөж байгаа олон тохиолдол бий. Энэ бүх хэргүүдийг төрийн бус бай­гууллага, иргэд, эсхүл холбогдох хууль, хүчний байгууллага олон нийтэд дэлгэсэн байх юм. Мөн хохирсон хүүхдүүдийн төлөө иргэд, төрийн бус байгуул­лагууд санаагаа чилээж, үүсээд буй нөхцөл байдалд эрвийх дэрвийхээрээ оролцож, тусалсаар. Хэдийгээр өнөөдөр тусламж эрсэн нэгэнд миний, чиний гэж алагчлалгүй тусламжийн гараа сунгаж байгаа ч хэдий болтол бид ийм маягаар явах вэ. Уг нь “хүүхдийн төлөө” гэх тодотголтой улсаас санхүүждэг, бүхэл бүтэн байгууллага бий юмсан. Гэтэл тэд нүдэн балай, чихэн дүлий байсаар. Иргэд ч энэ байдалтай нь эвлэрч, бие биендээ тусалж, хандивын гараа сунгах болсон нь тэр.

Хэдийгээр бид хүүхдийн эрх гэж ярьдаг боловч бодит амьдрал дээр хүүхдийн эрхтэй холбоотой зүйл, заалтууд хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй. Энэ тухай ч мэргэжлийн хүмүүс хэлдэг. Мөн манай улсад хүүхэд хамгааллын тогтолцоо байхгүй гэдгийг хүүхдийн төлөө үйл хэргээ зориулж буй эрхмүүд хэлдэг билээ.


Т.Энхтайван: Төрийн байгууллагад хүүхдээ түр хамгаалуулах  хүсэлт гаргаж болно

Дээр дурдсан хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн хэрэгт Хүүхдийн төлөө үндэсний газар (ХТҮГ) хэрхэн анхаарч, ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар ХТҮГ-ын Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Т.Энхтайвантай ярилцлаа.

-Сүүлийн үед хүүхдийн эрх зөрчсөн хэд хэдэн хэрэг гарлаа. Ойрын жишээ гэвэл хөршийнхөө тэжээвэр нохойд хазуулж, шархаа даалгүй нас барсан дөрвөн настай хүүгийн хэрэг. Танайх эдгээр хэрэг дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Сүүлийн хоёр жилийн хугацаанд хүүхдийн эрхийн тухай, тэр дундаа хүүхэд хамгааллын тухай хуульд хариуцлагын тогтолцоо бий болгоход анхаарч ажилласны шалтгаан нь энэ. Нохойд хазуулж нас барсан хүүгийн хэрэг цагдаагийн байгууллагын мэдэлд шилжсэн. Харин бидний оролцоо юу байна вэ гэхээр тухайн хүүхдийг хараа хяналтгүй орхисон эцэг, эхэд хүлээлгэх хариуцлагын асуудал. Энэ хэргийг судалж үзэхэд, тухайн орон нутгийн ИТХ-ын тогтоолоор золбин нохдыг устгаж, энэ ажилд орон нутгийн төсвөөс тодорхой тооны мөнгө хуваарилдаг юм байна. Энэ ажил ном журмынхаа дагуу явж байгаа эсэхэд хяналт тавьж, албан ёсны хариу авахаар холбогдох албан газарт нь албан тоот хүргүүлчихсэн байгаа. Ирэх есдүгээр сарын нэгнээс хүүхэд хамгааллын, хүүхдийн эрхийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр ХТҮГазар хүүхдийн эрхийн байцаагчтай болох юм. Ингэснээр хэргийн халуун цэгт, бүр цаашлаад шүүх, мөрдөн байцаах, эрүү, иргэний хэрэг, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд хүүхдийн эрхийг зөрчиж байгаа асуудалд хүүхдийн эрхийн байцаагч хүүхдийн эрхийг хамгаалах үндсэн статусаараа оролцох бүрэн эрхтэй болно.
Гэтэл өнөөдөр бид ямар эрхтэй байна вэ гэхээр шүүх хуулийн дагуу шийдвэр гаргаж чадаж байна уу, гэм буруутай этгээдийг зохих журмын дагуу тогтоож чадаж байна уу, мөн тухайн гэм буруутай этгээдэд зохих хариуцлага хүлээлгэж чадаж байна уу гэдэг дээр л оролцох боломжтой байна. Тиймээс дээрх хоёр хуулийг яаралтай батлуулах ёстой гэж ажилласны дүнд батлуулж чадлаа.

-Хэн хариуцлага хүлээх ёстой юм бэ. Мэдээж хүүхдийг хазаж гэмтээсэн нохойнд хариуцлага хүлээлгэхгүй нь лавтай.
-Мэдээж, нохойнд хариуц­лага хүлээлгэх боломжгүй. Эрхзүйн хариуцлага хүлээх чадамжтай гэдэг үүднээс нохойн эзэнд тухайн тэжээвэр амьтантай холбоотой дүрэм, журмыг биелүүлж байсан эсэхэд МХЕГ-аас зохих шалгалт явуулж байгаа. Манайх энэ хэрэг дээр хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй. Хэрэв шалгалтаар үүргээ биелүүлээгүй бол зохих хариуцлагыг нь хүлээлгэх тухай асуудлыг л ярина.

-Өнгөрсөн долоо хоногт хөхүүл хүүхэдтэй хоёр эмэгтэйг эрүүгийн хэрэгт сэжигтнээр татаж, хорьсон. Хэрэгтэн гэдэг нь нотлогдоогүй атал хүүхдээ хөхүүлэх эрх нь хязгаарлагдчихлаа. Энд хүүхдийн эрх ч давхар  зөрчигдөж байна. Тэдэнд хүүхдээ хөхүүлэх эрх байхгүй гэж үү?
-Бид энэ хэргийг судалж үзээгүй биш үзсэн. Анхаараагүй биш анхаарсан. Таслан сэргийлэх арга хэмжээ авах журамд “ямарваа нэгэн хөндлөнгийн этгээд, ар гэрийнхэнтэй уулзуу­лах боломжгүй. Зөвхөн өмгөөлөгчтэй уулзуулах боломжтой”  байдаг гэж хуулийхан тайлбарласан. “Хүүхдийг нь хөхүүлэх ёстой” гэсэн хөндлөнгөөс оролцох эрхзүйн хэмжээний статус бидэнд байхгүй.
Хэрвээ тийм эрх мэдэлтэй байсан бол мэдээж зүгээр хараад суухгүй нь ойлгомжтой. Ирэх есдүгээр сараас хүүхдийн эрхийн тухай, хүүхэд хамгааллын хууль хэрэгжээд албан ёсны хүүхдийн эрхийн байцаагчтай болчих юмбол хүүхдийн эрх ингэж зөрчигдөж байна, хүүхэд зайлшгүй эхийн сүүгээр хооллох хэрэгтэй, эрүүл мэндийн нөхцөл байдал нь ийм байна гэдэг шалтгаанаар асуудлыг тавьж, шийдвэрлүүлэх боломжтой болно. Хүүхдийн эрхийн байцаагчийн хэм хэмжээг хуульчилж өгсөн шалтгаан нь энэ.

Манайх шүүх, прокурорын байгууллага, шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтарч ажиллахаар ярилцаж байна. Иргэний танхимынхантай өнгөрсөн онд уулзаж ярилцсан. Энэ онд эрүүгийн танхимынхантай уулзалт хийхээр төлөвлөчихсөн. Энэ ажлын хүрээнд насанд хүрээгүйчүүдтэй холбоотой асуудлаас гадна бага насны хүүхэдтэй эхчүүдэд гэм буруутай үйлдлийнх нь төлөө оногдуулж байгаа ял шийтгэлтэй холбоотой асуудлаар ярилцах юм.

Манай улс эх хүн хоёр хүртэлх насны хүүхдээ харах эрхийг хуулиар олгочихсон. Гэтэл үүнийг хэрхэн хэрэглэх, хэрэгжүүлэх эрхзүйн зохицуулалт байхгүй. Гэмт хэргийн тухай, зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага бий гэдгийг өрнөж байгаа үйл явдлууд харуулж байна. Аливаа хууль амьдралаас үүдэн гардаг. Хүүхдийн эрхийн байгууллага гэдэг утгаараа бид энэ асуудлыг хөндөх ёстой.

-Тэгвэл Хүний эрхийн үндэсний комисст хандах хэрэгтэй юм байна.
-Иргэн хүний хувиар, гэр бүлийн хүн нь ч хандаж болно. Сүүлийн үед болж буй хэрэг явдлын улмаас бид энэ асуудлыг хөндөж ярилцаж байгаа боловч энэ мэт асуудлууд урд нь гардаг л байсан. Ялангуяа эмэгтэйчүүдийн хорих ангид ажиллаж байхад янз янзын санал, асуудал яригддаг. Гэхдээ хууль  хяналтын байгууллага аль болох боломжит хувилбар гаргаж, хуулийн хүрээнд зохицуулахыг хичээж ажиллаж байгаа. Бага насны хүүхэдтэй холбоотой асуудлыг цаашдаа эрхзүйн зохицуулалтын хүрээнд яаж хийх ёстой вэ гэдгийг л ярих, хийх ёстой.

-Сүүлийн  үед төрүүлсэн үрээ хаях тохиолдол их гарах болж. Мэдээж, энэ үзэгдэл олон зүйлээс шалтгаалж байгаа. Гадны улс оронд амьдралын боломжгүй иргэдийнхээ хүүхдийг өсгөөд өгдөг жишээ бий. Харин манайд ямар байдаг юм бол?
-Хүүхэд хамгааллын хуульд хүүхдэд учруулсан гэм хор гэсэн ухагдахуун байгаа. Магадгүй хүүхдэд ямар нэгэн гэм хор учирч болзошгүй. Хэрэв учирсан бол үүнийг тогтоож, учруулсан гэм хорынх нь хэмжээгээр, энэ нөхцөл байдалд хүргэсэн этгээдэд хариуцлага тооцдог болох юм. Эрүүгийн шинжтэй бол гэмт хэргийн тухай, захиргааны шинжтэй бол зөрчлийн тухай хуулиар торгуулийн ял үүрнэ. Гэхдээ энэ удаагийн хуулиар торгуулийн ял өндөрссөн. Энэ мэт эцэг, эхэд торгууль хүлээлгэхийн дээр ээжид эрүүгийн хэрэг үүсгэж байгаа. Мөн ээж байх эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авах эрхтэй. Урд нь эцэг, эх байх эрхийг нь хасах байгууллага тодорхойгүй байсан бол энэ эрх нь хүүхдийн байгууллагад шилжсэн. Энэ нь хүүхэд бол иргэн хүний хувиар өөрийгөө хамгаалуулах эрхтэй гэсэн үг.
Хэрэвзээ, хүүхдээ тэжээн тэтгэх, асран хамгаалах боломжгүй бол төрийн байгууллагад хүүхдээ түр хамгаалуулах хүсэлт гаргаж болно. Хүсэлтийнх нь дагуу нөхцөл байдлын үнэлгээ хийж, хүүхдийн асран халамжлагч орлогогүй, ажилгүй, орох оронгүй байвал тухайн хүүхдийн эцэг, эхтэй зөвшилцсөний дүнд хүүхэд гэр бүлийн “Өнөр бүл” төвд гурван жилийн хугацаатайгаар шилжүүлж болно. Мэдээж энэ хугацаанд хүүхдийн  эдлэх ёстой бүх эрх хангагдаад явна. Гурван жилийн дараа эцэг, эх нь ажилтай, орлоготой, орон байртай болсныхоо дараагаар хүүхдээ өөр дээрээ авч болно. Харамсалтай нь манай эцэг, эхчүүд ийм боломж байдаг гэдгийг мэддэггүй. Тиймээс хүүхдээ хаях үзэгдэл ихсэх хандлагатай болчихлоо. Бид энэ мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хангалттай мэдээлж байгаа ч иргэдэд төдий л хүрэхгүй байх шиг.

-Мөн унаач хүүхдийн асуудлыг ярихгүй өнгөрч болохгүй. Саяхан л гэхэд “Дүнжингарав-2016” урал­даа­­ны үеэр хоёр хүү­хэд гэмтэж, бэртсэн. Хүүхдүү­дийн биеийн байдал ямар байна вэ?
-Манайх үүргийнхээ дагуу “Дүнжингарав-2016”-д хурдан морины унаач хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажилласан. Уралдааны үеэр 19 хүүхэд мориноос унасан. Бэртсэн буюу ясны гэмтэл авсан байх магадлалтай гэж оношилогдсон хоёр хүүхэд ГССҮТ-д хэвтсэн. Ту­хайн хоёр хүүхдийн даатгуул­сан даатгалын компаниудад чиглэл өгсөн байгаа. Мөн морин спорт уяачдын холбооны хяналтын хороонд мэдээлэл хүргүүлсэн. Өнгөр­сөн долоо хоногт дээрх хоёр хүүхэд нарийн мэргэжлийн шинжилгээнд хамрагдаж, зохих эмчилгээ, үйлчилгээгээ хийлгээд гэртээ гарсан гэх мэдээллийг ГССҮТ-өөс бидэнд мэдээлсэн.

-Хүүхдийн эрхийн асуудал яригдаж эхлэхээр улсын гэхээс илүү ТББ, иргэд анхаарлаа хандуулж, асуудлыг шийдвэрлээд байх шиг. Асуудал болгож гаргаж ирж байгаа нь ч тэд. Танайхыг “ажлаа хийж чадахгүй байна” гэж иргэд шүүмжилдэг.
-Манайд 35 хүн ажилладаг. 21 аймаг, есөн дүүргийн хүүхэд, гэр бүлд хүрч ажиллахад энэ тоо хангалттай биш. Урд нь Шадар сайдын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг гэдэг утгаараа үндсэн үйл ажиллагааны чиглэл нь үйлчилгээ үзүүлэх, эсхүл бодлого тодорхойлох эсэх нь тодорхойгүй байсан. 2012 онд ХАХНХЯ-ы харъяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг буюу Ерөнхий газрын статустай болж ирснээр шаардлага тавих, бодлого тодорхойлох статус өндөрсөж, өнгөрсөн гурван жилийн хугацаанд нэлээд олон ажил хийж хэрэгжүүлсэн байна. Бид өнөөдөр хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвүүдэд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөхөөс хэтрэхгүй байна.

Төрийн бус байгууллагуудын үүрэг ролийг үгүйсгэхгүй. Тэд нар маань сүүлийн 20-иод жил хүүхдийн эрхтэй холбоотой асуудлын халуун цэгт ажиллаж байгаа. Эрсдэлд орсон хүүхдийг дараагийн эрсдлэээс урьдчилан сэргийлэх, энэ нөхцөл байдлыг давж гарах, үүнд нь зориулсан нөхөн сэргээх үйлчилгээ гэж бий. Энэ үйлчилгээг үзүүлэхийн тулд тодорхой хэмжээний зардал мөнгө хэрэгтэй болдог ч харамсалтай нь манайд нэг ч төгрөг төсөв­лөгддөггүй байсан. Харин хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхэд хамгааллын үйлчилгээний зохицуулалт хийгдс­энээр хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажил­лагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг санхүү­жүүлж, ХТҮГ тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах боломжтой болсон. Манай байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх.

Хүүхдийн эрхийн асуудлыг ярихын тулд хүүхдийн талаар ярихаас илүүтэй гэр бүлийн асуудлыг цогцоор нь ярих хэрэгтэй. Эцэг, эхчүүдийн аав, ээж, байх ухамсрыг дээшлүүлэх шаардлагатай байгаа. Бид хуулиар олгогдсон хэм хэмжээндээ л ажлаа хийж байна. Хуулиар олгогдсон хэм хэмжээг нэмэгдүүлээд өгчихвөл бид хийх ёстой ажлаа хийнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан