Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Уянга нам толгойлж сонгуульд оролцоно

Б.ШИРНЭН

Монголд улс төрийн 24 нам бүртгэлтэй байна. Хамгийн сүүлд Л.Гүндалайн “Ард түмнээ хайрлая” нам Улсын дээд шүүхэд бүртгүүлж байсан бол 2015 оны тавдугаар сарын 29-нд Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам 23 дахь нам болж бүртгүүлж байжээ. Харин тус нам өчигдөр ээлжит бус хурлаа хийж, УИХ-ын гишүүн Г.Уянга тус намыг даргалах болсноо зарлалаа.

УИХ-ын гишүүн Г.Уянга нь
• 2016 оны гуравдугаар сарын 21-нд МҮАН-МАХН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс гарч байгаагаа
• 2016 оны дөрөвдүгээр сарын 7-нд МҮАН-ын гишүүнчлэлээс татгалзаж буйгаа мэдэгдэж,
• 2016 оны дөрөвдүгээр сарын 10-нд Тусгаар тогтнол эв нэгдлийн намын хуралд сууж, тус намын даргаар сонгогдоод байна.

Засгийн газарт хамтарч буй эвслийн бүлгийг орхиж, М.Энхсайханы МҮАН-ын гишүүнчлэлээс татгалзаж, жил хүрэхгүй настай намд орсон шалтгаанаа тэрээр “МАНАН”-гаас салж, монголчуудыг эвлэрүүлэх гэж тайлбарлалаа. Мөн өөр нам байгуулах гэсэн ч Сонгуулийн тухай хуульд сонгууль болох өдрөөс 180 хоногийн өмнө шинээр нам бүртгэх боломжгүй тухай заалт байгаа тул Улсын дээд шүүхийн жагсаалтад байгаа намуудаас сонголт хийсэн гэж тайлбарлалаа. Одоогоор 3000 гаруй гишүүнтэй тус намыг төлөөлөх лидер нь УИХ-ын гишүүн Г.Уянга болоод байна.

Иргэний хөдөлгөөнүүд нэгдэх бололтой

УИХ-ын гишүүн Л.Цог тус намын ээлжит бус хуралд ирсэн хамгийн том албан тушаалтай хүн байв. Тэрээр УИХ-ын гишүүн Г.Уянгын хамт эвслийн бүлгийг орхисон тул энэ намд элсч магадгүй гэгдэж байгаа юм. Мөн өөрөө “Улс төрийн нөхцөл байдлаас л болно. Миний итгэж орсон намайг хажиглаж ирсэн” гэж хэлсэн юм. Г.Уянга гишүүний хэлснээр тус нам УИХ-ын болоод ИТХ-ын сонгуульд өрсөлдөх юм. Харин Л.Цог тус намд элсэхээр бол хуульд заасны дагуу 2016 оны тавдугаар сарын 5-11-ний хооронд тус намд элсч, сонгуульд өрсөлдөх эсэхээ Сонгуулийн Ерөнхий хороонд мэдэгдэх ёстой.Мөн Л.Цог гишүүнээс гадна Ардын жүжигчин Г.Хайдав, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Д.Амбасэлмаа, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор профессор, хуульч С.Нарангэрэл, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, “Херо” студын найруулагч Б.Баатар, “Эксклюсив” брэндийг үндэслэгч Г.Майцэцэг нарын олны танил хүмүүс ирсэн байв. Мөн зочдын дийлэнх нь иргэний хөдөлгөөнийхэн байлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан