Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олимпын баатрууд цуглалаа



Зуны 30 дугаар буюу Лондонгийн олимп эхлэхэд 30 гаруй хоног үлджээ. Энэ цаг үед Монгол Улсын Засгийн газар, Биеийн тамир спортын газар, Монголын үндэсний олимпын хороо,  Монголын спортын салбарын төлөөллүүд олимпод оролцох шигшээ багийн тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаа өглөөний 10 цагийн үед эхэлж  спортын салбарын үе үеийн төлөөллүүд Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  олимпод оролцох баг тамирчдад амжилт хүсч үг хэлсэн юм. Үүний дараа Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар тэргүүтэй төлөөлөл ирсэн хүндэт зочид, олимпод оролцох шигшээ  болон паралимпын эрхээ хүртсэн тамирчдад хандан амжилт хүсэв. Мөн  Бээжингийн олимпын мөнгөн медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба,  Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаа нар тангараг өргөсөн юм. “Лондон- 2012” олимпын наадамд оролцох Монгол Улсын баг, тамирчдын ахлагч , Монгол Улсын шадар сайд М.Энхболд олимпод оролцох Монгол Улсын төрийн далбааг хэдхэн хоногийн өмнө олимпын тугчаар сонгогдсон Монгол Улсын гавьяат тамирчин, олимпын эрхээ шигшээ багийн тамирчдаас хамгийн түрүүнд хүртсэн марафон гүйгч Б.Сэр-Одод  шилжүүлэн өгсөн юм. Энэ үеэр  зуны 30 дугаар олимпын наадмыг зорих шигшээ багийн тамирчдын төлөөлөлтэй цөөн хором ярилцлаа.


 
Б.Сэр-Од: Улсын тугч гэдэг нэр төрийн хэрэг

-Олимпын эрхийг Монгол Улсаас хамгийн түрүүнд хүртсэн та  улсаа төлөөлөх тугчаар сонгогдлоо. Баяр хүргэе?
-Миний сэтгэл маш өндөр байгаа. Зуны 30 дугаар буюу Лондонгийн олимпод улсынхаа тугийг барьж явах хүндтэй үүргийг дөнгөж сая албан ёсоор хүлээж авлаа. Тиймээс сэтгэл үнэхээр өндөр байна. Өнөөдрийн хувьд олимпын, болон Монголын тамирчдын баяр болж байна. Тиймээс үе үеийн ахмад тамирчид ,дасгалжуулагчдадаа   хамгийн түрүүнд баяр хүргэе.

-Олимпын наадам болоход сар гаруйн хугацаа үлдэж. Бэлтгэл сургуулилт хэр сайн байгаа вэ?
-Дажгүй сайн байгаа.

-Хэзээ Лондонг зорих вэ?
-Хамгийн түрүүнд буюу ирэх сарын 3-нд явах байх.
 

Н.Түвшинбаяр: Өмнөх амжилтаа бататгахыг зорьж байна

/Бээжингийн олимпын аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин/

-Юуны түрүүнд танд тамирчдын баярын өдрийн мэндийг хүргэе?
-Баярлалаа. Өнөөдөр их сайхан өдөр байна. Монгол Улсын тамирчдын баярын өдөр. Тиймээс хамгийн түрүүнд үе үеийн тамирчдадаа баярын мэнд хүргэх нь зүйтэй болов уу.

-Таны хувьд  хоёр дахь олимпын наадмаа зорих гэж байна. Өмнөх олимпын наадамд Монгол Улсын хамгийн анхны алтан медалийг эх орондоо авчирсан. Тиймээс энэ олимпод ард түмэн чинь  илүү их амжилт хүлээж буй нь гарцаагүй?
-Бэлтгэл сургуулилтдаа гарчихсан. Олимпын наадам ч хаяанд иржээ. Тиймээс бэлтгэл сургуулилтаа улам чанаржуулж сайн барилдахыг л бодно. Ард түмнийхээ итгэлийг алдахгүй, өмнөх амжилтаа бататгахыг зорьж байна.

-Барилдаанууд нь хэдэн, хэдэнд таарч байгаа вэ?
-Наймдугаар сарын 2-нд миний барилдах өдөр. Олимп эхлээд л жүдогийн тамирчдын барилдаан  эхэлж байгаа.

 

Э.Бөхбат : Жүдогийн тамирчдад  цагийн зөрүүний  асуудал бага гарна

/Жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга /

-Лондонгийн олимпод Монгол Жүдо бөхийн холбоо хамгийн олон эрх хүртсэн. Энэ нь баг тамирчид,  дасгалжуулагчид болон холбооны үйл ажиллагаатай салшгүй холбоотой байх. Мөн өнөөдөр тамирчдын баяр болж байна. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Тийм ээ. Уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч олимпод оролцох баг тамирчдаа үдэн гаргаж баг тамирчид дасгалжуулагчдадаа хандан үг хэлж их урам хайрлалаа. Үүний дагуу бүх тамирчид маань олимпын наадамд хичээж медалийн буухиаг үргэлжүүлэх байх. Тиймээс жүдо бөхийн холбооны тамирчид албаны хүмүүс дор бүрнээ хичээж итгэлийг нь алдахгүй аль аль медалийг авахын тулд л оролцох болно.

-Шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилт хэр хангагдаж байна вэ?
-Бид нүхтийн аманд тусгай бэлтгэлд гарсан байгаа. Бэлтгэл тэндээ үргэлжилж байгаад ирэх сарын 23-нд эхний ээлжийн тамирчид Лондонг зорино. Түүний дараа буюу 25-нд дараагийн ээлжийн тамирчид дасгалжуулагчид явах байх.

-Жүдогийн шигшээ багийн тамирчид маань тэмцээн болохын өмнөхөн  Лондонг зорих юм байна. Цагийн зөрүүний асуудалд хэрхэн хандаж байгаа вэ?
-Манай тамирчид байнга гадагшаа тэмцээн уралдаанд оролцдог. Тиймээс энэ бол нэг их том асуудал биш. Гол нь өөрсдөдөө итгэлтэй, биеийн бэлтгэлээ сайн хангахад  анхаарлаа хандуулах нь зүйтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан