Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тосонбумбын асуудал хууль тогтоогчдын мэдэлд шилжлээ

Б.ШИРНЭН

Өмнөговь аймгийн Гурван тэс суманд орших Тост, Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авах асуудлыг өчигдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцэн, дэмжлээ. Ингэснээр байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн амь насаараа хамгаалсан тус бүс нутгийг улсын тусгай хамгаалалтад авах эсэх асуудал УИХ-ын мэдэлд шилжиж байна. “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах” тогтоолын төсөл нэрээр явж буй Тосонбумбын асуудлыг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэхээр жагсаалтад оруулсан тул ирэх хоёр хоногт багтан хэлэлцэх эсэхийг нь нэг мөр шийдэх байх гэсэн хүлээлт үүслээ. Хаврын чуулган сар гаруйхны хугацаанд хуралдаад бүх шатны сонгууль залгах тул Байнгын хорооноос ч гэсэн Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр шахалт үзүүлэх бололтой.

Хэдийгээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд харьяалагддаг гишүүд дээрх тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлэх эсэхийг дэмжсэн ч хэд, хэдэн эргэлзээтэй асуудал байгааг тодотгов.

Тухайлбал,   
• Тогтоолын төсөлд заасан “Байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч буй газар нутгийн хилийн заагийг холбогдох хуулийн заалтыг үндэслэн тогтоохыг Засгийн газарт даалгасугай” гэх заалт байнгын хорооны гишүүдийн дунд багагүй хардалт, маргаан дагууллаа. Учир нь, Засгийн газар тусгай хамгаалалтын хилийн бүсийг тогтоохдоо ашиглалтын болоод хайгуулын лиценз эзэмшиж буй газар нутгийг тойруулж магадгүй гэж байв.

• Хоёрдугаарт, тус бүс нутгийг тусгай хамгаалалтад авснаар хайгуулын болон ашиглалтын лицензтэй уул уурхайн компаниудад хичнээн төгрөгийн нөхөн төлбөр өгөх асуудал тодорхойгүй

• Улсын тусгай хамгаалалтад авах 8-9 газар байхад Тост, Тосонбумбын нурууг онцгойлон хэлэлцэж байгаа нь ямар учиртай вэ гэх асуудлууд байлаа.
Тэгвэл байнгын хорооны гишүүд болоод дээрх тогтоолын төслийг санаачилсан Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нарын гишүүний өгсөн хариултад үндэслэн дараахь тайлбарыг хийж болохоор байна.
 
1. Засгийн газар яагаад хилийн цэсийг тогтоох вэ

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийн 2-т “Байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч буй газар нутгийн хилийн заагийг холбогдох хуулийн заалтыг үндэслэн тогтоохыг Засгийн газарт даалгасугай” гэжээ. Харин иргэний нийгэм болоод УИХ-ын цөөн тооны гишүүн тус бүс нутгийг Байгалийн нөөц бус Дархан цаазат газраар улсын хамгаалалтад авах ёстой гэж үзэж байна. Гэвч, Дархан цаазат газарт уул уурхай байтугай дэгсдүүлж хэлвэл, малын хөл хүртэл хорьдог. Гэтэл Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Тост, Тосонбумбын нурууны хамгаалалтад авахаар санал болгосон талбайд өнөөдрийн байдлаар 169 өрх айл, 38 мянга гаруй толгой мал маллан амьдарч байгаа юм. Өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслан гээд жилийн дөрвөн улиралд Тосонбумбын нурууг тойрон нутагшдаг тул тэдгээр иргэдийг Дархан цаазат газар нэрээр “нутаг заах” боломжгүй байгаа хэрэг. Тиймээс уул, уурхайн компаниудын эзэмшиж буй лицензтэй талбайг хамруулан нийт 896527.44 га газрыг Байгалийн нөөц газраар бүртгэн улсын хамгаа­лалтад авах ёстой гэж үзэж байна.

2016 оны 3 сарын байдлаарх Тост-Тосонбумбын нуруун дахь
хүчин төгөлдөр лицензүүд

Эх сурвалж: Ашигт малтмалын газар



2. Хэчнээн төгрөг нөхөн төлбөрт өгөх вэ

Хуулийн төсөл санаачлагчдын өгсөн мэдээллээр Уул уурхайн хайгуул, ашиглалтын 21 тусгай зөвшөөрлийг тухайн газарт олгосон байна. Эдгээрээс таван тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж, 13 нь хайгуул, гурав нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Харин эдгээр компанийн үйл ажиллагааг зогсоож, Нөөц газрын ангилалд оруулснаар Засгийн газар нөхөн төлбөр олгох шаардлагатай болно. Тогтоолын төсөлд энэ талаар тодорхой мэдээлэл тусгаагүй байгаа ч УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Өргөдлийн байнгын хороог даргалж байх үеэр “тусгай зөвшөөрлүүдийг цуцалснаар 1.1 тэрбум төгрөгийн нөхөн олговор өгнө” гэх явцын мэдээллийг өгч байсан юм. Дээрх компаниудад 2007-2009 оны хооронд хайгуулын тусгай зөвшөөрлийн лиценз олгож байжээ.

3. Тосонбумбын асуудлыг яагаад түргэсгэв

Тост, Тосонбумба орчмын байгаль хамгаалагчаар ажиллаж байсан Т.Лхагвасүмбэрэл нь учир битүүлгээр нас барсан явдал гарсан. Энэ нь түүний хийж байсан ажилтай нягт холбоотой гэж “Ирвэс хамгаалах сан” болоод ар гэрийнхэн нь үзэж байгаа юм. Тэрээр өөрийн хамгаалж байсан бүс нутагтаа уул, уурхайн олборлолт, хайгуул зэрэг үйл ажиллагаа явуулахыг эрс эсэргүүцдэг байсан бөгөөд тусгай хамгаалалтад авахуулах талаар хөөцөлдөж байсан юм. Энэ байдлаасаа болоод гурван ч удаа халдлагад өртөж, заналхийлэл, дарамт, шахалтад орсон гэх мэдээлэл ч гарсан билээ. Тиймээс түүний үйл хэргийг үргэлжлүүлэх нийгмийн шахалт Тосонбумбыг тусгай хамгаалалтад авах ажлыг яаравчлуулах хамгийн бодит шахалт болж байна.

Хоёрдугаарт, олон сар үргэл­жилсэн асуудал УИХ-ын бүрэн эрхээ хэрэгжүүлэх сүүлийн чуулганы хугацаатай давхцсан. Сар гаруй хугацаанд чуулганы хуралдаан үргэлжлэх тул гурван шатны хэлэлцүүлэг давах энэ ажлыг түргэсгэх шаардлага мөн байгаа юм.

Үүнээс гадна, Т.Лхагвасүмбэрэл агсны үйл хэргээс тусгай хамгаалалтад авах үндэслэл нь одоог хүртэл бодит хэвээр байна. Өөрөөр хэлбэл, дэлхийд нэн ховордсон ирвэсийн нягтаршлаар дэлхийд хоёрт ордог бүс нутаг.
Мөн хамгийн сүүлийн ч гэж томъёолж байгаа юм. Өөрөөр хэлбэл, дэлхийд нэн ховор, тэр дундаа Монгол орны говийн бүсэд тархац нутаг нь нэн хумигдаж буй цоохор ирвэсийн сүүлийн өлгий нутаг төдийгүй, ховор амьтан болох аргаль хонь, янгир ямаа, ёл зэрэг амьтдыг хамгаалах шаардлагатай байгаа юм. Говь гурван сайхны Байгалийн цогцолбор газар олон Говийн Их Дархан цаазат газрын хоорондох амьтдын нүүдэл, коридор нутгийг хамгаалахад онцгой ач холбогдолтой төдийгүй Гурвантэс сумын иргэд, мал бэлчих, ундаалах сүүлчийн газар нутаг болсон юм. Уул уурхайн үйл ажиллагаа явуулаагүй, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлүүдтэй давхцалгүй үлдсэн нутаг тул нутгийн ард иргэдийн амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хамгаалалтад авах зайлшгүй шаардлага ч мөн бий.

Харин уул, уурхайн хайгуул, шинжилгээ зэрэг үйл ажиллагааны улмаас өнөөдөр Тост, Тосонбумбад

• Уул уурхайн тээвэрлэлтийн ул­маас олон салаа зам үүсч, шороо тоос дэгдэж, газрын хөрс эвдэрч, бэлчээр талхлагдсаар байгаль орчинд бохирдол үүсгэх, зэрлэг ан амьтан дайжих үзэгдэл нэмэгдсэн

• Хайгуулын өрөм тавьж дээж авах зэргээр цооног ухсанаар тухайн цооногийн нүхэнд зэрлэг ан амьтан, мал орж унаж эрсдэх асуудлууд ихээхэн гарч байгаа

• Уул уурхайн хайгуул, олбор­лолтоос шалтгаалан усны нөөц багасч, булаг, шанд ширгэж, ундны усны чанар, аюулгүй байдал алдагдаж айл, өрхийн ундаалдаг худагны усны хэмжээ нь эрс багассан

• Уул уурхайн нөлөөллөөс болж Тост Тосонбумбын нурууны экосистемийн хэв шинж аюул эрсдэлд орсон бөгөөд ус, бэлчээр, ан амьтад, биологийн олон янз байдал тэдгээрийн амьдрах орчинд өөрчлөлт гарч болзошгүй болоод байгаа зэрэг сөрөг үзэгдэл зонхилжээ.

Тиймээс Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг УИХ-ын сүүлчийн буюу энэ хаврын чуулганаар батлуулах зайлшгүй шаардлага үүсээд байна.





0 Сэтгэгдэл
ene uuliin hamgaalagch zaluugiin hereg yu bolson yum bol doo
Хамгийн их уншсан