Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Энхбат: Ашигт малтмалын хайгуулыг хувийн хөрөнгөөр хийх нь алдаа

Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тэргүүтэй долоон гишүүн өргөн барьсан. Өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэх уг асуудлаар Эрс шинэчлэн хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Д.Энхбатын байр суурийг сонирхлоо.

-Юуны өмнө Тост, Тосонбумбын нуруутай ямар сэжмээр холбогдсон тухайгаа сонирхуулбал?

-Манай Эрс шинэчлэл хөдөлгөөн, уул уурхай, байгаль орчны асуудлаар олон жил ажиллаж байна. Миний бие ч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын уугуул, Улаанбаатар хот дахь Гурвантэс сумын нутгийн зөвлөлийн дарга. Олон араван жилийн ажил хөдөлмөртэй минь холбоотой, ээжийн нутаг болохоор Гурвантэс сум, Тост, Тосонбумбын нуруутай холбоотой асуудалд байр сууриа илэрхийлж, анхаарал хандуулж явдаг. Тиймдээ ч маргааш (өнөөдөр) хэлэлцүүлэгт орох гэж буй Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг их хурлын эрхэм гишүүд анхааралдаа аваасай, дэмжээсэй гэдэг үүднээс анхаарал хандуулж байна. Магадгүй уул уурхайтай холбоотой, тэр дундаа Тост, Тосонбумбын нурууны ард байгаа ашиг сонирхлын асуудлаас болж зарим нэг хүн эсэргүүцэж магадгүй гэж харж байгаа юм.

-Асуудал өнгөрсөн намраас өндрөө авч эхэлсэн. Гэхдээ байнгын хороонд 100 хувь дэмжигдсэн нь асуудал арай нааштай шийдэгдэх болов уу гэсэн горьдлого төрүүлж, хүлээлт үүсгээд байна?

-Тийм, гэхдээ чуулган гэдэг олонхоор хэлэлцэж, шийддэг огт өөр субьект. Тогтоолын төсөл анхны хэлэлцүүлэг дээр битгий унчихаасай гэсэндээ,тийм магадлал байгаа учир анхаарал хандуулж байгаа хэрэг.

-Тост, Тосонбумбатай холбоотой асуудлыг ярихаар тоймтой тоо хэлдэг нь ховор. Ашиглалтын хоёр, хайгуулын 10 лиценц бий гэх тоог Ирвэс хамгаалах сангийнхан хэлж байсан. Өмнө нь 20 гаруй гэх яриа ч гарсан?

-Эрс шинэчлэл хөдөлгөөн лиценц олгодог, уул уурхайн үйлдвэрлэл хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай 2006 оноос хойш хамтарч ажиллаж байна. Тиймдээ ч зөвхөн Гурвантэс сум гэлтгүй Монгол орны хэмжээндэх лицензийн байдал, олгосон нөхцлийн талаар тодорхой мэдээлэлтэй байдаг. Анх биологич залуу амиа алдаж, лицензийн асуудал яригдаж эхэлсэн үеэс энэ хэргийг судалж үзсэн.Одоогоор олборлох буюу ашиглалтын хоёр, хайгуулын долоон лиценз олгосон байна. Хайгуулын лицензтэй долоон компани нь хятад эзэнтэй. Ихэнх нь Тосонбумбын нурууг тойрсон, зарим нэг нь бүр нурууны бэлд, газар нутагт хамаарч байгаа юм билээ. Ашиглалтын лицензийн хоёр талбай нь нуруунаас 20, 30 км зайтай гэдэг ч угтаа энэ газрын экосистемд хамаарч байгаа.

-Ашиглалтын лиценз олгосон хоёр талбайн хэмжээг нарийн хэлэх боломжтой юу?

-Андуураагүй бол 70 гаруй мянган га газар гэж дуулсан. Ашиглалтын лицензийн тухай ярисных энд нэг зүйл ярихгүй өнгөрч болохгүй. Өдгөө Гурвантэс сумын нутагт дэлхийн хэмжээний нүрсний дөрвөн том уурхай үйл ажиллагаа явуулж байна. Дундаж уурхай нь л жилд 10 сая тонн нүүрс олборлох боломжтой учир дэлхийн хэмжээний гээд байгаа юм. Яахав, нүүрсний үнэ уначихсан энэ үед дээрх хэмжээнд олборлохгүй байгаа л даа. “Sausgobi sands” буюу Өмнийн говийн элс, “Чинхуа-МАК-Нарийн сухайт” гэх Хятад, Монголын хамтарсан уурхай, “Өсөх зоос”, мөн “МАК” гэх дээрхуурхай бол дэлхийн хэмжээний хүчин чадалтай уурхайнууд. Нарийн сухайтын орд газар л гэхэд Тавантолгойгоос дутахгүй нөөцтэй. Одоогоор Тавантолгойг долоо орчим тэрбум тонн нөөцтэй гээд байна. Нарийн сухайтын хувьд дөрөв, таван газар хуваагдчихсан болохоос одоогоор тогтоогдсон нөөц нь тав орчим тэрбум тонн. Ингээд харахаар нэг сумын хэмжээнд дөрвийн дөрвөн асар том уурхай ажиллаж байхад заавал тав, зургаадахийг нь бий болгох шаарлага байна уу,тэр дундаа ховор, нэн ховор амьтан, ургамалтай экосистемд халдах хэрэг байгаа юу гэдэг асуулт урган гарч байна. Энэ газарт Монголын 33 алдартай говийн нэг Хөхөлцөгийн говийн нутагхамаардаг. Энэ говьд олон арван булаг шандаас гадна маш том баянбүрд байдаг.
Тэр бүрд хоёр газраас эх авдагийн нэг нь Тосонбумбын нуруу. Нөгөөх нь Хятадын Тэнгэр уулаас ирдэг гүний ус байсан ч хятадууд гүний ус, гадаргын усыг нь ч хааж, нуур бий болгосноос нэг талын тэжээл нь байхгүй болсон. Хэрэв Тост, Тосонбумбын нуруунд уул уурхай үйлдвэрлэл явагдаж эхэлбэл Хөвд, Тооройн баянбүрд гэхчлэн томоохон экосистемүүд ямар ч усны эх үүсвэргүй болно. Энэ хоёр гол үндэслэлээр улсын тусгай хамгаалалтад авах ёстой гэж үзээд байгаа юм. Цааш нь амьтан, ургамал гээд яривал асар ихийг хэлж болно.

-Ашиглалтын лицензтэй хоёр компани анх гадны хөрөнгө оруулалттай, хайгуулаа ч өөрсдийн хөрөнгөөр хийж байсан юм билээ. Товчхондоо, ховор амьтан ургамалын экосистем бүхий ийм газарт хайгуул судалгааны ажил хийвэл улс оролцож байх нь зөв санагддаг?

-Уг нь, аль ч улс оронд ашигт малтмал, геологийн судалгааг улс өөрөө хариуцаж, өөрийн хөрөнгөөр хийхийг чухалчилдаг. Гэтэл манайд ийм бодлого алга. 1997 онд Ашигт малтмалын тухай хууль гарснаас хойш геологи, уул уурхайн бодлогохайгуулын ажлыг хувийн хөрөнгөөр хийлгэе гэдэг бодлого барьсан. Нийтлэлч Баабараас авахуулаад “Бусдын хөрөнгөөр газар доорх баялагаа мэдээд авья” гэж олон хүн ярьж, хэлж байсан. Угтаа энэ нь үндсэндээ буруу, алдаатай бодлого. Учир юу вэ гэвэл, тухайн улс орны хөрсөнд ямар баялаг, хэдий хэмжээтэй байгаа, хэрхэн ашиглах боломжтой юм гэдгийг улс өөрөө тогтоож, ашиглалтын асуудлыг тендер зарлах байдлаар сонгон шалгаруулах ёстой юм. Гэтэл манайх мөнгө байхгүй гэдэг шалтгаар хувийн, ялангуяа гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад хайгуулын лиценз олгочихдог. Гэтэл тэр байгууллагууд нь хайгуул, судалгааныхаа анхдагч материалыг үнэн бодитоор нь төрийн байгууллагад өгч байгаа нь эргэлзээтэй. Тэгэхээр хамгийн зөв арга бол хайгуулыг улс өөрөө л хийх. Саяхан даа, Орост байгаа, хуучин Зөвлөлтийн үед хийгдсэн Монголын геологийн судалгааны анхдагч материалуудыг авахаар боллоо. Манайд лиценз авсан хүмүүс эхлээд Орос руу яваад байдаг. Яагаад гэхээр манай геологийн фондод хадгалагдаж байх ёстой анхдагч материалууд нь тэнд байдаг хэрэг. Лиценз авсан нөхдүүд дутуу дульмагхан судалгаагаа лавшруулж үзэх гэж Орос руу явдаг байхгүй юу.

-Тост, Тосонбумбын нуруунд ашигт малтмалын хайгуулаас гадна гедрогеологи ч юмуу, байгаль, экологийн чиглэлийн тоймтой судалгаа хийгдэж байсан юм болов уу. Жишээ нь, таны дээр өгүүлсэн Тэнгэр уулаас эх авдаг байсан гэх зүйлийг хэн, хэзээ судалж тогтоосон нь сонирхолтой байна?

-Тост, Тосонбумбын тухайд 1960-аад оноос судалгаа хийгдэж байсан юм билээ. Ер нь тэгээд байгаль, орчны судалгаа цөөнгүй хийгдсэн, одоо ч хийгдэж л байна. Дээр дурдсан жишээ нь эдгээр судалгааны дүн. Өдгөө ашиглалтын лицензтэй хоёр компани 30-аад тэрбум төгрөг хайгуул, судалгааны ажилд зарцуулсан гэх яриа гарч, түүнийгээ нэхэх маягийн байр суурь илэрхийлээд байгаа. Яг дээрх компаниуд ямар ямар судалгаа хийсэн нь одоо ч тодорхойгүй л байна. Гидрогеологийн судалгаа хийсэн үү, гүний усны нөөц нь ямар юм гэхчлэн нарийн шинжилсэн эсэх нь эргэлзээтэй. Ер нь хайгуул, судалгааны ажлын тайлан тэр бүр бодитой байх нь ховор.  Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт хайгуулынхаа тайланг үнэн зөв өгсөн байгууллага хэд байгаа бол. Түүнийг нь хэрхэн хянаж, шалгасан бол. Ингээд бодохоор эргэлзээтэй зүйл олон.

-Лиценз олгосон хоёр талбайн нөөц үр өгөөжийн хувьд дээрх дурдсан дөрвөн урхайгаас ямар юм бол?

-Би геологи, уул уурхайн хүн биш л дээ. Гэхдээ энэ салбар, чиглэлээр олон жил явсны хувьд багахан баримжаа, практиктай болж. Чойжилсүрэн гишүүний нэр дээр байгаа лицензийн талбайд нүүрс байх нь байгаа. Гэхдээ ашиглах нөхцөл буюу мэргэжлийн үгээр уул техникийн нөхцөл нь нөгөө дөрвөн уурхайтай өрсөлдөх чадваргүй. Яагаад гэвэл олборлолт хийх нөхцөл нь их хүнд. Илүү нарийн технологи, техникийн хэрэгцээ шаардсан ажил. Тэр хэрээр өртөг өндөр тусна. Бүтээгдэхүүнйи үнэ өндөр байна гэдэг өрсөлдөх чадвар буурна гэсэн үг. Яахав лиценз эзэмшигчид нь төрд эргүүлж өгөхөд бэлэн байна гэж байгаа ч хайгуулын болон бүтээн байгуулалтын зардлаа нэхээд байгаа. Энэ асуудлыг маш нарийн судалж тогтоох ёстой. Ямар хайгуул хийж, хэчнээн метр өрөмдлөгө явуулсан юм, үр дүн нь юу вэ гэдгийг нарийн тогтоох ёстой.

-Хэрэв тусгай хамгаалатад авчихвал энэ асуудал арай өөрөөр яригдаж эхлэх байх?

-Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ашигт малтмалын хуулиар бол аливаа субъект, улс, орон нутаг ч байна уу уул уурхайн үйлдвэрлэл явуулах эрхийг нь түдгэлзүүлж, газраа эргүүлэн авах боломж, бүрэн эрхтэй. Угтаа тусгай хамгаалалттай бүс нутгийн экосистем, газар нутаг дотор уурхайн талбай оруулж баталдаг тийм хууль, журам ч байхгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан