Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оффшор: Гөлгөө яалаа гэдэг шиг С.Баярцогт яалаа даа

Ердөө гурван жилийн өмнө дөө, Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчийн консорциумын гишүүн сурвалжлагчид гадаадын оффшор компанид нууц данс нээн татвараас зугтаж байсан С.Баярцогтын нэг сая долларыг илрүүлэн зарлаж дуулиан болов доо. Чухамдаа жил бүр хөрөнгө орлогын мэдүүлэг авч байна хэмээн сүр бадруулдаг манай АТГ бол энэ тухай үнэр ч аваагүй байсан.

Ингээд “ард түмнийхээ төлөө чин шударгаар, чөмгөө дундартал зүтгэж яваа” С.Баярцогт гэгч “ийм мөнгө байгаагаа мартчихаж” гээд л УИХ-ын дэд даргын албан тушаалаа яаран сандран өгч байж гэмээнэ хал балгүй үлдсэн.

Гадны сэтгүүлчид ийм данс, тэнд нь нэг сая доллар байгааг илрүүлж өгсөн болохоос биш манайхан энэ их мөнгийг хаанаас  яаж олсон энэ тэрийг шалгаж нягтлаагүй, түүнээс нь татвар авах тухай ч бодоогүй. Тэр бүү хэл хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүйн нь төлөө ч хариуцлага тооцоогүй. Магадгүй зүгээр л өмсөлгүй удаж байгаа хувцасны халаасан дах хэд гурван төгрөгийг мартчихдаг шиг “харийн дансанд хийгээд мартчихсан” тэр их мөнгөнөөсөө С.Баярцогт дээрх ажлыг хийх ёстой байгууллагын хүмүүст хувь хүртээгээд дарчихсан байж ч мэдэх.

Гэтэл хэрэг явдал үүгээр дуусахгүй нь. Саяхан өнөөх Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчийн консорциум гишүүн дэлхийн 80 орны 380 гаруй эрэн сурвалжлах сэтгүүлч бүтэн жил шахам ажиллаж байж ОХУ-ын ерөнхийлөгч Путины оффшор дансандаа хоёр тэрбум гаруй доллартай болохыг дэлгээд тайлан биччихэж.

Панамын, асар их нөлөөтэй хуульзүйн Mossack Fonseca фирм Гонконг, Майам, Цюрихт салбартай компани чухамдаа энэ оффшор дансанд авлигын мөнгө хэрхэн орж нууцлагдаж байдгийг мөрдөн шалгадаг, дэлхийн улс орнууд, хотуудтай мэдээлэл солилцож энэ бүхнийгээ өнөөх Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумд өгдөг юм байна.

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумд талархал илэрхийлсэн байдаг. Ийм ажил хийж байгаад нь баяр хүргээд та бүхний дэлгэсэн энэ баримтуудад францын 1000 гаруй иргэний нэр, хөрөнгө мөнгөний тухай мэдээлэл байна. “Энэ бол Францын хувьд маш сайн мэдээ” гээд Олланд “Оооо манай татварын, хууль хяналтын  байгууллагууд энэ браимт бичгийг шалгаж нягталж, мөрдөн шалгаж байна” гэжээ.
Хүний хүүхэд ийм сүрхий гэдэг шиг хууль дүрэмтэй, түүнийгээ хэрэгжүүлдэг улс орон ийм байдаг юм байна. Манайх шиг “мартамхай” С.Баярцогтыг нэг албанаас нь чөлөөлөөд өөр “илүү их мөнгө идэж болох” албан тушаалд дэвшүүлдэггүй юм байна.

Зөвхөн францаас л 1000 гаруй хүн байна гэнэ. өөр ямар ямар улсаас хэдэн хүн байгаа бол.Манайхаас хэд бол........
Манай тагнуул, Авлигатай тэмцэх газрынхан энэ байгууллагтай холбоо барьж байгаа болов уу.......

Одоо тэгэхээр олон улсын байгууллагуудын үнэлээд байгаачлан сүүлийн жилүүдэд тоо нь эрс нэмэгдсээр байгаа манай тэрбумтнуудын далд нууц хөрөнгө энэ компани, тэр сэтгүүлчдийн олж авсан мэдээлэл дотор байхыг үгүйсгэхгүй. Хэзээ энэ бүхнийг задлаад дэлгэх бол.

Нэрт романч Б.Нямаагийн “Төөрсөөр төрөлдөө” уран сайхны кинонд гардагчлан “Гөлгөө яалаа.....” гэдэг шиг Баярцогт яалаа та минь........

Энүүхэн “сая таван зуун мянган хавтгай дөрвөлжин дотор л биш бол ......” гээд “За яахав мартчихсан юм” хэмээн хэнэггүй сууж байтал "хуруу хумсаа хуйхлалгүй луйвардан олж авсан" хамаг хөрөнгийг  чинь гадныхан  илчлээд олонд дэлгэчих юм биш биз.

Өнөө л Оюутолгойн гэрээ, Тавантолгойн хөрөнгө, Улаанбаатарын газрыг баруун солгойгүй зарж үрж байж олж хуримтлуулсан, Ё.Отгонбаярын олон дансаар нааш цааш гүйлгэж байсан  хэдийг тань “хоёр гуравхан хулгана мэрчихдэггүй” юм гэхэд овтой чадалтай, олон улсын сэтгүүлчид олоод зарлачихаж мэдэх нь байна шүү, Алигачид аа.

Манай АТГ, цэрэг цагдаа, тагнуулын төв газар гээд дүлий дүмбэ хэдэн юмтай зүйрлэшгүй юм байна, цаад Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллага, тэдний гишүүн сурвалжлагчдыг чинь.....та минь ээ.. Тэгээд ч цаадуул чинь манай хэд шиг хэд гурван төгрөгөөр амаа таглуулчих хүмүүс биш юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан