Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс тавантолгой”-г Метан төслөөс гаргах гэж байна уу


Солонгосын Засгийн газрын дэмжлэгтэйгээр 1983 онд байгуулагдсан “Кориагаз” корпорац шингэрүүлсэн байгалийн хийн зах зээлд дэлхийд ноёрхож байна. Өнөөдрийн байдлаар байгалийн хийн хайгуул, үйлдвэрлэлийн 31 төслийг дэлхийн 17 улсад хэрэгжүүлж байгаагийн дотор Монголын “Тавантолгой” төсөл багтдаг.
“Кориагаз” корпорацын өгсөн мэдээллээр өнгөрсөн жил Тавантолгойн уурхайн талбайд 20-30 тэрбум м.куб метан хийн нөөц байгаа гэж байсан бол өчигдөр “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэл 51 тэрбум м.куб буюу 40 сая тонн нөөцтэй гэж тогтоосон гэх мэдээллийг шинэчлэн өглөө. Цаашид ч метан хийн нөөц нэмэгдэх боломжтой аж.

Энэхүү төсөл нь ерөнхийдөө

1. Метан хийг
2. Анхан шатны боловсруулалт явуулах
3. Улаанбаатар хот руу 545 км хоолой татах гэсэн үндсэн гурван чиглэлтэй.
Хэрэв, жилд дээрх хоолойгоор нэг сая тонн хий (газ) тээвэрлэх юм бол 250 мВт хүчин чадалтай цахилгаан станцыг түлшээр хангахуйц түүхий эдийг Улаанбаатар хотод хүргэнэ гэсэн үг юм.
Гэвч, нэгэнт хөрөнгө мөнгө зарсан энэ төслийг Засгийн газар болоод “Эрдэнэс Монгол” компани (“Эрдэнэс Тавантолгой” болон “Эрдэнэс Оюутолгой” компанийн толгой компани) хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн авах гэж байгаа гэх мэдээллийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ болоод үйлдвэрчний эвлэлийн гишүүд өглөө.
Товчхондоо, Тавантолгойн уурхайн талбайд багтдаг метан хийн ордыг “Эрдэнэс Тавантолгой” компаниад харьяалагдахгүй болгож, Засгийн газар, “Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд “хувийн” компани байгуулан төслийг авахаар болж байгаа юм байна.

Төсөл хэрхэн эхлэв


2012 оны тавдугаар сарын 17-нд эрдэс баялгийн зөвлөлийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” компани бүрэн судалгаа хийх ажилдаа оржээ. Ингээд 2013 онд “Элгэн” компанитай хамтран гурван цооног өрөмдсөнөөр өндөр агуулга бүхий орд (Газрын гүнийн 700 метрээс доош нүүрсний давхаргын хийн хуримтлал их, чанар өндөр байгааг урьдчилсан байдлаар тогтоосон) байгааг тогтоожээ. Тиймээс өрөмдлөг, судалгааны дүнг үндэслэн 2014 оны хоёрдугаар сарын 24-нд “Элгэн” компани, БНСУ-ын төрийн өмчит “Кориагаз” корпорац, “Эрдэ­нэс Тавантолгой” компани хамтран гурван талт гэрээ байгуулсан байна. Олборлолтоос эхлээд ашиглах хүртэлх бүхий л тооцоо, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, хоёр жилийн дотор Улаанбаатар хотын хэрэглэгчдэд хүргэхээр төлөвлөсөн байна.

Шахалтын цаана юу байгаа вэ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн төслөөс метан хийн төслийг салгах гэж байгаа нь Засгийн газар, “Эрдэнэс Монгол” хоёрын “дээрмийн довтолгоо” гэж тус компанийн үйлдвэрчний эвлэл хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Учир нь, “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанийг ашиггүй ажиллуулах гээд байгаагийн цаад санаа нь компанийг “цаасны” компани болгох гэв. Гэвч, ингэснээр Монголын хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хамгаалагдахгүй төдийгүй, ногдол ашиг авах бодит боломж хомсдоно гэж үзлээ.
Мөн “Энэ бузар булай үйл ажиллагаагаа нэн даруй зогсоож “Эрдэнэс Тавантолгой” компанийн эрх ашгийг эрхэмлэхгүй бол дээрэмчин, луйварчдын бүлэглэлд багтаж байгаа эрхэм нөхдийг танил тал, найз нөхөд  гэлгүй бүгдийг илчилнэ” гэж тус үйлдвэрчний эвлэл мэдэгдсэн юм.

“Эрдэнэс Тавантолгой” чадамжгүй юу

Үеийн үед, “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагын баг чадамжтай, тус компаниас эзэмшиж буй иргэдийн 1072 хувьцааны үнийг унагахгүй байж чадна гэдэг ч Засгийн газраас өөрийн өмчит компанийг дэмжиж байсан бодит жишээ бараг үгүй. Одоогийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг, Хэрэг эрхлэх газрын дарга байхдаа Тавантолгойн төслийг хариуцаж байсан. Ингэх­­дээ, “Эрдэнэс Та­вантолгой” компанийн Та­ван­­­толгойн ордыг ашиг­лах яриа хэлэлцээрийг зог­соож, “Танайх “цаасны” компани болно. Танай эзэм­ших 51 хувийг “Энержи Ресурс”-т өгнө. Асуудал өөр хувилбараар явахаар боллоо” гэж тус компанийн захирал Я.Батсуурьт хэлж байсан удаатай. Мөн одоо Засгийн газар метан хийн ордыг “Эрдэнэс Тавантолгой” компаниас салгаж авах гэж байгаа юм байна.

Гэтэл тус компанийн удирдлагын баг Хятадын гангийн үйлдвэрийн нүүрсний хэрэглээ багассаны улмаас дэлхий даяар хүнд байдалд орсон нүүрсний хямралыг гойд сайн үнэлгээтэй давж чадсан жишээ бий. Тухайлбал, нүүрсний үнэ гурав дахин буурч, олон нүүрсний уурхай хаагдаж, үйлдвэрлэл экспортоо бууруулж байхад тус компани экспортоо бараг гурав дахин нэмэгдүүлж, 2014 онд 5.6 сая тонн нүүрс экспортолсон байдаг. Үнэ уруудснаар тус компани менежмент, компанийн засаглалаа сайжруулж, зардлаа хэмнэж, орон тоогоо цомхотгох арга хэмжээ авчээ. Зардал бууруулах талаар хамгийн гол хийсэн ажил нь нүүрсээ Цагаан хадаар дамжуулалгүйгээр уурхай дээрээ шууд гаалийн бүрдүүлэлт хийж хил давуулан Ганц мод руу нийлүүлдэг болсон юм. Үүний үр дүнд нийт зардлаа 30 орчим хувиар хэмнэж чадсан байна. Ингээд хэмнэсэн зардлынхаа хэмжээгээр зах зээлд өрсөлдөхийн тулд нүүрс нийлүүлэх үнээ зах зээлийн үнийг дагаж бууруулснаар экспортоо гурав дахин нэмэгдүүлсэн байгаа юм.
Хамгийн гол нь Тавантолгойн ордоос эзэмшдэг иргэдийн 1072 хувьцаа “Эрдэнэс Тавантолгой” компанид бүртгэлтэй байдаг. Энэ нь тус компанийн мөхөл, сэхэл нь иргэдийн эзэмшиж буй хувьцааны үнэ өсөх, уруудахтай салшгүй холбоотой гэсэн үг юм.

“Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ:

“Эрдэнэс Монгол”-д “Эрдэнэс Тавантолгой”-н үйл ажиллагаанд оролцох эрх байхгүй

 -Тавантолгойн ордод байрлах метан хийн төслөөс “Эрдэнэс Тавантолгой” компанийг гаргах гэж байгаа талаар та ямар бодолтой байгаа вэ?

-Бизнес байгаа учраас. Энэ бизнесийг хөрөнгө, мөнгөтэй хүмүүс авах гэж байна. Тавантолгойгоос Улаанбаатар хүртэл 545 км шүү дээ. Энэ урт хоолойг дагаад асар их бүтээн байгуулалтын ажил хийнэ.  Зөвхөн Улаанбаатарт байгаа хэсгийг боддоо. Зөвхөн Улаанбаатарын албан газар, иргэдэд хий нйилүүлнэ эгэдг асар их ажил. Уг нь, дотоодын хөрөнгө оруулах эрхийг хааж болохгүй, харин ч нээх ёстой. Гэтэл компаниас энэ эрхийг нь авах гэж байна. Уг нь, “Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажиллаж байж, хувьцааны ногдол ашгаа авна. Үгүй юм, гэхэд ажилчдын цалин мөнгө, нийгмийн асуудал хялбар шийдэгдэнэ шүү дээ. Ганцхан нүүрс зардаг байсан бол метан хийн үйлдвэрлэлээр өөр борлуулт хийнэ. Зөвхөн дотооддоо биш гадаадад бас гаргах боломжтой юм л даа.

-Метан хий олборлож, боловсруулах ажлыг авахын тулд компани байгуулсан гээд байгаа шүү дээ. Ямар компани юм бол?


-Монголын нэр нөлөө бүхий хүмүүс “Кориагаз” компанид нь “ороод”, цааш нь яах вэ, гээд ярьж байна. Хамгийн харамсалтай нь, манай компанийн бүх л хийсэн ажил, хөдөлмөрийг талаар болгож, үнэгүйдүүлж байна гэсэн үг. “Эрдэнэс Монгол” уг нь бидний үйл ажиллагаанд хяналт тавьж, стратегийн бодлогын зөвлөгөө өгөх ёстой компани. Түүнээс дотоод үйл ажиллагаанд шууд оролцох ёсгүй гэдгийг Компанийн тухай хуулиар зохицуулсан байдаг.

-“Эрдэнэс Монгол” бол төрийн өмчит компаниудыг нэгтгэж буй толгой компани. Энэ утгаараа өөрийн мэдлийн уурхайг өөр компани байгуулах замаар ашиглах гэж байгаа биш үү?

-Эрх нь байхгүй л дээ. “Эрдэнэс Монгол” гэдэг компани Монголын ашигт малтмалын ордыг ашигтайгаар ажиллуулах, бодлогын зөвлөгөө өгөх, хяналт тавих л үүрэгтэй компани. Түүнээс “Эрдэнэс Монгол”-д үйл ажиллагаанд оролцох эрх байхгүй.

-Үйлдвэрчний эвлэл нь нийт ажилчдын эрх ашгаа хамгаалах юм уу, тэдний зөрчигдсөн эрхийг хамгаалах үүрэгтэй байдаг шүү дээ. Харин компанийн дотоод ажил, үйлдвэрлэлд оролцох эрх үүрэг бий юу?

-Ажилчдынхаа эрх ашгийг хамгаалахын тулд ажлын байраа хамгаалах ёстой. Ажлын байраа хамгаална гэдэг бол компанийн эрх ашгийг хүндэтгэнэ гэсэн үг. Тэр үүргийнхээ дагуу манай компани ашигтай ажиллах ёстой. Тэгж байж ажилчдын нийгмийн асуудал, ажлын байр хамгаалагдана л гэсэн үг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан