Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Оюунтүлхүүр: Байгаль орчны төслийн хэрэгжилтэд иргэдийн оролцоо чухал


НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Даян дэлхийн байгаль орчны сангаас  нэр бүхий хоёр Тусгай хамгаалалтай газарт загвар болгон “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь” төслийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн билээ. Төслийн үр дүнг БОНХАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаад, төрийн бус байгууллага, төсөл хэрэгжсэн аймаг сумын төлөөлөл, байгаль хамгаалах бүлэг нөхөрлөлийн 100 гаруй төлөөлөгч хэлэлцэж, оролцож санал бодлоо солилцсон юм. Энэ үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжүүлсэн “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь” төслийн үндэсний зохицуулагч Б.Оюунтүлхүүртэй ярилцлаа.

-Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутагт тулгамдсан олон асуудал бий. Эдгээрийг шийдвэрлэхээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс жишиг болсон төсөл хэрэгжүүлсэн гэж ойлгож болох уу?

-Монгол орны Тусгай хамгаалалттай газар нутгуудад тулгамдсан асуудал олон бий. Тухайлбал, байгаль хамгаалахтай холбоотой болон тусгай хамгаалалттай газар нутагт зөрчил цөөнгүй гардаг. Эдгээрээс ганда санхүүжилт хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа. Тусгай хамгаалалтад авсан газруудад үр дүнтэй менежмент явуулахад санхүүжилт хангалттай байх ёстой. Монголд төдийгүй дэлхийн бусад оронд санхүүгийн хүндрэл бэрхшээл тулгардаг. Тусгай хамгаалалттай газар нутагт эрх зүйн зохицуулалт дутмаг. Мөрдөгдөж байгаа хуульд гэхэд санхүүгийн эх үүсвэрийг тодорхой бусаар тусгагдсан. Уг нь Тусгай хамгаалалттай газар нутаг өөрөө санхүүжилтээ босгох нөөц боломж ихтэй. Тусгай хамгаалалттай газар нутагтаа аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж болно. Гэтэл ийм газарт аялал жуулчлалын чиглэлийн үйл ажиллагаа явуулчихаад тэр компаниуд олсон ашгийнхаа тодорхой хувийг байгаль хамгаалах ажилд хэзээ ч зарцуулдаггүй. Үүнтэй холбоотой эрх зүйн зохицуулалт ч байхгүй. Энэ мэтчлэн асуудлыг тодорхой хэмжээнд шийдэхийн тулд төслийг хэрэгжүүлсэн. Үндсэндээ гурван зорилт хэрэгжүүлэх төсөл.

-Гурван зорилтын нэг нь санхүүжилт гэлээ. Нөгөө хоёр нь юунд чиглэх вэ?

-Тусгай хамгаалалттай газар нутгийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох. Энэ зорилтын хүрээнд Тусгай хамгаалалтай газар нутгийн санхүүжилттэй холбоотой  зохицуулалтыг хуульд оруулах нь чухал. Байгаль хамгаалах салбарт ажиллагсдын чадавхийг дээшлүүлж, менежмент болон бизнес төлөвлөлтийн чиглэлд илүү ач холбогдол өгч ажиллах зорилт тавьсан. Жишээ нь, Өвөрхангай, Архангай аймгийн зургаан сумын газар нутгийг дамнан байрладаг Орхоны хөндийн байгалийн цогцолборт газар болон Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумын нутагт байрлах Их нартын байгалийн нөөц газарт тусгай хамгаалалттай газар нутагт үр ашигтай менежментийг хэрхэн хийх чиглэлээр таван жилийн хугацаанд төслөө хэрэгжүүлсэн.

-Төсөл бүр үр дүнтэй байх ёстой. Тэгвэл “ Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь” төслийн үр дүнг хэлбэл?

-Төслийн үр дүнг хөндлөнгийн шинжээчид үнэлнэ. Ер нь, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн  богино, дунд, урт хугацааны төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд  олон улсын зөвлөхүүд хяналт тавьдаг. Олон улсын зөвлөхүүдийн үнэлснээр “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь” төсөл амжилттай хэрэгжсэн гэж үзсэн. Төслийн хугацаанд 36 зорилт тавьж ажилласнаас 34 зорилт бүрэн хэрэгжиж “Хоёр зорилт хагас дутуу биелсэн” гэж олон улсын зөвлөхүүдийн дүгнэсэн. 

-Ямар хоёр зорилт нь дутуу хэрэгжсэн бэ?

-1997 онд УИХ-аас баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр” гэж бодлогын баримт бичиг бий. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Орчны бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар таван жилийн турш ажиллалаа. Тухайлбал, БОНХАЖЯ-аар дамжуулан Засгийн газарт гурван удаа, УИХ-д нэг удаа хуулийн төсөл боловсруулан өргөн барьсан боловч харамсалтай нь хэлэлцүүлж батлаагүй. Ингэхээр хоёр зорилт хэрэгжих боломжгүй болж байгаа юм. Бодлогын баримт бичиг болон хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан бол Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадын орлого төвлөрүүлэх, удирдлагын арга барил сайжирч менежментийн үр ашиг дээшлэх байлаа.

-Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаад улсын төсвөөс санхүүжихээс гадна өөр орлогын эх үүсвэр нь одоогоор юу байна вэ?


-Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэхэд дотоодын иргэн 300, гадаадын иргэн 3000 төгрөгийн хураамж төлдөг. Энэ хураамжийг 12 жилийн өмнө тогтоосон. Одоогийн байдлаар Тусгай хамгаалалттай газар нутгуудын гол орлого  нь нэвтрэх хураамжийн болон зөрчлийн орлого болоод байгаа. Энэ хоёр орлогоос гадна гол санхүүжилт нь улсын төсвөөс байдаг ч хангалттай биш хэвээрээ.

-Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтад зарцуулж байгаа санхүүжилтийн хэмжээг төрөөс байнга нэмэгдүүлж ирсэн гэдэг?

-1990 оноос тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг маш их нэмэгдүүлсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 19 аймгийн 166 сумын нутгийг хамарсан 27.2 сая га бүхий 99 хэсэг газрыг улсын тусгай хамгаалалтад авсан нь монгол орны нутаг дэвсгэрийн 17.4 хувийг эзэлж байна. Энэ 27.2 сая га газрын 60 хувьд нь 30 хамгаалалтын захиргаа улсын төсвөөс санхүүжиж байна. Үлдсэн 40 хувийг орон нутгийн төвөөс санхүүжүүлж менежментийг нь хариуцахаар хуульд тусгасан ч төсөв хөрөнгөгүй гэсэн шалтгаанаар хэрэгждэггүй. Төсөл хэрэгжсэн хоёр тусгай хамгаалалттай газарт хураамжийн болон зөрчлийн орлогоос гадна үйлчилгээгээ сайжруулснаар орлогын өөр эх үүсвэртэй болсон.  Жишээ нь, жуулчид отоглодог газруудад төвлөрсөн бие засах газар бүхий ариун цэврийн шаардлага хангасан цэгүүдийг бий болгон үйлчилгээ үзүүлнэ. Ингэснээр, майханд хоносны, эко гэрийн болон тусгай хамгаалалттай газар нутагт нэвтэрсний хураамж авч, орлогыг нь тухайн орчны байгаль орчныг хамгаалахад зарцуулдаг тогтолцоотой болсон.

-Төсөл  хэрэгжүүлэх явцдаа орон нутгийн захиргаа, ард иргэдтэй хэрхэн хамтран ажилласан бэ. Нутгийн иргэдтэй ойлголцож ажиллах төсөл амжилттай хэрэгжих нэг үзүүлэлт байх?

-Төсөл хэрэгжиж эхлэх үед орон нутгийн засаг захиргаа, нутгийн иргэд Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаатай хамтран ажиллах тухай ойлголтгүй байсан. Гурван талт хамтын ажиллагааг бий болгохын тулд орон нутгийн захиргаа, иргэд, Тусгай хамгаалалтын захиргааны төлөөлөл хамтын менежментийн зөвлөлийг байгуулсан. Энэ нь ажилд маань маш их үр дүн өгсөн. Зөвлөл байгуулах ажил амаргүй байсаныг хэлэх хэрэгтэй. Орон нутгийнхаа тусгай хамгаалалтай газрыг хамгаалахад нэг ширээнд сууж ярилцдаг, хэлэлцдэг хэмжээнд хүрэхийн тулд нутгийн захиргаа, иргэдийн дунд олон удаагийн уулзалт хэлэлцүүлэг зохион явуулсан. Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын Улаан цутгалангийн хүрхрээг тойрсон нэг км орчимд автомашин явдаггүй бүс байгуулсан. Тухайн тогтоосон бүст явганаар болон ердийн хөсгөөр зорчино.
Улаан цутгалангийн аман дээр буусан жуулчны бааз, айлуудыг нүүлгэн шилжүүлэх явцад  иргэдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байсан удаатай. Гэхдээ харилцан зөвшилцөж  асуудлыг шийдсэнээр энэ эерэг үр дүнг нутгийн иргэд хүлээн зөвшөөрсөн. Энэ бол төслийн гол үр дүн.

-“Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь” төсөл амжилттай хэрэгжсэн юм байна. Тусгай хамгаалалтын захиргааны 30 газраас хоёрт нь л төсөл хэрэгжсэн гэхээр чамлалттай. Цаашид НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадад төсөл, хөтөлбөр үргэлжлүүлэх үү?

-Энэ төсөл хэрэгжээд дууссан. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс нь олон жилийн турш Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадын бүс нутагт буцалтгүй тусламжийн хүрээнд төслүүд  хэрэгжүүлж байна. 2017 оноос Хангайн болон Баруун бүсийн Тусгай хамгаалалттай газар нутагт дээрх төсөлтэй ижил төстэй хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан