Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агуу түүхийн эзэн Коби Брайнт зодог тайллаа

“Хар мамба явлаа”

Дэлхийн спортын түүхэнд өчигдөр нэгэн үйл явдал тодоос тод оч болон гялалзаж өнгөрлөө. Энэ нь хэдэн тэрбум ам.доллараар эргэлдэх спортын ертөнцөд АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн Лос-Анжелос Лэйкерс багийн тоглогч Коби Брайнт зодог тайлсан үйл явдал байв. Дэлхийн спортын түүхэнд яагаад энэ өдөр чухал болон үлдэх талаар зарим хүн мэдэхгүй байж болох ч сагсан бөмбөгийг Майкл Жорданаар төсөөлдөг цаг үе өнгөрч, сагсан бөмбөгийн спортын тэнгэрт хоёр дахь од нь тэр байсан юм. 

Нэг багт 20 жил тоглосон түүний хувьд хамгийн сүүлчийн удаа  өчигдөр Юта Жазз багтай хийснэ тэмцээнд оролцож багтаа 60 оноо  авчирч ялалтад хөтөлсөн юм. Түүнийг зодог тайлах сүүлчийн тоглолтдоо 60 оноо авна гэж хэн ч төсөөлөхгүй байсан ч агуу тамирчин гэдгээ дахин батлан харуулсан нь энэ байлаа. Сагсан бөмбөгийн ноён оргилд таван удаа гарсан түүний өмнө хэдэн зуун сая хөгжөөн дэмжигч нь мэхийн ёсолж, хүндэтгэл үзүүлсэн. Түүнийг гэх үнэнч хөгжөөн дэмжигчид нь нулимсаа нуугаагүй талаар цахим ертөнцөд шуугьж байна. Өнөөдөр 37 настай тоглогч зодог тайлахдаа 60 оноо авч байхыг бодоход түүнд дахин нэг улирал тоглох хүч чадал байгааг дэлхий нийт харсан талаар спортын сэтгүүлчид ч онцлон бичиж байна.

Ямартай ч түүний сүүлчийн тоглолтын тасалбар 10 мянган ам.долларт хүрчээ. НБА-гийн түүхэн дэх хамгийн шилдэг тоглогчдын нэг Коби Брайнтын тоглолтын тасалбар хэдэн сарын өмнө дууссан байсан гэнэ. Стэплэс центерт Юта Жаззын эсрэг хийсэн тоглолтыг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган хөгжөөн дэмжигч зорин ирсэн бөгөөд алдартай дуучид, жүжигчид болон улс төрийн нэр хүндтэй хүмүүс ч түүний сүүлийн тоглолтыг үзэх гэж үнэтэй тасалбарыг нь худалдан авчээ. 

 Тэрээр тоглолтын эхний хагаст 55 оноо авсан. Энэ амжилт нь 2006 онд итгэмээргүй тоглолт үзүүлэн 81 оноо авсан үед нь болж байжээ. Харин Вилт Чэмберлэйн нэг тоглолтод 100 оноо, эхний хагаст 59 оноо авч түүхэнд үүрд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Харин Кобигийн энэхүү амжилт НБА-гийн түүхэнд хоёрт бичигддэг юм. Мөн 2011оны НБА-гийн бүх оддын тоглолтод 37 оноо, 14 самбараас бөмбөг авалт, гурвын бөмбөг таслалт хийн бүх оддын тоглолтын “MVP” буюу шилдэг тоглогчийн шагналыг хүртэж, алдрын танхимд нэрээ мөнхөлсөн Боб Петитийн амжилттай тэнцсэн.

Дөрвөн тоглолт дарааллан 50-иас дээш оноо авсан энэхүү амжилт нь 2006-2007 оны улиралд дөрвөн тоглолт дарааллан 50-иас дээш оноо авсан хоёр дахь тоглогч болж домогт Вилт Чэмберлэйнтэй тэнцсэн билээ. Коби мөн өөр нэг рекорд эзэмшдэг бөгөөд нийтдээ 11 удаа 50-иас дээш оноог өөрийн карьерын турш аваад байгаа билээ. Лэйкерсийн Плэй-Оффын хамгийн өндөр оноо болох 5504. НБА-гийн 16 удаагийн аварга Лэйкерсийн үе үеийн олон шилдэг тоглогч Плэй-Оффд олон амжилтыг  үзүүлсэн байдаг. Гэхдээ Коби яах аргагүй хамгийн өндөр 5504 оноог өөрийн 16 жилийн карьерынхаа 15 жилд нь цуглуулж чаджээ.

Коби Брайнтын амжилтаас сонирхуулахад нийт таван удаагийн аварга, лигийн үнэ цэнэтэй тоглогч, Плай-Оффын хоёр удаагийн үнэ цэнэтэй тоглогч, хоёр удаагийн онооны аварга, 18 удаагийн бүх оддын тоглогч, дөрвөн удаагийн бүх оддын үнэ цэнэтэй тоглогч, НБА-гийн Слэм Данкийн тэмцээний аварга, АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнд орж 2008 онд Бээжингийн олимпоос алтан медаль авсан бөгөөд АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд орж 2007 оны Америк тивүүдийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авсан байна.
Өчигдөр болсон тоглолтын дараа тэрээр “Хар Мамба OUT” буюу “би явлаа, гарлаа” хэмээн хэлээд ордныг орхин гарчээ. Түүний талаар багийн эзэн, хөгжөөн дэмжигчид ийнхүү Кобид зориулан ил захидал тоглолтын өмнө илгээсэн байна. Тэрхүү захидалд “20 жилийн турш чамайг сагсан бөмбөгийн ертөнц болон агуу дорнодоос дэлхийн алдарт Стэйплес центер хүртэл орь ганцаараа эзэрхэж байхыг харсан. Чи өөрийн амьдралаа сагсан бөмбөг тоглож байсан хамгийн шилдэг тоглогч нарын нэг болохын төлөө зориулж ирсэн. Хичээл зүтгэлээр дамжуулан чи өөртөө ажлын ёс суртахуун болон ялагч нэгэн ямар байх ёстойг харуулж, өөрийн чадвар авьяасаа хүмүүсийн төсөөлж чадахаас хавь илүү сайжруулж чадсан гавьяатай.
Чи багийн анд нөхөд болон дэлхийгээр нэг тархсан шүтэн бишрэгчдэдээ талбай дээр болон талбайн гадна гайхалтай амжилтаараа үргэлж үлгэр жишээ болж яваа нэгэн. НБА-гийн таван удаагийн аварга, 18 удаагийн бүх оддын гараа, НБА-гийн үнэ цэнэтэй тоглогч, финалын хоёр удаагийн үнэ цэнэтэй тоглогч болсон чи багаа удирдан тэдэнд агуу амжилтад хүрэх тэр гүүрийг нээж хөтлөн оруулсан юм шүү. 15 удаагийн Бүх НБА-гийн тоглогч, 12 удаагийн НБА-гийн бүх хамгаалалтын багийн гишүүн чи хийх ёстой ажлаа давуулан биелүүлсэн хэвээр байгаа. Одоо ч зогсох учиргүй гэдгийг чамаас харж байна. 81 онооны эзэн Коби чи сагсан бөмбөгийн ертөнцөд нэг тоглолтод хамгийн их оноо авсан хоёр дахь тоглогч болж бүх цаг үеийн онооны жагсаалтад гуравт бичигдэж байгаа та НБА-гийн түүхэнд өөрийн нэрээ тодоос тод цохон тэмдэглэж чадлаа.

Орой болгон чиний тоглолтыг үзэж байхдаа бид өнөөдөр урд өмнө хэний ч харж байгаагүй шидэлд техник хөдөлгөөн харах болно гэдгээ мэддэг. Алтлаг шар үзмэн ягаан өнгийн өмсгөлтэй талбай дээр гарч ирэн нүдэндээ ч итгэмээргүй чадварыг харуулж энэ спортод гайхалтай эерэг энерги авчирж байсан мөч бүрийг би биширч бахдам харж суудаг байлаа. Энэ хотын болон Лэйкерсийн олон сая шүтэн бишрэгчийн урмыг чи нэг ч удаа хугалж байгаагүй юм шүү. Чи зөвхөн ялалт байгуулж аваргын цомыг өргөхөд бүх анхаарлаа хандуулж байсан учраас хүмүүс чамд хайртай байдаг гэдгийг хэлэх нь илүүц биз. Та Лэйкерс багийн домог тоглогчдын жагсаалтад орж алдрын танхимын гишүүн болох нь тодорхой.

Гэйл Гүүдрич, Жери Вэйст, Элгин Бэйлор, Вилт Чамберлэйн, Карим Абдул Жабар, Жамаал Вилкес, Жэймс Форти болон Шакил О"Нил гэсэн домог тоглогчдын адилаар чиний өмсгөл үргэлж гэрэлтэх болно. Энэ спортыг өөрчилсөн цөөн хэдхэн хүн байдаг, чи тэдний нэг юм шүү. Чи миний мөрөөдлийн багт зайлшгүй байх ёстой хүмүүсийн нэг. Таны гайхалтай карьерын мөч бүхэнд хамт байсандаа талархаж, гайхалтай дурсамж бүрт тань талархал илэрхийлж байна. Энэ ертөнцөд дахин өөр Коби Брайнт гэж байхгүй байх ч үгүй гэдгийг хэлмээр байна” хэмээн өгүүлжээ.

Бүх цаг үейин хамгийн агуу тоглогчдын нэг Коби Брайнт ийнхүү зодог тайллаа. Түүний араас олон сайн залуу тоглогчид өөрсдийн түүхийг бичиж яваа. Гунигтай ч тамирчин хүний хөдөлмөрч зан, байгаа бүхнээ нэг багт зориулсан агуу түүхийн гэрч болсон. Кобиг үдэн гаргаж өгсөн сагсан бөмбөгт хайртай хүн бүхэн түүний агуу замналыг дурсан санах болно.

0 Сэтгэгдэл
Farewell Kobe
Хамгийн их уншсан