Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Чимэдцэеэ: Жульеттад биш дайчин эмэгтэйн дүрд тоглохыг хүсдэг

Э.ГАНЦЭЦЭГ

Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” хөгжимт драмын театрын уран бүтээлчид энэ жилийн “Гэгээн муза-13” наадмын “Хөгжимт жүжиг”-ийн төрөлд Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Гэгээн тамлан” жүжгээр найман номинацад нэр дэвшээд буй. Тус театрынхан “Гэгээн муза-11” наадамд “Хүүхдийн мюзикл” жүжгийн төрөлд “Муурын байшин” жүжгээр анх удаа нэр дэвшин дөрвөн муза хүртсэн. Тиймдээ ч “Гэгээн муза” наадмын хүчтэй өрсөлдөгчдийн тоонд зүй ёсоор багтдаг билээ. “Гэгээн тамлан” жүжгийн Гүлмэр хатны дүрээр “Гэгээн муза-13” наадмын “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагналд нэр дэвшсэн залуу жүжигчин Д.Чимэдцэеэтэй ярилцлаа. Тэрээ өсч яваа залуу уран бүтээлч юм.

-“Гэгээн муза-13” наа­­дамд нэр дэвшиж, бат­ламжаа гардсанд тань баяр хүргэе. Манай уншигчидтай сэтгэгдлээ хуваалцаач?
-Нэр хүндтэй энэ наадамд анх удаа нэр дэвшиж, батламжаа гардлаа. Маш их баяртай байна. “Гэгээн муза”-д нэр дэвшинэ гэдэг тухайн жүжигчинд асар их нэр хүнд байдаг. Анх удаа, тэр тусмаа “Шилдэг эмэгтэй гол дүр” шагналд нэр дэвшиж байгаадаа баяртай байна.

-Үзэгчид таныг “Эрчүү­дийн клуб” нэвтрүүлгийн хөтлөгч, “Валидол” богино хэмжээний кино уран бүтээлээр сайн мэднэ. Харин хаана, сурч төгссөнийг тань мэдэхгүй?
-СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгсч, Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” Хөгжимт драмын театраас ажлын гараагаа эхлүүлж байлаа. Театраараа жил гаруй овоглож, телевизэд ажиллах санал ирснээр сүүлийн гурван жил дэлгэцийн уран бүтээлд түлхүү анхаарч ажилласан. “Валидол” цуврал, богино хэмжээний кино үзэгчдэд хоёр жил тасралтгүй хүрсний эцэст түр завсарлалаа. “Эрчүүдийн клуб” нэвтрүүлэг ч тэр.

-“Гэгээн тамлан” жүжиг дуулалт хэлбэрээр анх удаа танай театрын тайзнаа амилж, “Хөгжимт жүжиг”-ийн төрөлд ч гэсэн анх удаа нэр дэвшлээ?  
-Тийм. Энэ төрөлд анх удаа нэр дэвшиж байна. Б.Лхагвасүрэн гуайн “Гэгээн тамлан” жүжиг өмнө нь дуулалт хэлбэрээр тавигдаж байгаагүй юм билээ. Манай театр энэ хэлбэрээр анх удаа тавьсан. Эхний шатны шалгаруулалтад “Гэгээн муза” наадмын шүүгчдээс өндөр үнэлгээ авсан. Шүүгчид өвөрмөц тавилттай болсон байна гээд их сайхан хүлээж авсан. Тиймдээ ч театрын хамт олон маань урам зориг дүүрэн байгаа.

-Өрсөлдөгчид хүчтэй байх шиг?
-Тийм шүү. Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын бүтээл “Дуун хэлхээ” жүжиг, “Увертюра” хамтлагийн “Надад үлдсэн найз” мюзикл гээд олон сайн уран бүтээл, уран бүтээлчидтэй өрсөлдөж байгаа. Гэхдээ нэгэнт зүтгэсэн юм чинь гээд айгаад хойш сууж болохгүй бас онгироод давхиад байж болохгүй.  Чадлынхаа хэрээр зүтгэнэ дээ. Энэ дашрамд “Гэгээн муза-13” наадамд нэр дэвшиж байгаа нийт уран бүтээлчдэд амжилт хүсмээр байна.

-Ингэхэд “Гэгээн там­лан” жүжиг тайзнаа хэчнээн удаа тавигдсан бэ. Нийслэлийн үзэгчдэд хэдийд хүрэх бол?
-Манай театрын энэ оны анхны шинэ уран бүтээл л дээ. “Гэгээн муза-13” наадамд зориулагдсан гэж хэлж болно. Тийм болохоор “Жаахан шарга” театрын тайзнаа дөрвөн удаа л тоглосон.  Мөн энэ сарын 16,17-нд Дорнод аймгийн театрт тоглогдоно. Түүнчлэн наадмын сүүлийн шалгаруулалтад зориулж, Улсын Драмын эрдмийн театрын тайзнаа тавдугаар сарын 3-ны өдөр ганцхан удаа тавигдах юм. Хэдий сар хүрэхгүй хугацаа үлдсэн ч үзэгчдээс нижигнэсэн алга ташилт хүртэхийн тулд бэлтгэлээ сайн базааж байна.

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Кино, нэвтрүүлгийн санал нэлээд ирсэн. Гэрээ хийсэн ч гэлээ түр хойш тавьсан. Эхний ээлжинд “Гэгээн муза-13” наадмаа өндөрлүүлэх хэрэгтэй байна. Энэ наадам надад маш чухал учраас бүх ажлаа хойшлуулсан.

-Жүжигчин хүнд бүтээ­хийг хүсдэг дүр гэж бий. Эмэгтэй жүжигчид Жульетта гэдэг. Харин таны хувьд?
-Жүжигчин хүн өөрт ногд­сон дүрийг бүтээхийн тулд хүч хөдөлмөр, авьяас чадвар гээд бүхнээ дайчилдаг. Уянгын гэхээс илүүтэй адал явдалт кинонд дайчин эмэгтэйн дүрд тоглохыг хүсдэг. Аль оюутан цагаасаа л тэгж мөрөөдөж ирсэн. Тийм боломж л олдох байх.

-Б.Лхагвасүрэн гуайн зохиолоос тэр чигээрээ Монгол үнэртдэг, монгол эхийн сүү, сэтгэл шингэсэн байдаг гэдэг. Гүлмэр хатны дүрийг бүтээхэд хэцүү байв уу. Дүр дээрээ хэр хугацаанд ажиллав?
-Монгол эмэгтэй, тэр дундаа эх хүн ариун байх ёстой. Монгол хүмүүний үндэс угсаа үргэлжилж,  ариун байх эсэх нь эмэгтэй хүнээс шалтгаалдаг. Үүнийг л дүрээрээ харуулах гэж хичээсэн. Хичээж ч байна. Бавуугийн Лхагвасүрэн гуай “Монгол хүн ариун байх нь эмэгтэй хүний умайн дээр тогтдог” гэж айхтар үг хэлсэн байдаг. Энийг л би гаргаж үзүүлэх ёстой. Энэ үүрэг хариуцлага нь надад ирсэн. Тиймээс дүр дээрээ чадлынхаа хэрээр ажилласан.

-Дуулалт жүжиг учраас дуучдаас дутахааргүй хоолой шаардаж байгаа нь дамжиггүй?
-Мэргэжлийн дуучин биш болохоор тайзан дээр амьдаар дуулахад хэцүү байгаа. Гэх­дээ хичээж, зүтгэсний дүнд дөрвөн тоглолтын ард гарчих­сан. Серенада, ариг амьдаар дуулахад хэцүү юм билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан