Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Ардчилсан сайтуудын клуб” ногоон ирээдүйн төлөө нэгдлээ

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич, талийгаач Т.Лхагвасүмбэрэлийг учир битүүлгээр амиа алдах хүртэл Тост, Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авахуулах тухайд толгойгоо гашилгаж суусан нь цөөн. Худалч хүнд биологич залуугийн үхэл нийгэм, олон нийтэд цочроо өгч, Тост, Тосонбумбын ну­руунд идээшлэн нутагладаг ирвэс, янгир, аргаль тэргүү­­­­­­­­­­­­­­­­­­тэй нэн ховор амьтан, ургамлын аймаг уул уурхайн уршгаар устах дөхөж буйг ойлгосон. Угтаа, улсын тусгай хамгаалалтад авахуулах тухай асуудал аль эрт, 2009 оноос яригдсаар өнөөдөртэй золгосон ч долоон жил дуншиж байж Тост, Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авахуулах тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тэргүүтэй нэр бүхий гишүүд өнгөрсөн мягмар гарагт өргөн барив.

Түүнчлэн, Тост, Тосонбум­бын нурууг тусгай хамгаалалтад оруулахтай холбоотой асуудалд иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийн салбарынхан ч байр сууриа илэрхийлж, эхнээсээ эл үйл хэрэг нэгдэж эхлээд буй. Тодруулбал, нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд оройлон оролцдог “Ардчилсан сайтуудын клуб”-ийнхэн ногоон ирээдүйн төлөө нэгдлээ. “Ардчилсан сайтуудын клуб”-т “assa.mn”, “zaluu.com”, “medee.mn”, “tsag.mn” тэргүүтэй хандалтаараа тэргүүлэгч 13 мэдээллийн сайт багтдаг билээ. Түүнчлэн, “Ногоон сэтгүүлч” төрийн бус байгууллага ч эл үйл хэрэгт нэгдээд буй. Өчигдөр дээрх хоёр байгууллагын төлөөлөл хэвлэлийн хурал хийж, энэ үеэр “Ирвэс хамгаалах сан”-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд “Ардчилсан сайтуудын клуб”, “Ногоон сэтгүүлч” ТББ-аас Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад оруулахтай холбоотой бодит мэдээ мэдээллийг нийгэмд түгээх, иргэд, олон нийтэд зөв ойлголт өгч ажиллах юм байна. Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд “Ардчилсан сайтуудын клуб”-ийг төлөөлж “assa.mn” сайтын эрхлэгч Н.Түвшинбат, “Ногоон сэтгүүлч” ТББ-ын тэргүүн С.Ганболд, “ontsloh.mn” сайтыг төлөөлж Ж.Жаргалсайхан нар оролцсон бол “Ирвэс хамгаалах сан”-гаас Судалгаа, мониторинг хариуцсан менежер Л.Пүрэвжав, Нөхөр­лөл, хөгжлийн менежер Г.Энхтүвшин, Б.Эрдэнэчимэг нар байлцлаа.

“Ногоон сэтгүүлч” ТББ-ын тэргүүн С.Ганболд хэвлэлийн хурлын үеэр хэлсэн үгэндээ “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр нэр бүхий гишүүд санал оруулаад байна. Хэрэв энэ удаагийн чуулганаар Тост-Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авч чадахгүй бол дахин аврал эрэх боломж ойрын хугацаанд гарахгүй л болов уу. Уг нурууг улсын тусгай хамгаалалтад авах нь зөвхөн ирвэс гэгч амьтны хувь заяатай холбоотой бус ирвэсийн шүхэр дор амьдарч буй аргаль, янгир ямаа болон 15 зүйл том сүүн тэжээлтэн, 26 зүйл жижиг хөхтөн, долоон зүйл шувуу, 10 зүйлийн ховор болон ховордсон ургамлыг авран хамгаалж чадна” хэмээн онцолсон юм.

Гурвантэс суманд ашиглалтын хоёр, хайгуулын 10 лиценз олгогдоод байна

Стратегийн томоохон орд газар, ашигт малтмалын асар их нөөцтэй Өмнөговь аймагт өнгөрсөн оны есдүгээр сарын 1-ний байдлаар ашиглалтын 80, хайгуулын 164 лиценз олгогдсон нь нийт газар нутгийн 20 хувьтай тэнцэх аж. Энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Тодруулбал, нийт газар нутгийн 40 орчим хувьд лиценз олгогдох хандлагатай байгаа хэмээн аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн Уул уурхай хариуцсан мэргэжилтэн Э.Ганхуяг хэлж байна.

Дээр дурдсан 20 хувьд Тост, Тосонбумбын нуруу оршдог Гурвантэс сумын газар нутаг ч хамрагдаж байгаа аж. Тус сумын нийт газар нутгийн 37 хувь нь ашиглалтын болоод хайгуулын лиценз хэлбэрээр олгогдсон бөгөөд тэр хэрээр малчин ардын амьдралын баталгааг хангах, усны нөөцийг хамгаалах, түүхийн дурсгалт газар, өв соёлыг нь хадгалан авч үлдэх боломж хомсдожээ. Түүнчлэн, зэрлэг ан амьтны амьдрах орчин хумигдаж, улмаар дайжих, бэлчээр талхлагдах сөрөг үр дагавартай.

Одоогоор Тост, Тосонбум­бын нуруунд ашиглал­­тын лиценз эзэмшиж буй хоёр компани байгаа бөгөөд тусгай хамгаалалтад авах талбай, хилийн зааг газрыг тэмдэглэхдээ дээрх компаниудын олборлолтын талбайг тойруулан тэмдэглэсэн аж. Хамгаалалтад авахаар санал болгож буй нутаг нь Говь Гурвансайхан байгалийн цогцолборт газар болон Говийн их дархан цаазат газартай хил залгаа оршдог тул аргаль, янгир, цоохор ирвэс, хавтгай, мазаалай гэх мэт нэн ховор амьтдын шилжин нүүдэллэх экологийн гол коридор нутаг болж байгаа юм.

Тост, Тосонбумбын нуруу ирвэс тархсан нягтаршлаараа дэлхийд хоёрдугаарт ордог

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосонбумбын нуруу нь ирвэс тархсан нягтаршлаараа дэлхийд хоёрдугаарт ордог онцгой бүс нутаг юм. Тиймдээ ч өдгөө дэлхий дахинд 7000 орчим тоо толгой үлдээд буй цоохор ирвэсийн судалгааны цөм болж буй газар. Энэ газарт зөвхөн Монголын эрдэмтэн судлаачид төдийгүй, Дэлхийн байгаль хамгаалах сан, Олон улсын ирвэс хамгаалах сан (ОУИХС) зэрэг гадаад дотоодын судалгааны багууд шат дараатай ажилласаар ирсэн.

Тухайлбал, БОНХАЖЯ-ны захиалгаар 2011-2013 онд “Дэ Нэйч Консерванси” олон улсын байгууллага Монгол орны өмнийн говьд экологийн бүс нутгийн үнэлгээ хийсэн бөгөөд хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай, байгаль, экологийн өндөр ач холбогдолтой газрын тоонд Тост, Тосонбумбын нурууг оруулсан байдаг. Тиймдээ ч орон нутгийн удирдлага энэхүү онцгой, эмзэг экосистемтэй газар анхаарал хандуулж, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХТ-ийн 2014 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хурлын тогтоолоор Тост, Урт, Гоёот багийн нутагт хамаарах 668.912 га талбайг “Орон нутгийн хамгаалалттай газар” болгосон байдаг.

Түүнчлэн, БОНХАЖЯ, МУИС-ийн эрдэмтэн, судлаа­чидтай хамтран 2008 оноос хойш Тост, Тосонбумбын нуруунд судалгаа шинжилгээ­­­ний лаборатор-эталон ажил­луулж, ОУИХС, Шведийн “Гримзо” судалгааны төв гэх мэт  гадаад дотоодын хэд хэдэн байгууллагатай хамтарч дэлхийд анх удаа цоохор ирвэсийн урт хугацааны судалгаа хийх суурин төв байгуулсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан