Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Шаравдэмбэрэл: Морин өртөөний сүлжээг жил бүр өөрчилдөг байсан юм билээ

Э.ГАНЦЭЦЭГ

...Уудам тал нутагт тархан суурьшсан талын нүүдэлчин ард түмэн Хүннү гүрний үеэс атаат дайснаа уулгалан довтолж, ямагт өрсөн дайтдаг байсан тухай эртний сурвалж бичигт тэмдэглэн үлдсэн нь бий. Энэ бүхний нууц нь Хүннү гүрний өргөн уудам тал нутгийг хэрэн давхих уургын улаа, морин элч нартай холбоотой байсан гэдэг. Эртний нүүдэлчдийн харилцаа холбооны анхдагч хэрэглүүр нь дарцаг, морин элч, галын дохио байсан нь эдүгээ он цагийн уртад хувьсан өөрчлөгдсөөр “ухаалаг” технологит хүрээд буй.

Монгол Улсад орчин ца­гийн мэдээлэл, харилцаа хол­боо­­ны салбар үүсч, хөгжсний 95 жилийн ойг тохиолдуулан “Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын 95 жилийн түүхэн товчоон” явуулын музей өчигдөр Тэди төвд нээгдлээ.
“Явуулын музей”-гээр иргэдэд 200 гаруй үзмэрийг үнэ төлбөргүй дэлгэн үзүүлэх аж. Нэг сарын хугацаанд өртөөлөн аялах “Явуулын музей”-н үзмэрүүдтэй энэ долоо хоногийн турш Тэди төвд ирж танилцах боломжтой бол ням гарагаас дөрөвдүгээр сарыг дуустал Жи мобайл, Скайтел, Юнител компанийн байруудад тус тус долоо хоног саатна. “Явуулын музей”-н сүүлийн зогсоол Мэдээлэл холбооны сүлжээ сургууль байх юм.

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжихөд үе үеийн аппарат, техник хэрэгсэл ихээхэн нөлөөлсөн. Тэгвэл “Явуулын музей”-д 1913 онд Сайн Ноён Хан Намнансүрэнгийн хэрэглэж байсан 24 хэрэглэгч бүхий телефон утасны жижиг станцаас түүх эхэлнэ. 1898-1940 онд хэрэглэгдэж байсан цахилгаан мэдээ дамжуулах морзын аппарат, 1914-1960 он хүртэл нийслэл, аймгуудад ашиглаж байсан гар ажиллагаатай телефон станц, 1988-1997 онд Төв цахилгаан холбооны газар, аймгуудад хэрэглэж ирсэн телеграфын электрон аппарат, радио нэвтрүүлгийн анхны диктор Ж.Батаагийн гадаад паспортын хуулбар (1954 он), шугамын радио нэвтрүүлгийн чанга яригч гээд 200 гаруй үзмэрийг дэлгэжээ.
Нээлтийн үеэр МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа “Бидний өдөр тутмын салшгүй хэрэглээ болсон ухаалаг утас, интернэт хаанаас яаж бий болов. Тэр дундаа манай улсад хэрхэн энэ үйл явц өрнөсөн бэ гэдэг түүхийн нэгээхэн хэсгийг “Явуулын музей”-гээс үзэх боломжтой. Гол зорилго нь ч үүнд оршиж байгаа. Ард иргэдэд сонирхолтой үзмэрүүд байх болов уу гэж бодож байна” гэсэн юм.
Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны салбарын түүхийн музейн эрхлэгч Н.Шаравдэмбэрэл “Явуулын музей”-н нээлтийн үеэр ховор нандин, үнэт үзмэрүүдээ ийн тайлбарлалаа. 

“...1912 онд Гадаад хэргийн сайд Чин Ван Ханддорж монголчууд өөрсдөө цахилгаан мэдээний зохицуулах хороотой байх нь зүйтэй гэж үзээд 1912 оны өвлийн эхэн сарын шинийн найманд Нийслэл хүрээний цахилгаан мэдээний хороог байгуулж, анхны захирагчаар Гүн Цэдэвсүрэн томилогдсон түүхтэй. Түүний гарын үсэгтэй анхны баримт бичиг үзэсгэлэнд дэлгэгдсэн. Ийнхүү есөн жилийн дараа 1921 оны аравдугаар сард Нийслэл хүрээний цахилгаан мэдээний хорооны захирагчаар Бат-Очир томилогдож, Монголын анхны марк, төгрөг гээд олон зүйлийг санаачлан хийж хэрэгжүүлсэн байдаг юм. Тэдгээрээс ч үзэсгэлэнд орууллаа. Түүнчлэн ховор, содон үзмэрүүдийн нэг бол XIX зууны дунд үеийн морин өртөөний сүлжээний схем зураг. Энэ зурагт Цагаан хэрэмийн чуулалт хаалганы тухай ч бий. Цагаан хэрэм 4-5 хаалгатай. Үүнийг чуулалт хаалга гэж нэрлэдэг. Энэ хаалгаар дамжин Хятадаас Их Хүрээ, Хиагт, Улиастайн болон Ховдын амбан руу явдаг байсан. Өөрөөр хэлбэл дээрх хаалганууд Хятадын хилийн харуулын байр гэсэн үг. Морин өртөөний сүлжээг жил бүр өөрчилдөг байсан юм билээ. Үзэсгэлэнд дэлгэсэн морин өртөөний сүлжээний зурганд 128 өртөө бий. Ийм л их дамжлагаар нэг хилээс нөгөө хил рүү мэдээ дамжуулдаг байж” хэмээн тайлбарласан.

 Мөн тэрээр одооны телефон утасны аппаратыг бодвол овор хэмжээгээр том утасны аппарат заагаад “Сайн Ноён Хан Намнансүрэн Орос улсад гурван сар зочлохдоо мах хөргөлтийн болоод харилцан ярьдаг телефон утасны аппаратыг ихээхэн сонирхож байсан юм билээ. Буцахад нь Оросын Николай хаан 25 номерын гар багтаамжийн станц бэлэглэсэн нь энэ. Ийм аппараттай болсноор 1914 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр “Өргөө хотын Монгол Улсын телефон сүлжээ ашиглах дүрэм”-ийг баталсан байдаг” гэсэн юм.  Мөн 1960 онд Хонхорын радио станц ашиглалтад ороход хэрэглэж байсан усан хөргүүрийг ч үзүүлжээ. Үүнийг онцолдог учир нь уг хөргүүр радио мэдээлэл дамжуулахад хамгийн олон жил ашиглагдсан эд аж.







0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан