Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Уранчимэг: Харвони эмийг хөнгөлөлттэй үнээр олгоно

Э.ГАНЦЭЦЭГ

Эрүүл мэнд, спортын яамны Эм, эмнэлгийн хэлтсийн дарга М.Уранчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Манай улс “Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт”-ыг долоо дахь удаагаа шинэчилж, жирэмсний амин дэмээс эхлээд элэгний вирусийн эсрэг эм, бэлдмэлийг багтаалаа. Ингэснээр хэчнээн нэр төрлийн эмийг хямдруулж авах боломжтой болов?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу хүн амд яаралтай, хүртээмжтэй олгох шаардлагатай эм, бэлдмэлийг энэхүү жагсаалтад оруулдаг. Жагсаалтыг 3-4 жил тутам шинэчилдэг. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлд шинээр бүртгэгдсэн, сүүлийн үед эмчилгээ, оношилгоонд хэрэглэж байгаа дэвшилтэт технологи бүхий эм, бэлдмэл 3-4 жилийн хугацаанд жагсаалтад нэмэгддэг гэж болно. 354 нэрийн эмийг 30-80 хувь хямдруулан авдаг байсан бол Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гуравдугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор олон улсын нэршлээр 171, худалдааны нэршлээр 544 нэрийн эмийг 40-80 хувь хүртэл хямдруулан авах боломжтой болсон.

-Иргэд заавал эмчийн жороор хөнгөлөлт эдлэх үү?
-Тэгнэ. Даатгалын жороор хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жорыг өрхийн болон хоёрдугаар шатлалын эмч олгоно. Урд нь зөвхөн өрхийн эмч олгодог байсан. ЭМД-ын шинэ хуулиар хоёрдугаар шатлалын буюу аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нар бичдэг болсон.

-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэмж үзүүлэх хөнгөлөлт бий юу?
-Нийгмийн аль нэг бүлгээр ялгаварласан зүйл байхгүй. Дээрх жагсаалтад орсон эм, бэлдмэлийг ЭМД төлдөг иргэн бүр эдлэх боломжтой.

-Бүх эмийн сан хөнгөлөлттэй үнээр үйлчлэх үү. Иргэд бүх эмийн сан олгоно гэсэн ойлголттой байх шиг байна.
-Бүгд даатгалын жороор хөнгөлөлттэй үйлчлэхгүй. Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын тодорхой шалгуурыг хангасан эмийн сангууд л дээрх хөнгөлөлтийг үзүүлнэ. Тухайн эмийн сан гаднаа ЭМД-ын сангаас эмийн хөнгөлөлт үзүүлэх эмийн сан гэсэн тодорхой мэдээллийг иргэдэд ил харагдахуйц газар байршуулах ёстой.

-Элэгний C вирусийн эсрэг Харвони  эмийг “ЭМД-ын жороор хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалт”-д оруулах боломж бий юу. Иргэд нэг курс уух эмээ 1200 ам.доллараар худалдан авч байна?
-“Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт”ирэх онд шинэчлэгдэх байсан боловч элэгний C вирусийн эсрэг эм, бэлдмэл хэт өндөр үнэтэй, иргэд хэрэгцээт эм, бэлдмэлээ худалдан авч чадахгүй байснаас үүдэн энэ онд шинэчилсэн. АНУ-д 94 мянган ам.доллараар худалдаалагддаг элэгний C вирусийн эсрэг Харвони эмийг Засгийн газар хоорондын  хэлэлцээрээр 1200 ам.доллараар оруулж ирж байгаа. Эхний 1600 хүн тун орж ирснээс 1510 өвчтөн хэрэглэж, үр дүн нь сайн гарч байна. Гэвч 1200 ам.доллар гэдэг өндөр үнэ. Тиймээс  гуравдугаар сарын 22-ны өдрийн Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатарын “Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт”-д Харвони эмийг нэмж орууллаа. Ганц Харвони бус, сүүлийн үеийн эмчилгээ, оношилгоо, өндөр хөгжилтэй оронд хэрэглэж байгаа элэгний C вирусийн эсрэг 34 нэр төрлийн эмийг “Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт”-д нэмж оруулсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан