Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Бат-Үүл: Улаанбаатарын хаврын баярын мэндчилгээ



Ардчилсан Монгол Улс, нийслэл Улаанбаатар хотын иргэд ээ,
Ардчилсан намын гишүүд, дэмжигчид, журмын нөхөд өө.

Та бүхэндээ Ардчилсан намын төрсөн өдөр – Улаанбаатарын хаврын баярын мэнд дэвшүүлье. Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны 26 жилийн ой, Улаанбаатарын хаврын баяр бол үүх түүхээрээ ч, үр дүнгээрээ ч, өргөн ач холбогдлоороо ч эрх чөлөөт монгол хүн бүрийн баяр билээ.   
Тэртээх 1990 оны дөрөвдүгээр сарын 7, 8-нд хуралдсан Монголын Ардчилсан намын Анхдугаар их хурал эх оронд маань эрх чөлөөний үрийг суулгаж, үндсийг тарьсан. Бидний 26 жилийн өмнө байгуулсан Ардчилсан нам бол иргэдээ эрх чөлөөтэй, өмч хөрөнгөтэй, эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шашин шүтэх эрхтэй болгож, ардчилсан, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийн тогтолцоог байгуулж чадсан юм.  
Та бид 26 жилийн өмнө эхлүүлсэн тэмцлээ, өөрсдөө тарьж суулгасан үрээ тордож, хамгаалж хөгжүүлж байх эрхтэй, бас үүрэгтэй. Улс төрийн эрх чөлөөг эдийн засгийн эрх чөлөөгөөр бататгах зорилго өөд та бид хамтдаа тэмүүлж байна. Ардчиллын боломжоо нээлттэй ашиглаж, үр шимийг нь бүр олуулаа хүртэх давалгааг бид 2012 оноос эхлүүлсэн билээ. Энэ бол бүтээн байгуулалтын хувьсгал байлаа. Бид нийслэл Улаанбаатар хотоо зам нь түгжирсэн, хог шороондоо дарагдсан, гудамж нь харанхуй, төлөвлөлтгүй, замбараагүй газар олголттой, иргэдээ бухимдуулдаг, тэдний эрүүл, аюулгүй байдалд заналхийлсэн эмх цэгцгүй хот байлгахыг хүсээгүй. Энэхүү анхаарлын, асуултын тэмдэг дагуулсан асуудал бүрийг шийдвэрлэж, өөрчилж, шинэчлэх цаг нь ч болсон байсан. Тиймээс ч манай намынхан нийслэл хотод бүтээн байгуулалтын хувьсгалыг эхлүүлсэн юм.
Нийслэл хот бахь байдгаараа үлдэхгүй, өөрчилж, шинэчилж болдог гэдгийг ч өнгөрсөн гурав, дөрөвхөн жилд батлан харуулж чадлаа.
Өнгөрсөн хугацаанд санаачилсан, бүтээн байгуулсан, амжуулсан ажлуудаас цөөн хэдийг нь жишээ болгон онцольё. Гэр хорооллыг дахин төлөвлөх, шинэчлэн зохион байгуулах ажлыг эхлүүллээ. Үр дүнд нь гэр хорооллын айлууд тохилог орон сууцанд амьдарч, хашааны газрын үнэлэмж, үнэ цэнэ өссөн. Иргэд газраа банкны барьцаанд тавьж, зээл аваад өөрсдөө барилгын бүтээн байгуулалт өрнүүлэх боломж нээлттэй болов. Бизнес эрхэлж, ашиг олж, ахуй амьдралаа дээшлүүлье гэсэн хүсэл, зорилготой ч барьцаалах хөрөнгөгүй, гарааны дэмжлэггүй иргэддээ бичил зээл олгож эхэллээ. Нийслэлийн хороо тус бүрт 50-200 сая төгрөг, нийт 15.2 тэрбум төгрөгийг хуваарилж, иргэд энэхүү мөнгийг хэндээ зээлээр өгөхөө өөрсдөө хэлэлцээд олгож байна. Олуулаа хэлэлцэж гаргасан шийдвэр эзнээ олдог, бусдынхаа итгэлийг алдахгүйн төлөөх хүмүүсийн зүтгэл ч сайн байна. Айл өрх амьжиргаагаа өөд нь татаж, үр өгөөж нь ч их байгаа юм. Энэ мэтчилэн иргэддээ эдийн засгийн эрх чөлөөг олгох ажлыг амжилттай эхлүүллээ.
Иргэддээ эдийн засгийн эрх чөлөө олгох нь бидний 2012 оны сонгуулиар өгсөн амлалт. Ардчилал цөөнхөд хүртээлтэй байсныг зогсоож, 1990 онд эхлүүлсэн хувьсгалаа өргөжүүлж хийж буй нь энэ. Ардчилсан нийгэмд ард түмэн эдийн засгийн эрх, эрх чөлөөг эдлэх ёстой. Энэ нь иргэд хувийн өмчтэй байх, бизнес эрхлэх, дуртай ажлаа хийх, мэргэжлийн холбоодод нэгдэхийг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл, хувь хүний амьдралын чанарын хэмжүүр юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 1.5-д “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна” гэж заасан байдаг. Тиймээс Ардчилсан нам хүн бүрт ардчиллыг хүргэж өгөхийн тулд, нэн ялангуяа иргэдээ эдийн засгийн эрх чөлөөтэй болгох, хүн бүрт, айл бүрт тэгш боломж олгохын төлөө ажиллаж байна.   
Ардчилал бол эхлээд дуусдаг моод загвар биш. Ардчилал гэдэг амар сайхандаа жаргадаг үлгэр ч биш. Морьтойгоо харайгаад хүрэх эцсийн зогсоолтой зам ч биш. Ардчилал, эрх чөлөө бол өрнөн хөгжиж байх үргэлжлэл. Эрхэм журмын нөхөд өө, гишүүд, дэмжигчид ээ, бүгдээрээ бүтээн байгуулалтын давалгаагаа улам эрчтэй, хүчтэй үргэлжлүүлж, төрөлх хотоо дэлхийн энтэй хот болтол нь хөгжүүлцгээе. Бид чадна.

Нийслэлийн Ардчилсан намын дарга Эрдэнийн БАТ-ҮҮЛ

0 Сэтгэгдэл
Бат-үүл Улаанбаатарын хаврыг нийслэлын АН-ынх, Сайханбилэг Монголын малыг ардчилсан намынх болгочихлоо одоо үлдэх юм байна уу . Улаанбаатарын өвөл зун намар нь бусдынх нь
Хамгийн их уншсан